Европын “Том гурав” (Венец, Берлин, Канн), дэлхийн “Том тав” (Венец, Берлин, Торонто, Сандайнс, Канн) кино наадмуудын нэгд багтдаг зөвхөн кино уран бүтээлчдийн ч гэлтгүй кино урлагт хайртай хэн бүхний анхаарлыг татдаг үйл ажиллагаа бол Каннын кино наадам билээ. Тус наадам өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулагдсантай холбогдуулан Итали улсад кино найруулагчаар суралцаж буй А.Пүрэвдоржийн тус наадмын тухай ээлжит тэмдэглэлийг хүргэж байна.
Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчээр америкийн найруулагч, жүжигчин Грета Гервиг , хөтлөгчөөр Францын жүжигчин Камилла Коттин нар ажилласан юм. Мөн Японы домогт кино найруулагч Акира Күросавагийн 1991 оны “Наймдугаар сарын рапсоди” бүтээл нь наадмын албан ёсны постерын өнгө төрхийг бүтээсэн онцгой наадам болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн наадамд Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл Монгол улсаас сонгогдсон бүрэн хэмжээний кино болж байсан бол энэ жил ч мөн Монгол улс Каннын наадамд амжилттай оролцсон тухай өөрийн хувийн тэмдэглэлээ хуваалцъя.
Каннын кино наадмын тэмдэглэл: Хадмал орчуулга, дуу оруулга баяртай
Каннын кино наадмын үүсэл – Канн хот
Канн хот нь Францын зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Газар дундын тэнгисийн эрэгт оршдог 75 мянга орчим оршин суугчтай жижиг хот юм. Дэлхийн бусад томоохон наадмуудыг зохион байгуулахдаа том хот эсвэл нийслэл хотыг сонгодог бол яагаад энэ жижиг хотод Каннын наадмыг зохион байгуулах уламжлал тогтов? Энэ талаар Францын зураглаач Энзо Риединжертэй (Ж.Сэнгэдорж найруулагчтай хамгийн сүүлд хамтран ажиллаад буй) ярилцахдаа сонссон сонирхолтой түүхээс энд дурдъя.
Дэлхийн II дайны өмнө Франц улс Венецийн олон улсын кино наадмын (La Biennale di Venezia-н дэргэдэх) жишиг үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор (учир нь Венец Фашист улс төрийн нөлөөнд автсан байж) аль хотыг сонгох талаар санал хураалт явуулжээ. Нэлээд олон хотууд өрсөлдсөнөөс Биарритз болон Канн хоёр үзүүр түрүү булаалдан үлдсэн байна. Уралдаанд Канн түрүүлэх нь дамжиггүй болсон талаар олон нийт шуугьж байсан ч 1939 оны тавдугаар сарын есний өдөр наадмын зохион байгуулагч хотоор Биарритз сонгогдсон нь зарлагджээ. Үүнийг мэдсэн Каннын дэмжигчид, хотын захиргаа нь мөнгө санхүү, дотоодын болон олон улсын зочид хүлээн авах зочид буудлын тоо хэмжээгээ нэмэхээ амлаад зогсохгүй бүр наадмын ордон болох Palais-г барих амлалт өгч наадмаа өөрсдийн болгож авсан түүхтэй аж.
Канн нь орчин үе болон хуучны хэв шинж хосолсон өнгө төрх бүхий хот бөгөөд барилгууд нь Ром, Вен зэрэг хотуудын барилгатай төстэй хийцтэй. Наадам зохион байгуулагддаг далайн эрэг дээрх Palais-г тойрсон олон зочид буудал, дэлгүүр, ресторан зэргийн нягтшил болон далайн эргээс хойш үргэлжлэх жижиг хувийн сууцуудын ялгарлаас Каннын кино наадам тэдэнд ямар үнэ цэнтэй болохыг харж болно.
ДУНДАЖ ӨРТӨГ
Канн хотод кино наадмаас бусад үеэр тэр бүр жуулчид ирээд байдаггүй учраас энд зөвхөн наадмын үеэрх дундаж өртгийг танилцуулъя.
Зочид буудал дунджаар нэг хоногийн 70-150 евро (Мэдээж хотын аль хэсэгт гэдгээсээ хамааран үүнээс илүү эсвэл бага байх боломжтой), автобусны нэг талын тасалбар 1.70 евро (Гэхдээ Канн маш жижигхэн хот учраас алхахыг зөвлөе) бөгөөд тасалбараа жолоочоос худалдан авах боломжтой. Рестораны хувьд дунджаар 20-50 евро. Ингээд тооцоолбол нэг хүн долоо хоногт 1132 еврог зочид буудал, автобус, хоол хүнсэнд зарцуулна гэсэн үг.
Мөн наадамд оролцохын тулд мандат авах шаардлагатай бөгөөд ямар зорилгоор оролцохоос хамааран өөр өөр үнэтэй. Миний хувьд кино уран бүтээлч, мэргэжилтэн, кино маркетад оролцох эрхийн мандатыг 175 еврогоор авсан.
НААДМЫН ХАОС
Наадмын үеэр манай цэнгэлдэх шиг үймээн, хөл хөдөлгөөн их ч гэсэн хот нь далайтай тулдаа хүмүүс нь тоосондоо дарагдчихгүйхэн холхилдоно. Кино наадмын хүрээнд:
• Кино маркет
• Уралдаан тэмцээн (Un Certain Regard)
• Богино хэмжээний киноны (бэсрэг кино) уралдаан
• Кино урлагийн оюутнуудын бүтээлийн уралдаан (Cinéfondation)
• Тэнгисийн эрэг дээрх үзвэр
• Шүүмжлэгчдийн долоо хоног (найруулагчийн анхны бөгөөд хоёр дахь бүтээлд зориулсан уралдаан) буюу Directors’ Fortnight
• Улаан хивсний ёслол
• Шагнал гардуулах ёслол
гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд жил бүр 30,000-40,000 орчим киноны мэргэжилтнүүд, сэтгүүлчид, уран бүтээлчид, зочдыг Канн хот хүлээж авдаг байна. Кино маркет л гэхэд 140 гаруй улсын кино мэргэжилтнүүд кино бизнес явуулдгаараа дэлхийн хамгийн том кино яармагт тооцогддог. Энэ жил кино маркетад төрөл бүрийн шинэ технологи ба төсөл танилцуулагдсан бөгөөд 200 орчим түүнд хамаарах үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Түүний нэгийг Монголын Кино Урлагийн зөвлөл зохион байгуулсан юм.
“Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээ
Энэ жил Монгол Улс олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор Соёлын яамны харьяа Кино Урлагийн зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан юм. Тус сонгон шалгаруулалтаас сонгогдсон таван уран бүтээлчийг Каннын олон улсын кино наадамд оролцуулж “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг зохион байгуулсан байна. Уран бүтээлчдийн байрлах байр, мандат, замын зардлыг 50 хувь даасан бөгөөд найруулагч П.Лхагвадулам (“Сэр сэр салхи”, “Есдүгээр сарын цас” бүтээлээрээ Венецийн кино наадмаас шагнал хүртсэн, мөн “Шилүүс” богино хэмжээний кино бүтээлээрээ Каннын кино наадамд сонгогдож байсан) энэхүү арга хэмжээний өмнө бидэнд өөрийн кино төсөл танилцуулах туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгсөн билээ. Сонгогдсон таван уран бүтээлчид болон тэдний танилцуулах уран бүтээлүүд:
• Найруулагч Наянцогт болон продюсер А.Өнөржаргал нарын “The Underdogs: A Saga of Basketball” спортын уран сайхын кино төсөл
• Найруулагч Н.Анхбаяр болон продюсер Ц.Нямдулам нарын “Жагаа жолооч хоёр” драматик комеди уран сайхны кино төсөл
• Найруулагч А.Пүрэвдорж, продюсер Г.Ариунзаяа нарын “Цасан шуурга яг л Цыган хийл шиг уйлна” уран сайхны кино төсөл
• Найруулагч Ш.Ихбаярын “Угалз” уран сайхны кино төсөл
• Найруулагч О.Болорчимэгийн “The Seeds Of Love” анимэйшн бүтээлийн төсөл
Уг арга хэмжээнд миний бие сонгогдож төслөө танилцуулан олон улсын продюсерүүдтэй уулзалт хийсэн юм. Энэхүү арга хэмжээний талаар Screen Daily-ын нийтлэлээс мөн унших боломжтой. Дээрх арга хэмжээнд П.Золжаргал найруулагчийн "Баавгай болохсон" кинонд ажилласан Францын кино продюсер Фредерик Корвез хүрэлцэн ирж, монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласан туршлагаасаа мөн П.Золжаргал найруулагчтай хамтран ажиллах дараагийн төслийнхөө тухай хуваалцсан нь сонирхолтой байлаа.
"Happy Hour" Үйл ажиллагаа – “366 дахь өдөр”
Кино Урлагийн зөвлөлөөс кино урлагийг дэмжих тухай хууль болон Монгол орны өвөрмөц тогтоц бүхий онцгой байршлууд, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад олгох буцаан олголтын талаарх мэдээллийг олон улсын кино мэргэжилтнүүдэд хүргэх Happy Hour үйл ажиллагааг албан ёсны павильондоо зохион байгуулсан юм. Мөн кино маркетын үеэр найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр” бүтээл үзэгчдийн хүртээл болсон нь бас нэгэн чухал үйл явдал болсон билээ.
Онцлох үйл явдал – Ghibli studio
Бид бүгдийн сайн мэдэх Японы алдарт анимейшн студи болох Ghibli Каннын дээд шагнал, Palme d’Or-г гардан авах улаан хивсний ёслолд оролцох боломж наадмын үеэр надад олдсон юм. Энэхүү шагналыг өмнө нь зөвхөн уран бүтээлч, хувь хүнд олгодог байсан бол энэ жил анх удаа студид олгосон нь онцлууштай байлаа. Энэ талаар алдарт кино найруулагч Хаяао Мияазаки Канн-д илгээсэн бичлэгтээ “Юу ч ойлгохгүй байгаа ч гэлээ баярлалаа” гэж аанай л нэг хошигносон юм.
Шагналыг түүний хүү, кино найруулагч Горо Мияазаки гардан авч, алдарт продюсер Сүзүки Тошио, Хаяао Мияазаки нар нас өндөр гарсан тул ирж чадаагүйд уучлал гуйгаад Ghibli-н хамтран үүсгэн байгуулагч, нэрт кино найруулагч Такахата Исаог ( “Гэрэлт цохны булш”, “Кагуяа гүнжийн домог”, “Пом Поко”, “Миний хөрш Яамадагийнхан” зэрэг бүтээлээрээ алдартай ) дурсан ярьсан юм.
Горо бас нэгэн сонирхолтой зүйл хуваалцсан нь саяхан Хаяао Мияазакигийн хүртсэн Оскарын шагнал ( 96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "The Boy and the Heron" бүтээл шилдэг анимейшн төрөлд ялалт байгуулсан) гадуураа хайрцаггүй ирсэн бөгөөд бага зэрэг зурагдсан байсан болохоор Palme d’Or-г хайрцагтай байгаад баяртай буйгаа илэрхийлэн хошигносон юм. Ёслолын үеэр мөн Хаяао Мияазакигийн Ghibli музейд зориулж бүтээсэн дөрвөн богино хэмжээний киног толилуулж, танхимд цугларсан бидний хувьд өргөн дэлгэцээр энэхүү бүтээлийг үзсэн эхний үзэгчдийн нэг ( Уг бүтээл одоогоор зөвхөн Японд цацагдаад буй) болсон.
Тэрчлэн Горо Palme d’Or шагналыг студийн бүхий л цаг үеийн арын албаны уран бүтээлчдэд зориулсан бөгөөд үзэгчид Ghibli-д хүндэтгэл үзүүлж, тасралтгүй 15 минутын турш алга ташин баяр хүргэсэн нь сэтгэл хөдөлгөм санагдсаныг нуух юун.
Шагнал гардуулсан үдэш тэнгисийн эрэг дээр мөн Горо Мияазакигийн “Газар тэнгисийн домог” болон Хаяао Мияазакигийн алдарт “Порко Россо” хоёр уран бүтээлийг толилуулсан билээ.
Эцэст нь кино урлаг гэдэг бидний зүрх сэтгэлд ямар чухал орон зайг эзэлдгийг, уран бүтээлчдийн дуу хоолой үзэгчдэд хэрхэн хүрч, үзэгч биднийг биднийг хаагуур аялуулахыг үнэхээр таашгүйг мэдэрсэн өдрүүд байлаа. Миний бие Кино Урлагийн зөвлөлөөс залуу уран бүтээлчдийг дэмжихээр томоохон бөгөөд дорвитой ажил хийсэнд талархан кино төсөл дээрээ үргэлжлүүлэн ажилласаар байна. Монгол улсын маань кино урлаг цаашид амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
@purev_01