Хосуудын ярилцахаас хамгийн ихээр зайлсхийдэг сэдвийг та мэдэх үү? Дотно харилцаа хэмээн таамаглаж байна уу? Өө үгүй дээ. Насанд хүрэгчдийн жинхэнэ хар дарсан зүүд бол санхүү тойрсон яриа. Үзсэн кино, уншсан ном гээд хосуудын ам хуурайгүй ярилцах дуртай сэдвүүд олон боловч “мөнгө” дийлэнхдээ энэхүү жагсаалтын хамгийн хойгуур жагсах нь бий.

Мөнгөтэй холбоотой бидний мэтгэлцээн, үл ойлголцол дийлэнхдээ харилцааг хурцадмал байдал руу хөтөлдөг учир энэ сэдвийг эвтэйхнээр тойрдог ч байж магад. Бид энэ удаагийн нийтлэлдээ уг “халуухан” сэдвийн талаар ярилцахаар шийдэх үедээ хосуудын гаргадаг нийтлэг алдааны талаар онцолж байна.


Эх сурвалж: @nytimes

яагаад бид энэ сэдвийг анхаарах ёстой гэж? 

Нийтлэлээ эхлэхээс өмнө хэдхэн тоо баримт дурдъя.

  • Fidelity Investments-ийн 2021 онд хийсэн судалгаагаар мөнгөний тухай тогтмол ярилцдаг хосуудын 71 хувь нь санхүүгийн нөхцөл байдалдаа итгэлтэй, мөнгөнд төдийлөн санаа зовдоггүй аж.
  • Харин Suntrust банкнаас хийсэн судалгаанд оролцсон хосуудын 35 хувь нь дотно харилцаа, үр хүүхэд, гэр орны ажлаас илүүтэй “мөнгө тойрсон асуудал” тэднийг хамгийн их стресст оруулдаг хэмээн хариулжээ.
  • Түүнчлэн нийт хосуудын 72 хувь нь санхүү тойрсон маргаан нь бусад төрлийн зөрчилдөөнөөс илүүтэй хосын харилцаанд нөлөөлдөг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хадгаламж, зээл, мөнгө тойрсон яриаг "хориотой, эмзэг сэдэв" хэмээн хүлээн авахаа больж, хоорондоо энэ асуудлын талаар ний нуугүй ярилцах нь хосын харилцаа тогтвортой удаан үргэлжлэх, сэтгэлзүйн хувьд тайван амгалан байх, мөнгөнөөс үүдэлтэй өөр бусад асуудлын талаарх маргааныг багасгах гээд дуусашгүй олон давуу талтай. Тиймдээ ч бид энэхүү сэдвийг онцлон хөндөж буй билээ.


Бага насны сэтгэл зүйн шархны тухай бид сүүлийн жилүүдэд ихээхэн мэдлэгтэй болоод буй. Тэгвэл бидний энэхүү сэтгэл зүйн асуудал зарим талаараа мөнгөтэй холбогдож байдаг. Ойлгомжтойгоор тайлбарлахын тулд нэгэн хосыг жишээ болгоё.

Эрэгтэйн хувьд бага насандаа хэзээ ч мөнгөнд санаа зовж үзээгүй хүүхэд байжээ. Мөнгө хаанаас олох билээ? хэмээх асуулттай нүүр тулахгүйгээр насанд хүрсэн нэгэн. Тиймээс ч мөнгийг амьдралын чухал хэсэг гэдгийг мэддэг ч хэзээ ч үүнд баригдаж амьдрахгүй байх хүсэлтэй. Ирэх сарын байрны мөнгөө хямгадахаас илүү сэтгэл татам зүйлс амьдралд олон бий гэдгийг мэддэг.

Харин эмэгтэйн тухайд хүүхэд насандаа гэр бүлийнх нь санхүүгийн байдал тогтворгүй, эцэг эхийнх нь аль нэг нь ажлаасаа халагдаж, санхүүгийн томоохон асуудалтай олон жилийг өнгөрөөсөн. Тэрээр хэзээ ч санхүүгийн хувьд хангалуун мэдрэмжийг авдаггүй бөгөөд хэзээд бүсээ чангалж, олсон болгоноо хуримтлалынхаа данс руугаа хийх уриатай. Тиймдээ ч хөдөлмөрлөж олсон мөнгөө үрэх нь “гэмтэй” мэдрэмжийг түүнд төрүүлдэг.

Нүдэнд чинь энэ хоёрын мөнгө тойрсон явган хэрүүл төсөөлөгдөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өссөн орчин, эргэн тойронд байгаа хүмүүсийн мөнгөнд хандах хандлага хүүхдүүдэд ихээхэн нөлөөлдөг. Тийм ч учраас та хоёр санхүүгийн талаар ярилцах бүрдээ түнжин хагардаг бол юун түрүүнд мөнгөтэй холбоотой таагүй дурсамжийнхаа тухай илэн далангүй ярилцаарай.


Хамтын амьдралын явцад аль арвич, хямгач, тооцоотой нэгэн нь гэрийнхээ дансыг “баздаг” нь бичигдээгүй хууль. Ихэнх тохиолдолд энэ арга хосуудын хувьд үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ үед санхүүтэй холбоотой бүх асуудлыг нэгнийхээ мөрөн дээр тохчхож болохгүй. Үгүй ядаж сардаа дундын дансаар орж гарсан орлого зарлагын хэмжээ, гэнэтийн галыг дарж чадахуйц хадгаламж байгаа эсэх, шаардлагатай тохиолдолд хаанаас зээл авах, ойрын гурван жилдээ тавьсан хамгийн том санхүүгийн зорилго гэхчлэн асуултын хариуг мэдэж байх нь зүй.

Мэргэжилтнүүдийн зүгээс энэ яриаг үр дүнтэй байлгахын тулд хосууд долоо хоног бүр “мөнгөний уулзалт” зохиож байхыг зөвлөжээ. Нэрээс нь цэрвэх хэрэггүй шүү. Хамгийн гол нь ганцхан уулзалт дээр санхүүтэй холбоотой бүх асуудлаа шийдэх гэж бүү хичээгээрэй. Амралтын өдрийн өглөө, кофегоо ууж суухдаа ирэх долоо хоногийн санхүүгийн асуудлаа базаад ярихад хангалттай. Санхүүгийн эрүүл мэндээ дэмжих, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд долгионоо нэгэн суваг дээр тааруулах нь чухал.


Хамтын амьдралын шийдвэр гаргахаасаа өмнө хосууд хоёр биеэсээ чи яг одоогийн байдлаар хэчнээн төгрөгийн хадгаламж, зээлтэй вэ? сардаа хэдэн төгрөгийн зардал гаргадаг вэ? сарын цалин чинь хэдэн төгрөг вэ? зэрэг асуултыг асуух нь зүй. Энгийн мэт сонсогдовч олон жил нэгэн дээвэр дор амьдарсан хэр нь эхнэр, нөхрийнхөө сарын цалинг мэддэггүй олон хосууд байдаг. Харамсалтай нь, санхүүтэй холбоотой асуудлыг нэгнээсээ нуух тусам нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүйд хүрч, улмаар буруу шийдвэр гаргах магадлал өснө.

Монголчуудын хувьд мөнгөний талаарх яриаг дотнын хүмүүстэйгээ өрнүүлэхээс зайлсхийдэг хандлагатай тул энэ талаар анх удаа ярилцах гэж байгаа бол цаг хугацаа, сэтгэл санааны бэлтгэл хэрэгтэй гэдгийг санаарай. Хамгийн чухал нь таны хамтрагч энэ тухай ярих бэлтгэлгүй бол түүний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь ухах хэрэггүй. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Хамаг өр шир, хадгаламж, орлого зарлагаа хоорондоо ярилцаж, хойшид нууж хаах зүйлгүй болно оо гэдэг өөрөө маш том амжилт гэдгийг санууштай.


Хосуудын гаргадаг ээлжит алдаа бол мөнгөний талаар ярихдаа үргэлж хэрхэн танах, хэмнэх, ухаалгаар төсөвлөх тухай ярьдаг явдал. Мэдээж эдгээр сэдвийг ярилцах нь зайлшгүй хэдий ч мөнгөний яриа дан ганц гачигдал, хомсдолын асуудал дээр төвлөрөх тусам энэ хүндхэн ярианаас зөнгөөрөө бид бултаж эхэлдэг.

Тиймээс хааяадаа хөгжилтэй, хөнгөн, хүүхэд шиг гэнэн байдлаар ярилцаад үзээрэй. Жишээлбэл, улиралдаа нэг удаа лоттерейн тасалбар худалдаж аваад, хэрвээ ялбал тэр мөнгөөрөө юу хийх тухайгаа ярилцаж болно шүү дээ. Гадаадад магистраа хамгаалах, хоёулхнаа аялах, ажлаасаа гарч хувийн бизнесээ эхлүүлэх гээд энэхүү хүүхдийн ч гэмээр ярианаас улбаалан та хайртай хүнийхээ тэр болгон яриад байдаггүй хүсэл мөрөөдлийнх нь тухай ч мэдэх боломжтой.


Орчин цагт “Санхүүгийн эрүүл мэндээ дэмжих” хэмээх ойлголт зөвхөн томчуудад хамаатай асуудал байхаа хэдийн больсон. Өдөр тутмын санхүүгийн асуудалд эцэг эхээс гадна үр хүүхэд гээд гэр бүлийн гишүүн бүр оролцоотой байж, өөрсдийн амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээ авах зайлшгүй хэрэгцээтэй болсон билээ.

Тиймээс хүүхдийнхээ насанд нь тохируулж, аль болох хамтдаа санхүүгийн шийдвэр гаргах гээд оролдоод үзээрэй. Жишээлбэл, унадаг дугуй авах, уран зургийн дугуйланд явах гээд зорилго бүрд нь зориулж данс нээж болно. Шинэ жил, цагаан сар гээд хүүхэд өөртөө орж ирсэн орлого бүрээ дансандаа хийж, нэмэлтээр гэрийнхээ ажилд туслангаа гарын мөнгө авч ч болох. Аль болох багаас нь хүүхдэдээ санхүүгийн үйлчилгээний давуу тал, үр ашгийн талаарх мэдээллийг таниулах тусам тэд насанд хүрэх үедээ санхүүгээ эрүүл анхаарч чаддаг нэгэн болно.