Тун удахгүй сагсан бөмбөгийн Азийн клубүүдийн аваргын урьдчилсан шатны тэмцээн эхлэх гэж буйтай холбогдуулан “Онцлох таван тоглолт” нийтлэлийнхээ удаах дугаарыг бэлтгэн хүргэж байна.  

Өсвөрийн аварга, оюутны лиг, дээд лиг зэргээр сагсан бөмбөгийн замналаа академик шатлалаар ахиулсаар ирсэн цөөн тамирчдын нэг бол "Эрдэнэт Майнерс" багийн тамирчин Г.Баттөр. Тэрээр 2007 оноос эхлэн "Халелуя", "МУИС - MBM", "Баянзүрх Бүүлс", "Харцага", "Архангай-Алтан Дорнодын дайчид", "Этүгэн Ирвэсүүд" гэх багуудад тоглож байсан туршлагатай тамирчин.


“Эсрэг багийн тоглогчийг би ингэж хуураад баруун талаар нь гарахад тэр миний хойно үлдчихлээ” гэх зэргээр төсөөлөнгөө бэлтгэл хийдэг хүүхэд байж билээ. Хачирхалтай санагдаж магадгүй ч энэ нь надад хожим их хэрэг болсон. Оюун санаандаа туршлага хуримтлуулаад байсан юм уу даа гэмээр. Үүний хүчинд би талбай дээр тухайн нөхцөл байдалд анх удаа тоглож байгаа мэт боловч хэдийнээ төсөөлөлдөө бэлдчихсэн учраас болох ёстой зүйл болдгоороо л болж байгаа юм шиг санагддаг. Ингээд бодохоор төсөөлөл биеллээ олдог л юм билээ. Гэхдээ би төсөөлөөд хэвтэх тухай яриагүй юм шүү. Одоо хийж буй төсөөллийн бэлтгэл ирээдүйд бодит байдал болон ирдэг юм л гэх гэлээ.

Өөрийнхөө эсрэг тогловол?

Тамирчин бүрд өөрийн гэсэн тоглолтын арга барил бий. Тиймдээ ч тамирчид аливаа тэмцээнд өрсөлдөгч баг бүрэлдэхүүнээ судалж, хамгаалалтаа бэлддэг. Хэрэвзээ би өөрийнхөө эсрэг тогловол яах байснаа төсөөлөөд үзье л дээ. Юун түрүүнд, шарыг нь малтаж хэрхэвч болохгүй. Учир нь би тэгэх тусам асдаг. Харин шатаах гэж үзнэ. Аль болох багийнхантай нь харилцаа үүсгэх завдал өгөлгүйгээр хувийн тоглолтыг нь гаргахыг хичээх байсан болов уу.


Хөгжөөн дэмжигчид

Спортын төв ордны он жилүүдийг эргээд бодохнээ, фанат гэдэг жинхэнэ утгаараа тэр үед л байлаа шүү дээ. Талбай руу орж ирэх шахам ойрхон суудаг байсныг ч хэлэх үү элдэв зүйлс шидэх, нүүрэлдэх, хөл рүү өшиглөх нь энүүхэнд. Тамирчны хувьд надад хайртай хүмүүс нь асар хайртай, харин дургүй хүмүүс нь асар дургүй. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйлийг дурдахад, эсрэг багийн хөгжөөн дэмжигчид намайг хэдий чинээ үзэн ядна, би төдий чинээгээр эрч хүч ордог. Ингээд бодохоор хэний багийн талд байхаас үл хамааран, ерөөс хөгжөөн дэмжигч гэдэг л бидний алдаа оноог ивэгч хөшүүрэг гэлтэй.

Тамирчны сэтгэлзүй

Сэтгэлзүйн тогтвортой байдал, бие физиологийн бэлтгэлийг амжилтад үзүүлэх нөлөөллөөр нь хувьчилбал сэтгэлзүй 40 хувь, физиологи 60 хувийн хамааралтай. Бэлтгэлийн бүхий л хугацаандаа талбайд өнжиж, сэтгэлзүйгээ орхигдуулах аваас амжилт гаргах хувь тэр чинээгээр буурна гэж боддог.


1. өсвөрийн аварга

14 настай Баттөр дээд үеийнхээ ах нартай нэгдэн 2001 онд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж байлаа. Тэмцээн эхлэх мөчид өвдөг маань зогсох шинжгүй чичирч байсан нь одоо ч санаанд тодхон. Тэр үед бид Дарханы багтай таарч баззераар хожсоноор дараа нь аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт дээр Багануурын багтай учраа таарч, аварга авч байлаа. Түүнээс хойш өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд олон ч оролцож, тэр чинээгээрээ аваргын цом атгасан байдаг юм. 2003 онд үеийнхэнтэйгээ хамт өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход хоёр жилийн өмнө хоршоолол нийгэмлэгийн зааланд тоглож байх үеийн айдас, сандрал хэдийнээ арилсан байсан.

2. Гуанжугийн азийн наадам

2010 оны Гуанжугийн Азийн наадамд Хятадын шигшээ багтай хийсэн нээлтийн тоглолт миний ой тойноос гардаггүй. Шигшээд хоёр жил тоглосны дараах хамгийн том тэмцээн гэсэн үг л дээ. Нутагт нь болж байгаа тэмцээн гэдэг утгаараа Яао Минээс бусад бүхий л “од” тамирчид цуглачихсан байлаа. Тоглолт болох газар руу хоёр баг тус тусын автобусанд суун нэг кампусаас зэрэг хөдлөхөд бидний явах замд тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хааж замыг эзгүйчлээд, цувааны урд болон хойно цагдаагийн машинууд бидний аюулгүй байдлыг ханган давхилдах нь сүрдэм гэж.

Тоглолт болох газар буюу "Guangzhou International Sports Arena" гэх NBA-ын стандартад нийцсэн томоохон бүтээн байгуулалт дээр ирлээ. 18 мянган үзэгчийн суудалтай уг сүрлэг барилгыг Азийн наадамд зориулан босгосон гэхээр итгэмээргүй ч юм шиг. Хүүхэд байхдаа үзэж, хүндэлж асан Хятадын супер од тамирчин болох Ван Жижи (Азиас NBA-д орсон анхны Ази тамирчин)-тэй нэг хонгилд халаалт хийгээд зогсоно, тэр ч бүү хэл дэргэд нь суугаад хэвлэлийн бага хуралд оролцоно гэж хэн санах билээ. Талбай руу гүйгээд гарахад ёстой л соёлын шок гээч нь болсон. Зах хязгаар нь үл харагдах тийм олон хүнийг өмнө нь нэг дор харж байгаагүй юм байна лээ.

Тухайн үед Монголын шигшээ баг Хятадын багтай харьцуулшгүй байсан тул олон онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн ч эхний хоёр үеийн турш харин ч ойролцоо оноотой тоглож, Хятадын хөгжөөн дэмжигчид хүртэл бидэнд хүндэтгэл үзүүлж байсныг санадаг. Тэр гэхийн тэмдэггүй гоц мэдрэмжийг төрүүлсэн талбайд бид мөрөө гаргасных чамлахааргүй амжилт үзүүлж, аравдугаар байранд орж байсан.


3. инчонийн азийн наадам

Өнгөрөгч 2013 онд нь бид Зүүн Азийн наадмын урьдчилсан шатанд хэд хэд тоглоод багагүй туршлага хуримтлуулчихсан байсан тул энэ удаад хоосонгүй нь лавтай хэмээн найдаж байсан юм. “Мөнхийн өрсөлдөгч” Хонконгийн шигшээ багаас өгсүүлээд Мальдивыг ч ялж, Кувейтийн багтай тоглохоор боллоо. Товчхондоо, тоглолт шувтрах шат руугаа орж, манайх нэг оноогоор илүүрхэж байсан ч эцсийн мөчид эсрэг багийн тамирчны шидсэн бөмбөг унаснаар манайх баззераар ялагдаж байсан юм. Хэрэв бидний төлөвлөсөн ёсоор болсон бол манайх Кувейтийн багийг зайлшгүй ялж, улмаар Йорданы багтай тоглоод хэрэвзээ ялагдвал Кувейтийн багийг ялсан гэдгээрээ дараагийн шатанд шалгарах байлаа. Гэтэл тоглолтыг эргүүлж орхисон тэр эцсийн шидэлт надад гэлтгүй манай багийн нөхдөд асар хүнд цохилт болсон нь лавтай.

Дараагийн тоглолт Йорданийн багийн эсрэг. Бид тэдэнтэй 2010 онд учраа таарахдаа ойрхон ялагдаж байсан тул дөрвөн жилийн бэлтгэл, туршлагийн дараа дахин тоглох болоход бас ч гэж санаанд багтах янзтай. Миний хувьд солилцооноос тоглосон ч хоёрдугаар үеэс хойш тоглолт дуустал талбай дээр идэвхийлснийх Йорданийн баг ялагдал хүлээж, харин бид шилдэг найман багийн нэгээр шалгарсан.

Сагсан бөмбөгийн спорт гэдэг нь нэг зүйл рүү зориод, тэр нь бүтлийг эс олвол нураад унадаг спорт биш шүү дээ. Энэ удаа ялагдсан бол дараагийн удаа зайлшгүй ялах ёстой гэсэн шинэ зорилго гарч ирдэг нь бичигдээгүй хууль. Үүнд ч тамирчдын сэтгэлзүй бэлтгэгдсэн байдаг.


4. 2014-2015 оны дээд лигийн аварга

Тухайн үед би "Харцага" багт харьяалагддаг байлаа. Мөнхийн өрсөлдөгч гэгдэж байсан "Алдар танан гарьд" багтай учраа таарч, ордон нурах дөхөв үү гэмээр халуун тоглолт болж билээ. Хэрэв "Алдар танан гарьд" ялбал лигийг цааш үргэлжлүүлэх, манайх ялбал аваргын төлөө тоглох тийм л эгзэгтэй тоглолт байсан юм. Таван удаа тоглоход манайх 3:2 харьцаатайгаар тэргүүлж байв. Зургаадахь тоглолт дээр дөрвөн үе дуусаж, дөрвөн удаа цаг сунгаж тоглосон. Нэг ёсондоо долоон үеийн турш тоглоход оноо тэнцэж явсаар найман үе тоглосны эцэст манай баг ялалт авч байсан юм. Тэр тоглолтын үеэр талбайн уур амьсгал ямар байсан нь тодорхой. Миний хувьд 39 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүлж лигийг дуусгаж байсан.

5. азийн аваргын урьдчилсан шат

2008 оноос хойш үндэсний шигшээ багт тоглосныхоо үр шимийг үзэх хамгийн зөв цаг нь өнгөрсөн жилийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтын үеэр тохиосон. Миний хувьд шигшээгийн замналын маань сүүлийн тоглолт байж болох юм гэсэн бодлоор эх орныхоо талбай дээр, Монгол хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Азийн аваргын эрхийг заавал авч өгөхийн тулд бие физиологи болон сэтгэлзүйн бэлтгэлийг ёстой л чинээнд нь тулгасан.

Манай баг Сингапур, Хонконг гэх орнуудыг ялснаар хоёрдахь шатандаа шалгарах байсан юм. Сингапурын эсрэг тоглолтон дээр миний хувьд багаа оноо авалтаар тэргүүлэхийн сацуу хүсээд байсан ялалтаа ч авч чадсан. Хүн нэг зүйл рүү махартлаа зориод эцэст нь түүндээ хүрэх л зүйрлэх зүйлгүй сайхан мэдрэмж юм билээ.


Жүжигчин Э.Цолмонбаяр (хуучин Харцага багийн фанат) ах намайг талбай дээр хамгийн “дуутай тоглодог” хүн нь хэрнээ “Дуугай тогло” гэдэг подкаст хийж байх юм хэмээн тоглоом хийж билээ. Сагсан бөмбөг сонирхогчид миний талбай дээр гаргадаг характер, биеийн хэлэмжээр маань өнгөц дүгнээд их л уур савсуулсан, түрэмгий хүн гэж ойлгоод байдаг. Угтаа бол сагсан бөмбөг миний тайвшрал олж авдаг орон зай, цаг хугацаа юм шүү дээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Би сагсан бөмбөгийн эд эс бүхэнд нь хайртай. Бөмбөг залах агшин, талбайн уур амьсгал, торонд бөмбөг орох чимээ гээд л.

Сагсан бөмбөгт хэний сэтгэлзүй тайван байна, тэр л ялдаг.

Г.Баттөр