Дэлхийд хамгийн алдартай угаалгын нунтаг гэвэл бүгд л “Tide”-ийг нэрлэх байх. Үнэхээр л 1946 оноос хойш угаалгын бодисын зах зээлийг бусдаасаа илт давуу тэргүүлж байгаа эл угаалгын нунтаг Дэвид Байерли хэмээх эрдэмтний шаргуу дайчин чанар, нөр их хөдөлмөрийн ачаар бүтсэн түүхтэй. Энэ тухай ярихаас өмнө "Tide"-ийг бүтээгч “Procter and Gamble” компанийн тухай ярих нь зүй. 

Проктер, Гэмбл хоёрын компани нөлөө бүхий үйлдвэрлэгч болсон нь

Лаа үйлдвэрлэгч Уильям Проктер, саван үйлдвэрлэгч Жэймс Гэмбл нар хадам аавынхаа (тэд базууд байв) зөвлөснөөр 1837 онд нэгдэн компани байгуулж, Гэмбл нь үйлдвэрээ, Проктер нь дэлгүүрээ хариуцах болов. Нью-Орлеансын боомтуудад ойрхон Цинциннатид, Охайо гол дагуу суурьшсан тэдний бизнес Америкийн эдийн засаг тэлж, үйлдвэржилт эрчимжих хэрээр өргөжин өргөжсөөр 1870 он гэхэд орон даяар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг томоохон компани болсон байлаа. Иргэний дайны дараагаас америкчууд лаа ашиглахаа больж, тосон дэнлүү хэрэглэх болсноор баз хоёрын залгамжлагчид лаагаа хойш тавиад угаалгын бизнестээ түлхүү анхаарч, өргөн судалгаа хийх болжээ. Ийнхүү анх удаа амьтны гаралтай бус, ургамлын тосноос гаргаж авсан “Ivory” хэмээх савангаа танилцуулав. “Ivory” хэдий шинэлэг ч өмнөх савангуудын адилаар байгалийн гаралтай түүхий эдээс гаргаж авсан саван байсан учир төдийлөн шинэчлэлт болсонгүй. Харин 1930-40-өөд онд химийн гаралтай угаалгын бодисууд гаргаж авснаар “савангийн компани” гэгддэг асан P&G ахуйн хэрэглээний салбарын магнат, хамгийн гол нь технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэгч, трэнд бүтээгч компани болжээ.

Угаалгын нунтаг бүтээсэн нь

P&G-ийн инженер 1931 онд Германы судалгааны нэгэн лабораторид очихдоо гадаргуун идэвхт бодисын (surfactant) сонирхолтой судалгааг нь олж мэджээ. Германы лабораторид хийсэн ажиглалтаасаа үүдэн P&G өөх задалж, хир урсгах үйлчлэл сайтай бодис үйлдвэрлэж болох юм байна гэж итгэсэн аж. Тухайн үеийн савангуудыг хатуу усанд хэрэглэхэд усан дахь кальцитай савангийн сод үйлчлэлцэж өнгөр үүсгэдэг байсан нь угаалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд ихээхэн хүндрэл болдог байв. Европын ихэнх улсын усанд эрдэс буюу кальци, магнийн ион зэрэг элемент агуулагддаг нь угаалгын бодисын гадаргууг цэвэрлэх үр нөлөөг бууруулдаг аж.

1932 онд P&G сульфатын төрлийн идэвхит бодисыг угаалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах эрх авснаар ажил ундрав. Ийнхүү 1933 онд анхны угаалгын нунтгийг гарган авч “Dreft” нэрээр зах зээлд гаргажээ. Найрлага нь гадаргуун идэвхт бодис болон энзимээс бүрддэг эл нунтаг хөнгөн хир толбыг сайн арилгаж байсан ч гүн бохирдлыг арилгаж чаддаггүй байж. Энэ үеэс "Dreft"-ийг хүүхдийн хувцас хэрэглэл угаах зориулалтаар ашиглах болсон ба өдгөө ч энэ нэрээрээ худалдаалагдаж буй.

P&G-ийн тэр үеийн удирдлагууд химийн гаралтай угаалгын бүтээгдэхүүн бол ирээдүй юм гэдэгт бат итгэж байсан учир судалгаа үүгээр зогссонгүй.

"Dreft" хүүхдийн, хөнгөн хиртэй, торгомсог материалтай хувцас зэргийг л угаахад тохирох нунтаг байв.

"Tide" бүтсэн түүх 

Хувцас хэрэглэлийг хатууруулахгүйгээр гүн хир буртаг арилгадаг нунтаг бүтээхээр P&G 1930-аад оноос эхлэн 10 гаруй жил “ноцолдов”. Шинэ арван гарахад компанийн удирдлагууд энэ оролдлогоосоо бүр залхаад, өөр зүйлд хүч хаяхаар шийдээд байв. Гэвч судлаач Дэвид Байерли бууж өгөхийг хүссэнгүй, уйгагүй судлан, өөр өөр хувилбарыг туршсаар байлаа. Удирдлагууд нь “бүтээгдэхүүн Х” (“хэзээ ч бэлэн болдоггүй” Байерын бүтээгдэхүүнийг компанийнхан нь ийн нэрлэжээ) дээр үргэлжлүүлэн ажиллах зөвшөөрөл өгчээ.

Дээрээс удаа дараа эл төслийг зогсоох шийдвэр гаргаж байсан ч яаж ийгээд бодлыг нь эргүүлж, үргэлжлүүлэн судалсаар 14 жилийн дараа угаалгын нунтгийн найрлагад фосфат нэмэх хэрэгтэйг олж нээснээр 1945 онд үр дүнгээ дээш танилцуулах болов. Энэ нь зах зээлд эргэлт болсон нээлт байлаа.

“Tide” худалдаанд гарав 

P&G-ийн удирдлага эл судалгааны үр дүнг мэдмэгцээ маркетингийн төлөвлөгөө боловсруулж эхлэв. Энгийн бүтээгдэхүүнд бол туршилт, тандалт, тээвэрлэлт зэргээр бэлтгэх үе шат хоёр жил орчим үргэлжилдэг ч энэ удаад эгэлгүй бүтээгдэхүүн болох гэж буйг мэдэрсэн учир шууд маркетингийн кампанит ажилдаа орохоор шийдвэрлэжээ. Энэ нь бүтэх эсэх нь бүрэн тодорхойгүй бүтээгдэхүүнд олон сая ам.долларын хөрөнгө шууд оруулна гэсэн үг байлаа. “Tide” гэдэг нэр дээр тохирч (яагаад гэдэг нь тодорхойгүй), “савангаас сайн цэвэрлэгч” хэмээн сурталчилж эхэллээ. Тэр үеийн угаалгын аль ч бүтээгдэхүүнтэй “харьцахааргүй”, маш сайн цэвэрлэгч гэдэг нь тодорхой ч саван үйлдвэрлэгч компанийн хувьд ингэж борлуулалт хийнэ гэдэг маш том эрсдэл байсан юм.

“Tide”-ийн тод шар, улбар өнгө бүхий савлагааны дизайныг алдартай архитектор Доналд Дэски бүтээжээ.

“Tide” худалдаанд гарсан даруй асар их амжилт олов. Усны хатуулаг ихтэй нутгийн хүмүүс л энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэж тус компанийнхан бодож байтал АНУ даяар хошуурсан нь хэний ч төсөөлөөгүй амжилт байлаа. Өрсөлдөгч “Colgate”, “Lever Brothers” компаниуд өрсөлдөх нунтаг бүтээхээр сандралдах зуур P&G “Tide”-ийнхаа ачаар угаалгын бодисын зах зээлд магад хэзээ ч алдахгүй тэргүүлэх байр сууриа бататгаж авсан түүхтэй.

Технологийн дэвшлийг эрэлхийлэхүй 

“Tide” угаалгын бодисоо тасралтгүй шинэчилж байсан нь тэргүүлэх байр сууриа алдахгүй хадгалахад нь тусалжээ. Тухайлбал:

  • Энзимтэй цэвэрлэгч бодис Tide XK гарч ирснээр хоол, цусны толбыг амархан арилгах болов.
  • 1984 онд шингэн угаалгын нунтаг гаргасан нь мөн л томоохон дэвшил байв.
  • 1988 онд анхны цайруулагчтай угаалгын нунтаг гарав.
  • 2005 онд хүйтэн усанд угаахад зориулсан “Tide Cold Water” гарав.
  • Мөн тус онд “Tide”-ийн толбо арилгагч харандаа гарчээ.
  • 2012 онд “Tide pods” хэмээх тусгай савлагаатай бодис худалдаанд гарсан нь ихээхэн амжилт олов.