Хүн төрөлхтөн бид хорвоо дээрх хамгийн сониуч амьтад (Homo Sapiens буюу “ухаант хүн” байхуй нь чухам сониуч төрөл зүйлийн утгыг илтгэдэг ч байж болох) билээ. Тиймдээ ч тэртээх соёл иргэншлийн өмнөх балар эртний үеэс л эрин зууны туршид орчлон ертөнцийн олон тайлагдашгүй асуулт, оньсогын араас уйгагүй хөөцөлдсөөр иржээ. Хязгааргүй орчих одот тэнгэрээс эхлээд үхэх төрөх, бурхан буг гээд нүдэнд үзэгдэж гарт баригдах басхүү эс баригдаж эс үзэгдэх бүхэн хэзээнээсээ хүн төрөлхтний загатнасан газрыг маажсаар ирсэн байдаг. Үүний илрэл бол мэдээж “Философийн ухаан”.

Өнөөдөр тохиож буй "Дэлхийн Философийн өдөр”-ийг тохиолдуулан уншигч танд энэхүү өргөн, зах хязгааргүй, хүн төрөлхтний хамгийн ээдрээтэй ухааны нэг болох “философи”-ийн хаалгыг татахад, зах үзүүрээс нь атгахад туслах Өрнө, Дорнын эрт эдүгээ цагийн 10 бүтээлийг хүргэж байна.

Amor Sapientiae! (Мэргэн ухааныг хайрлахуй!)

Жагсаалтаа эхлүүлэхээс өмнө энэхүү жагсаалтад багтаагүй ч дурдалгүй өнгөрч эс болох таван бүтээлийг доор нэр дурдав:

1. Р.Декарт Discourse on Method - “Би сэтгэж байна, тиймээс оршиж байна” хэмээх эшлэл нь алдартай ч өмнө нь байх “Би эргэлзэж байна, тиймээс сэтгэж байна, тиймээс оршиж байна” (dubito, ergo cogito, ergo sum) хэмээсэн нь орхигдсон байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй Р.Декартын хамгийн алдартай бүтээл

2. Ж. Лок An Essay Concerning Human Understanding - “The eternal sunshine of the spotless mind” хэмээх киноны нэр болсон алдарт үгийг хэлсэн Английн нэрт философичийн жинтэй бүтээл

3. А.Камью Этгээд хүн - Уран зохиолын хэлээр хүмүүний амьдралын абсурд байдлыг тод томруун дүрслэн үзүүлсэн бүтээл

4. Платон Бүгд найрамдах Улс - Өрнө дахины төрийг засах ухааны тулгуур үзлийг бүтээсэн эртний Грекийн их хүмүүний дахин давтагдашгүй бүтээл

5. Х.Хегель Phenomenology of Spirit - Германы нэрт сэтгэгч, философич Х.Хегелийн хамгийн ул суурьтайд тооцогддог, И.Кантаас хойших Германы идеализмд томоохон хувь нэмэр оруулсан бүтээл

1. meditations 


Бичигдсэн он: 161-180
Салбар сургууль: Стоицизм
Зохиолчийн тухай:

Эртний Ромын эзэнт гүрний эзэн хаан Марк Аврелий стоицизмын философийн салбар сургуулийг мөрдөгч байсан бөгөөд энэхүү салбарын хамгийн том бодит “биелэл” хэмээгддэг нэгэн юм. Тэрээр Ромын түүхэнд “Таван сайн хаан” хэмээн алдаршсаны нэг, их сэтгэгч, гарамгай удирдагч байжээ. Өөрийн хаанчлалын үедээ М. Аврелий олон арван дайн тулаанд оролцсон бөгөөд түүний Парфийн эзэнт гүрэн (Өнөөгийн Иран улсын газар нутагт оршиж байсан НТӨ 247-НТ 224 онд хамаарах түүхэн улс)-тэй тулалдсан дайн түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Номын тухай:

Энэхүү бүтээл нь ном болж хэвлэгдэн улмаар уншигч та бидний гарт хүрэх зорилгоор огт бичигдээгүй, гагцхүү М. Аврелий өөрөө өөртөө зөвлөмж, сургамж болгон бичсэн эргэцүүлэл, тэмдэглэлүүд гэдгээрээ онцлог. Тиймдээ ч энэхүү ном түүхийн олон зууны туршид тоос шороонд дарагдан чимээгүй нуугдсаар Зүүн Ромын эзэнт гүрэн (Византын эзэнт гүрэн)-ий нэгэн ламын гарт орсноор сая Сэргэн мандалтын үед анхны уншигчдынхаа гарт хүрч байсан гэдэг.

М.Аврелийн “Бясалгал”-д их сэтгэгч Сократаас хойш төрсөн голлох гурван философийн чиглэлийн нэг болох “Стоицизм”-ын санаанууд гүн шингэсэн байдаг. Өнөө цагт энд тэнд хамгийн их эшлэгддэг бүтээл бол яахын аргагүй “Бясалгал” мөн хэдий ч үндсэн санааг нь гуйвуулж ойлгох нь олонтоо. Тиймээс мэргэн уншигч таныг дээрх сод туурвилыг хэн нэгний нөлөөгөөр бус гагц өөрийн шүүмжээр уншихыг зөвлөж байна.

2. critique of pure reason 


Бичигдсэн он: 1781
Салбар сургууль: Метафизик, эпистемологи
Зохиолчийн тухай:

Орчин үеийн философийн эцэг гэгддэг Иммануэл Кант. XVII-XVIII зууны хооронд өрнө дахинд өрнөсөн Гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч И. Кант нь ёс зүй, гоо зүй, танин мэдэхүй (epistemology), метафизикийн философид оруулсан хувь нэмрээрээ орчин үеийн хамгийн нөлөө бүхий басхүү чухаг сэтгэгчдийн нэг хэмээн тооцогддог билээ.

Номын тухай:

Уг ном нь зохиолчийн хамгийн жинтэй, ул суурьтай бүтээл юм. И.Кант энэхүү бүтээлээрээ метафизик хийгээд бидний аливааг хэрхэн танин мэддэг, мэдлэг хэрхэн бий болдог талаарх гүн гүнзгий ойлголтууд дэвшүүлсэн байдаг. Жишээ нь, И. Кант бидний цэвэр рациональ мэдлэг буюу аливааг зөвхөн оюун санаагаар танин мэдэх ба цэвэр эмпирист мэдлэг буюу зөвхөн мэдрэхүйгээр олж авах мэдлэгийн аль алинаар хүмүүний танин мэдэхүй тайлбарлагдахгүй гэж үзсэн аж.

Учир нь хорвоогийн бүхий л зүйлс Phenomena буюу “үзэгдэл, дүрс”, Noumena буюу “өөрийн шинж чанар” гэсэн хоёр тэс өөр заагт хуваагдана гэж тэрээр үзсэн бөгөөд бидний мэдлэг болон танин мэдэхүй гагцхүү Phenomena болох аливаа зүйлийн “үзэгдэл, дүрс” төдийд хязгаарлагдана хэмээжээ. Философийн үүдийг татаж буй уншигч танд хүн төрөлхтний нэгэн гайхалтай сэтгэгчийн “magnum opus” (сод туурвил)-ийг заавал уншиж үзэхийг зөвлөж байна.

3. thus spoke zarathustra


Бичигдсэн он: 1883
Салбар сургууль: Экзистенциализм, нихилизм
Зохиолчийн тухай:

Бурханд тэрслэгч гэдгээрээ алдартай Фридрих Ницшег мэдэхгүй хүн тун цөөхөн болов уу. Түүний Христийн шашны ёс зүйн сургаал номлолыг шүүмжилсэн, няцаасан хурц бүтээлүүд орчин үеийн философийн салбарт маш том байр суурийг эзэлдэг. Тэрээр дан ганц философич байгаагүй бөгөөд зохиолч, яруу найрагч, мөн хөгжмийн зохиолч байсан гэдэг. Түүний төгөлдөр хуурт зориулан бичсэн олон арван гоцлол бүтээлүүдээс гадна хийл, дуулаачийн бүтээлүүд ч хадгалагдан үлджээ. Сонирхолтой нь тэр бээр Германы нэрт хөгжмийн зохиолч Р. Вагнертай дотно нөхөрлөдөг байсан гэнэ.

Ф. Ницше өөрийн “Бурхан үхсэн” хэмээх үгээрээ алдартай бөгөөд энэхүү үгийг судлаачид өөр өөрсдийнхөөрөө тайлдаг бол Италийн философич, Венецийн Их Сургуулийн профессор Умберто Галимберти энэхүү үгийг тайлбарлахдаа:

“Бурхан үхсэн гэх үг нь бурхан оршдог эсвэл эс оршдог талаарх санаа огт бус. Хэн нэгэн үхсэн гэдэг бол өмнө нь амьд байсан гэдэг утга санаа. Тодруулбал, дундад зууны Европын урлаг, философи, утга зохиол гээд хүмүүний оюун санааны бүхий л салбарт “Бурхан” гэх үг хамгийн чухал нөлөөтэй байсан бөгөөд энэ үгийг хасах юм бол тухайн цаг үед хамаарах юу ч утгагүй болно. Харин орчин үед байдал тэс өөр болсон бөгөөд өнөөгийн уран зохиолоос “бурхан” гэх үгийг хассан ч ямар ч асуудалгүй. Ийм л учраас бурхан үхсэн” хэмээн тайлбарласан байдаг.

Энэхүү бүтээл нь Заратустра хэмээх дүрийн олон янзын сэдвийн хүрээнд өрнүүлэх ярианаас бүрдсэн уран зохиолын хэлээр бичигдсэн Ф. Ницшегийн голлох бүтээлүүдийн нэг юм. Буддын бүх ном судар “Ийн хэмээн миний сонссон тэр нэгэн цагт…” хэмээн Анандийн үгээр эхэлдгийн адил энэхүү бүтээл сэдэв бүрийнхээ төгсгөлд “Ийн хэмээн Заратустра өгүүлэв” хэмээдэг учир зохиолч номоо ийн нэрийджээ.

4. the sublime object of ideology 


Бичигдсэн он: 1989
Салбар сургууль: Постмодернизм, нийгмийн шүүмж
Зохиолчийн тухай:

Словенийн Марксист философич, соёлын онолч Славой Жижек. Тэрбээр Английн Лондоны Их Сургуулийн дэргэдэх Birkbeck Institute for the Humanities-ийн олон улсын тэнхимийн захирал, Нью-Йоркын Их Сургуулийн профессор, Швейцар болон Малтад сургалтаа эрхэлдэг The European Graduate School-ийн философи, сэтгэл зүйн анализ (psychoanalysis)-ын профессор, University of Ljubljana-д ахлах судлаачийн алба хашдаг. С.Жижек нь 1989 онд туурвисан The Sublime Object of Ideology бүтээлээрээ дэлхий дахинд танигдсан энэ цагийн нэр нөлөө бүхий сэтгэгч билээ.

Номын тухай:

Зохиолч бүтээлдээ их сэтгэгч И.Кантын үзлээр “эрхэм дээд”-ийн санааг хөндөж, үзэл суртал буюу идеологийг хүмүүний ойлгох чадвар болон бодит мэдрэмжээс давсан асар том, хүчирхэг зүйлтэй адилтган тайлбарлажээ. Тэрээр өөрийн анализдаа философич, нийгмийн онолч Карл Маркс болон сэтгэл зүйн анализын үндэслэгч Зигмунд Фройдын бүтээлүүдэд “шинж тэмдэг” (сэтгэлзүйн анализын шинж тэмдгийг шинээр тодорхойлж, мөн гаднах аливаа субъектийг үүргийн хүрээнд авч үзэх тайлбар)-ийн тухай ойлголт хэрхэн илэрч буйг харьцуулан тайлбарласан байдаг байна. Хэрэв та нэн орчин үеийн философийг сонирхож буй бол энэ бүтээл танд таалагдах нь дамжиггүй.

5. a theory of justice


Бичигдсэн он: 1971
Салбар сургууль: Улс төрийн философи
Зохиолчийн тухай:

Жон Ролз нь Америкийн ёс зүй, улс төрийн философич байсан бөгөөд өөрийн тэгш эрхт либерализмыг хамгаалсан A Theory of Justice (Шударга ёсны онол) бүтээлээрээ алдаршсан нэгэн юм. Тэрбээр Princeton University-д бакалаврын зэргээ хамгаалаад Дэлхийн хоёрдугаар дайнд дайчлагдсан бөгөөд улмаар 1945 онд эх орондоо буцаж ирээд сургуульдаа ёс суртахууны философийн чиглэлээр эрдмийн зэргээ хамгаалжээ. Ж.Ролз амьдралынхаа туршид Princeton University, Cornell University, Massachusetts Institute of Technology болон Харвардын Их Сургуульд багшилж байв. Судлаачид түүнийг өмнөх зууны хамгийн чухал сэтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцдог билээ.

Номын тухай:

Уг бүтээлд Жон Ролз “шударга ёс бол шударга байдал” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Тэрээр шударга ёсны талаар хангалттай тайлбар utilitarianism (аливаа үйл үйлдэгч эзэндээ, мөн тухайн үйлд өртөгч хэн бүхэнд аз жаргал, сайн сайхныг авч ирэх учиртай бөгөөд эс бөгөөс тухайн үйлийг ёс зүйгүй хэмээн тооцох ёс зүйн онол)-аас гаргаж ирэх боломжгүй гэж үзжээ. Учир нь энэхүү онол нь түлхүү олонхын эрх ашгийг цөөнхийн эрх ашиг, сонирхлыг үл тоомсорлох замаар хангах, улмаар шударга бус төрийн хэлбэрүүдийг хөхүүлэн дэмждэг хэмээн тэр үзсэн аж.

Ж. Ролзын үзэж буйгаар шударга ёс гэдэгт төр засгийн үндсэн зарчмууд багтана. Жишээ нь, эрх чөлөөтэй, оюун ухаант хүмүүн бүгд эрх тэгш байр суурьтай байх учиртайн зэрэгцээ, бүхий л нөхцөлд энэхүү эрх тэгш байдлаа харилцан алдахгүй байх явдал юм. Ж. Ролз энэхүү зарчмыг нийгмийн янз бүрийн давхаргын иргэдийн дунд үнэн, зүй ёсны “шударга” байлгахын тулд хувь хүмүүсийг өөрсдийнх нь гарал үүсэл, нийгэм, эдийн засаг, амьдралын нөхцөл байдлаас гадна ямар амьдралыг “сайхан амьдрал” гэж үзэх, мөн тэдний үнэт зүйл, зорилгоос үл хамааруулах ёстой гэдэг санааг дэвшүүлсэн байдаг. Улс төрийн шинжлэх ухаан болон ёс зүйн талаар танд цоо шинэ өнцгийг энэ ном нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

6. the analetics


Бичигдсэн он: НТӨ 475-221
Салбар сургууль: ёс зүй, суртахууны философи (этик, мораль)
Зохиолчийн тухай:

Гүн ухаантан, их сэтгэгч Күнзийг мэдэхгүй, түүний талаар дуулаагүй хүн тун ховор биз ээ. Тэртээ хоёр мянганы өмнө өөрийн сургаалаа айлдаж байсан түүний үзэл хойшдын Хятадын соёл иргэншилд гүн мөрөө үлдээгээд зогсохгүй Солонгос, Япон зэрэг улсуудад уль сууртай судалдаг албан ёсны академик мэдлэгт олон зууны турш тооцогдсоор ирсэн байдаг. Түүний алдартай үгсээс эш татвал:

“Өндөр нэгэн өөртөө хатуу

Өчүүхэн нэгэн өрөөлд хатуу”

“Их хүмүүний эрэл дотроо

Эгэл хүмүүний эрэл гаднаа”

Номын тухай:

Уг бүтээлийг Күнз өөрөө бичээгүй бөгөөд шавь нар нь түүний сургаал, үгсийг хожмоо эмхэтгэсэн нь дээрх ном болсон түүхтэй. Энэхүү бүтээлийг судлаачид түүхэнд Хятадын Дайнт он жилүүд хэмээн тэмдэглэгдсэн НТӨ 475-221 онуудад бичигдэн НТӨ 206- НТ 220 онд буюу Хан гүрний дунд үед эцсийн хэлбэртээ хүрсэн гэж үздэг. Улмаар X зуунд буюу Сүн улсын үед уг бүтээлийг Хятадын гол гүн ухааны ном хэмээн тооцсон байдаг аж.

Күнз аливаа улсын сайн сайхан оршин тогтнох эсэх нь ард иргэдийнх нь ёс суртахуунаас шууд хамаарна хэмээн үзжээ. Мөн тэрбээр хүмүүний хамгийн наад захын ёс суртахуун эцэх эх, ахан дүүсээ хүндлэн асрахаас эхэлнэ хэмээсэн байна. Хоёр мянганы туршид Дорно дахины гүн ухаанд ул мөрөө үлдээсэн энэхүү бүтээлийг философи сонирхогч уншигч танд заавал уншихыг зөвлөж байна.

7. tao te ching


Бичигдсэн он: НТӨ IV зуун
Салбар сургууль: Даоизм
Зохиолчийн тухай:

Лао Цы нь эртний Хятадын гүн ухаантан, зохиолч, Даоизмын үндэслэгч юм. Тэрээр Ванчэний (одоогийн Лояан) Жоу улсын хааны ордонд архивчийн алба хашиж байхдаа нэгэн удаа Күнзтэй уулзаж, өөрийн мэргэн ухаанаараа гайхшируулсан гэдэг. Улмаар тэрээр Дао Дэ Жин хэмээх бүтээлээ нэг суултаараа бичиж дуусгаад баруун зүгт буйд газарт орчсон хэмээдэг. Түүний намтрыг судлаачид хожим нэмж зохиосон олон зүйлсийг багтаадаг гэж үздэг бөгөөд заримдаа “хагас домгийн” хүмүүн хэмээн үзэх нь бий.

Номын тухай:

Энэхүү номд Даогийн тухай дэлгэрэнгүй тайлбарладаг бөгөөд Даог бүх оршихуйн цөм, чанадын зорилго, мөн Дао нь үл үзэгдэх боловч оршихуйгаас ангид бус, асар их хүчтэй ч үлэмж хүлцэнгүй, бүх зүйлийн үндэс гэж тодорхойлсон байдаг. Лао Цыгийн үзсэнээр ихэнх хүмүүс “байгалийн эсрэг” үйлүүд үйлдэж, Даогийн тэнцвэрийг зөрчдөг гэнэ. Иймд энэхүү ном хүмүүсийг Даогийн дагуу буюу “өөрийн уугуул чанар”-таа буцаж орших талаар өгүүлдэг ажээ. Мөн сонирхуулахад уг бүтээлд хүмүүний хэл яриа болон гүн ухааныг “хиймэл зүйлс” хэмээн шүүмжлэн, сургаалынхаа утга санааг улам тодруулахын тулд янз бүрийн парадокслог (эсрэг тэсрэг утга бүхий) тайлбаруудыг өргөн хэрэглэсэн байдаг гэнэ.

Энэхүү бүтээлийн бас нэгэн чухал сэдэв бол Ву вэй буюу “үл үйлдэхүй”-н тухай ойлголт. Уг ойлголт нь маш өргөн хүрээний утга санааг агуулах бөгөөд “үл үйлдэхүй”, “үл махрахуй”, “үл бүтээхүй”, “одоо цагтаа оршихуй” зэрэг янз бүрээр илэрхийлэх боломжтой ухагдахуун юм. Хэрэв та Даоизмыг сонирхдог бол уг бүтээлийг заавал уншихыг санал болгож байна.

8. shobogenzo (treasury of the true dharma eye)


Бичигдсэн он:
XIII зуун
Салбар сургууль: Зэн буддизм
Зохиолчийн тухай:

Доогэн Зэнжи (道元禅師) нь XIII зуун үеийн Японы Зэн буддын лам, яруу найрагч, зохиолч, гүн ухаантан байсан бөгөөд Зэнгийн голлох гурван дэг сургуулийн нэг болох Соотоо Шюү (曹洞宗)-гийн үндэслэгч юм. Өдгөө Зэнгийн хамгийн чухал ойлголтын нэг болсон “Зазэн” бясалгалыг тэрбээр Сүн улсад дөрвөн жил ном үзэж ирснийхээ дараа дэлгэрүүлсэн байдаг. Тэрээр Киотогоос салан уулархаг хөдөө нутагт өөрийн Эихэижи (永平寺) хэмээх сүмээ байгуулсан нь өдгөө Соотоо дэг сургуулийн толгой хийд болсон билээ.

Номын тухай:

Буддын философид олон зуун судар, мөн тооны тэдгээрт тайлбар сэлт байдаг бөгөөд тэднийг ерөнхийд нь “янагуух ном” хэмээдэг. Харин хүмүүний өөрийн сэтгэлд үүсэх ач тус, жинхэнэ ухаарал гэгээрлийг “чинагуух ном” буюу “чанадын билгүүн” гэдэг ажээ. Энэхүү “чанадын билгүүн”-д хүрэх, тэгэхдээ ямар ч “янагуух ном”-оос олж авч үл чадах тэрхүү үнэнийг эрэхийг, тэгэхдээ багшаас шавьд шууд дамжих замаар сургахыг Зэн чухалчилдаг.

Уг уламжлал Сиддарта Гаутама буюу Буддагаас өөрөөс нь эхтэй бөгөөд өөрийн архад шавь нарын нэг Махагясапад өөрийн “жинхэнэ билгүүний нүд”-ийг хайрласан хэмээх домгоос Зэн үүссэн ч гэдэг. Улмаар энэхүү уламжлалыг Бодидарма Энэтхэгээс Хятадад, цаашлан Японд хүргэсэн гэж үздэг байна. Уг ном чухам тэрхүү “чанадын билгүүн”-ий тухай өгүүлж, түүнийг эржээ. Зэн буддизмыг сонирхогч хэн бүхэн энэ номыг алгасаж болохгүй.

9. the bhagavad gita


Бичигдсэн он: I-II зуун
Салбар сургууль: Энэтхэгийн философи
Зохиолчийн тухай:

Вьяса хэмээн алдаршсан Кришна Двайпаяна нь Хиндүн олон судар номд дүрслэгдсэн мэргэн юм. Тэрээр Хиндүн олон тооны судрыг зохиосон гэгддэг бөгөөд өөрөө дунд нь дүр болон дүрслэгдсэн эртний Энэтхэгийн алдарт Махабхарата туульсыг мөн түүний бүтээл хэмээн үздэг.

Номын тухай:

Bhagavad Gita нь эртний Энэтхэгийн алдарт Махабхарата туульсын дотор багтдаг нэгэн зүйл бүлэг юм. Тухайлбал, Махабхаратагийн зургаадугаар номын 23-40 хүртэлх бүлгийг Bhagavad Gita хамардаг ажээ. Энэхүү номд ханхүү Аржуна, Кришна, Вишну тэнгэр нар хүмүүний амьдрал, үхэх төрөхийн тойрог (самсара), үйлийн үр, оршихуй, шударга ёс зэргийн талаар мэтгэлцээн, харилцан яриа өрнүүлдэг байна. Дээрх бүтээлийг дэлхийн олон судлаач эрдэмтэд Хиндү философийн хамгийн чухал бүтээл хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд эртний Энэтхэгийн гүн ухааныг сонирхож буй хэн бүхний заавал уншиж үзэх бүтээл мөн билээ.

10. тамирдсан нийгэм



Бичигдсэн он: 2010
Салбар сургууль: Постмодернизм, нийгмийн шүүмж
Зохиолчийн тухай:

Бёнг-Чул Хан нь Өмнөд Солонгос гаралтай Германы философич бөгөөд орчин үеийн нийгэм, соёл, сэтгэл зүйн философийн гүн гүнзгий бүтээлүүдээрээ дэлхий дахинд танигдсан өнөө цагийн томоохон сэтгэгчдийн нэг. Түүний бүтээлүүд нь орчин цагийн капитализм, технологийн нөлөө, хүний амьдралын утга учир, соёлын томоохон өөрчлөлтүүдийн талаар хөнддөг. Тэрбээр “The Burnout Society” (Тамирдсан нийгэм) бүтээлээрээ алдартай бөгөөд энэхүү бүтээлдээ ажлаас халшрах хам шинжийн талаар нарийвчлан өгүүлсэн байдаг.

Номын тухай:

Тамирдсан нийгэм нь Бёнг-Чул Ханы бичсэн орчин үеийн нийгмийн сэтгэл зүй, ажиллах чадвар, амьдралын утга учрын тухай өгүүлэх нэн орчин үеийн (contemporary) философийн бүтээл бөгөөд зохиолч энэ бүтээлдээ орчин үеийн хүмүүсийн амьдралд шинээр төрж буй “нэмэлт дарамт” буюу өөрийн амьдралыг үргэлж илүү сайн, үр дүнтэй байлгах гэж хичээх шаардлага буй болсныг, улмаар энэ нь хэрхэн сэтгэл зүйн болон бие махбодын ядаргаа, ачаалал үүсгэдэг, түүнчлэн биднийг “тамирдуулдаг” тухай өгүүлсэн байдаг билээ.

Тэрбээр хүмүүний өөрийн хүсэл, амжилтын араас хөөх цуцашгүй эрэл сурал нь хэрхэн тухайн хүнийг “тамирдсан” нэгэн болгож хувиргадаг талаар өгүүлэхийн зэрэгцээ энэ нь эргээд хэрхэн нийгмийн сэтгэл зүйн хямралын үндсийг тавьдаг тухай гүн гүнзгий санаануудыг дэвшүүлсэн байдаг. Нэн орчин үеийн философийг уншиж эхлэхээр шийдсэн бол “Тамирдсан нийгэм” таныг энэ салбарын моринд суудал хазгай мордуулахгүй бүтээл гэж хэлж болно.