Хүн бүр агуу CEO.

Энэ бол таны анхаарлыг татаж, хий хоосон итгэл найдвар төрүүлэн номоо борлуулах гэсэн хөнгөхөн үгс биш. Мэдээж хүн бүр стартапаа эхлүүлэх эсвэл тушаал ахисаар аль нэг компанийн удирдлага болох албагүй ч CEO-д байх ёстой ур чадваруудыг эзэмшихэд алдах зүйлгүй шүү дээ. Учир нь манлайлал бол төрмөл чадвар бус, харин суралцаж, дадлагажиж, сайжруулж болох ур чадвар билээ.

Үүний зэрэгцээ өөрчлөгдөн хувьсаж, өрсөлдөөн улам ширүүсэж буй стартап болон бизнесийн ертөнцөд дан ганц гайхалтай санаа байгаад хангалтгүй. Компани байгуулах, түүнийг амжилттай удирдах, үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой авч явахад гарцаагүй манлайлах чадвар чухал үүрэгтэй. Гагцхүү Матт Мошаригийн уг номд манлайллыг системтэйгээр тайлбарласан ба шууд хэрэгжүүлж болохуйц практик аргуудыг багтаасан нь ижил төрлийн бусад бүтээлээс ялгарах онцлог юм.

Харин та өөрийн доторх агуу CEO-г сэрээхэд бэлэн үү?


ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Матт Мошари нь 1968 онд АНУ-ын Нью Жерси мужид төрсөн бөгөөд 1990 онд Yale Их сургуульд Хүмүүнлэгийн чиглэлээр бакалавр, 1996 онд Kellogg Менежментийн сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын зэргээ хамгаалсан аж. Төгссөн даруйдаа тэрээр хөрөнгө оруулалтын Spectrum Equity фирмээс ажлын гараагаа эхэлсэн төдийгүй энгийн нэг ажилтнаас хамтрагчийн түвшинд хүртэл дэвшиж чаджээ. Үүний зэрэгцээ 1999 онд цахим худалдааны вэбсайтуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой Totality Corporation-ийг хамтран үүсгэн байгуулсан ба 2005 онд MCI Inc. тус компанийг нь худалдан авч байв.



Түүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Цахиурын хөндий дэх технологийн томоохон компаниудын CEO-гуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж буй. Товчхондоо Матт Мошари бол Coinbase, OpenAI, Reddit, Plaid тэргүүтэй технологийн салбарт цойлсон олон шилдэг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлуудынх нь көүч, багш юм. Тиймдээ ч уг номд өгүүлж буй арга техникүүд нь бүгд практикт батлагдсан гэсэн үг.



НОМЫН ТУХАЙ

Уг ном нь анх 2019 онд англи хэлнээ "The Great CEO Within" нэрээр гарч, 2024 онд монгол хэлнээ "Хүн бүр агуу CEO" нэрээр орчуулагдан гарчээ. Нийт 184 нүүр, 16 бүлэгтэй ба дараах үндсэн найман хэсгээс бүрдэх аж.

- Эхлэл
- Хувь хүний дадал зуршил
- Бүлгийн дадал зуршил
- Дэд бүтэц
- Хамтын ажиллагаа - Процесс
- Үйл явц
- Бусад хэлтас нэгж
- Хавсралт

Матт Мошаригийн хэлж буйгаар энэхүү бүтээлд шавь нарынхаа хамт боловсруулсан шийдлийг хуваалцах ба бүтцийн хувьд удирдлагын дээд түвшнээс (гүйцэтгэх захиралд тулгарч болох асуудал), дунд түвшин (дээд түвшинд тулгарсан асуудал бүрийг шийдвэрлэх зөвлөмж), цаашлаад анхан шатны буюу доод түвшинд тулгардаг асуудлыг дэс дараалан ярилцах аж. Өөрөөр хэлбэл, уншигч та шинэхэн удирдлага ч бай, туршлагатай захирал ч бай гүйцэтгэх захирлын алба хашиж л байгаа бол энэ ном танд зориулагдсан гарын авлага байх болно.

ЯАГААД УНШИХ ЁСТОЙ ВЭ?

Мэдээж нэн тэргүүнд унших ёстой шалтгаан бол номын зохиогчийн арвин их туршлага болов уу. Амжилттай яваа олон компанийн удирдах түвшний ажилтнуудад тулгарч буй нийтлэг асуудлыг олж харан, тэдгээрт шийдэл санал болгодог нь энэ номыг унших тэргүүн шалтгаан гэмээр. Тодруулбал, Матт Мошари давтагдаж буй дараах асуудлыг олж харчээ.

1. Би болон манай шавь нар нэгэн ижил суурь асуудлыг дахин дахин шийдэж байв.
2. Үүсгэн байгуулагч гүйцэтгэх захиралд сайн мэдлэг олгохуйц олон ном байдаг ч сурах шаардлагатай бүх зүйлийг нь агуулсан ном хараахан байдаггүй.
3. Агуу гүйцэтгэх захирал болж өсөн дэвжихэд сургуулилт хэрэгтэй.
4. Үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын хувьд сургуулилт хийх цаг хомс.


Үүний зэрэгцээ уг номыг заавал унших ёстой шалтгаанууд нь:

Цаг үрэх шаардлагагүй: Та заавал өөрөө алдах албагүй. Дээр дурдсанчлан ижил төрлийн асуудлууд тулгардаг учраас бусдын сургамжаас суралцах боломжтой. Мөн товч бөгөөд тодорхой бичигдсэн нь зав чөлөө багатай захирал таны цагийг хэмнэх болно.

Сэтгэлзүйн асуудлыг ч орхихгүй: Манлайлал гэдэг зөвхөн стратеги биш юм. Энэ бол айдас, бухимдал, зөрчилдөөн, ганцаардлыг даван туулах зэрэг сэтгэл хөдлөлийн нарийн асуудлууд. Гагцхүү эл ном эдгээр сэдвээс огтхон ч зайлсхийхгүй.

Шууд хэрэгжих боломжтой: Уг бүтээл нь “Хэзээ нэгэн цагт хэрэг болох байх” гэсэн ном биш. Харин ч суурин дээр нь хэрэгжүүлж, туршиж, өөрт хамгийн тохиромжтойг нь үргэлжлүүлэн хийх боломж олгоно.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Юун түрүүнд ахлах сургуулийн сурах бичиг шиг дизайнтай, хэсэг бүрийн араас тэмдэглэл бичих орон зайтай нь хамгийн их таалагдлаа. Мөн мэргэжлийн үг хэллэг, ойлголтыг хялбарчилж, бүх арга техник нь бодит туршлага дээр суурилсан учраас ойлгоход хэцүү биш байв. Тэр хэрээр зөвлөгөө бүр нь амьдралд ойр санагдсаныг хэлэх нь зүйтэй.

Сэтгэлд тод үлдсэн хэсэг гэвэл 10-р бүлэгт өгүүлэх бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай зөвлөмжүүд байв. Хэдийгээр ажлаа үр дүнтэй, амжилттай явуулахад олон хүчин зүйл нөлөөлөх ч хамгийн чухал нь тухайн компанийг удирдаж буй хүний сэтгэлзүйн тогтвортой байдал юм. Манлайлагч хүний сэтгэл санаа, бие бялдар эрүүл байх нь компанийн амжилтын гол хүчин зүйл хэмээн тодорхойлсон нь уг бүтээлийг ижил төрлийн номуудаас онцлогтой болгож байлаа.

Эцэст нь хэлэхэд, энэ ном зөвхөн гүйцэтгэх захирлуудад зориулагдсан бус, харин ч өөртөө итгэлтэй, уян хатан байж, чадварлаг хийгээд хүнлэг байдлаар баг хамт олноо удирдахыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан бүтээл ажээ.

хаанаас худалдан авах вэ?

Хэрэв та энэхүү номыг захиалахыг хүсвэл Enlighten апп, Интерном болон Азхур номын дэлгүүрүүдээс авах боломжтой.

Enlighten апп нь дэлхийн шилдэг, шинэ, түүхэн номуудыг хураангуйлж, гол санаа, чухал сэдвүүдийг ердөө 20 минутад хүргэдэг ухаалаг платформ юм. Та гадуур алхаж байхдаа, машиндаа, гэртээ, хаана ч байсан сонсох боломжтой.

Одоогийн байдлаар 13 төрлийн 200 орчим номыг багтаасан бөгөөд өдөр бүр аудио хураангуй сонсож, оюунаа хөгжүүлж, мэдлэгээ тэлээрэй.


Уг номын тухай дэлгэрүүлж сонсохыг хүсвэл: