Амралтаа авахаар төлөвлөж буй эсвэл яг одоо амарч байгаа уншигчдадаа энэ удаагийн нийтлэлийг зориулж байна. Уг нь амралтаа авсан ч амарч буй мэт мэдрэмж авахгүй, ар гэр, үр хүүхдийн асуудлаар санаа амар суухгүй явсаар өөртөө ч хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа юм биш биз? Аль эсвэл ажлаас ойр ойрхон дуудаад зав чөлөө өгөхгүй байна уу? Хэрэв тийм бол эдгээр асуудлыг шийдэхэд тань тусалж, “амарсан шиг амрах” аргуудыг хуваалцъя.
Төлөвлөлт, төлөвлөлт бас дахин төлөвлөлт
Ажлуудаа зохицуулж дуусаад яг амрах болтол яах билээ? гээд сууж байвал хайран цаг болно, тийм биз? Иймд амралтын хугацаагаа хэрхэн өнгөрүүлэх тухай өөрөөсөө урьдчилан асуух нь зүйтэй. Ийш тийш аялж, адал явдлаар дүүрэн өнгөрүүлмээр байна уу эсвэл бие, оюун бодлоо цэгцлэхээр шийдэж, сувилал, амралтад явах уу? Аль эсвэл зүгээр л гэртээ тайван хэмнэлээр хэд хоног бүгэх хэрэгтэй юу? Гэх мэтчилэн яг юу хүсэж байгаагаа тодорхойлж, ажлаа дууссаны дараа шууд л амралтын горимд шилжих хэрэгтэй.
Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн судалгаагаар амралтаа урьдчилан төлөвлөдөг ажилтнууд буцаж ирэхдээ бүтээмж нь 25 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. Түүнчлэн аялахаар шийдсэн л бол заавал урьдчилж төлөвлөх шаардлагатай хэмээн судалгаанууд онцолж буй. Тухайлбал, аяллаа урьдчилан төлөвлөсөн хүмүүсийн 49 хувь нь зардлын мөнгөө илүү хэмнэж чаддаг ажээ. Тиймээс хэрхэн, яаж амрахаа шийдсэн бол ажлынхандаа мэдэгдэж, өмнө нь зохицуулах асуудлуудаа эртхэн шийдээрэй.
Цагийн юмыг цагт нь
Нэгэнт амралтаа авахаар шийдсэн бол юун түрүүнд өөрөөсөө хамааралтай бүх ажлыг дуусгаж, хүлээлгэн өгч, заримыг нь хэн нэгэнд даатган үлдээхээ мартуузай. Тэгж гэмээнэ хүсээд буй сайхан амралтаа илүү үр бүтээлтэй мөн сэтгэл амар өнгөрүүлж чадна.
Харвардын их сургуулийн судалгаагаар ажлаа зохих ажилтанд хүлээлгэн өгөх нь ажлын бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлж таныг ажлаас халшрах хам шинжид өртөхөөс сэргийлдэг гэжээ. Ялангуяа удирдах албан тушаалтнууд ажлаа орхиж явж чадахгүй зууралдаад байх хандлагатай байдаг нь нууц биш. Мэдээж хийж, зохицуулсан ажлаа дундаас нь орхиж явна гэдэг амаргүй ч эрч хүчээ сэлбэх хэдхэн хоногт санаа зовохгүй байх нь илүү чухал.
Амарсан шиг амарч, орхисон шиг орхих
Дээрх асуудлаа жин тан болгосон бол одоо ажилтай холбоотой бүхнээс холдоорой. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн (APA) судалгаагаар амралтын үеэр ажилтайгаа “орооцолдоогүй” хүмүүсийн стрессийн түвшин 68 хувиар буурсан үр дүн гарчээ. Мөн эрүүл мэндийн хувьд ч эргэж буцаж, ажлаа хэт их бодох нь сэтгэл санаа, нойронд нөлөөлдөг болохыг баталсан аж. Тухайлбал, Калифорнийн их сургуулийн судалгаагаар амралтаараа ажилтай холбоотой харилцаа холбоог тасалсан ажилчдын нойрны чанар 33 хувиар сайжраад зогсохгүй танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлөө зөв удирдахад нөлөөлсөн гэнэ.
Үүний зэрэгцээ Финландын Тамперегийн их сургуулийн судалгаанаас харахад амралтаа авсан ажилтнуудын бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэх чадвар 20 хувиар өсдөг болох нь тогтоогдоод буй. Энэ бүх баримт, судалгаанаас харахад зөв амрахад хүртэл учиртай ажээ.
Алгуурхнаар буцаж орох
Эцэст нь амарч дуусаад ажилдаа буцаж орохдоо утас, компьютероо шүүрэн авч бүх ирсэн мэйл, текстэд шууд хариулах хэрэггүй болов уу. Тэр бүх мэдээлэлд 1-2 хоногийн дараа хариулж, алгуурхнаар ажлын хэмнэлдээ уусан орох нь бусад ажилтнуудын хүлээлтийг бууруулж, танд ч мөн урт хугацаандаа анхааралтай бөгөөд эрчтэй ажиллахад тусална. Мөн одоо л ажлыг алья, гялалзуулъя гэж хий яаралгүй өөртөө тавих хүлээлтээ багасган бага багаар, өдөр өдрөөр нь овоорсон ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Улмаар замын уртад эрчилж, хурцалсан таны бүтээмж, эрч хүч илүү удаан алдагдах буй заа.
Эцэст нь хэлэхэд урдах ажил тань хэтэрхий их мэт санагдаж, ер нь амралт авах нь уу? Амарсан ч сайн амарч чадах нь уу? гэж гутрах хэрэггүй. Учир нь дээрх зөвлөгөөнөөс аль хэдийн хоцорсон мэт санагдаж байвал дундаас нь ч хамаагүй ажлаа зогсоож, хэсэг амсхийхэд буруудах зүйлгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, урдах ажлаа чадах чинээгээрээ багасгаж, өөрийн боломж бололцоогоор амралтаа зохицуулаарай.