Өглөөд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөж, үргэлжлүүлэн ажилдаа түгжирч, утаа, бохирдол, улс төрийн асуудалд багагүй стрестсээр хөгтэй ч юм шиг, хөгжилтэй юм шиг Улаанбаатарчууд бидний амьдрал өрнөсөөр. Орчин үеийн хотын соёлд дасан зохицож буй бидний хувьд ажил, амьдралаа зохицуулахад автомашин гэх зүйл анд нөхөр шиг чухал.

Автомашины түмэн төрөл дунд сүүлийн жилүүдэд мөс хагалан орж ирж буй төрөл бол цахилгаан автомашин. Дэлхий дахинаа уг төрлийн автомашин хэрэглэгчдийн таашаал нийцэж, томоохон компаниудаас эхлээд улс орны засгийн газрууд хүртэл нөр их анхаарал хандуулж буй. Тэгвэл Монголд ямар байгаа вэ? Ер нь энэ цахилгаан автомашин гээч зүйл манай орны, тэр дундаа манай хотын нөхцөлд тохиромжтой юу?

Эдгээр асуултад хариулт олохоор манай редакц оройхон гарч, ширүүхэн цахилж буй BYD-ийн цахилгаан хүлэгтэй ойроос танилцаж, нэгэн өдрийг туршин өнгөрүүлснээ элдэв хачиргүй хүргэж байна. Цахилгаан автомашин үнэхээр байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, унахад тааламжтай юу гэдгийг уншигч та тунгаагаарай.



Дэлхийн автомашины зах зээл сүүлийн 20 жил илүү сайхан ирээдүйд тэмүүлж, устөрөгч болон цахилгаан цэнэг хураагуурын технологи руу эргэлт буцалтгүй шилжих болов. Одоогоос тав орчим жилийн өмнө Монголд анх удаа цахилгаан автомашин үзэгдэж байсан бол энэ онд шинээр 700 гаруй цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Угтаа бид улсын хэмжээнд 2030 онд нийт автомашиныхаа 30 хувийг цахилгаан болгох өндөр зорилго тавиад буй. Хүн төрөлхтнийг ногоон хувьсгалд хүргэх эко автомашиныг ийнхүү онцлохын учир нь цахилгаан автомашин хэрэглэснээр агаарын бохирдолтой тэмцэх, эрчим хүчээ ухаалгаар ашиглах, импортоос бүрэн хамааралтай түлшний хэрэглээг бууруулах зэрэг олон давуу талтай.

цэнэг

Даваа гараг. Ажил алба, хичээл сургуульдаа яарсан нийслэлчүүдийн шинэ долоо хоног эхэллээ. Бид сэтгүүлч Э.Бөртгөлжин болон түүний охидын хамт BYD загварын цахилгаан атомашины хүч чадал, тав тух, бодит хэрэглээг туршихаар хөдлөв.

Цахилгаан автомашин энгийн автомашинаас 30 дахин бага ашиглалтын зардалтай гэдэг. Нээрэн ч нэг шөнө дүүртэл цэнэглэж, 500-600 км зам туулахад сард ердөө 20,000₮-30,000₮ зарцуулна. Ялангуяа импортын шатахуунаас бүрэн хамааралтай бидний хувьд энэ хэмнэлт бол сайн мэдээ. Өнгөрсөн сард гэхэд л ОХУ дотоодын үнээ тогтворжуулахын тулд хэд хэдэн орон руу хийж буй шатахууны экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоо мэдэгдсэн.

Бид нийтлэлийн зочноос яриа авахаар Шангри-Ла-д түр саатахдаа автомашинаа зогсоолд хэсэг зуур цэнэглэж туршив. Одоогоор Улаанбаатарт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 23 станц, мөн Орхон аймагт нэг станц бий. Мөн гэртээ ч цэнэглэж болох учир өдрийн турш цэнэг дуусах вий гэж санаа зоволтгүй. Нөгөөтэйгүүр Улаанбаатарчууд бид хотын төвийн 15-20 км радиус дотроо л идэвхтэй зорчдог тул нэг удаагийн цэнэглэлт ойролцоогоор хоёр долоо хоногийн өдөр тутмын амьдралд хангалттай хүрэлцэнэ. Бүтэн цэнэгээрээ Багануур яваад ирсэн хэмээн бидэнтэй дайралдсан цахилгаан автомашин хэрэглэгч хуваалцаж байлаа.



Цэнэглэх станцуудын тоог нэмэгдүүлж, цахилгаан автомашины хүртээмжийг улам нэмэгдүүлэх чиглэлд олон ажил хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь Эрчим сүлжээ ХХК-ийн хэрэгжүүлж буй EV+ төсөл юм. Төслийн хүрээнд Интермед ОУ-ын эмнэлэг, Шангри-Ла төв, Хөшигтийн хөндийн Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал, И-Март зэрэг байршлуудад цэнэглэх станц байрлуулж эхэлжээ. EV+ цэнэглэгч станц нь хэрэглэгч өөртөө үйлчлэх концепцтой бөгөөд Тoki апп ашиглан цэнэглэгч станцуудын байршил, цагийн хуваарь, үнэ, цэнэглэгч хошууны мэдээллийг шалгаж болдог болох гэнэ.

Зурагтын удирдлагаас эхлээд hybrid автомашинуудад байх цэнэг хураагуурын дагуулдаг нэг асуудал нь хэрхэн зөв зохистой хаях, устгах байдаг. Цахилгаан автомашины батарейг дахин ашиглаж болохгүй ч эрчим хүч хадгалах зорилгоор 15-20 жил дахин ашиглах боломжтой. Жишээ нь, АНУ-ын B2U Storage Solutions Inc компани Калифорниа мужийн Ланкастер хотод Ниссан болон Хондагийн 1300 хуучин автомашины батарейг ашиглан 25 МВт.ц хүчин чадалтай эрчим хүч хадгалах системийг байгуулж, хотын ид ачаалалтай үед төвийн системд нийлүүлснээр жил бүр нэг сая ам.долларын орлого олдог гэнэ.


Загвар, функц, аюулгүй байдал 

Хүйтэн өвлийн хортой утаа Улаанбаатарчууд бидний хувьд томоохон дайснуудын нэг. Яг одоо хотын төвд агаарын чанар PM 10 тоосонцор 65 байна. Харин энэхүү автомашин доторх агаар цэвэршүүлэгч жижиг ширхэгтэй тоосонцрыг ч нарийн шүүдэг тул PM 2.5 зааж байна.

Жолооч автомашинд суухад автоматаар асаж, буух үед мөн адил өөрөө унтрах нь механик үйлдэл хийж дадсан жолоочид тун ч соньхон санагдснаа хэлж байв. Суудлын бүс бол зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалах хамгийн чухал хэрэгсэл. BYD-ийн сайшаах зүйл нь жолооч суудлын бүсээ зүүгээгүй бол машин алхам ч хөдөлдөггүй онцлогтой.


Сэрүүн цагт автомашинаа халахыг хүлээн жиндэж суудаг цаг ард хоцорчээ. Зорчигч суусан даруйд халуун агаар үлээж, доороос суудал халах нь тун тухтай. Дотор салон битүүмж сайтай учир дуут дохио, барилгын чимээ зэрэг гадна орны дуу чимээ үл сонсогдоно.

Сэтгүүлч Э.Бөртгөлжин

Манай жолооч багахан туршлагагүйтэж, зогсоолдоо буруу эргэх гэтэл булан мэдрэгч дуугарч, 360 камер ард, доод талын саадыг харуулж, автомашин автоматаар зогсов. Цагаан зураасны чиглэлийн дохиолол, утасгүй цэнэглэгч, 360 градус эргэлддэг дэлгэц, дуу хоолой танигч зэрэг бүх функцууд хурууны мэдрэгчээр ажиллах нь жолооч замд явж байх үедээ өөр тийш сатаарахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Үүгээр ч зогсохгүй жолооч нойрмоглож, зүүрмэглэх үеийг автомашин мэдэрч үрүүлээ чичрүүлэн дохио өгөх нь тун тустай технологи ажээ.

BYD-ийг энэхүү загвар RX, Harrier-тай төстэй бөгөөд урт нь дөрвөн метр, өргөн нь 1.8 метр тул өнөр гэр бүлийн хэрэгцээнд нийцэх юм. Түүнчлэн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох ослын аюулгүй байдлын шалгалтаар 5:5 од авчээ.

Жолоодлого, тусгай эрх 

Ердөө долоо тоолохын дотор хүнгэнэх чимээгүйгээр 100 км/цаг хурдлах боломжтой ч хот доторх журмаа баримтлан замын хөдөлгөөнд оролцлоо. Өглөөнөөс эхлэн хотын төвөөр явахад түгжирч, цаг алдаагүйн учир нь саяхнаас цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болсонтой холбоотой. Ийм журам зөвхөн манай улсаар зогсохгүй, жишээ нь Францад зөвхөн хоёр болон түүнээс дээш зорчигчтой автомашин, такси, автобус зорчихыг зөвшөөрсөн авто замын тусгай эгнээ байдаг гэнэ. Уг эгнээгээр ганцаараа автомашинтай явахыг хориглож байгаа бөгөөд зөрчвөл 135 еврогийн өндөр торгуультай. Гэхдээ уг зохицуулалт цахилгаан автомашинд хамаарахгүй.

Эцэст нь, уламжлалт автомашинтай харьцуулахад цахилгаан автомашинд хөдөлгөөнт эд ангиуд цөөхөн байдаг учраас засвар үйлчилгээний зардал багатай. Тос, масло солиулахад санаа зовнилгүйгээр шил арчигч шингэнээ цэнэглэж, улирал тутам салоны шүүрээ шалгахад л болдог.

BYD-ийн ATTO 3 загварыг туршин өнгөрүүлсэн нэгэн өдөр ийнхүү өндөрлөлөө. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд зөөж, ажлаа амжуулан хотын төвөөр хагас өдрийг өнгөрүүлэхэд ердөө 12-15 хувийн цэнэг зарцуулжээ. Тав тух, тааламжит эдэлгээ, ухаалаг функ зэрэг дээр дурдсан онцлог давуу талууд нь залуу гэр бүлүүдэд тун ч хэрэгтэй санагдлаа.

Улаанбаатар дахь цахилгаан автомашины хэрэглээ, орчин үеийн машины технологийн давуу талуудын тухай уншигч танд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэж найдъя.