"Эрүүл ухааныг эрхэмлэнэ" уриатай философийн ертөнц дэх чухал бүтээлүүд, онцлох эшлэл, бодууштай үзэл санааг түгээдэг 100 мянга гаруй дагагчтай “Философи” хуудсыг уншигч та бүхэн мэдэх болов уу. 

Цахим орчин дахь үзүүштэй бүтээлч контент, UX дизайны сургалт, зөвлөгөө, философийн номын дэлгүүр зэрэг олон салбарт хүчин зүтгэж, өөрийн ертөнцөө бүтээж яваа энэ эрхмийг М.Дөлгөөнбаяр гэдэг. 

UX дизайнер, философи сонирхон судлаач, чамгүй орчуулагч түүний дотоод ертөнц, үзэл санааг хуваалцахаар энэ удаагийн номтой яриа буландаа урилаа. 

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Унших номоо анхнаас нь шилж сонгодог тул таалагдана, таалагдахгүй гэхээс илүүтэй тухайн ном хэр мөлжүүртэй, эшлэгдэхүйц ном бэ гэдэгт шалгуур тавьдаг. Одоогоор UX дизайн, философи, бизнесийн номуудаас нэгэн зэрэг уншиж байна. Тухайлбал, UX дизайны тухай Дон Норманы "Emotional Design", философийн хувьд Фридрих Ницшегийн "Beyond Good and Evil", бизнесийн чиглэлд Саймон Синекийн "Start With Why" гэх номыг уншиж байна. Хурдан уншихаас илүү ойлгож тогтож уншихыг илүүд үздэг.

“Beyond Good and Evil” номд бид өөрсдийн ёс зүйн хэмжүүр буюу сайн муугийн хэмжүүрээ хэрхэн дахин загварчлах тухай гардаг. Энэ санаа нь экзистенциализмын тухай ойлголттой маань уялдан баяжиж, гүйцээсэн.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Анх долдугаар ангидаа Г.Аюурзана зохиолчийн “2*2=6 буюу Суут жаран сэтгэгч” номыг уншиж философитой танилцаж байлаа. Амьдралд хамгийн том нөлөөлсөн гэвэл энэ номыг нэрлэнэ. Энэ номоор дамжуулан балчир хүүгийн сэтгэхүйд эрэгтэй хүний тухай хэмжүүр өөрчлөгдсөн. Эрэгтэй хүн гэдэг ухаантай, боловсролтой, түүхэнд нэрээ үлдээсэн, хүндлэгдэх нэгэн болох боломжтой гэдгийг 12 настайдаа ухаарсан юм. Түүний дараагаас хичээл сурлагадаа хандах хандлагад хүртэл нөлөөлсөн дөө.

УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Гаргасан жагсаалтаа харж сонгодог. Дэлгүүрт сурталчилгаа хийх хэрэгтэй үед философийн ном сонгох бол, сургалт, судалгаанд UX дизайны ном, хийж буй ажилтай холбоотой шаардлага үүсвэл бизнесийн номыг сонгодог.


НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Номыг ажил болгож эсвэл ажлын завсарлага болгож уншдаг. Номоор маркетинг хийх эсвэл сургалтын материал бэлдэх зорилгоор уншвал заавал эшлэл тодруулж, тэмдэглэл хөтөлдөг. Ажил болгон уншиж буй номууддаа хугацаа тохируулж 30 минутад 30 нүүр уншаад сошиалд оруулах эшлэлээ түүх зэргээр уншдаг.

 БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Рэй Далиогийн "Principles" гэх бүтээлийг заавал уншаасай гэж боддог. Амьдралын зарчим нь төлөвшөөгүй хүмүүс аливаа чухал шийдвэр гаргах, эгзэгтэй, эргэлттэй үе тулахад бусдын ятгалга, түлхэц, нөлөөлөлд автаж буруу шийдвэр гаргадаг. Эцэстээ тэдгээр шийдвэрийн нийлбэрүүд нь бидний амьдралыг бүтээж байдаг.

Уг номд АНУ-ын "Bridge Water" хэмээх хөрөнгө оруулалтын хамгийн том компанийн үүсгэн байгуулагч, захирал Рэй Далио өөрийн ажил амьдралын зарчмуудаа маш ойлгомжтойгоор эмхэтгэн багтаасан юм. Дараагийн ном болох “Dealing with Changing World Order” бүтээлийг үргэлжлүүлэн уншвал тун зүгээр.


одоогоор ямар ажлууд дээр төвлөрч байна вэ? 

Би 2017 оноос хойш сошиалд философи чиглэлийн контентууд хийж эхэлсэн. Одоогоор 100 мянга гаруй дагагчтай болжээ. Өнгөрсөн жил зөвхөн Философийн номоор дагнасан “Philosophy Bookstore” дэлгүүрээ нээсэн. Тун удахгүй Philosophy.mn вэб хуудас нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн 2016 оноос өөрийн бизнесийн санаагаа дүрсжүүлэх зорилгоор UX дизайнераар ажиллаж эхэлсэн. Одоогоор UX дизайны сургалт, судалгааны “User Experience Academy” хамтран байгуулан ажиллаж байна. Түүнчлэн "RENEW" хэмээх UX/UI дизайны аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллагаараа технологийн төслүүд дээр хамтран ажилладаг.


НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ?

Ном гэдэг өдөр тутмын амьдралд маань том орон зай эзэлдэг. Номоо зарна, сурталчилна, орчуулна, сургалт заана, тэндээсээ контент, подкаст бэлдэнэ гэх мэт. "Philosophy Bookstore" дээрх номын сурталчилгаа, шинэ мерч бүтээгдэхүүн гаргах зэрэг бүх ажлуудыг манай ээж, найз охин хоёр маань хариуцаж ажилладаг.

ХЭРЭВ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР НОМ БАЙХ ВЭ?

Хэрэв тэгвэл философийн мэдлэгийг өдөр тутамдаа хэрэглэх, экзистенциализмын ач тус зэрэг сэдвийг хөндөж бичнэ. Одоогоор "RENEW" компани дээрээ UX дизайны дөрвөн бүтээл болох "Laws of UX, Lean UX, SPRINT, The Design of Everyday thing зэрэг номыг албан ёсны эрхтэйгээр орчуулж байна. Эдгээр номууд Монголын UX дизайны салбарт үр дүнгээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн нэмээд утга зохиолын дөрөв, таван бүтээлээс гадна философийн ном орчуулах санаа байгаа. Ирэх жилүүдэд ажлын хажуугаар эхлүүлээд ар араас нь гаргаад явна даа.



НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Зөв номоо сонгож, уншсанаа өөртөө зөв шингээх, шингээснээ туршлагатайгаа хамтатган зөв хэрэглэх нь чухал. Яг л хоолоо сонгож, түүнийгээ дасгал хийж шингээгээд бие махбодоо хөдөлгөхтэй ижил. Хоол ихдэж, хөдөлгөөн дутвал таргална. Ном унших нь ч мөн үүнтэй адил. Туршлагатай холилдоогүй, хэрэглээгүй мэдлэг ихэдвэл тархины таргалалт болно. Хортой!