Мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээллээ ойлгох, сонирхсон асуултдаа хариулт олох олон арга байдгийн нэг нь судалгаа юм. Тийм ч учраас аливаа судалгаа тодорхой онол, философийн хүрээнд, тохирсон аргачлалаар, аль нэг үзэл баримлалд хэт авталгүй объектив хандлага дор хийгдсэнээр үнэн зөв, баталгаатай, найдвартай хариултаа олох гол суурь болдог.
Академик түвшинд суралцаж буй хэн бүхний хийх гол ажил болох судалгааг илүү чанартай, зөв аргачлалаар хийхэд тань туслах нэгэн номыг танилцуулж байна.
Судалгаа гэж юу вэ?
Судалгааны ажил хийх нь ерөнхийдөө аялахтай адил. Жишээ нь: машинаар аялахаар зэхэж байна гэж бодъё. Мэдээж хаашаа явахаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй. Очих газраа тодорхойлсон бол хэрхэн тийш хүрэх замаа судална. Хэрхэн очихоо мэдэж байгаа бол асуудалгүй, харин өмнө нь явж байгаагүй газар бол зайлшгүй замаа урьдчилан судалж, олон хувилбар байгаа бол өөрт тохирохоо сонгож төлөвлөх нь ойлгомжтой.
Үүнтэй адил хариулт олохоор явж байгаа таны эрлийг судалгааныхаа арга зүйг боловсруулж байгаа үйл явцтай зүйрлэж болно. Харин замд таарсан тэмдэглэгээ бүхий газрууд нь судалгааны асуултад хариулт олохын тулд заавал дайрч гарах тийм л зайлшгүй хэсгүүд болдог байх нь. Мэдээж хийх алхмуудын дарааллыг явцын дунд өөрчлөх боломж жолоочид буюу судлаачид бүрэн бий. Ямар сонголт хийхээс үл шалтгаалж үйл ажиллагааны алхам бүрдээ судалгааны арга зүйн олон арга, аргачлалыг хэрэглэж байж зорилгодоо хүрэх бөгөөд энэ нь нэг ёсондоо судалгааны арга зүй ямар чухал болохыг бодитоор ойлгох, мэдлэг олж авах үе болдог.
Тэгвэл судалгаа хийхдээ хамгийн тохиромжтой арга, аргачлалыг сонгон ашиглаж чаддаг болгоход уг номын зорилго орших ажээ. Номыг судлах явцдаа судалгаа хийх ажлын алхмуудаа онолын хүрээнд сурч авахаас гадна үйл ажиллагааны алхам бүрд хэрэглэх чанарын болон тоон шинжилгээний аргын онцлог, аргачлалын талаар анхан шатны мэдлэгтэй болох юм. Онцлон дурдахад номд тоон шинжилгээний аргын талаарх мэдээллийг түлхүү оруулж өгчээ. Тоон болон чанарын шинжилгээний арга нь өөр өөрсдийн философиор ялгардаг ба мэдээлэл цуглуулах, түүнийг эмхэтгэн боловсруулах, дүгнэлт шинжилгээ хийх үйл явц, олж илрүүлсэн мэдээллийн уялдаа холбоо зэрэг нь харилцан адилгүй ч судалгаа хийх ерөнхий үйл явц нь харин ижил төстэй байдгийг мэдүүштэй.
хэнд тохирох вэ?
Номд судалгааны үндсэн хоёр арга (тоон ба чанарын) хандлагад хэрэглэгддэг янз бүрийн арга, горим, техникийг алхам алхмаар нь, энгийн байдлаар, үйл ажиллагааны дараалалтай нь тайлбарласнаараа онцлог. Судалгаа хийх аргачлалтай анх удаа танилцах гэж буй суралцагчид болон судалгааны хичээлийг үзэхэд сэтгэл зүйн хувьд бэлэн биш оюутнуудад тусгайлан зориулсан байна. Өөрөөр хэлбэл уг ном судалгааны талаар өмнө нь ямар нэгэн ойлголтгүй хүмүүст илүү тохиромжтой байж мэдэх юм. Тиймдээ ч анхлан суралцагчдад хүнддэх магадлалтай судалгааны зарим элементүүдийн талаар дэлгэрэнгүй тусгаж оруулаагүйг зохиогч онцолжээ.
Тодруулбал онолын болоод философийн суурь мэдлэгийг өгөхөөс илүүтэй анхан шатны мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор илүү практик талаас нь тусгаж өгсөн байна. Иймдээ ч судалгааны ажил хийх явцад тодорхой нэг алхмыг хийж гүйцэтгэхэд хэрэгтэй бүх мэдээллийг нэг доор багтаан харуулсан байна.
тоон ба чанарын судалгаа
Зарим салбар тоон судалгааны арга зүйд илүү ач холбогдол өгдөг байхад зарим нь чанарын аргад, зарим нь аль алинд нь тэнцүү ач холбогдол өгдөг байна. Асуудлынхаа онцлог, салбарын ялгаа зэргээс хамаарч арга зүй өөр болох нь гарцаагүй. (Тоогоор хэмжихэд учир дутагдалтай ажиглах, ярилцах гэх мэт субьектив шинж чанартай мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үнэлэх, тайлбарлах замаар үзэгдлийн утгыг тайлбарлахыг хичээдэг аргыг чанарын судалгаа гэнэ. Харин тоон судалгаа нь судалгааны обьектыг тайлбарласан түгээмэл хуулиудыг тодорхойлох зорилготой загвар бөгөөд үүнийг тоон, хэмжигдэхүүн, баталгаажуулалтыг бий болгоход чиглэсэн шууд ажиглалт, баталгаажуулалт, туршилт эсвэл туршлагад суурилж хийдэг.)
Тоон судалгааны үйл явц нь харьцангуй сайн бүтэцлэгдчсэн байхад чанарын судалгаа ихэвчлэн тодорхой бүтэцгүй байдаг бөгөөд энэ нь эдгээр хоёр аргын давуу бөгөөд сул тал нь болж байдаг. Гэсэн ч бүрэн дүр зургийг гаргахад судалгааны энэ хоёр арга хоёул чухал. Түүнээс гадна мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаагаас хамаараад тоон судалгааны зарим хэсэг нь шинж чанарын хувьд чанарын судалгаатай адил байх тал бий. Тийм ч учраас судалгааг сайн хийхийн тулд судлаач уг хоёр төрлийн судалгааг аль алиныг нь хийх чадвартай, арга зүйг байх ёстой гэжээ.
Судалгааны аргууд: тэднийг Хэрхэн ашиглах вэ?
Дээр дурдсанчлан судалгааг аргачлалын хувьд үндсэнд нь тоон ба чанарын хэмээн хоёр хуваадаг ч аргын хувьд гурав ангилна. Үүнд:
1. Тоон шинжилгээ (тодорхой бүтэцтэй),
2. Чанарын шинжилгээ (тодорхой бүтэцгүй),
3. Холимог буюу олон арга (тодорхой бүтэцлэгдсэн эсвэл бүтэцлэгдээгүй) гэж хуваана.
Чанарын судалгааны гол зорилго нь аливаа юмс үзэгдэл, нөхцөл байдал, зан төлвийн өөрчлөлт, олон талт байдлыг уян хатан аргаар тодорхойлоход чиглэгддэг бол мөн тоон шинжилгээг ашиглан тэдгээр өөрлөлт, ялгаатай байдлыг тоон утгаар илэрхийлж болдог. Харин холимог аргачлал нь бусад аргын хамгийн ололттой талуудыг ашигладаг тул тухайн судалгааны загвар илүү нарийн өргөн цар хүрээтэй, найдвартай үр дүн гаргадаг байна. Судалгааны холимог аргачлалыг нийгмийн судалгаанд ашигладаг олон төлөөлөгч байдаг. Уг номыг зохиогч чанарын-тоон-чанарын гэсэн судалгааны циклийг илүүд үздэгээс гадна судалгааны дан гац парадигмд итгэхээс илүүтэй судалгааны аргыг зөв тогтооход тухайн зорилго нь чухал хэмээн зөвлөдөг.
судалгаа шинжилгээ: үүний утга учир юу вэ?
Судалгааг маш олон зүйлд ашигладаг. Мэдлэг чадвараа байнга ахиулж байгууллага, компанидаа хэрэгцээтэй мэргэжилтэн байхын тулд та зайлшгүй судалгаа шинжилгээ хийх чадвартай байх шаардлагатай. Эрүүл мэнд, боловсрол, сэтгэл судлал, нийгмийн ажил, сувилахуй, нийгмийн эрүүл мэнд, номын сангийн судлал, маркетингийн судалгаа зэрэг салбар бүрийн чиглэл, агуулга өөр хоорондоо ялгаатай ч судалгаа хийхэд ашиглах ерөнхий арга хандлага нь төстэй гэж зохиогч үзжээ.
Тэгвэл судалгааг хэв шинжээр нь хэрэглээний, зорилгын, судалгааны арга гэсэн гурван төрлөөр тодорхойлж болдог байна. Жишээ авахад, хэрэглээний судалгаа нийгмийн ухааны салбарт голчлон хийгддэг бөгөөд олж илрүүлсэн зүйлс нь нэг бол тухайн үзэгдэл буюу асуудлын талаар мэдлэг ойлголт олж авах эсвэл тухайн нөхцөл байдалд өөрчлөлт хийхэд чиглэдэг. Энэ мэтчилсэн салбар, зориулалт, зорилгоос хамааран судалгааны олон төрөл, чиглэл, арга барил байх ба энэ бүрийг нэг дороос ойлгож, арга аргачлалтай танилцах боломжтой.
Тухайлбал, судалгааны ажлыг үндсэн дөрвөн зорилгоор хийж болдог. Үүнд:
1. Тодорхойлох судалгаа: нөхцөл байдал, үзэгдэл, асуудал тодорхойлох,
2. Харилцан хамаарлын судалгаа: хоёр ба түүнээс дээш хувьсагч хоорондын хамаарлыг олж илрүүлэх, эсвэл шинээр бий болгох,
3. Тайлбарлах судалгаа: зарим зүйл яагаад тэгэж тохиодгийг тайлбарлах,
4. Хайгуулын чанартай судалгаа: бага судлагдсан эсвэл огт судлагдаагүй салбарт шинэ зүйл олж илрүүлэх буюу судалгаа хийх боломжийг шинжлэх зорилгоор хийх
зэрэг багтдаг.
судалгааны үйл явцыг хураангуйлах нь:
Алхам 1. Судалгааны асуудлаа томьёолох нь
Алхам 2. Судалгааны загварын концепцийг тогтох
Алхам 3. Мэдээлэл цуглуулах хэрэгслийг бүтээх
Алхам 4. Түүвэр сонгох
Алхам 5. Судалгааны төсөл бичих
Алхам 6. Мэдээлэл цуглуулах
Алхам 7. Мэдээлэл боловсруулах ба танилцуулах
Алхам 8. Судалгааны тайлан бичих