"Номтой яриа" булангийнхаа энэ удаагийн дугаартаа номын хорхойтнуудын эчнээ танил, блоггер "Томё Бодё"-г урилаа. Япон улсад мэдээллийн технологийн инженер мэргэжил эзэмшсэн тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхол дээр үндэслэн арав гаруй жилийн турш тасралтгүй "Томё Бодё” блогийг хөтөлж, сүүлийн жилүүдэд чамгүй олон ном орчуулан гаргасан туршлагатай нэгэн юм.

Хамгийн сүүлд гэхэд Харвардын их сургуулийн профессор Майкл Сандэлийн "Шударга ёс"-ны тухай цуврал лекцийг эрхлэн гаргасан түүнтэй бид номын тухай хийгээд унших дадал, сонголтын талаар хэсэгхэн хугацаанд хөөрөлдсөнийг хүлээн авна уу.

Зочны сошиал хуудсууд: Фэйсбүүк, Твиттер, Ютүб

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Гол төлөв физик, биологи, тархи судлал, сэтгэл судлал, сансар судлал, математик гэх мэтчилэн science/танин мэдэхүйн төрлийн ном унших дуртай. Мэр сэр философи сонирхоно. Гэхдээ Монголд иймэрхүү чиглэл эрэлт хэрэгцээ багатай, уншсанаа хуваалцах гэхээр ганцаарддаг тул олны аясыг дагаж сүүлийн үед хувь хүний хөгжил мэтийн номууд ч уншдаг болоод байна. Аа бас уран зохиол ч унших гэж үзнэ шүү.

Яг одоогоор Carlo Rovelli "Цаг хугацааны эрэмбэ" (The Order of Time), Matthew Syed "Алдаанаасаа суралцах нь" (Black Box Thinking: Why Most People Never Learn from Their Mistakes - But Some Do), Какибүчи Ёоичи "Ер нь ингэсгээд архи уухаа больдог ч юм уу гэж бодсон үедээ унших ном" (そろそろ、お酒やめようかなと思ったときに読む本) гэх мэт номуудыг уншиж байна даа.



ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Анхнаасаа гэж яривал би огт ном уншдаг төрлийн хүн байгаагүй л дээ. Одоо ингээд байнга ямар нэг ном сэглэхгүй л бол тайван сууж чадахаа болсны эхлэл цэг гэвэл Ямча гэх зохиолч байсан байх хэмээн боддог. Тэр зохиолчийн номыг блогоороо дамжуулж хүмүүст ярьж өгсөөр сүүлдээ "Одоо юу ярьж өгөх вэ?" гэдэг зуршилтай болж, нэг мэдэхэд байнга ном уншдаг болсон байна. Ямчагаас өмнө "Буратино", "Үүлэн бор", "Байгалийн сонин хачин"-аас авхуулаад багадаа навтас болтол нь уншсан номууд зөндөө бий л дээ. Бодвол эдгээр ном далд ухамсарт минь үлдээд, одоо ч нөлөөлдөг л байх.

Блез Паскалын философи бас гүн сэтгэгдэл үлдээсэн санагддаг. “Хөлөг онгоцны ахмад нас барвал үлдсэн хүмүүсээс хэн нь ахмад болох ёстой вэ? Хамгийн туршлагатайгаа сонгох нь хамгийн ухаалаг биз? Гэтэл би хамгийн туршлагатай нь гээд хүн бүр яриад унавал дуусахгүй маргаан болно. Тэгж байхаар зүгээр санал хураагаад олонхоороо шийдэх үү? Тэнд ч бас аль мундаг нь гэхээсээ аль олон хүнд таалагдсан нь сонгогдоно гээд ямар ч гажуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Явж явж олон юм бодолгүй зүгээр л ахмадын хүүхдийг сонгоё гэх нь ч бас тэгтлээ мунхаг шийдвэр биш ч юм шиг”.

унших НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?  

Гол төлөв Япон Амазоныг л шүүрдэнэ дээ. Сардаа нэгээс хоёр удаа "За одоо ямар ном шинээр гарсан байна?" гээд шагайж харна. Огт сонирхдоггүй чиглэлийн ном байсан ч өндөр үнэлгээтэй, олон сэтгэгдэлтэй байвал бас уншмаар санагдана.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Тэр олон сонирхсон номууд дундаас дуустал уншдаг нь цөөхөн шахуу. Нэг мэдэхэд л уншиж байсан номоо хаяад, өөр ном руу орчихсон явдаг зуршилтай. Сүүлийн үед зөвхөн kindle-ээр уншиж байна. Унтахын өмнө ном уншихад тун амар байдаг юм. Заавал гэрэл асааж гэрийнхэндээ төвөг удахгүй, тэрүүхэндээ уншиж байгаад л тасраад унтаад өгнө.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Бүр нэг энийг л уншчихаасай, энийг л яриад өгчих юм сан гээд байж сууж чадахгүй болгосон номуудаа өөрөө орчуулдаг даа. Одоогоор "Философи, математик, бас бус", "Философи, шинжлэх ухаан, бас бус", "Философи сурах бичиг", "Нойр хулжаам сансар огторгуй", "Санаа бүтээх техник", "Ад үзэгдэх зориг", "Йеллийн их сургуулийн Үхлийн талаарх лекц", "Их хөлгөний буддизмын хялбаршуулсан лекц", "Харвардын их сургуулийн Шударга ёс лекц", одоо удахгүй гарах "Нойр хулжаам хувьслын түүх" гэх мэт номуудыг орчуулсан байна. Орчин үеийн физикийн нээлтүүдийн талаарх хялбаршуулсан номуудыг ч мөн бусдад уншуулахыг хүсдэг ч орчуулах гээд мэдлэг хүрдэггүй, нөгөө талаар мэргэжлийн үг хэллэгүүдийг монголоор хэрхэн буулгахаа мэддэггүй зовлонтой.

Дээрх номуудыг орчуулсан шалтгаан гэвэл зүгээр л сониуч хандлага. Ашигч хандлагаар "Эдгээрийг уншвал танд ийм ийм ашигтай" гээд тоочъё гэвэл нэг их юм хэлж чадахгүй байх. (Гэхдээ тэр нь эдгээр номууд ямар ч ашиггүй гэсэн үг биш шүү).


"Ад үзэгдэх зориг" номын тухай

unread.media

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Тухайн спортын шилдгийн шилдгүүд л олимпын тэмцээнд ордогтой адил ямарваа нэгэн сэдвээр ном бичихийн тулд юуны өмнө тэрхүү сэдвээрээ шилдэг нь байх ёстой биз ээ. Гэтэл надад жирийн хүнээс илүү гараад гойд өндөр түвшинд эзэмшсэн зүйл гэж алга. Тэгэхээр уран зохиол, уянгын халил мэтийн юмс бичихээс өөр сонголт үлдэхгүй болов уу. Даанч би тийм төрөлд маруухан.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

"Ном бол ертөнцийг харах цонх" гэж ярьдаг. Гэхдээ аль цонхоор харахаа шийддэг нь та өөрөө. Дандаа л баруун хойш харсан салхивч ширтээд байвал ертөнцийг буруу ойлгочих ч юм билүү. Хааяадаа хэзээ ч сонирхож байгаагүй сэдвийн ном бариад уншихад бас сонин байж мэдэх шүү.


ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

baabar.mn дээр нийтлэл болгоны доор сэтгэгдэл үлдээдэг "Оноч", "Оном" гээд хүн байдаг юм. Ажаад байхад бас мэдэхгүй зүйл, ярихгүй сэдэвгүй, тэгэхдээ худлаа биш нээрээ мэдээд байх шиг санагддаг. Тэр хүнээс л асуулгамаар байна.