Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй", "Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно" хэмээн тодорхой заасан байдаг. Гэвч түүхийн хуудсанд л үлдвэл зохилтой сувдаг шунахай сэдэлтэй хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрхэндээ байлгах гэмт хэрэг XXI дүгээр зуунд ч бугшин үлдсэн нь харамсалтай. Өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ уг эрсдэлээс хамгаалахын тулд мэдлэг мэдээлэлтэй болох нь хамгаас чухал. Хэрвээ танд энэ чиглэлийн ойлголт хангалттай байдаггүй бол өнөөдрийн бидний танилцуулах "Мөрөөдлийн шүхэр" аяны тухай мэдээд аваарай. 

Мөрөөдлийн шүхэр аяны тухай

Хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн дарамтанд оруулах, хүч хэрэглэн эрхэндээ байлгах зэрэг гэмт хэрэг, түүнтэй холбоотой асуудлаар олон нийтэд хэрэгтэй бүхий л мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, соён гэгээрүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас үндэсний хэмжээнд “Мөрөөдлийн шүхэр” аян өрнүүлж буй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ) уг аяныхаа хүрээнд зорилтот бүлэг, тодорхой байршлын хүрээнд судалгаа хийж, олон нийт энэ төрлийн гэмт хэрэг, түүний гаралтын тухай хэр ойлголттой буйг тодруулж, шаардлагатай мэдээлэл түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм.



мэдээлэл хамгийн чухал нь

ОУШХБ-аас явуулсан, Дархан хот болон нийслэлд шилжин суурьшиж, амьдарч байгаа охид эмэгтэйчүүдийг хамруулсан суурь судалгаанд оролцогчдын 83 хувь нь энэ талын мэдээлэл хангалтгүй гэсэн хариулт өгчээ. Иймд "Мөрөөдлийн шүхэр" аяныхан орон нутагт амьдарч буй, мөн Улаанбаатар хотод амьдрахаар төлөвлөж буй эмэгтэйчүүдийн дунд хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар хэр мэдлэгтэйг тандах бичил судалгааг Хөвсгөл аймагт явуулсан аж.

Судалгаанд 18-24 насны 60 эмэгтэй оролцсоны 71.7 хувь нь хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар сонсож байсан ч мэдээлэл багатай, 8.3 хувь нь огт сонсож байгаагүй гэж хариулсан нь дээрх олон улсын байгууллагын судалгааны дүнтэй дөхүү юм. Энэ нь манай улсын охид, бүсгүйчүүдийн 80-аас илүү хувь нь хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн тухай ойлголт мэдээлэл муутайг харуулж байна.

аюул хаана ч байж болно

Бичил судалгаанд оролцогчдын 76.7 хувь нь “Миний ойр орчимд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгддэг гэж бодохгүй байна” гэж хариулсан бол 13.3 хувь нь “Мөлжлөгт өртөж буй эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь буруу” гэжээ. Үүнээс үзэхэд охид, эмэгтэйчүүдийн дийлэнх нь энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байж, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстойг мэдэхгүй, цаашлаад хохирогчийг хамгаалах, туслах ойлголтгүй аж.

Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад хуулийн байгууллагаар шийдвэрлэсэн хүн худалдаалах 50 орчим гэмт хэрэгт 400 гаруй хохирогч бүртгэгдсэн байдаг. Үүн дээр төрийн бус байгууллагад хандсан 800 орчим хүн энэ гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогдсоныг нэмээд үзвэл энэ төрлийн эрсдэл манай нийгмийн томоохон асуудал гэдэг нь бэлхнээ харагдана.

үнэгүй хоол хавханд л байдаг

Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь хотод өөрийн гэртээ амьдардаг хэмээн хариулсан бол орон нутгаас нүүж ирэн нийслэл хотод амьдарч буй охид, эмэгтэйчүүдийн хувьд 34.6 хувь нь түрээсийн байранд, 23.1 хувь нь оюутны байранд, 4.8 хувь нь хамаатныхаа айлд амьдардаг гэсэн байна. Тэгвэл тэдний 64 хувьд суралцахын хажуугаар ажил хийх шаардлага гардаг ажээ.

Харин өндөр цалинтай, хөдөлмөрийн орчин, хангамж сайтай ажлын байрны санал ирвэл хэрхэн хүлээж авах тухай асуухад 35 хувь нь бодож үзээд боломжийн санагдвал зөвшөөрнө, 51.7 хувь нь эцэг эх, найз нөхөдтэйгөө зөвлөлдөнө гэжээ. Мөн “Хэрэв та хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт өртсөн бол юу хийх вэ” гэсэн асуулгад 50 хувь нь эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдөдөө хэлнэ гэж хариулсан байна. 48.3 хувь нь цагдаад хандана гэсэн бол 1.7 хувь нь “өөр ажил олохоос нааш энэ байдлаараа амьжиргаагаа залгуулна” гэжээ.

хэнд хандах вэ? бид юу хийх хэрэгтэй вэ?

Аж амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрох хүсэл мөрөөдөлтэй охид, эмэгтэйчүүдэд хуурамч ажлын санал тавьж, залилах, заналхийлэх, хүч хэрэглэх, хяналтдаа байлгах зэргээр дарамталж, хохироодог. Эрсдэлд орсон, эсвэл эрсдэлд ойрхон байх үедээ охид, эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд найдаж, тусламж хүсэх хүн нь мэргэжлийн байгууллагаас илүүтэй хамгийн ойрын хүрээнийхэн нь байдгийг судалгаанаас харж болно. Тиймээс нийгэм дэх энэ төрлийн эрсдэл, сэтгэлзүйн асуудлыг шийдэх, бууруулахын тулд хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Ойрын хүрээлэлд тань энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүн бий бол хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн шинж тэмдгүүдийг таньж мэдэж, урьдчилан сэргийлэх тал дээр бүр ч оролцоотой байх хэрэгтэй билээ.

Уншигч та "Мөрөөдлийн шүхэр" мэдээллийн аяны фэйсбүүк хуудсанд нэгдэж, энэ аюулаас хайртай хүмүүсээ хамгаалаарай.

"Мөрөөдлийн шүхэр" аянтай холбогдох:

- Фэйсбүүк