Номын хорхойтнуудыг урьдаг "Номтой яриа" ярилцлагын ээлжит зочин бол эдийн засагч С.Өнөр. Тэрээр Корнеллийн их сургуульд суралцахаар явахаасаа өмнө СЭЗИС-д багшилж байсан бөгөөд оюутан залуусыг номын амтанд оруулах сонирхолтой санаачилгуудыг гарган хэрэгжүүлж байсан билээ. Ингээд түүний номын ертөнцөөр аялцгаая.

Та ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном?

Дөрвөөс таван ном зэрэг эхлүүлчихдэг. Нэг нь шинжлэх ухаан/танин мэдэхүй, нөгөө нь уран зохиол, гурав дахь нь философи, шашин (эсвэл түүх). Хооронд нь хольж солихгүй л бол нэг төрлийн номыг дангаар нь уншиж чаддаггүй. Завгүй болох тусам уран зохиолын том бүтээлээс татгалзаад, богино өгүүллэг унших хандлагатай болчихдог. Аль болох нэг номоо зайлшгүй монгол хэл дээр байлгахыг хүсдэг ч гадаадад байгаа учраас тэр бүр цаасан, цахим номын олдоц тааруухан байна. Яг одоо гурван ном харж байна. Нэг нь антропологич Г.Мөнх-Эрдэнэ санал болгосон Дэвид Харвэйгийн Неолиберализмын товч түүх. 1980, 90-ээд оноос хойш тогтсон неолиберал үзэл баримтлалд ан цав сууж эхэлсэн нь улам бүр тодорхой болж байна. Энэ номд чухам ямар шүүмж өгч байгаа нь сонирхолтой санагдаж, нэлээд нухацтай уншиж байгаа. Хоёр дахь Оксфордын их сургуулийн Very Short Introduction цувралыг уншиж, эдийн засгаас бусад нийгмийн ухааны салбарын мэдлэгээ тоймлон цэгцлэх зорилготой. Гурав дахь нь АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын намтар. Түүх, намтар уншихаа хэзээ ч зогсохгүй болов уу.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Гайхалтай санаа, ур чадвар сурахад ач тустай олон ном санаанд орж ирж байгаа ч жагсаалтыг гарцаагүй тэргүүлдэг хоёр ном бий. Эхнийх нь Монтэнийн Эсээ, тэр дундаа “Гүн ухаан нь үхэлд суралцах явдал болох тухай” гэх эсээ юм. Англи, монгол хэлээр хадаж уншихдаа Г.Аюурзана гуйан орчуулгыг шагшиж билээ. Ийм бүтээлийг эх хэл дээрээ уншина гэдэг тун их завшаан. Монтэнийг зөвхөн нэг уншиж болдоггүй. Ахин дахин сөхөж харахад өөр байдаг нь ном биш, бидний сэтгэлгээ өөрчлөгдөөд байдгийнх юм болов уу. Ийм учраас Густав Флобэр “Ямар ном унших вэ гэнэ ээ? Монтэнийг л унш … Уншиж дуусмагцаа ахиад эхэл” гэж онцолжээ.

Цаг хугацааг элээсэн ч үнэ цэн нь хадгалагдах Монтэнийн эсээ!

Хоёр дахь нь Дармапада. Яруу найраг, гүн ухаан харилцан сүлэлдсэн хосгүй бүтээл бол Дармапада. Буддын гүн ухааны суурь санааг дүрслэх сэтгэлгээгээр шүлэглэдэг. “Үзэгдэл юмс сэтгэлээс үүдэлтэй, Үргэлж сэтгэл түрүүлж залаастай” гэж энэхүү 423 бадаг сургаал эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Рэнэ Дэкартын “cogito, ergo sum” буюу “би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэх санааг Дэкартаас 2000 жилийн өмнө Будда хэлээд, системчилсэн хэрэг. Гэрээсээ хол газар, удаан хугацаагаар явах бол энэ хоёр номыг баталгаатай авч явдаг.

Номоо хэрхэн сонгодог вэ?

Шинжлэх ухааны номыг тухайн салбарын судлаач, эрдэмтдээс тодруулсны дараа унших нь цаг хэмнэдэг. Уран зохиолын хувьд Тагтаа паблишингаас эрхлэн гаргасан ном агуулгын хувьд ч, орчуулгын хувьд ч урам хугалж байгаагүй тул сүүлийн үед өөрөө сонгох гэж оролдсоноос тэдний редакцад найдчихдаг болсон. Бусад уран зохиолын биш номын хувьд Таймс сэтгүүлийн шилдэг 100, эсвэл GoodReads-ийн үнэлгээ нэлээд ханатай санагддаг. Гэхдээ эдгээр жагсаалт бол заавал гүйцэтгэх ёстой даалгавар биш шүү.

Номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ?

Уран зохиолын номыг унтахын өмнө хэвтэж байгаад уншина. Хараанд муу гэх шалтгаанаар арай багасгах болсон. Аль болох цаасан номон дээр зурж тэмдэглэхгүй, тусдаа цаас, харандаатай зууралдана. Сүүлийн үед touch-тай компьютерийн ачаар OneNote дээр тэмдэглэдэг болсон. Мөн цахим хэлбэрээр ном унших үед тэмдэглэл хийх их амархан болжээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн номын хамгийн чухал зүйл бол гарчиг байдаг. Ерөнхий агуулга бүтцийг харснаар хаана төвлөрөх, хаана хурдан уншихаа багцаалж болно. Ном унших нь нь богино зайн гүйлт биш, харин марафон маягаар урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл явц болов уу. Гэхдээ мэдээж ном зүйн тойм эмхтгэх, тайлан гаргах шаардлагатай үед гүйлгэж унших, хайж унших шаардлага гарна аа. Ташрамд дурдахад Даниэл Пеннакын санал болгосон Уншигчийн 10 эрхийг сонирхоод үзээрэй.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном? (автор)

Хүн бүрийн сонирхол харилцан адилгүй учраас яг тэр ном зохиолч гээд онцолж чадахгүй учраас монгол хүн бүрд хамаатай нэгэн бүтээл болох Жангар туулийг онцолъё. Нууц товчоотой харьцуулахад Жангар туулийн талаарх мэдээлэл ард иргэдийн дунд тийм ч түгээмэл биш болов уу. Жангарыг сонирхож судалсан хүмүүстэй ярилцах, зарим нэг тэмдэглэл сэлтийг уншихад маш сонирхолтой, соёлын үнэт өв, шинжлэх ухааны том судлагдахуун юм. Монгол хүн хэмээх ижилсэлд чухал нөлөөтэй бүтээл болов уу. Нэмэлтээр, Б.Наминчимэд гуайн “Хөх илдний очис” роман түүх, уран зохиол, домгийн огтлолцол дээр бичигдсэн шинэлэг хэв маягтай роман санагдсан.

Хэрвээ та ном бичих ёстой гэвэл тэр нь юуны тухай, ямар төрлийн ном байх бол?

Плутархын бичсэн шиг Харьцуулсан намтарыг дэлхийн түүхэн хүмүүс ба Монголын түүхэн хүмүүсийн амьдралыг хооронд нь харьцуулж бичвэл маш сонирхолтой ажиглалт, шинжилгээ болно доо. Харьцуулж байж л мэдлэг бүтнэ гэж доктор Ч.Чимэгбаатар багш онцолж байсныг тод санана. Яахав хүмүүс орчин үед технологи хөгжөөд байхад түүх энэ тэр гээд өнгөрсөн баларсан намтрын юу нь сонин байх вэ гэж хэлж магадгүй л байх. Гэхдээ миний бодлоор НТӨ 10,000 оны үед нэг хомо-сапиенз жад шидээд ангаа алдах үедээ одоогийн бидэнтэй л адилхан цухалдаж, амандаа бувтнаж байсан байж таарна. Тэрэнтэй адил өнөөгийн энэ улс төр, хүний харилцаанд өрнөж байгаа зүйлсийн суурьд тийм ч том өөрчлөлт орчихоогүй, давтагдах шинж чанартай зүйлс байсаар л байна. Нөгөө л шунал, мунхаг, урин гурав нь зовлонгийн шалтгаан хэвээр л байна.

Номтой холбоотой хэлмээр санагддаг зүйл?

“Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэдэг үгийг дурын номд бичимгүй санагддаг. Энэ ерөөлд ашиглаж буй “ном” нь дарма гэх утга санааг илэрхийлж байгаа болов уу. Дарма бол сургаал, номлол, жам ёс гэх утгатай. Ном дор мөргөмүй гэдгийн ном ч хавтаслаж үдсэн ямар нэг эд зүйлийн тухай биш харин сургаал, боловсрол гэх санаа юм. Нэг сумын ойн баяраар эмхтгэн хэвлэсэн гэрэл зургийн цомгийн төгсөлд эл ерөөлийг биччихсэнийг харахад нэг л зохимжгүй санагдаж билээ. Номтой холбоотой олон сайхан эшлэл байдгаас Томас Карлайлын “Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” гэх үг сонирхолтой. Эцэст нь дурдахад, зарим сайн бүтээлийг дахин дахин унших нь дунд зэргийн 10 шинэ ном уншсанаас илүү үр дүнтэй тул ямар нэг сайн номыг нэг удаа уншсан гээд ханачихаж боломгүй.

Эдгээр асуултад хэнийг хариулаасай гэж хүсэж байна?

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн том номын санд монгол номын каталогийг эмхтгэж буй доктор Мягмарын Саруул-Эрдэнэ багш. Ийм том уурхайг сахин сууж, олборлож буй эрхэм хүнээс номын тухай асуухгүй бол өөр хэнээс асуух билээ. Заавал асуугаарай! Ёстой сонин, содон гайхалтай зүйлсийг бидэнд дуулгана шүү.