Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй энэ цаг үед домогт тайлбарлагч Э.Балжинням агсныг дурсахгүй байхын аргагүй билээ.
Unread редакц, Юнивишн компани хамтран Э.Балжинням агсны хөлбөмбөгтэй холбогдсон амьдралын түүхийг уншигч та бүхэнд хуучлахаар зэхлээ. Ингэхдээ түүний эхнэр Д.Мөнхжаргал, том охин Б.Ариунсанаа, хамтран ажиллаж байсан спортын сэтгүүлчид болох Б.Батзаяа, А.Ундрал нарын сэтгэлд үлдсэн дурсамжийг уудлан халуун яриа өрнүүлсэн юм.
Эрдэнэбатын Балжинням. Тэрээр 1968 оны долоодугаар сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Сант сумд айлын ууган хүү болон мэндэлжээ. Хуучнаар Гадаад хэлний дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1995-2007 оны хооронд төрөлх аймагтаа болон нийслэлийн 104 дүгээр сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан бол хөлбөмбөг тайлбарлагчийн замналаа 2006 онд TV9 телевизээс эхэлсэн байдаг.
Хөлбөмбөг тайлбарлагчийн 15 жилийн замналдаа тэрээр дотоод, гадаадын 1,000 гаруй тоглолтыг тайлбарлаж, SPS телевизийн Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 100 гаруй дугаар, Football Talk нэвтрүүлгийн 200 гаруй дугаар, Star TV-ийн Балжиннямтай өдөр нэвтрүүлгийн 50 гаруй дугаарыг үзэгчдэд хүргэжээ.
Бичээчийн үг: Зургаадугаар сарын 10. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс дөрөв хоногийн өмнө Балжинням агсны эхнэр Мөнхжаргал эгчтэй ярилцахаар гэрт нь ирлээ. Хойморт нь байрлах Балжинням агсны жаазтай зургууд, бөмбөг, Манчестер Юнайтед, Челси, Спартак клубүүдийн нэрэмжит ороолт, дэр, подволк, цом зэргээс харахад гэрийн эзэн түрхэн гараад явчихсан юм уу гэлтэй. Мөнхжаргал эгчийн хэлснээр харин ч цөөхөн үлдчихээд байгаа нь энэ гэнэ. “Челсигийн фанат гэрт ороод ирвэл Челситэй холбоотой юу байна? хайж байгаад л олоод өгчихнө. Бүр болохгүй бол Балжаа гэсэн бичигтэй подволкоо хүртэл тайлаад өгчихнө шүү дээ” гэх гэгээн цагаан инээдээр яриагаа эхлүүллээ.
ХАМГИЙН ҮНЭНЧ ДЭМЖИГЧ: ЭХНЭР Д.МӨНХЖАРГАЛ
Манай хүн “Спартак Москва” багийн үнэнч фанат болохоосоо өмнө цэцэрлэгийн уран уншигч, жүжгийн найруулагч хүү байлаа. Сумд нь ирж тоглосон жүжгийг үзээд өөрийнхөөрөө найруулж, хүүхдүүдтэй хамт тоглодог байсан тухайгаа хуучилсан нь санаанд тодхон үлдэж. Шүлгийн дөрвөн мөрт эвлэгхэн зохиож, түүнийгээ мөн ч сайхан уншина. Найрын дугарааг өнжөөлгүй, хэвлүүхэн дуулаад л олныг баясгадаг байлаа.
Бидний үеийнхэн хүүхэд ахуйдаа Орбитын сувгаар дэлхийтэй танилцаж, охид нь уран гулгалт, хөвгүүд нь хөлбөмбөг үзэж хүн боллоо шүү дээ. Манай Балжаа хэзээний л уран сэтгэмж өндөртэй байсныг хэлэх үү, хөлбөмбөгийн тэмцээнийг зүгээр үзээд өнгөрөөнө гэж үгүй. Сумынхаа хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж, бас болоогүй өрсөлдөгч багуудыг Оросын хоёр том клуб болох Спартак, Зенитийн нэрээр нэрлээд хүүхдүүдэд нь хүртэл тамирчдын нэр оноож, улаан, шар хуудсаа бариад л үзэж тардаг байж л дээ. Тухайн үед чамин эд юмс ховор болохоор ундааны төмөр бөглөөг давтаж, тэгшлээд цоолж нүхлэн мяндсан утас уяад медаль болгож гардуулах санаа манай хүний толгойноос л төрөх нь гарцаагүй.
ХАМТЫН АМЬДРАЛ БҮТЭЭСЭН НЬ
1998 онд МУИС-ийн харъяа орос хэл судлалын эчнээ ангид элсэхдээ Балжинням гэх нуруулаг, нүдэнд дулаахан, басхүү харизмтай, нэг үгээр хэлэхэд тун ч сайхан хүнтэй анх учирч байлаа. Би Эрдэнэтэд, Балжаа харин Хөтөлд гэртэй болохоор 45 хоногийн сургалтын дундуур нэг чиглэлд явдаг хэдэн нөхөд хамтдаа вагонд суугаад харьцгаана. Тэгэхээр тухайн үед бид хоёр найзын харилцаанд байсан гэх үү дээ. Гэхдээ эчнээ ангийн сургалт дууссанаас хойш бидний хувь заяа огтлолцолгүй олон жил өнгөрсөн.
2006 он. Нэг л танил царай хөлбөмбөг тайлбарлаж буй дүр зургаар зурагтаар үзэгдэх боллоо. Ангийн найз Балжаа маань тайлбарлагч болсныг мэдээд, хаа нэг дэлгэцээр харахдаа битүүхэн бахархах шиг. Гэлээ ч энэ удаад бид биечлэн таараагүй.
2011 он. TV9 ТВ-ийн байр манай ажлын хажууханд байрлалтай болохоор нэг л өдөр бид хоёр үдийн цайны цагаар тааралдаж, юухан хээхэн хөөрөлдөн хэсэг зогслоо. Тухайн үед Балжаа содон хоолой, уран тайлбараараа багагүй хүмүүст танигдсан байсан ч оддын өвчин, хямсгар зангийн сүүдэр ч үгүй яг л миний мэдэх Орос хэл судлалын эчнээ ангийн оюутан Балжаа хэвээрээ байсан сан. Үүнээс гурван жилийн дараа бид нэг гэрт орж, долоон жилийг хамтдаа өнгөрүүлсэн дээ.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг тайлбарлаж дуусаад “Миний тайлбарласан олон тэмцээн дундаас хамгийн аз жаргалтай өнгөрүүлсэн нь энэ байлаа. Би энэ тэмцээнийг тайлбарлах үеийн үйл явдал, дурсамжаар заавал ном бичнэ. Бичих зүйл нь миний толгойд бэлээхэн байна, гагцхүү буулгах л дутуу” гэж ярьж байсан ч амжаагүй дээ. Тухайн тэмцээнд өв тэгш бүрдсэн багуудын хооронд гал гарсан тоглолтууд өрнөж, өөрөө ч чинээндээ тултал тайлбарлаж чадсан юм гэнэлээ. Бас тэмцээний үеэр төрсөн өдөр нь тохиосныг ч хэлэх үү.
Номын талаар яриа дэлгэснийх, есөн жилийн өмнө өөрийнх нь бичиж олны хүртээл болгосон “Миний л амьдрал” намтар бүтээл нь тухайн үедээ бестселлер болж, олон ч уншигчийн оюунд хүрсэн сэн. Түүнээс хойш том охин Б.Ариунсанаа аавынхаа ойр дотныхны дурсамж яриагаар уг номыг баяжуулж, 2022 онд шинэчлэн хэвлүүлсэн нь мөн л худалдаалагдаж дууссан.
Чөлөөт цагаараа кино, хөлбөмбөгийн тухай ном, тоглолтын тойм бичлэг, хөрөг нэвтрүүлэг үзэж, тэдгээртээ дүн шинжилгээ хийх дуртай. 1990-ээд оны сүүлээс эхлэн тэмдэглэлийн дэвтэр нээж, түүндээ хөлбөмбөгийн баг, тамирчдын мэдээллийг бичиж, тэмдэглээд бүр дадчихсан. Их ч олон дэвтэр бий. Ер нь тайлбар, Football Talk нэвтрүүлэгтээ бэлтгэлгүй очино гэж үгүй. Адаглаад А4-ийн цаасыг дөрөв нугалаад ярих чухал зүйлсээ энд тэнд нь биччихдэг байж билээ.
ХАМГИЙН ТОМ ФЕН: ОХИН Б.АРИУНСАНАА
Монголчуудын эчнээ таних "Хөлбөмбөг тайлбарлагч Балжинням" хэмээх холбоо гурван үгийн эзэн болж, хөлбөмбөгийн спортод дурлах болсон нь маш энгийн зүйлээс эхэлснийг онцлон дурдмаар санагдлаа. Аав маань дунд сургуулийн сурагч байхдаа шар өвчин тусаж, хэдэн сар гэртээ өнжсөн юм гэнэлээ. Гар утас, компьютер бүү хэл зурагт ч ховор байсан үед хөдөөний жаахан хүү өдөржин гэртээ ганцаараа уйдаж л таараа. Тухайн үед намын даалгавраар айл бүр орос хэвлэл захиалахаар үүрэгдүүлж, сумын их эмч байсан эмээ маань хүүгээ сонирхог гээд хөлбөмбөгийн сонин захиалж өгснөөр аавд маань энэ спортыг анхлан танилцуулсан түүхтэй. Өвөлдөө зөвхөн хоккей тоглодог байсан аавд маань сар бүр тогтмол ирэх орос хэвлэл нөлөөлснийх бусад улиралд хөлбөмбөг тоглодог болж бүр цаашлаад орос сувгаар гарах хөлбөмбөг, хоккейг тэсэн ядан хүлээж үздэг фанат болсон нь ийм учиртай.
Зураг | Тайлбар |
ДУРСАМЖ
Тэр нэг жилийн үйл явдлыг эс тооцвол аав ер нь хүүхдүүдээ хэр барагтаа ил тод магтаад байдаггүй. Ихэвчлэн хөнгөхөн маазарч эсвэл өөрт тохиолдсон сургамжтай явдлыг хэлж анхааруулдаг байсан. 2015 оны намар Сэлэнгэ аймагт болсон сум сурталчлах соёл, эдийн засгийн арга хэмжээг аавтайгаа хамт хөтлөх боломж олдсон юм. Дуусахын алдад нь аав тайзан дээрээс "Ярьдаг хүний хүүхэд ч ярьдаг л байдаг юм байна" гэж хэлж билээ.
Хүмүүс аавыг задгай сэтгэлгээтэй, билэг танхай яриатай гэх мэтээр тодорхойлох нь бий. Харин би аавыгаа харилцааны чадвар бүрэн эзэмшсэн, хүн татах чадвартай нэгэн байсан гэж боддог. Хэнтэй, яаж харьцахаа мэргэжил болтлоо гартаа оруулчихсан, хүн бүрд л санаа тавьж явдаг байсан сан.
Найзуудтайгаа хэдэн цагаар утсаар ярьдаг ч зөвхөн эмээ л хөлбөмбөгийг нь үздэг болохоор эмээг асуусан цагт л хэдэн тоглогчдынхоо талаар яриа дэлгэнэ. Бусадтай нь хөлбөмбөгийн талаар огт ярьдаггүй байсан нь сонин. Бидэнд нэг хэлэхдээ, “Эмээтэй нь л ижил уйдсан хүмүүс хөлбөмбөг үзэж суугаа байлгүй дээ. Тэгэхээр тэдэнд зориулж тайлбараа баяжуулж, сонирхолтой байлгах хэрэгтэй шүү дээ” гэж байсан юм.
Байнга инээж наргина гэж юу байх вэ дээ. Хааяа нухацтай ярих үедээ "Манайхнаас баян амьдарч байгаа хүмүүс маш их. Ядруухан амьдарч байгаа хүмүүс ч бас их. Тиймээс байгаа зүйлээ голж шилж, маяглах хэрэггүй. Хүнд илүү маяг шиг хэрэггүй юм байдагггүй юм." хэмээн сургадаг байсан.
ХАМГИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧ: СПОРТЫН СЭТГҮҮЛЧ, ТАЙЛБАРЛАГЧ Б.БАТЗАЯА
Намайг TV9 телевизэд спортын мэдээ бэлтгэж, гадаад мэдээ орчуулдаг дадлагажигч байх 2000-аад оны дундуур тайлбарлагчтайгаар үзэгчдэд хүрдэг хоёрхон спорт байсан нь үндэсний бөх, хурдан морь. Харин 2006 онд C1 телевиз хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар болж, би гэдэг хүн тайлбарлагчаар ажиллах санал хүлээн авснаар Балжаа ах надтай зөрөн TV9 телевизэд орж ирж байлаа.
Би эхэндээ түүнийг зүс таних төдий, тодорхой хэмжээнд л мэддэг байсан юм. Хүмүүс бие биенээ таньдаг хэрнээ хоорондоо тааралдаж, яриа өрнүүлж үзээгүй нэг тийм харилцаа байдаг даа. Харин хожим нь TV9 телевизийн спортын тойм нэвтрүүлгийн үеэр нүүр хагаран танилцаж, 2012 онд SPS телевиз байгуулагдсанаас хойш хамтран ажиллаж эхэлсэн.
Эхэндээ ч хоёр ярих дуртай хүн хамт суугаад тайлбар хийхээр арга барил авцалдаж өгдөггүй. Тухайн үед ихэвчлэн ганц ганцаараа тайлбарлаад дадчихсан байсныг ч хэлэх үү. Аажимдаа илүү ойлголцоод, биесээ мэдрээд, хоршин тайлбар хийхийн сайхныг мэдэрч эхэлсэн. Сүүлдээ ч бид хоёр яг л найзууд шиг болчихсон байлаа шүү дээ. Нэг утсаар яриад эхэлбэл салдаггүй.
Зураг | Тайлбар |
Тухайн үед олон улсын эх сурвалжаас мэдээлэл авч тайлбартаа тусгах хэмжээний мундаг орос хэлтэй хүн Балжаа ахаас өөр байсангүй. Хүүхэд шиг нь бага залуу тайлбарлагчид сонингоос мэдээлэл авч байхад Балжаа ах интернэттэй анхлан танилцуулж, орос спортын сайтуудаар харааг минь тэлж өгч байлаа шүү дээ. Одоо ч гэсэн тэдгээр сайтуудаас статистик мэдээллүүд авдаг.
Хөлбөмбөгийн тайлбарлагчдын дунд Балжаа ах уншиж, судлах дадлаараа жишиг тогтоосон юм уу гэмээр. Бэлтгэлгүй тайлбарт орно гэдэг тайлбарлагчийн карьераа богиносгож байгаатай утга нэг. Эхний нэг, хоёр тоглолтод уншиж, судлаагүй нь мэдэгдэхгүй байж болох ч цаашлах тусам тайлбар нь муудаж аажимдаа уг салбараас шахагдан гардаг нь үнэн.
Их л “нийтийн хүн” байсан даа. Хуучлахад, Балжаа ах фэйсбүүк дээрээ “Хэрэглэхгүй, илүүц компьютер байвал надад өгөөрэй. Хөлбөмбөгийн мэдээлэл уншиж судлаад тайлбартаа бэлдье.” гээд пост бичтэл огт танихгүй нэг залуу авчраад өгчихсөн гээд л бод. “Ах нь нэг компьютертай болсон. Эндээсээ мэдээ уншаад гэртээ өдөржин суух боллоо. Зөвдөж байна уу? Буруудаж байна уу?” гээд л дараа нь надад ярьж билээ. Ер нь тайлбар хийх ажилдаа сайжиръя гэвэл ганцаараа төвлөрч, уншиж судлах нь зөв л дөө. Олны үймээн дунд бол ярвигтай.
Балжаа ах тамирчдын хувийн амьдралын талаар уншиж судлах тун дуртай. Түүнийгээ өөрийн үгийн баялаг, ярианы донж байдлаараа илүү сонирхолтой, ньюанстай болгоод сонсож байгаа хүнд гайхалтай хүргэж чаддаг.
Биднээс олон оймс элээсэн амьдралын суурь ухаанаараа зааж сургах үе бишгүй байдаг ч тэр нь “би л мундаг” гэх хандлагаас тэс ондоо. Бид чинь үзэл бодол зөрөх зүйл гаралгүй л яахав. Тэр тохиолдолд хоёулхнаа жич ярилцаад “Тийм байна, ах нь буруу бодож байж” гээд буулт хийх үе ч бий. Гэх мэтчилэн биднээс дутахааргүй залуу сэтгэлгээтэй байсан нь спортын сэтгүүлзүйн салбарт урт удаан замыг туулж чадсан нууц нь болов уу гэж боддог.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Балжаа ахтай цэнхэр дэлгэцээр танилцсан мянга мянган хүүхэд залуусын нэг нь би. Түүний этгээд гэмээр хоолой шууд л анхаарал татаж, голыг нь оносон зүйрлэлүүд нь санаанаас огт гарахгүй. Нүдээ анихад хөлбөмбөгийн талбайд өрнөсөн мөч бүр Балжаа ахын хоолойгоор санагдаж, зарим үг хэллэг нь найзуудын дунд хит болох нь ч цөөнгүй. “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр”, “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” гээд л одоо ч өргөн хэрэглэгддэг, брэнд болсон үгс түүнд харьяалагдана. Хөлбөмбөгт шунасан, дурласан, татагдаж хөөрсөн мөч бүрд түүнтэй холбоотой ямар нэгэн дурсамж үлдээстэй байдаг нь ч санамсаргүй хэрэг биш. Надтай санал нийлэх мянга мянган залуус байгаа гэдэгт ч итгэлтэй байна.
Түүнтэй анх удаа нүүр тулж уулзах боломж 2013 оны Аваргуудын лигийн финалын өмнөхөн тохиосон юм. Тухайн үед Хайнекен брэндээс “Монголын шилдэг хөлбөмбөг тайлбарлагч” нэртэй шалгаруулалт явуулж, ялагчийг нь домогт Уэмблид Аваргуудын лигийн финалын тоглолт үзүүлнэ хэмээн зарласан. UBS телевизэд спортын сэтгүүлчээр ажиллаж байсан миний хувьд Балжинням, Батзаяа, Энхбаяр гээд салбарынхаа аваргуудтай хамт энэ шалгаруулалтад нэр дэвшсэн минь ихэд нэр төрийн хэрэг байсан санагдана.
Олон нийтийн санал асуулгын сүүлийн өдрүүдэд бүх дөрвөн тайлбарлагчаа нэг дор цуглуулж, одоогийнхоор видео подкаст бичсэн юм. Угаас алиа зантай Балжаа ах тэр нэвтрүүлгийг нэг хором ч уйдаагаагүй. Дэлгэцэн дээр гарсан тоглолтын бичлэгийг ямар ч бэлтгэлгүй байсан атлаа яг л өөрийнхөөрөө, “классик Балжаа стилээр” тайлбарлахад нь “ёстой л төрчихсөн хүн юм даа” гэж догдолж суулаа. Түүний сэтгэл хөдлөл, уран үгс, оновчтой тайлбаруудыг сонсоод “би өөрөө энд юу хийж сууж байгаа билээ” ч гэж бодогдож байснаа санана. Тэр шалгаруулалтад мэдээж Балжаа ах түрүүлсэн. Болох ёстой юм болдгоороо л болсон нь тэр.
Түүнээс хойш Балжаа ахтай таарах бүрд л ихэд урам зоригтой, дүүрэн жаргалтай дурсамжтай хоцорчээ. Монголын лигийн тоглолт байна уу, эсвэл дэлхийн аваргын финал байхаас үл хамааран тэр ажилдаа зуун хувь өөрийгөө зориулж, үргэлжид хамгийн сайнаараа байхыг эрмэлздэг байсан санагддаг. Дандаа л шинэ баримт хуваалцаж, энд тэндээс янз бүрийн яриа сонсож, түүнийгээ машид баяр хөөртэй үзэгчидтэйгээ хуваалцдаг байсан. Баримтаа бэлдэж, тэмдэглэлээ хөтлөж, гэрийн даалгавраа ягштал биелүүлдгээс нь залуус бид суралцмаар. Яг л энэ утгаараа тэр үе үеийн спортын тайлбарлагч, сэтгүүлчид, спортын хорхойтнуудын хувьд жинхэнэ үлгэр дууриал нь байлаа.
Түүний тайлбарууд ч онцгой. Цагийн зөрүүнээс болоод шөнө дунд таардаг тоглолтуудыг түүний тайлбартай үзвэл хэзээ ч унтахгүй бас уйдахгүй. Өмнө нь сонсож байсан юм шиг атлаа түүнийг ярихаар шинэ, шинэлэг юм шиг л санагдана. Огт хөлбөмбөг мэдэхгүй хүн ч ярианд нь автаад сүүлдээ бараг эксперт болчихсон явахыг бишгүй харсан. Яг л эртний хуучин найзтайгаа хууч хөөрж, буу халж байгаа юм шиг тайлбарыг ард түмэндээ хүргэдэг байлаа. Тиймээс тэр хүн бүрийн хувьд хамгийн сайн анд нөхөр нь байсан юм шиг.
Хөлбөмбөгийн томоохон тэмцээн бүрээр түүний орон зай үгүйлэгдэнэ. "Евро 2024" ид дундаа үргэлжилж байх энэ цаг мөчид энэ тэмдэглэлийг хуваалцаж суухдаа бүр ч их үгүйлэв. Тэр бол тайлбарлагч бүрийн үлгэр дууриал. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч бүрийн анд нөхөр. Түүний орон зайг нөхөх боломжгүй байх, гэхдээ түүний үлдээсэн өв дурсамжууд тоглолт бүрд хадгалагдан үлдэж үзэгч болгонд хүрч байгаа гэдэг нь эргэлзээгүй. Сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэнэ гэдэг л жинхэнэ утгаараа энэ байх даа.
Уундаа
2024.07.01
Герман Улсад зохион байгуулагдаж буй “Евро-2024” тэмцээний шууд дамжуулалтад хөлбөмбөгийн спортыг дэмжигч "Юнивишн" компани ивээн тэтгэгчээр оролцож байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Сэтгэгдэл бичих