"Номтой яриа" булангийнхаа энэ удаагийн дугаарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинэ санаачилга болох Хурдасгуур Лаб-ын (UNDP Accelerator Labs) мэргэжилтэн, судлаач Жаргалсайханы Санчирыг урилаа. Оксфордын их сургуульд Хятад улсын бүтээлцэж буй олон улсын болон бүс нутгийн дэглэмийг судлах төслийн гишүүн тэрээр Монголд шүүмжлэлт нийгмийн ухааны үрийг тарихаар нөхдийн хамт Спектр Монгол хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ойрын жилүүдэд ажлаас гадуур ном уншиж ер нь чадсангүй. Улс төр судлал, эдийн засаг, хүн судлал, социологи гээд л судалгааны чиглэлээрээ голцуу уншдаг. Сүүлдээ нэлээн товчилж уншдаг болоод байна. Жаахан амтгүй ч гэмээр юм уу. Социологи, хүн судлал зэрэг хүний амьдрал, үйлдлүүдийг ямар нэгэн шаблонд багтаах, эсхүл тааж таамаглах бус, тухайн түүхэн нөхцөлд нь хамааруулж ойлгох гэж хичээдэг хүмүүнлэгийн ухааныг судалж байгаа хүмүүс хээрийн судалгаа хийж, энэ хүн ингэж бодох ёстой биш, харин ингэж бодож байгаа гэж харж судалдаг. Тийм учраас хүмүүнлэгийн ухааны номууд илүү уншууртай, баялаг байдаг. Эдийн засаг, улс төр, философи бол арай хуурай, загварт баригдсан байх нь элбэг.

Хөл хорионд орсноос хойш нийгмийн зүтгэлтэн Арундати Ройгийн “The Ministry of Utmost Happiness” номыг уншиж байна. Энэтхэг улс тусгаар тогтносноос хойш нийгэмд, тэр дундаа үндэсний цөөнхөд ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг улс төрийн мэдрэмжтэйгээр, баримттайгаар хүүрнэсэн ном. 1990-ээд онд “The God of Small Things” гэдэг номоороо алдаршсан зохиолч л доо.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Яг тэгж хэлэхүйц ном үгүй байх. Эсээний антологууд, богино өгүүллэгүүдийг унших бүрд өөр өөр зүйл бодогдуулдаг учраас гурав, дөрвөн жил болоод нэг барьж авдаг. Монголын түүхийн нэгэн үеийг "түүхэн зөгнөлт" маягаар, содон гаргаж ирсэн “Хөх Монголын хөх туг”, мөн ихэс дээдсийн зөрчилдөөний гороор энгийн ядуу ард өөр хоорондоо хатгалдан дайсагнаж буй тухай “Тооноор тольдогч сүүлт од” гэдэг хоёр номыг нэрлэе. "Тооноор тольдогч сүүлт од"-д малчин айлын хоёр хөвүүн, ноёны хүү гурав нэг хотонд тоглож өсөөд, хамт цэрэгт татагдах авч нэг нь "жам ёсоор" мянгатын ноён болоод, нөгөө нь аравтын захирагч болж, харин гурав дахь ихэс дээдсийн тушаал даган үнэнчээр зүтгэсэн ч эцэст нь ул улаа шагайсан ноёдыг үзэж чадахгүй, итгэл алдарч буй тухай гардаг. Энэ мэтчилэн нийгмийн олон өнгийг харуулсан, Бага хаадын гэгддэг үеийн нэгэн талыг үзүүлсэн ном юм. Тувт л байлдан дагуулаад, мандан бадраад явсан гэдгээс арай өөр, жирийн ард иргэдийн хувь тохиолыг гайхалтай дүрсэлж чадсан зохиол.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? 

Яг ингэж сонгодог гэх систем байхгүй дээ. Сүүлийн үед өрнийн гэхээс илүү дорнын, Латин Америк, Ази, Африкийн зохиолчдоос шилж унших болсон. Орос сургууль төгссөн болохоор багаасаа орос болон өрнийн ном зохиол их уншсан. Тийм болохоор тэр зүгийн ном дахиж унших сонирхол одоохондоо харьцангуй бага. Дорнын, ялангуяа эмэгтэй зохиолчдын номоос унших их сонирхолтой.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Уран зохиолын номыг бол таашааж уншдаг. Цаг гаргахад амаргүй учраас оройгоор ч юм уу, таксинд түгжирч байхад ч юм уу уншина. Ажлын холбогдолтой номуудыг унших янз бүрийн техник байна. Тэмдэглэл хөтөлнө, ямар нэгэн хэрэгтэй санаа тааралдвал Evernote рүү оруулна. Дараа нь тэмдэглэлүүдээ сэдэв сэдвээр нь нэгтгээд бэлдчихсэн байхад бүтэн өгүүлэл бичих бэлэн суурь гараад ирнэ. Диссертац ч ялгаагүй, хоосноос эхлэх маш хэцүү шүү дээ. Хүмүүс хов хоосноос бичих гээд суухаар хаанаас эхлэхээ мэдэхгүй шоконд орчихдог, түүнийгээ прокрастинац гэж нэрлээд байдаг. Өмнөө тавьсан зорилго, бүтээл нь хэт том болохоор балмагдана, тийм үед өдөр тутам нэгийг дуусгаад, ажлын ард гарсан мэдрэмж авч чадахгүй. Түүнийг даван туулахын тулд байнга л тэмдэглэл хөтлөх нь зүгээр санагддаг.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Саяхан антропологийн чиглэлээр маш сонирхолтой цуврал номууд хэвлэгдсэн. Таван жил орчим явагдсан, МУИС-ийн Д.Бум-Очир докторын оролцсон төслийн үр дүн болж гарсан таван ном байна. Монголд хийсэн, этнограф, хээрийн судалгаанд суурилсан тэр номуудыг үнэгүй татаж авах боломжтой. Д.Бум-Очир докторын “The State, Popular Mobilization and Gold Mining in Mongolia: Shaping ‘Neoliberal’ Policies” хэмээх бүтээл нэг нь. Ребекка Плюкэн гэдэг судлаачийн Монголд хотжилт болон түүнийг тойрсон бусад зүйлс хэрхэн явагдаж байгаа талаарх “Shaping Urban Futures in Mongolia” гэдэг их содон, сонирхолтой ном бий. Өөрөө энд гурван жил амьдрахдаа бичсэн юм. Бас, уг төслийн ахлагч Ребекка Эмпсоны бичсэн “Subjective Lives and Economic Transformations in Mongolia” гэдэг номыг уншвал тун зүгээр. 2010-аад онд идэвхэжсэн уул уурхайн өсөлттэй холбоотой үүссэн нийгмийн шок, өөрчлөлтөд эмэгтэйчүүд хэрхэн зохицож амьдарч буйг таван эмэгтэйн түүхээр дамжуулж харуулсан ном юм.

Монголд нийгмийн суурь ухаан, түүнийг дагалдаж хөгждөг шүүмжлэлт сэтгэлгээ орхигдож, хэрэглээний мэргэжлүүд жин дарах болсон болоод ч тэр үү, хүнийг, нийгмээ ямар нэг бэлэн загварт оруулж хайрцаглах, шүүх, хэт уталитар, ашигч байдлаар харах хандлага нэлээд байх шиг санагддаг. Вакцин хийлгэхгүй, уул уурхайг дэмжихгүй гэвэл л шууд шинжлэх ухаан, эдийн засаг мэдэхгүй мангуу гээд л, тэр хүнийг “о” үсгээр эхлээд “к”-ээр төгссөн үгээр нэрлэчихнэ. "Либерал", "чөлөөт сэтгэлгээ" гэх амны уншуур, "маань тарни"-тай ч муу хэлэгддэг коммунистуудаас дутахааргүй хаагдмал, чөлөөт сэтгэлгээнд дургүй бүхэл бүтэн давхарга үүсээд байгаа юм уу даа гэж. Дээрх номуудаас монголчууд маань өөрсдийнхөө талаар арай өөр дүр зураг олж харах болов уу.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Уг нь таван жилийн өмнө нэг ном эхлүүлсэн юм. Сая нэг харсан чинь авах юмгүй байна лээ (инээв). Гурван эрдэмтэнтэй хамтраад Монголын орчин үеийн нийгмийн асуудлыг шүүмжлэлт өнцгөөс задалсан хагас поп, хагас эрдэм шинжилгээний маягийн эмхэтгэл гаргах санаатай байна. Мэргэжлийн үг хэллэг багатай, задгайдуу бичлэгтэй байх болов уу. Хоёрт, салбарын нөхөдтэйгөө хамтраад МУИС-т магистрын нэг хөтөлбөр нээх бодол бий. Хөгжил судлал гээд салбар дундын чиглэлээр. Тэр мөрөөдөл минь биелэх угтвар нөхцөл, суурь бүтээгдэхүүн бол мэдээж сурах бичиг. Монголын өчигдөр болон өнөөдрөөр баримжаалж, орчин үеийн дэвшилтэт үзлүүдийг шингээсэн тийм л ном байх болов уу.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Нэг их сүрхий сургаж хэлээд байх зүйл байхгүй дээ. Зөвлөгөө гэвэл, ямар нэг улс руу аялах гэж байгаа бол тэр улсын талаар нэг сайн кино үзээд, нэг тууж, эсхүл жинтэйхэн нийтлэл уншаад, буцахдаа бас нэгийг уншчихвал тархинд тун гоё, өнгөтөөр бууж үлдэнэ.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА? 

Олон улс судлаач Б.Мөнхнарангаас асуувал тун сонирхолтой хариулт өгөх болов уу. Мөн Германы Кайзерслаутерн хотод танихуйн шинжлэх ухааны (cognitive science) чиглэлээр сурч байгаа Б.Дорждэрэм гэдэг залуу бий. Орост тархи судлалаар суралцаж байсан, юмыг их цар хүрээтэй хардаг, даруу төлөв, тун сонирхолтой хүн.