6-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Мишээл Экспод зохиогдож буй "Улаанбаатар номын баяр"-ыг тохиолдуулан бид “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай номын тухай ярилцахаар урилаа. Тэрээр “Үндэсний номын баяр”-ыг 2007 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж, орон даяар тэмдэглэх уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дэмжүүлсний зэрэгцээ “Номын ертөнц” нэвтрүүлэг болоод сэтгүүлийн олон олон дугаарыг уншигч, үзэгчдийн хүртээл болгосон юм. Ингээд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа Б.Сувдын номын ертөнцөөр аялъя.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Бага байхад манай гэр бүлийхэн ном их уншдаг, гэрийн дажгүй номын сантай байсан учраас хүүхэд нас минь уран зохиолын ном дунд өнгөрсөн. Одоо бол бага байхдаа уншдаг байсан шигээ идэвхтэй уншихаа больсон ч уран зохиолын ном унших дуртай хэвээр байгаа.

Одоогоор АНУ-ын хотуудад үймээн самуун, бослого дэгдсэнээс гадна COVID-19 вирусийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гадуур номын сан эсвэл номын дэлгүүрээр явж хүссэн номоо олж аваад унших боломж хомс байна. Цаасан хэлбэрээр уншиж буй гэвэл Б.Хулангийн "Year to Remember", Тара Вестоверын "Educated: Боловсролд тэмүүлсэн дурсамж", Б.Шүүдэрцэцэгийн "Хагацашгүй", Гари Чепманы "Хайрын таван хэл" номуудыг одоогоор уншиж байна.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Олон сайн зохиол санаанд орж байна. Майн Рид, Консуэло зэрэг дээхнэ үеийн алдартай зохиолчдын сайн орчуулгатай уран зохиолын номуудын ихэнх нь уншууртай, чанартай. Ер нь хүүхэд байхад уншсан ном хүний амьдралд их нөлөөлж, өөрчилдөг юм шиг санагддаг. Тиймээс хүүхэд насанд номтой холбоотой дурсамж олон байх тусам ирээдүйд хүн ямар хүн болж төлөвшихөд нэмэртэй учраас хүүхдийг аль болох номтой ойр байлгаж, багаас нь ном сайн уншуулаарай гэж зөвлөдөг. Номтой ойр байсан хүн зүг чигээ олох, өөрийгөө нээхэд илүү дөхөм болдог гэж боддог юм.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Ном уншихын тухайд хуучинсаг гэж хэлж болно. Саяхныг хүртэл ихэвчлэн цаасан ном уншдаг байлаа. Сүүлийн үед хол газар хөл хорионд байгаатай холбоотойгоор цахим хэлбэрээр унших хандлагад шилжиж байна. "Улаанбаатар номын баяр" болох гээд ойрын үед Монгол руу хүмүүстэй холбогдож, бэлтгэл ажлаа хангахаар маш шаргуу ажиллан, ном унших зав багатай байлаа. Хөл хориотой байгаа энэ цаг үед бид номын баяраараа цахим хэлбэрээр ном уншихыг уриалж байгаа юм. Бидэнд хэзээ ч, ямар нөхцөлд унших хэрэгцээ байсаар байх учраас цаг үетэйгээ нийцүүлэн ном унших арга барилаа шинэчилэхийг дэмжиж байна.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ? (АВТОР)

Хүн бүрийн сонирхол, үзэл бодол, амьдран буй цаг үе өөр байдаг учраас яг тухайлсан ном санал болгоход тохиромжгүй болов уу. Унших чиг баримжаагаа нэгэнт олсон хүн өөрт ямар ном хэрэгтэй байгаагаа олоод сурчихсан байдаг. Харин бага насны хүүхдүүдэд ном унших дадал суулгахын тулд эргэн тойронд нь тодорхой хэмжээнд номын орчин, дурсамж бүрдүүлж өгөх нь зүйтэй. Тэгснээр унших арга барилаа олж, бусдын зөвлөгөөгүйгээр бие даан сонголт хийх чадвартай болно. Эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ энэ тал дээр сайн ажиллаасай гэж хүсдэг.

Яг одоо нэг ном санал болгооч гэвэл, шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш гуайн "Дэлхийгээс урвагч" хэмээх номыг онцолмоор байна. Уг номд улс төрчийн туслах, зөвлөхүүд нэр дэвшигч буюу УИХ-ын гишүүнийг хэрхэн зөв тийш нь чиглүүлж буй тухай гардаг. Төөрч будилсан, зарим зүйлийг сайн мэдэхгүй хүмүүсийг яаж удирдан чиглүүлж болох, мэргэн цэцэн зөвлөх, туслахтай байх нь нийгэм, улс орондоо их зүйлийг бүтээхэд хэрхэн тус дэм болдог тухай гардаг. Удахгүй сонгууль болох гэж буйтай холбоотойгоор дээрх номыг уншихыг санал болгоё.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Хэзээ нэгэн цагт ном бичихээр бол хийж буй ажлынхаа тухай бичих болов уу. Яагаад хийхээр шийдсэн, юу хийж бүтээсэн тухайгаа өгүүлэх байх. Бичсэн зүйлс минь хойч үеийнхэнд хэрэгтэй гэж үзвэл бичих байх гэж бодож байна.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Хэлмээр санагддаг олон зүйл бий. Манай номын салбарт тулгамдаж буй олон асуудал байгаа. Өөрийн хийж буй ажлаар тэр бүх асуудлыг сөхөж, бага багаар шийдэхийг хичээж явдаг. Хийж буй зүйлс минь бусдад санаа сэдэл болж, тэр нь цааш үйл хэрэг болж буй жишээ цөөнгүй бий. Болохгүй байгаа зүйлсийг зүгээр шүүмжлэхээс илүүтэй бусдад шийдэх сэдлийг нь өгч, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулаад явах юм сан гэж боддог. Тэр ч үүднээс бид зорьсноо хийж бүтээсээр л явна.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Франц улсад амьдарч байгаа зохиолч Х.Болор-Эрдэнээс асуухыг хүсэж байна. Тэрээр аливааг наана байгаа өнгөн хэсгээр биш цаад утга учир, өнцгөөс нь харж бичдэг болохоор сонирхолтой хариултууд хэлэх болов уу.


НОМЫН БАЯРЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ:
"УЛААНБААТАР НОМЫН БАЯР - 2020"