Номтой яриа булангийн өнөөдрийн дугаарт Утга зохиолын орчуулагч, "Нил паблишинг"-ийн үүсгэн байгуулагч, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч Ж.Тэгшзаяаг урилаа. 
Тэрээр 2008 оноос кино орчуулагчаар ажиллахдаа 200 орчим уран сайхны кино орчуулж, 2012 оноос хойш утга зохиолын орчуулгаар дагнаж буй билээ. Уншигчид Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд", Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман, мөн "Гоо үзэсгэлэн бол шарх" дэлхийн шилмэл хайрын өгүүллэгийн түүврийг монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэснийг сайн мэднэ. 

Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм

Та ямар төрлийн ном уншдаг вэ? одоо уншиж буй ном?

Ихэнхдээ уран зохиолын ном. Хааяа философийн ном, тун хааяа дуртай зохиолчдынхоо намтар эсвэл ярилцлагын бүтээлийг сөхдөг. Саяхан Boobooks-ээс гаргасан “Эрчүүдийн үнэн түүх” өгүүллэгийн түүвэр уншсан юм. Уншихад тун зугаатай, чөлөөт бичиглэлтэй, сайн өгүүллэгүүд багтсан санагдсан.

Мөн Казүо Ишигүрогийн “Өнчрөл хагацлын он жилүүд”-ийг уншихад их таалагдсан болохоор түүний “Өдрөөс үлдсэн зүйл” романыг нь саяхан эхлүүлсэн байгаа. Бас миний хайртай зохиолч Харүки Мүракамигийн роман бичихийн тухай, зохиолч байхуйн тухай ном нь англи хэл дээр “Novelist as a Vocation” нэрээр гарсныг эхлүүлсэн. Ойрд яагаад ч юм үнэхээр уншиж үзэхийг, зав гарвал бушуухан барьж аваад суумаар байгаа нэг ном бий. “Эхнэрээ малгайтайгаа андуурдаг эр” бүтээлээрээ танигдсан мэдрэлийн эмч Оливер Саксын намтар, дурсамжийн “On the Move: A Life” номыг л үнэхээр уншмаар байна.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

“Зарим хүн бичсэн номуудаараа бахархдаг. Харин би уншсан ном бүхнээрээ” гээд Борхесын үг байдаг. Би ч гэсэн нэг иймэрхүү л утгатай зүйл хэлмээр байна. Ном бол миний хувьд мэдлэг, мэдрэмж, сэтгэл хөдлөл, төсөөлөл заримдаа ид шидийг ч юм уу хамгийн амттай, цэгцтэй аргаар олж хүртдэг, хүссэн үедээ нэвтэрч орж болдог шидэт ертөнц шиг зүйл гэх үү дээ. Тиймээс тэр ертөнцийг бүтээж буй олон тоосгоноос нэгийг сугалаад энэ л миний амьдралд хамгийн их нөлөөлсөн гэж хэлэх өрөөсгөл. Үнэхээр заавал аль нэг ном, зохиолыг онцлох ёстой гэвэл Франц Кафкагийн “Хувирал”, Борхесийн өгүүллэгүүд, Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г нэрлэмээр байна.

УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Дуртай зохиолчоо хөөж унших. Тэгэхээр унших дуртай зохиолчийнхоо шинэ номыг шууд уншихаар сонгоно гэсэн үг. Бас олон улсын номын зах зээл дээр нэр хүндтэй шагнал хүртсэн тодорч гарч ирж байгаа шинэ залуу зохиолчдыг олж нээх үүднээс уншиж үзнэ. Хэвлэн нийтлэгчийн хувиар энэ номыг монгол хэл рүү орчуулж гаргах уу гэсэн цэвэр ажлын зорилгоор судалж унших нь ч бий. Уншсаар хэдийн танил болсон ном, зохиолчийг бол заримдаа зүгээр л тухайн өдрийн уур амьсгалдаа тааруулаад сонгоно, зарим өдөр зүгээр л номтой хамт баймаар мэдрэмж төрдөг, тэгвэл тэр мэдрэмжээ дагана.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Ном уншина гэдэг миний хувьд өдөр тутам хүн хоол иддэг шиг эсвэл агаар амьсгалдаг шиг тийм л энгийн, зайлшгүй болсон үйл. Тэгэхээр заримдаа өглөө сэрээд орноосоо босолгүй хэсэг уншдаг ч юм уу, эсвэл өглөөний цай ууж байхдаа, гадуур кафед сууж байхдаа, энд тэнд дараалал хүлээж байхдаа, амьдралынхаа өдөр тутмын бусад үйлүүдэд уусгаж шингээх байдлаар уншдаг юм байна. Орчуулах ном ажлын шугамаар бол яг тусгайлан цаг гаргаад унших үе бий.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Би ихэнхдээ уран зохиолын ном л нэрлэх гээд байна. Гэтэл уншигч уран зохиолын номыг хувь хүний хөгжлийн ном шиг амьдралын тодорхой арга зүй, дадал олж авах эсвэл шинжлэх ухаан, философийн бүтээлүүд шиг тодорхой мэдлэг, ойлголтод хүрэх гэж уншдаггүй. Тийм тодорхой зорилгоор уран зохиолын номыг унших угаас боломжгүй. Уран зохиол ийм чөлөөтэй ертөнц, орон зай болохоор энэ дунд аль болох гайгүй сайн номууд олж уншаад тэндээсээ өөрт таатай санагдах, тухайн амьдралынхаа мөчлөгт тохирох, өөрийн хүссэн номуудаа олж унших байдлаар л хандвал их зүгээр санагддаг. Тэгж уншсан ном хүнд утга учиртай, амьдралд нь ханьтай, дэмтэй байх болов уу.

ӨӨРИЙН ТӨВЛӨРӨН ХИЙДЭГ АЖЛУУДААСАА ТАНИЛЦУУЛБАЛ? 

Миний төвлөрч хийдэг ажлууд гэвэл унших, орчуулах, хааяа бичих. Уншсанаа эргэцүүлэх. Яг миний амьдралд бодитой өрнөж буй үйл явдлуудын утга учрыг эргэцүүлэх, мэдрэмжүүдээ ажиглах л юм даа.

НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ?

Сонирхолтой гэж нэрлэхэд зохимжгүй байх. Миний хувьд л их таатай санагддаг дадал гэх үү. Хааяа ганцаараа ганц хоёр пиво ууж байгаад ном унших сайхан байдаг, эсвэл өглөө сэрээд орноосоо босолгүй хэвтсэн чигтээ шууд ном унших их тухтай.

ХЭРЭВ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР НОМ БАЙХ ВЭ?

Залуу үеийнхээ тухай л бичмээр байдаг. Ийм улс оронд амьдрах гэж, өөрийгөө олох гэж, өөрсдийн орон зайг бүтээх гэж бэдэрч буй залуусын тухай, хувь хүний сэтгэлзүйн нарийн зүйлсийг чадвал нээж бичих сэн гэж хүсдэг.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Ном бол энэ ертөнцөөс хүртэж болох ховор гайхамшиг, ид шидийн нэг мөн гэж боддог. Бас хувь тавилангийн үнэхээр гайхалтай учрал гэж боддог. Хүн хүндээ мэдлэг, оюун ухаан, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө, сэтгэлгээ, сэтгэлзүйгээ дамжуулж, хуваалцах гайхалтай ололт юм. Тэрийг л хэлмээр байна.