Тавдугаар сард болж өнгөрсөн Каннын наадам кино сонирхогчдын хувьд чухал цаг мөч байсан нь гарцаагүй. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ Итали улсад редакторын мэргэжлээр суралцаж буй А.Пүрэвдоржийн тус наадамд зочилсон цуврал тэмдэглэлээс хүргэж байна.

Кино урлаг анх үүссэн цагаасаа хойш үргэлж шинэчлэлт, өөрчлөлт, технологийн дэвшлүүдтэй хамт хөгжиж ирсэн билээ. Шинэ технологи бүр кино хэлэнд өөрчлөлт авчирсаар ирсэн бөгөөд уран бүтээлчдийн өгүүлэх түүх бүрд технологи үргэлж томоохон байр суурийг эзэлж байсан гэхэд хилсдэхгүй. Кино урлаг бусад урлагийн төрлүүдээс хамгийн отгон салбар боловч зуун жилийн дотор хамгийн их өөрчлөлт хувьсгал дунд торнижээ. Дуугүй киноноос дуутай кино, хар цагаанаас өнгөт, 3D гэх мэтээр хувьсан өөрчлөгдсөн тус салбарт дахин нэг шинэ хувьсал хаалга тогшин ирсэн байна. Бидний амьдралын бүх хэсэгт нэвчээд буй хиймэл оюун ухаан кино урлагаас ч мөн холуур өнгөрсөнгүй. Тэгвэл энэ урлагт дөнгөж танилцуулагдаад буй нэгэн сонирхолтой технологийн тухай энд өгүүлье.

Дэлхийн хамгийн том кино маркет + яармаг 

Жил бүр зохион байгуулагддаг Каннын олон улсын кино наадам энэ жил 77 дахь удаагаа тавдугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулагдлаа. Наадмын хүрээнд зохион байгуулагддаг нэгэн томоохон арга хэмжээ бол кино маркет буюу “Marche du film” билээ. Маркетын хүрээнд кино урлагийн мэргэжилтнүүд өөрсдийн төсөл, уран бүтээлээ танилцуулан олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, борлуулалт зэрэг бизнес уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 14000 кино урлагийн салбарын мэргэжилтнүүд, 4000 орчим кино төслүүд, 140 гаруй орноос ирж оролцсон томоохон үйл явдал болж өнгөрлөө. Энэхүү маркетын хүрээнд танилцуулсан нэг анхаарал татсан төсөл бол киног цаашид хадмал болон дуу оруулгагүй болгох хиймэл оюун ухаан байсан юм.

Төслийн танилцуулга + анхаарал татсан санаа 

Төслийн хэрэгжүүлэгч Darryl C. Marks болон Польшийн кино найруулагч Maciej Barczewski нар панелистаар оролцож Pinscreen компанийн CEO, Hao Li болон Сидней хотын их сургуулийн профессор Mike Seymour нар цахимаар холбогдож төслийнхөө талаар хуваалцсан юм.

Бид гадаад киног үзэхдээ хадмал орчуулгад ихэнх анхаарлаа төвлөрүүлэн киноны дэлгэцэд үзүүлж буй зарим санааг алддаг бол дуу оруулга нь жүжигчний амны хөдөлгөөнд тааруулах зорилгоор кино зохиолд бага сага өөрчлөлт оруулдаг” гэж энэ төслийн анхны хамтран ажилласан бүрэн хэмжээний кино болох “Champion (2020)” бүтээлийн найруулагч Maciej Barczewski уулзалтын үеэр онцоллоо.

Тэгвэл энэ технологи нь кино ямар ч хэл дээр байсан тухайн кинон дахь жүжигчдийн амны хөдөлгөөнийг дэлхийн аль ч хэлээр ярьж буйгаар хувиргах боломжийг олгосноороо бидэнд кино үзэхэд төрдөг мэдрэмжийг тэс өөр шатанд авчрах юм байна. Өөрөөр хэлбэл Титаник кинонд Leonardo Dicaprio болон Kate Winslet нар хоорондоо яг монголоор ярилцах боломжтой гэсэн үг. Уулзалтад оролцсон хүний хувьд сонирхол төрөн манай эх хэлнээс (монгол киног) дурын өөр хэл рүү хөрвүүлэх боломжтой эсэхийг тодруулахад “бүрэн боломжтой” гэж хариулсан нь анхаарлыг минь татсан юм.

Гагцхүү монгол хэлээр ярихад ам нүүрний хөдөлгөөн хэрхэн хувирдгийг хиймэл оюун ухаан судлах шаардлагатай аж. Цаашлан энэ технологи хэрхэн ажилладаг талаар илүү тодруулбал тухайн киноны жүжигчдийн тоглолт, илэрхийлэмж, амны хөдөлгөөнийг хиймэл оюун ухаан судалж боловсруулан, хөрвүүлж буй хэлний өгүүлбэр бүрийг тухайн жүжигчин хэрхэн хэлж болох хамгийн боломжит хувилбар руу хувиргадаг аж. Энэ нь киноны үндсэн зураг авалт, камерын өнцөг, өнгө, гэрэл, нүүр хувиргалт, дуу дүрс зэрэгт нөлөөлөхгүй гэдгээрээ онцлог технологийн дэвшил болоод байна.

Төслийн хамтын ажиллагаа  

Энэхүү төсөл дэлхийн томоохон кино бүтээгчдийн анхаарлын төвд байгаа юм. Тодруулбал Netflix болон Amazon Adapt entertainment компанитай хамтран ажиллахаар болоод буй аж. Тиймээс тун удалгүй бид Netflix-с дуртай киногоо англи хадмалгүйгээр үзэх боломжтой болох нь ээ. Мөн энэхүү санааг дуурайн бүтээх гэж олон компани өрсөлдөж байгааг ч төслийг санаачлагч Darryl C. Marks товчхон хуваалцсан юм.

Энэ технологийг аль ч улсын кино уран бүтээлчид уран бүтээлдээ ашиглах боломжтой бөгөөд найруулагч Maciej Barczewski үүнийг “уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ дэлхий дахинд илүү өргөн хүрээнд түгээх боломж” гэж харж буйгаа онцолсон юм. Манай улсын найруулагчид ч мөн адил өөрсдийн уран бүтээлээ илүү өргөн цар хүрээнд хүргэх боломжтой болж байгаа ажээ.

Кино зохиол бүрийн өгүүлж буй түүх хамгийн үнэ цэнэтэй. Харин үүнийг илүү саадгүй, хэн бүхэнд хүртээмжтэй болгохын төлөө технологи үргэлжид дэвшин хөгжсөөр ирсэн бөгөөд цаашид ч энэ эрмэлзэл бөхөхгүй болов уу.