Сонгуулийн энэ их үймээний үед, түм буман мэдээлэл дундаас юуг хаанаас эхэлж унших, үзэх, ойлгохоо мэдэхгүй яваа залуус цөөнгүй буй. Гэхдээ мэдэхгүйгээсээ ичиж мэдээллээс дөлөх нь асуудлыг шийдэж чадахгүй. Харин ч асуудлыг илүү бодитоор мөн тэнцвэртэйгээр харч ойлгоход төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл авах нь зүйтэй. Тэгвэл баттай бөгөөд цэгцтэй суурь мэдээллийг олж авахад туслах эх сурвалжуудын нэг бол гарцаагүй ном юм. Улс төрийн талаарх мэдлэгээ зузаатгах,  мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандахад эдгээр ном туслах болов уу хэмээн найдаж, энэхүү нийтлэлээ бэлдлээ. 

1. Жорж Оруэлл “1984”

Ангилал: Уран зохиол
Хэвлэгдсэн он: 1949

Жорж Оруэллийн "1984" нь дистопийн төрлийн уран зохиолын төрөлд чухал ач холбогдолтой, алдартай бүтээлд тооцогддогийг та хэдийн мэдэх биз ээ. 1984 нь намын оролцоо иргэдийн амьдралд үнэмлэхүй хяналт тавьж буй харгис ирээдүйг өгүүлнэ. Зохиолын гол баатар Уинстон Смит байнгын ажиглалт, суртал ухуулгын дунд ямар тухгүй, айдастайгаар амьдарч буйг дүрслэх нь уншигчдад нэлээн жинтэй тусч болох юм. Зохиолч Оруэлл хувь хүний нууц, чөлөөт сэтгэлгээ, үнэнээс ангид нийгмийг дүрсэлснээрээ ардчиллын үнэт зүйлс, иргэний эрх чөлөөг хамгаалахын чухлыг ойлгуулжээ.

Залуу уншигчдын хувьд 1984 бол эрх чөлөөний утга учир хийгээд дарангуйллын тогтолцоо ямар нарийн, төвөгтэй эд болохыг ойлгуулж, түүний эсрэг сонор сэрэмжтэй байх хэрэгцээг хүчтэй сануулсан бүтээл юм. Хэдий 1949 онд хэвлэгдсэн ч өнөөдрийг хүртэл уран зохиолын салбарт томоохон байр суурийг эзэлсээр буй нь эл зохиолын мөн чанар одоог хүртэл үнэ цэнтэй буйг гэрчилнэ.

2. Юсуфзай Малала “Малала: Боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэгч охины ертөнцийг өөрчилсөн түүх”

Ангилал: Намтар, дурсамж
Хэвлэгдсэн он: 2013

"Малала" ном нь Талибаны дэглэмийн үед Пакистанд охидын боловсролын төлөөх тэмцлийг хийсэн Малала Юсуфзайгийн намтар ном юм. Талибуудад буудуулсны дараа ч дарангуйллын эсрэг зогсох түүний эр зориг нь боловсрол, залуусын дуу хоолой, өөрчлөлтийн үнэ цэнийг ойлгуулах бодит жишээ болдог. Эл түүх хувь хүний тэсвэр хатуужлын тухай өгүүлэхээсээ илүүтэй олон орны залуучуудад боловсрол эзэмшинэ гэдэг ямар хүндтэй бөгөөд үнэ цэнтэй үүрэг, хариуцлага болохыг маш хүчтэйгээр тэдний чихэнд хонх жингэнүүлэх мэт илэрхийлэх зоримог бүтээл билээ. Түүнчлэн жендер, боловсрол, улс төр, нийгмийн асуудлуудын тогтолцоог хөндсөн нь залуу уншигчдад өөрт олгогдсон эрхээ хамгаалах тухай мөн нийгэмдээ өөрчлөлтийг эрэлхийлэх эхлэх жижигхэн зүйлээс эхэлж болох ч үр дүнд нь маш том өөрчлөлт гарах боломжтойг бодитоор өгүүлжээ.

3. Сүнз, “Дайтах урлаг” 

Ангилал: Хувь хүний хөгжил
Хэвлэгдсэн он: МЭӨ V зуун

Одоогоос хоёр мянга гаруй жилийн өмнө бичигдсэн энэ бүтээл нь цэргийн эрдэм, улс орны мөргөлдөөн, дайны стратегийн тухай сонгодог зохиол боловч гол санаа нь тулалдааны талбараас цааших улс орон, газар нутаг, манлайллын мөн чанарыг эрэлхийлсэн хүчтэй агуулгатай билээ. Сүнзийн “Нөхөртэйгээ ойр бай, дайсантайгаа бүр илүү ойр бай" гэх афоризм нь өөрийн хүч болон дайсныхаа сул талыг ойлгох шаардлагатайг онцолдог. Түүнчлэн Сүнз зорилгодоо хүрэхдээ хүч ашиглахаас илүүтэй дипломат ёс, сэтгэл зүйн тогтвортой байдал зэргийг эрхэмлэх тухай бүтээлдээ өгүүлсэн байдаг. Энэ нь уншигчдад цэгцтэй, алсын хараатайгаар сэтгэх, ээдрээтэй асуудалд шийдэл олох, зарим асуудалд хүлцэх, асуудлын шалтгааныг үнэн зөв тодорхойлох зэрэг үнэт зүйлсийг одоог хүртэл заасаар байгаа юм.

4. Дэрон Асимоглу, Жэймс Робинсон “Why nations fail” 

Ангилал: Эдийн засаг
Хэвлэгдсэн он: 2012 он

Дарон Асимоглу, Жеймс А.Робинсон нарын бичсэн "Why nations fall" ном нь үндэстнүүдийн амжилт болон бүтэлгүйтлийн цаад эдийн засаг, улс төрийн шалтгааныг нарийн тайлбарлан бичсэн. Номын зохиолчид эдийн засаг, улс төрийн амьдралд өргөн хүрээний оролцоог хангадаг, баялгийг тэгш хуваарилах хүртээмжтэй институцтай байх нь улсын хөгжилд эергээр нөлөөлөх гол түлхүүр нь хэмээн үздэг. Тиймээс ч эрх мэдэл, баялгийг цөөн хүний гарт төвлөрүүлэх нь яагаад асуудалтай болохыг уг бүтээлд ойлгомжтой тайлбарласан нь онцлууштай. Залуучууд улс орондоо эерэг өөрчлөлтийг түүчээлэхийн тулд юун түрүүнд улс төрийн суурь ойлголтыг мэддэг байх нь чухал бөгөөд тус бүтээл угойлголтыг хялбараар ойлгоход тань тусална.

5. Ж.Ж. Руссо "Нийгмийн гэрээ"

Ангилал: Улс төрийн философи
Хэвлэгдсэн он: 1762

Ж.Ж. Руссогийн "Нийгмийн гэрээ" нь улс төрийнзарчим, эрх мэдлийн талаарх философийн бүтээл юм. Руссо уг бүтээлдээ “Улс төрийн хууль ёсны эрх мэдэл нь бүх иргэдийн тохиролцсон нийгмийн гэрээнд тулгуурлан бүтдэг. Тиймээс хувь хүмүүс нийтлэг хүсэл зоригоор удирддаг нийгэмлэг байгуулахаар нэг ёсондоо “тохиролцдог” хэмээн тайлбарласан байдаг.

Мөн эл бүтээл нь иргэний нийгмийн оролцоо, залуучуудыг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ардчиллын зарчмууд зэрэг энгийн агуулгуудын мөн чанарыг философийнүүднээс тайлбарласан сонгодог бүтээлүүдийн нэг. Руссогийн үзэл баримтлал нь уншигчдад засаглалын мөн чанар, улс төрийн тогтолцоо, тэдний гүйцэтгэх үүрэгт шүүмжлэлтэй хандахын утга учрыг ойлгоход түлхэц болох болов уу.

Дэлгэрэнгүй: Жан Жак Руссо - Нийгмийн гэрээ номын тухай

6. Г.Г.Ф.Гегель “Philosophy of Right”

Ангилал: Улс төрийн философи
Хэвлэгдсэн он: 1820

Г.Г.Ф. Гегель уг бүтээлдээ ёс зүй, орчин үеийн төрийн хөгжлийг судалж, хувь хүн болон төр хоорондын харилцааны цогц үзлийг задлан эргэцүүлжээ. Энэхүү бүтээл нь эрх чөлөөний талаарх илүү гүнзгий зарим талаараа бүр тэс өөр гэмээр ойлголтыг өгдөг. Тэрээр нийгэмд амьдарч буй хувь хүн гэр бүлийн амьдралаас өгсүүлээд улс төр, хууль, эдийн засаг, нийгмийн ээдрээтэй харилцаа, бүлэгт орж гэмээнэ эрх чөлөөтэй болдог хэмээн үзжээ.

Мөн түүнчлэн залуучуудын улс төрийн тэмцэл нь ганцхан удаа хийгээд олж авдаг эсвэл давж гаршгүй, хүнд хэцүү зүйл биш харин байнгын хөгжлийн үйл явцын нэг хэсэг хэмээх санааг онцолсон байдаг. Гегелийн үзэл санааг судалснаар шударга ёс, эрх чөлөө тийм ч амархан олдохгүйн дээр залуучуудын өөрсдийн оролцоо улс төрд ямар чухал болохыг эргэцүүлэн ойлгох буй заа.

7. Нельсон Мандела “Long walk to freedom”

Ангилал: Намтар, дурсамж
Хэвлэгдсэн: 1994 он

Нельсон Манделагийн намтарнь түүний бага наснаас өгсүүлээд д Өмнөд Африкт ерөнхийлөгчийн албан тушаал хаших хүртэлх амьдралынх нь тухай өгүүлэх баялаг бүтээл юм. Н.Мандела арьсөнгөөр ялгаварлах үзэл, шударга ёс, эрх тэгш байдлын төлөө тууштай зүтгэсэн нь дэлхий даяар одоог хүртэл улс төрийн идэвх, манлайллын хамгийн том үлгэр дуурайл болсоор буй. маш том сургамж бүтээл болдог.

Төдийлөн чухал хэмээн тооцогддоггүй хэлэлцээр, эв найрамдал зэрэг нь улс төрийн манлайллын асуудлуудад мөн энх тайвныг авчрахад ямар чухал байж болдгийг өөрийн амьдралаар тэрээр харуулсан билээ. Түүний намтар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэх хөдөлгөөний түүхийг өгүүлээд зогсохгүй ирээдүй хойч үеэ энэрэнгүй, үнэнч шударгаар удирдан залах ухааныг заасан гэлтэй.

8. Ли Куан Ю “Сингапурын хөгжлийн нууц”

Ангилал: Улс төр
Хэвлэгдсэн он: 2000

Ли Куан Ю 1923 онд төрсөн бөгөөд Кембрижийн Их сургуульд Хуулийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Тэрээр сургуулиа төгсөж ирээд эх нутагтаа People’s Action Party намыг хамтран байгуулсан бөгөөд анхандаа түүний автократ засаглалын хэв маяг нь ард түмний дунд шүүмжлэл дагуулж байсан гэдэг. Гэсэн ч удалгүй маш чухал үйл хэргүүдийг амжилттайгаар гүйцэтгэсэн юм.

Тэрээр 1963 онд Сингапур Их Британийн колони улс байсныг тусгаар улс болгон өөрчилж, 1965 онд Сингапурыг Малайзаас салгах үйл хэргийг маш богино хугацаанд амжилттайгаар хийж гүйцэтгэсэн нь өөрийн эх орныг дэлхийн эдийн засаг, худалдааны төв улс болон алдаршихад нөлөөлжээ. Тэрээр улсыг удирдан авч явахад алсын хараатай, прагматик бодлогыг тууштай боловсруулах, сайжруулах нь чухал хэмээн үздэг нэгэн байсан гэдэг.

Ли Куан Югийн тухай тус бүтээл нь Сингапурыг арлын жижиг улсаас дэлхийн эдийн засгийн хүчирхэг төв болгон хувиргасан бодит түүх төдийгүй улс төрийн зөв бодлого, эдийн засгийн төлөвлөлт, гадаад бодлого зэрэг засаглалын янз бүрийн асуудлуудыг нарийвчлан хөндсөн бүтээл болой.

9. Жорж Оруэлл “Амьтны ферм”

Ангилал: Уран зохиол
Хэвлэгдсэн он: 1945

Жорж Оруэлл “Амьтны ферм” тоталитар дэглэмийг шүүмжилж, хувьсгалт үзэл санааны хэтийдсэн хэлбэрийг хөндөж бичсэн зохиол юм. Тариачнаа түлхэн унагааснаар өөрсдөдөө шинэ дарангуйлал авчирсан фермийн амьтдын түүхээр дамжуулан Оруэлл эрх мэдлийн төлөөх шунал хэтэрвэл ямар аюултайг мөн эрх мэдлийг хэрхэн амархан урвуулан ашиглаж болдгийг зүйрлэн дүрсэлдэг. Эл бүтээлийг уншсанаар улс төрийн ил тод байдал, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага зэргийн ач холбогдлыг ойлгох болов уу.

10. ЮВАЛЬ НОЙ ХАРАРИ "XXI зууны 21 сургамж"

Ангилал: Баримтат
Хэвлэгдсэн он: 2018 он

Тус ном нь улс төр, технологи, нийгмийн тухай ойлголтод орчин үеийн ямар сорилтууд тулгарч буйг 21 сургамж болгон багцлан бичжээ. Зохиолч Харари XXI зуун буюу хүн төрөлхтний хувьд бүх зүйл маш шинэ энэ ертөнцөд өмнөх жилүүдийн алдаануудаасаа суралцаж одоогийн нөхцөлдөө аль болох бага алдах замыг бүтээлээрээ чиглүүлж өгсөн гэлтэй.

Номонд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын харилцан уялдааг тайлж бичсэн нь одоогийн нийгмийн асуудлууд яагаад үүссэн, яагаад тэр алдааг давтаж болохгүй тухай заадаг. Түүнчлэн цаг үеийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхэд шүүмжлэлт сэтгэлгээ яагаад чухал болохыг давтан бичсэн нь амьдарч буй нийгмээ илүү сайн ойлгоход туслах бүтээл байх болно.

Эцэст нь хэлэхэд улс төрөөс хол байна гэдэг нь таныг огтхон ч “күүл” залуу мэт харагдуулахгүй. Та хэдий чинээ улс төрөөс дөлнө, төдий чинээ таны амьдралд улам хамаатай болж эхэлнэ. Тиймээс улс төрийн мэдлэгээ эдгээр номуудаар бага ч болов нэмэгдүүлж, хариуцлагатай иргэн байгаарай.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.

Алдалгүй сонго