Номын тухай хөөрөлддөг буландаа бид энэ удаа хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнийг урилаа. Тэрээр магистрын зэргээ Харвардын Их Сургуульд Хөгжлийн эдийн засгийн төрийн удирдлагын чиглэлээр хамгаалсан бөгөөд сүүлийн үед нийгэм, эдийн засгийн асуудлууд дээр нарийн тооцоо судалгаатайгаар байр суурь, зөвлөмжөө идэвхтэй илэрхийлэх болсон юм. Б.Дөлгөөн эдийн засагч Барак Обамагийн "Мөхөшгүй Найдварын Гал", Томас Фридманы "Халуун, Хавтгай, Хавчигдмал Дэлхий", Жонатан Войтзелийн "Хятадыг нэг цагт" зэрэг номуудыг хамтран ба дангаар орчуулж байсан билээ.

та ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном?

Миний хувьд 6-7 ном зэрэг эхлүүлж уншдаг дадалтай. Дан ганц ном гэлтгүй ажиллаж буй салбар, чиглэлтэйгээ холбоотой олон улсын тайлан, сэтгүүлүүд их харна. Сүүлд эхлүүлснээс гэвэл улс төрийн тойм болох Political Brain, Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг World Development Report, Харвардын профессоруудын маань бичсэн How Democracies Die зэрэг ном, товхимлууд байна. Мөн долоо хоног тутам The Economist сэтгүүлийг тогтмол уншдаг. Тэр бүр фэйсбүүк орж, мэдээ үзээд байдаггүй хүнд мэдээ мэдээллээс хоцрохгүй байхад энэ сэтгүүл их л тус болдог юм. Уншихдаа нэг бүрчлэн биш, хэрэгтэй сэдвүүдээ түүгээд унших нь амар байдаг. Энэ сэтгүүлийн бас нэг сонирхолтой булан нь Obituary буюу Эмгэнэл гэсэн хэсэг. Уг буланд орсон бичвэрүүдийг уншихаар тэдгээр хүмүүс амьдралдаа юу хийж амжуулж вэ, хийсэн бүтээсэн нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж вэ, хэн юу гэж дурсаж байна гэсэн асуултууд тавигдаж, өөрийн амьдрал, зорилгыг жишин бодож, амьдралын утга учрыг эргэцүүлэх шиг болдог. Бид нэгэнт л мөнх амьдрахгүйгээс хойш өөрийнхөө чинээндээ үр бүтээлтэй, бусдынхаа амьдралыг тэтгэхээр сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Харах өнцөг, хувийн хандлагад минь хамгийн их нөлөөлсөн номуудыг 18-19 насандаа буюу ахлах анги болон их сургуулийн эхний жилүүддээ олж уншсан. Үүний дотроос Германы нэрт сэтгэгч Фредрих Ницше-гийн “Thus Spoke Zarathustra” номыг онцгойлон нэрлэнэ. Ницшегийн “Will to Power” буюу чи өөрөө өөртөө итгэж, түүндээ зорьж чадвал хүссэнээ бодит болгож чадах хүчтэй шүү гэдэг ойлголт тун хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Монголоор “Гал эрмэлзэл” гэдэг нэршил арай дөхөх болов уу. Амьдрал нэг л өдөр шийдэгдчихдэггүй. Өдөр өдрийн бэсрэг сонголтууд ирээдүйг тодорхойлж байдаг. Түүнтэй адил нэг том зорилгыг дайрч ороод л биелүүлчихдэггүй. Өдөр өдрөөр түүндээ тэмүүлж, өөрийгөө зорилгодоо зориулан тууштай бэлтгэж байж л холын тэр мөрөөдөл бодит биелэл болж чадна. Үүнийг л надад ойлгуулсан. Амжилт хэзээ ч хоосон ирдэггүй. Амжилтад хүрэхэд асар их оюуны болоод биеийн хүч, сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэл гэх мэт олон зүйл хэрэгтэй.

Энэ “Will Power” гэх ойлголтоор Мэрсиа Элиадагийн бичсэн хувийн тэмдэглэл хэлбэртэй ном бий. Өөрт нь “Will Power” байгааг харуулахын тулд багадаа амьд жоом хүртэл идэж үзүүлж байсан хүн гээд төсөөл дөө. Одоо АНУ-д Чикагогийн Их сургуульд түүний нэрэмжит шашин судлалын тэнхим бий. Ер нь уншсан бүх л ном минь тухай тухай үеийн “би”-д нөлөөлж байсан.

Одоо уншиж буй номууд

Номоо хэрхэн сонгодог вэ? 

Эмээ маань цэцэрлэгийн багш хүн байсан болохоор надад үлгэр их уншиж, ярьж өгдөг байв. Уншиж сурсныхаа дараа өөрөө бие дааж олон ч үлгэр уншсан даа. Дунд ангиасаа эхлээд их сургууль төгсөх хүртлээ уран зохиолын номууд түлхүү сонирхсон юм байна. Тийм ч болоод анхны блогоо “Үүлэн бор” гэж нэрлэж байж.
Арван жилд байхад нийтлэлч Баабарын “Дори Идэр Дүүдээ” номд дурдагдсан жагсаалтаас сонгож уншдаг байсан бол, оюутан болоод New York Times-ийн шилдэг номын жагсаалтаас харж сонголтоо хийдэг болсон. Энэ маягаар олон ном уншиж, туршаад ирэхээр өөрийн гэсэн шүүлтүүр, үнэлгээтэй, унших арга барилтай болдог юм байна лээ. Одоо бол номоо зохиогчоор нь сонгодог, The Economist сэтгүүл дээр шинэ номын тойм харж байгаад сонгодог болсон байна. Ер нь алдартайд хууртахгүй, олон хүн мэдэхгүй зохиогч гээд алгасахгүйгээр номын мөн чанарыг, өгөөжийг, зохиогчийн үнэ цэнийг үнэлж сурсан гэж боддог шүү.

Цаг гэдэг эргэж ирдэггүй, маш үнэтэй эд. Өөрт хэрэгтэйгээ олж уншдаг болох нь яахын аргагүй том чадвар, давуу тал.

Номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ?

Мэдээж эхлээд гарчгийг нь харна. Дараа нь бүлгүүдийг нь гүйлгэж харна. Ер нь номынхоо бүтэн дүр зураг, төсөөллийг авч байж уншдаг. Хуудас болгоноор нь уншдаггүй. 10 хуудсанд багтаах боломжтой санааг 200 хуудсанд тайлбарласан номууд ч байдаг. Тийм сунжирсан номуудын бол хамгийн чухал 10 хуудсыг нь л олохыг хичээдэг.

Аливаа номыг удаан унших тусам уйдах, залхах, халгах шинжтэй болж ирдэг. Иймд ямар нэг номыг уншихдаа аль болох төвлөрч суугаад сунжруулалгүй дуусгахыг эрмэлздэг.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном? (Автор)

Залуучуудад Ричард Бахын "Jonathan Livingston Seagull" буюу “Жонаттан Ливингстон хэмээх цахлай” хэмээх номыг, оюутнуудад Мэрсиа Элиадагийн хувийн тэмдэглэлийг (эрч хүч өгнө гэж бодож байна), улс төр сонирхогчдод Барак Обамагийн "Мөхөшгүй найдварын гал" номуудыг санал болгоё. Энэ номуудад хүн өөрчлөлт хийе гэвэл дан ганц амбиц хангалтгүй, амбицаас гадна мэдлэг чадвар хэрэг болно, мэдлэг чадваргүй амбиц хүнийг буруу замаар будаа тээлгэх аюултай гэдгийг тодорхой гаргасан байдаг юм. Харин эдийн засгийнханд “Imagined Community” номыг санал болгоно. Энэ ном эдийн засгийн олон асуудал дээр бид хэн бэ, яагаад урд тулгарч байгаа асуудлыг ийм шийдэл хэрэгтэй вэ гэдэг талаас нь үнэтэй суурь ойлголтыг өгч чадна. Хүн хэчнээн ухаантай байсан ч бусадтай хамтарч байж, бүгдээрээ нэгдмэл биш юм гэхэд ойролцоо ойлголттой болж байж л урагшаа алхдаг шүү дээ.

2003 он бол миний амьдралын хувьд эргэлтийн цэг болсон жил. Тэр үед л дээр дурдсан Thus Spoke Zarathustra зэрэг олон сайхан номтой танилцаж, Африк тивд сайн дурын ажил хийж, харах өнцгөө өөрчилсөн юм.

Хэрвээ та ном бичих ёстой гэвэл тэр нь юуны тухай, ямар төрлийн ном байх бол?

Достоевскийн "Кармазовийн хөвүүд" шиг ном бичих сэн гэж боддог. Номоос хүмүүжил олж авдаг гэж шууд хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Хүмүүжлийг хүн гэр бүл, орчин тойрныхноосоо, бодит туршлагаас илүүтэй авдаг байх. Гэхдээ сайн ном хүнд нэг тийм бодол, хүч, санаа ч гэх үү нэг тийм зүйл өгдөг шүү дээ. Оноож нэрлэж мэдэхгүй юм. Түүнийг би "Кармазовын хөвүүд" номоос авч байсан. Өөрөө мэдэрсэн тэр л “нэг” зүйлээ өөр бусдад мэдрүүлж, түүнийг өгч чадах ном бичихийг хүсдэг. Уран зохиолын хэлбэртэй, хүмүүс амар хялбар ойлгодог ном байлгахыг хүснэ.

Номтой холбоотой хэлмээр санагддаг зүйл? 

Амьдралын аль нэг цаг үед, аль нэг насанд буюу "зөв цагт" уншвал үр дүнгээ илүү сайн өгдөг номууд байдаг. Хэрвээ тэр тохирлыг бүрдүүлж чадвал, өөрөөр хэлбэл уншиж буй номын агуулга, гол санаа нь амьдралтай чинь огтлолцвол оюуны оч цохидог юм. Түүнийг “Аанхаа момент” гэж нэрлэсэн ч болох байх.
Оюуны оч цохих тэр агшнаас эхлээд тухайн хүн өөрчлөгдөж эхэлдэг. Тэр өөрчлөлт эхлээд гэр бүл, ойр дотнынхонд мэдрэгдэж, улмаар олон хүнд нөлөөлөх хүчтэй болж болно. Нэг хүний цагаа олж уншсан нэг сайн ном чухал санаа оноог өгч, улмаар өөрийнх нь хийж бүтээж байгаагаар дамжин хэсэг хүмүүст, бүр цаашлаад нийгэмд нөлөөлж чадах хүчтэй гэдэгт итгэдэг. Мэдээж тэр очийг хөдөлмөр, цаг хугацаа, тууштай байдлаар гал болгох учиртай.

Эдгээр асуултад хэнийг хариулаасай гэж хүсэж байна?

Би долоодугаар ангиасаа эхлээд Нацагдоржийн номын санд сууж ном уншиж эхэлсэн. Зуны амралтаар хүүхэд бүр амраад уншлагын танхим хоосорсон үед ч надтай хамт уншиж суудаг байсан О.Эрдэнэ-Өрнөх гэдэг залуу бий. Тэр одоо Өмнөговьд цахим хувьсгал хийх том зорилготой “Цахим Говь” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа. О.Эрдэнэ-Өрнөхөөс гоё санаанууд гарна даа.