"Номтой яриа" булангийн энэ удаагийн зочноор нийтлэлч, орчуулагч Амарсанаагийн Амармэндийг урилаа. Тэрээр саяхан солонгос гаралтай герман философич, Берлиний урлагийн их сургуулийн профессор, өдгөө Европын хамгийн нөлөө бүхий философичдын нэгд тооцогддог Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” зохиолыг орчуулан гаргаад буй. Орчин цагийн нийгмийн өнгө төрхийг бясалгасан энэхүү зохиолын монгол орчуулгыг “Тагтаа паблишинг” эрхлэн гаргажээ. А.Амармэндийг уншигчид “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч байхдаа туурвисан баялаг, уншууртай нийтлэлүүдээр нь мэдэх биз ээ. Тэрээр “Засгийн газрын мэдээ” сонин, “Гэрэг” сэтгүүлд мөн нийтэлдэг байв.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Тогтсон төрөл зүйл байхгүй. Амжилтын хөтөч, хувь хүний хөгжил гэх мэт агуулгатай номд дургүй, уншдаггүй. Бусдыг нь бол уншина. Гэхдээ уран зохиолын ном арай илүү уншдаг. Одоо Роберт Боланогийн “2666” уншиж байгаа. “2666” урт, миний унших хурд удаан байгаагаас арай богино юм уншмаар санагдах үедээ Умберто Экогийн “Хэрхэн яргай загастай хамт аялах вэ?” эсээний цуглуулгаас оройдоо ганц нэг эсээ “явуулж” байна. Хөнгөхөн, хөгжилтэй болохоор сайхан хачир болж байгаа.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Уншиж сураад удаагүй байхдаа Чулуун зэвсгийн үеийн хүүгийн тухай хүүхдийн ном уншиж байсан. Нэрийг нь санадаггүй юм. Тэр номыг уншиж байгаад хүн үхдэг, амьдрал төгсгөлтэй, хайртай хүмүүс минь үргэлж надтай хамт байхгүй гэдгийг гүн ухаарсан. Тухайн үедээ бяцхан сэтгэлзүйн хямралд орсон санагддаг. Одоо ч амьдрал чинь төгсгөлтэй гэдгийг байнга санаж явдаг.

Хожим уншсан номуудаас гэвэл Хэрман Хэссэгийн “Сиддхарта”-г нэрлэнэ. Буддизмыг сонирхох хүсэл хүчтэй төрүүлсэн санагддаг. Өөрийгөө буддист гэж хэлэхгүй. Гэхдээ тодорхой үзэл санааг нь амьдралдаа баримтлах гэж хичээдэг, байнга санаж явдаг.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Сонирхол нийлдэг найз нөхдийн зөвлөгөөг дагадаг. Уран зохиолын номын хувьд янз бүрийн газар орон, бүс нутгийн зохиолчдын номыг унших гэж хичээдэг. Зөвхөн Барууны эсвэл англи хэлээр бичдэг зохиолчдоор хязгаарлахгүй гэж тэр. Өөр тогтсон шалгуур байхгүй.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Орой орондоо л уншиж байна даа. Ядаж нойр хүргэдэг давуу талтай.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ? (АВТОР)

Халдварт өвчний энэ үед Хосе Сарамагогийн “Сохрол” хүмүүст сонирхолтой байж болох юм. Сарамагогийн зохиолууд орчин үеийн нийгмийн асуудлуудыг хамарсан басхүү их хүнлэг санагддаг. Жозеф Конрадын “Харанхуйн зүрх” өнгөрсөн онд орчуулагдаж гарсан байсан. Барууны улсуудын колоничлолын түүхийг төдийлөн сайн мэддэггүй монгол уншигчдад хэрэгтэй зохиол болов уу. Тэгээд мэдээж Ф.М.Достоевский, А.П.Чеховын зохиолууд, Х.Хэссэгийн “Сиддхарта”-г санал болгоно. Гэхдээ ихэнх нь хэдийн уншчихсан байх.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Богино өгүүллэг оролдож үзэж байсан. Реалист хэлбэртэй богино өгүүллэгийн ном гаргана даа гэж боддог. Сэдвийн хувьд өөрийнхөө амьдарсан үеийн Монголын нийгмийн талаар байх болов уу. Социализмын гэгдэх үе урлагийн хэлээр ч баримтат хэлээр ч сайн баримтажсан, тэр үеийг ойлгож, мэдрэхийг хүсвэл материал хангалттай их байгаа мэт санагддаг. Харин 1990-ээд оноос хойш бүтээгдсэн сайн урлагийн бүтээл төдий л их биш санагддаг. Тэгэхээр яг энэ үеийг реалист байдлаар баримтжуулж үлдээх нь манай үеийнхний үүрэг юм шиг.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Өмнө нь нэг номыг нэг шөнө уншаад л дуусгачихдаг байсан бол одоо анхаарал төвлөрч чадахгүй сатаарах зэргээр ном унших дадлаа гээж байгаагаа мэдэрдэг. Анзаарахнээ, ном унших нь нэг зүйлд удаанаар гүнзгий төвлөрөх дадал суулгадаг юм байна. Би саяхан Солонгос, Германы философич Хан Бён Чолын “Тамирдсан нийгэм” гэж ном орчуулсан юм. Энэ номон дээр ч орчин үеийн хэт хурдтай, дарамттай нийгэмд хүн нэг зүйлд удаанаар төвлөрөх чадвараа алдаж, энэ чадвар үнэ цэнгүй болж буй тухай гардаг. Угтаа энэ чанар өнөөдрийг хүртэлх хүмүүний соёл иргэншлийг бүтээжээ. Миний бодлоор ном, тэр дундаа уран зохиолын ном энэ чадварыг суулгаж өгдөг.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

МУИС-ийн М.Ууганбаяр, Д.Мөнхтөр багш нар оролцвол сонирхолтой санагдана. Мундаг хүмүүс, гэхдээ тэр бүр ил гараад байдаггүй нууцлаг. Мөн МУИС-ийн Ш.Туяа багшийг санал болгох байна. Саяхан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн талаар сонирхолтой нийтлэл бичсэн байсан.