НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 23-27 өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж дууслаа. 79 дэх удаагийн хуралдааны гол сэдвүүд нуур амьсгалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын зээл, дижитал шилжилт, хүний эрх болон энх тайвныг сахин хамгаалах зэрэг дэлхийн хэмжээнд тулгараад буй асуудлуудад чиглэв.
Харин эдгээр ярвигтай сэдвүүдийг ойлгохын тулд бид түүх, эдийн засаг, нийгмийн талаар цэгцтэй мэдлэгтэй байх нэн шаардлагатай. Эдгээр 10 ном нь асуудлыг суурь, үндсээр ойлгоход танд туслах болно. Ингэхдээ залхаж, халширмаар уйтгартай хэв маягаар биш харин ч амьдралд ойр, энгийн байдлаар тайлбарласан тул ямар ч төрлийн уншигчид таалагдах дор хаяж нэг бүтээл энэ жагсаалтад багтсан.
1. Factfulness
Зохиолчийн тухай
1948 онд Шведэд мэндэлсэн Ханс Рослинг хүний их эмчийн мэргэжлээ төгссөнийхөө дараастатистикийн чиглэлээр суралцаж, улмаар дэлхий даяар тархсан аюулт өвчнүүдийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, тэдгээртэй олон жилийн турш тэмцсээр ирсэн нэгэн бөгөөд "Times" сэтгүүлийн 2012 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байжээ. Ханс Рослинг 2015 онд уг номыг бичиж эхлэхдээ өөрийгөө хорт хавдартай гэдгээ олж мэдсэн байна. Гэсэн ч номоо гүйцээнэ гэсэн зорилгодоо тууштай байсан бөгөөд 2017 онд эмнэлгийн орон дээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж байхдаа номынхоо сүүлийн бичвэрүүдийг дуусгажээ.
Номын тухай
Хэвлэгдэн гарсан даруйдаа маш том шуугианыг дэгдээж, бидний дэлхийн ертөнцийг харах өнцгийг тэр чигт нь өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Бид эрүүл мэнд, цаашлаад дэлхий ертөнцийн хөгжил, ер нь бүхий л зүйлсийн талаар ямар ташаа ойлголттой явдгийг энэхүү номд баримт нотолгоотойгоор тайлбарласан юм. Яагаад үүнийг бид буруу ойлгодог, юуг нь буруу ойлгодог зэргээр бүхий л өнцгөөс өөрийн аргументаа нотолсон байдаг нь олны сайшаалыг хүртэх гол шалтгаан болсон биз ээ.
Хэнд санал болгох вэ?
Сониуч бөгөөд өөрийгөө сорьж, шинийг мэдэх хүсэлтэй хүн бүрд уг бүтээлийг санал болгоно.
2. Chip war: the fight for the world’s most critical technology
Зохиолчийн тухай
Крис Миллер нь эдийн засгийн түүхч хүн юм. Тэрээр Тафтсын Их сургуульд багшилдаг бөгөөд түүний судалгааны чиглэл нь эдийн засгийн түүх, геополитик, технологийн салбарыг хамардаг аж. Өмнөх бүтээлүүд болох "Putinomics" болон "The Struggle to Save the Soviet Economy" нь түүнийг төвөгтэй геополитик, эдийн засгийн ойлголтуудыг энгийн бөгөөд сонирхолтой байдлаар тайлбарлах чадвартайг нь баталсан.
Номын тухай
Chip War ном нь бидний хувьд харь хол, эрсдэлтэй, "аймар" мэт микро чип буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, хэрэглээг тайлбарласан бүтээл. Бүтээл чип ер нь анх үүссэн түүх, уг хэрэгсэл яаж дэлхийн улс төр, эдийн засаг, цэргийн стратегид нэвтэрч хэрхэн дэлхий ертөнцийг өөрчилснийг нүдэн дээр дэлгэн харуулах нь сонирхолтой. АНУ, Хятад, Тайвань зэрэг улсууд чип үйлдвэрлэлээрээ өрсөлдөж, улмаар геополитикийн ямар тэмцэл явагдаад буйг номонд тайлбарласан. Тиймээс улс төрийн талаар, дэлхий ертөнцөд болж буй үйл явдлын талаар ойлголттой болоход туслах нь гарцаагүй.
Хэнд санал болгох вэ?
Эдийн засаг, түүх, технологи сонирхдог хэн бүхэнд уг ном таалагдана. Тэр дундаа хүн төрөлхтний хувьд бага зэрэг нууцлаг эсвэл харь мэт сэдвүүдэд сонирхолтой, дэлхийн өөрчлөлт, улс төрийн уялдаа холбоог сонирхон судалдаг хүмүүс заавал уншиж үзэх хэрэгтэй.
3. This changes everything: Capitalism vs. the climate
Зохиогчийн тухай
Наоми Клайн нь ихэвчлэн байгаль орчин, эдийн засаг, тэгш бус байдал зэрэгт сонирхолтойг нь түүний өмнөх бүтээлүүд болох "The Shock Doctrine" болон "No Logo" бүтээлүүдээс нь харж болно. Түүний бичиглэл, сэдвийн онцлог гэвээс дэлхийн эдийн засгийн системийн шударга бус байдлын талаар бичихдээ хүчтэй, хурцаар шүүмжилж бичдэг явдал юм. Түүний эл бүтээл 2014 онд байгаль орчны чиглэлээр бичигдсэн онцлох бүтээлүүдэд олгодог “Hilary Weston Writers' Trust Prize” шагналыг хүртжээ.
Номын тухай
Уур амьсгалын өөрчлөлтөөс бидний хэтийдсэн хэрэглээ, үйлдвэрлэл гээд олон зүйлсээс шалтгаалж байгаа ч харин энэ хүчин зүйлсийн цаана ямар том систем ийнхүү нөлөөлж байгааг эргэцүүлж үзсэн болов уу? Уг бүтээл капитализм ба уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын уялдаа болон зөрчилдөөнийг тайлбарлана. Тэр дундаа капиталист эдийн засгийн системд суурь өөрчлөлт хийж байж байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэнэ хэмээн үздэг. Тийм ч учраас уг ном уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль орчны асуудал гэж тоочихоос илүүтэй энэ нь эдийн засаг, улс төр, нийгэмд ямар гүнзгий нөлөө үзүүлдэг болохыг мөн ойлгуулна.
Хэнд санал болгох вэ?
Дэлхийн дулаарал, байгаль орчны нөөцийн хомсдол гээд ирээдүйдээ санаа зовж явдаг хэн бүхэнд уг бүтээл таалагдах нь гарцаагүй. Зөвхөн байгаль орчноос гадна ямар бидний төдийлөн анзаараагүй хүчин зүйлс үүнд нөлөөлдгийг судалж байгаль орчны асуудлыг илүү далайцтайгаа ойлгож, судлахыг хүссэн хэн бүхэнд ном таалагдах болно.
4. Invisible women: data bias in a world designed for men
Зохиолчийн тухай
Номын зохиолч Каролин Криадо Перес сэтгүүлч нийгмийн идэвхтэн нэгэн билээ. Тэрээр хүйсийн тэгш эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч бөгөөд бүр Их Британийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд ихээхэн хувь нэмэр оруулсныг түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийн зургийг мөнгөн тэмдэгт дээр гаргах кампанит ажил зохион байгуулснаас нь илэрхий харж болно. Хэвлэгдсэн цагаасаа хойш уг бүтээл нэлээд од болсныг магадгүй уншигч та мэдэх биз ээ. Тухайлбал 2019 онд "Royal Society Insight Investment Science Book Prize" болон "Financial Times and McKinsey Business Book of the Year" шагналуудыг эл ном хүртсэн байдаг.
Номын тухай
Уг бүтээл нь хүйсийн өгөгдлийн ялгаа болон үүн дээр үндэслэн хэрхэн бид өөрсдөө ч мэдэлгүй хүмүүсийг ялгаварладгийг судалж тайлна. Ийнхүү судлахдаа орчин үед шинжилгээ, судалгааны түвшинд хүртэл өгөгдөл, статистик судалгаа нь эмэгтэйчүүдийн мэдээлэл, туршлага, түүхийг хэрхэн орхигдуулж, олон салбарт эмэгтэйчүүдийг үл үзэгдэх байдалд оруулж байгааг баримт нотолгоотойгоор баталж бичжээ. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагыг эрүүл мэндийн салбар, ажлын талбар, технологи бүр хот төлөвлөлт зэрэг салбарт хэрхэн үл ойшоодгийг бичсэн нь сонирхолтой ажээ.
Хэнд санал болгох вэ?
Жендер судлалын шинжлэх ухааныг энгийнээр ойлгож, судалмаар байгаа уншигчдад эхний гишгүүр болохуйц цэгцтэй бүтээл маргаангүй энэ. Мөн эмэгтэй хүн бүр өөрсдийнхөө амьдралд анзааралгүйгээр үл тоомсорлуулж, доогуур үнэлүүлэх үзэгдэлд өртөж байснаа илүү нухацтайгаар ойлгоход туслах бүтээл ч гэж хэлж болох юм. Дээрээс нь бодлого боловсруулагчид мөн өгөгдөл, судалгаан дээр ажилладаг шинжлэх ухааны мэргэжилтнүүдэд сануулга, сэдэл өгөхүйц.
Дэлгэрэнгүй: "Үл үзэгдэгч эмэгтэйчүүд" номын тухай
5. How to avoid a climate disaster
Зохиолчийн тухай
Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтсийг байгаль орчин, веганизм зэрэг сэдэвтэй холбоотой үзэл бодлоо хүчтэй илэрхийлдгийг зарим хүмүүс сайн мэдэж байж магадгүй. Түүнийгээ ч үйлдэл болгон "Bill & Melinda Gates Foundation" сан нь дэлхий даяар эрүүл мэндийн болон байгаль орчны олон асуудалд идэвхтэй тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулах замаар баталж үзүүлдэг.
Номын тухай
Уг номд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх Билл Гэйтсийн санал болгож буй практик, шинжлэх ухаанд суурилсан арга замуудыг нарийвчлан тайлбарласан аж. Нэг ёсондоо нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах дэлхийн нийтийн мөрдөх төлөвлөгөө гаргаж өгсөн гэсэн үг.
Жишээлбэл тэрээр ирээдүйд батарейг илүү үр ашгийг нэмэгдүүлэх, устөрөгчийн түлш, нүүрсхүчлийн хийг хурааж хадгалах технологи зэрэг инновацын шийдлийг санал болгосон байх жишээтэй. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд энэ номыг уншаад сууж буй энгийн иргэдээс илүү улс төр, бизнесийн салбарын шийдвэр гаргагчид, тэдний хамтын ажиллагаа чухал гэдгийг сануулна.
Хэнд санал болгох вэ?
Хэрэв та уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бодит хувь нэмэр оруулахыг хүсдэг ч яаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй эсвэл гарц гаргалгаа байхгүй мэт санагдаж байвал энэ ном танд бага ч болов итгэл төрүүлэх болов уу?
Дэлгэрэнгүй: Билл Гэйтсийн "How to avoid a climate disaster" номын тухай
6. How bad are bananas: the carbon footprint on everything
Зохиолчийн тухай
Зохиолч Майк Бернс-Лигийн төрсөн ах "World Wide Web" буюу бидний интернэтэд хайлт хийх болгондоо ашигладаг www системийг үндэслэгч Тим Бернс-Ли гэдгийг мэдэх үү? Номын зохиолч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүхий л сэдвүүдээр мэргэшсэн нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр 1986 онд Оксфордын их сургуулийг физикчээр төгсөж өөр цааш олон өөр мэргэжлээр сурсан ба одоогоор Lancaster Их сургуульд 2016 оноос хойш багшилж байгаа ажээ.
Номын тухай
Энэ ном нь хэвлэгдсэн даруйдаа "The Guardian" болон "Financial Times"-аас өндөр үнэлгээ авч, "бүх цаг үеийн хамгийн сайн тогтвортой хөгжлийн номуудын нэг" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Сонирхолтой судалгааны үр дүнгүүдийг энгийн жишээн дээр тулгуурлан тайлбарласан бөгөөд ингэхдээ 100 гаруй бүтээгдэхүүн, үйл ажиллагааны нүүрстөрөгчийн ул мөрийг нарийн тооцоолж бичсэн нь амьдралд ойр бөгөөд сонирхолтой аж.
2010 онд хэвлэгдсэн гэхэд маш шинэлэг судалгаа, тооцоолол, агуулгатайгаар бичигдсэн нь онцлууштай. Жишээ нь банана идэхэд эсвэл цахим шуудан бичихэд хэр их эрчим хүч зарцуулагддаг мөн тухайн үед бидэнд маш шинэ ойлголт болох махны үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ул мөрийг уншигчдад хүргэсэн нь олны анхаарлыг ихэд татсан нь лавтай.
Хэнд санал болгох вэ?
Өмнөх дурдсан номуудаас ялгаатай нь илүү микро түвшинд буюу хувь хүний хэрэглээ талаас нь судалж бичсэн онцлогтой. Тиймээс ойлгоход хялбар байхын сацуу шууд хэрэгжүүлэх, өөрчлөх шийдэл, сэдлийг бий болгохуйц учраас яахын аргагүй хүн бүхэнд таалагдана.
7. The Smartest Kids in the World: And How They Got That Way
Зохиолчийн тухай
Аманда Рипли нь Корнеллийн Их сургуулийг сэтгүүлчээр төгссөн ба нийгмийн асуудлууд тэр дундаа боловсролын салбарын талаар бичдэг. Тэрээр "Time" сэтгүүл, "The Atlantic", "The Washington Post" зэрэг томоохон хэвлэлүүдэд нийтлэл бичиж олны анхааралд өртөж байсан. Түүний эл ном нь улс орнуудын боловсролын системийг харьцуулж, яагаад зарим улсад хүүхдүүд илүү амжилттай боловсорч буйг тайлбарласан бүтээл юм.
Номын тухай
Аманда Рипли уг номдоо Финланд, Өмнөд Солонгос, Польш зэрэг улс орнуудад суралцаж буй хүүхдүүдийн туршлагыг харьцуулжээ. Тэрээр эдгээр улсын боловсролын систем нь яагаад дэлхийд тэргүүлдгийг тодорхой жишээ, тоо баримт дээр үндэслэн судалсан аж. Багш нарын мэргэжлийн түвшин, сургалтын арга барил, сурагчдын хандлага зэрэг хүчин зүйлс нь үр дүнтэй суралцахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар нотолсныг онцлууштай. Улмаар энэ салбарын талаар ойлголтгүй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд анхаарахдаа аль хүчин зүйлд төвлөрөх ёстойг чиглүүлсэн нь уг ном онцлог болой.
Хэнд санал болгох вэ?
Боловсролын салбарын мэргэжилтэн, багш, эцэг эхчүүд болон сурагчдад үр өгөөжтэй бүтээл. Ялангуяа хүүхдийнхээ боловсролыг хэрхэн системтэйгээр ахиулахаа мэдэхгүй, энэ талаар сонирхож буй эцэг эхчүүдэд илүүтэй таалагдана.
8. Caste: the origins of our discontent
Зохиолчийн тухай
Изабел Вилкерсон Америкийн түүхэнд тохиолдсон шударга бус байдал, арьс өнгөний ялгаварлал, нийгмийн бүтэц зэрэг хүмүүсийн бичихээс халгаж эмээдэг сэдвүүдийг зоригтойгоор бичдэг. Тиймдээ ч тэрээр Пулитцерийн шагнал хүртэж The New York Times-ийн сэтгүүлчээр олон жил ажиллаж зохиол, бүтээлээр танигдсан биз ээ.
Номын тухай
Номын нэрээс ч илэрхий буюу уг бүтээл нь нийгмийн шатлалт тогтолцоо буюу кастын системийн талаар судалж цаашлаад Америкийн арьс өнгөний ялгаварлалын шалтгааныг шинжилж бичсэн ажээ. Вилкерсон кастын систем зөвхөн Энэтхэгт биш, Америкт ч мөн хэдэн зууны туршид оршин байсан нийгмийн шаталсан тогтолцоо болохыг нотолсон. Ингэхдээ Америкийн хар арьст хүмүүсийн ялгаварлан гадуурхалтад өртсөн түүх, Нацист Германы еврейчүүдийн эсрэг хийсэн геноцид, Энэтхэгийн кастын системийг харьцуулж судалсан нь бүтээлийг илүү сонирхолтой, хүчтэй, зоримог агуулга, бичиглэлтэй болгосон аж.
Хэнд санал болгох вэ?
Шударга ёс, нийгмийн шатлал, эрх тэгш байдал зэргийн талаар хүний эрхийн мэдрэмжтэй, ойлголттой болохыг хүссэн хэн бүхэнд уг бүтээл анхан шатны ойлголт өгөөд зогсохгүй гүнзгий учир шалтгаан, өнцөг гаргаж ирж өгөх нь гарцаагүй. Түүнчлэн түүх судлаачид, соёлын антропологичид, болон социологич нарт уг ном үнэ цэнтэй эх сурвалж болж чадах болов уу.
9. The deficit myth: modern monetary theory and the brith of the people’s economy
Зохиолчийн тухай
Стефани Келтон нь Америкийн эдийн засагч, профессор, мөн Modern Monetary Theory (MMT) буюу орчин үеийн мөнгөний онолын чиглэлийн тэргүүлэгч мэргэжилтэн нэгэн. Тэрээр Stony Brook University-д эдийн засгийн профессор ба АНУ-ын Сенат болон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Келтон нь MMT-г олон нийтэд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд түүний бичсэн нийтлэлүүд болон ном нь орчин үеийн эдийн засгийн үзэл баримтлалд томоохон өөрчлөлт авчирснаас түүнийг хэр нөлөөтэй хүн болохыг харж болох буй заа.
Номын тухай
"The Deficit Myth" ном нь дурдсан онолын тухай бичигдсэн хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг. Гол санаа нь ихэнх улс орнуудын санхүүгийн бодлогод тогтсон төсвийн алдагдлын тухай уламжлалт ойлголт буруу байдаг ба энэ нь эдийн засгийн хөгжилд саад учруулж байдаг аж. АНУ болон бусад орны засгийн газрууд өр зээл, төсвийн алдагдалд санаа зовох шаардлагагүй бөгөөд гол асуудал нь яаж мөнгийг зөв зохистой хуваарилах тал дээр анхаарах нь илүү оновчтой болохыг баталдаг.
Зохиолч MMT-ийн зарчмуудыг маш энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлаж, төсвийн алдагдал эдийн засгийг муутгах бус, харин ч сайжруулах боломжтой хэмээх санааг дэвшүүлнэ. Тухайлбал, ажилгүйдэл, орон сууцны хямрал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг шийдвэрлэхэд засгийн газар хэрхэн ажиллаж болох бодит эдийн засгийн шийдвэр, гаргалгааг санал болгож судалсан нь онцлууштай.
Хэнд санал болгох вэ?
Энэхүү бүтээл нь төрийн зардал, төсвийн алдагдлын талаар уламжлалт ойлголттой уншигчдад шинэ харах өнцөг бий болгоно. Тиймээс улс төр, эдийн засгийн салбарт ажилладаг, уг салбарт сонирхолтой оюутан залууст ихээхэн сонирхолтой байх болно.
10. Guns, germs, and steel: the states of human societies
Зохиолчийн тухай
Номын зохиолч Жаред Даймонд нь байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарт өргөн хүрээний судалгаа хийсэн Америкийн антропологич, биологич, газар зүйч, түүхч хүн. Дэлхий дахины асуудлыг үнэхээр л ийм олон талын мэдлэгтэй хүн л хэлэлцэн судалж чадах биз ээ. Жаред Даймонд 1998 онд эл номоороо Пулитцерийн шагнал хүртэж, "New York Times"-ийн шилдэг борлуулалттай ном болж шинжлэх ухааны салбарт хүндтэй байр суурь эзэлсэн юм.
Номын тухай
Дэлхийн улс орнуудын эдийн засаг, технологи, улс төр хөгжлийн ялгааг буюу нийгмийн асуудлуудыг байгалийн, газарзүйн, биологийн хүчин зүйлсээр тайлбарлахыг зорьсон нь нэлээд сонирхолтой. Дэлхийн хөгжил, цэцэглэл зөвхөн цэргийн хүч, технологиос хамааралтай биш, харин газарзүйн байрлал, байгалийн баялаг, мал аж ахуй, ургамлын төрөл зүйл зэрэг байгалийн хүчин зүйлсэд захирагдаж ирсэн талаар шинжлэх ухаанч тайлбарыг өгсөн нь бүтээлийн гол агуулга аж.
Зохиолчийн тайлбарласнаар, Евроази тивийн улс орнууд бусад бүс нутгуудаас илүү хөгжсөн нь тэндхийн ашигтай ургамал, амьтан, газарзүйн байрлалтай холбоотой гэж үздэг. Жишээ нь, түүхэнд Европчууд асар хурдтай хөгжиж, бусад тивийн ард түмнийг колоничлох боломжийг бий болгосон хүчин зүйлсийг зэвсэг, нян вирус ба ган материал хэмээх гурван зүйлд багцалсан нь номын нэрээс харагдана. Түүнчлэн, нянгийн тархалт, халдварт өвчин нь колоничлолын үед томоохон үүрэг гүйцэтгэснийг түүхэн болон байгалийн шинжлэх ухааны судалгаагаар баталсан байх жишээтэй.
Хэнд санал болгох вэ?
Нийгэм болон байгалийн шинжлэх ухаан эцсийн бүлэгтээ холбогдож хоршиж байж дэлхий ертөнц илүү сонирхолтой, утга учиртай мэт санагдахыг энэ номоос ойлгох буй заа. Тиймээс эртний соёл иргэншлүүдийн хөгжлийн ялгааны талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголттой болох хүсэлтэй хүн бүр уг номыг унших нь зүйтэй.
Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй сорилтуудтай тулгарч буй энэ үед бид мэдээлэлтэй байх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна. Мэдлэгтэй байж гэмээнэ бид илүү шударга, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулж чадах биз ээ. Тиймээс бага гэж гололгүй, оройтсон гэж хойш суулгүй өөрт сонирхолтой нийгмийн асуудал, сэдэвт хошуу дүрж эдгээр номуудаас сонирхож уншаарай.
Сэтгэгдэл бичих