Уншигч танд шинэ оны эхний долоо хоногийн мэнд хүргэе. Дөрөв хоног үргэлжилсэн баярын амралт дуусаж, ажилдаа эргэн ирэх цаг боллоо. Бид шинэ он эхэлмэгц зорилгоо тодорхойлон, хүслийн жагсаалт гаргаж, сүрхий дайчин хүмүүс болцгоох нь бий. Гэвч баярын уур амьсгалаас салж, ажилдаа төвлөрөх болоход арга эвээ нэг л олж өгөхгүй хойш суух хандлага хүн бүхэнд л тулгардаг түгээмэл асуудал гэдгийг онцлууштай.  
Тиймээс амралтын горимоо унтраахаар хичээж буй зовлон нэгт уншигчдадаа зориулан нийтлэлч миний зүгээс дараах таван энгийн зөвлөгөөг хүргэж байна.  


Аливаа зүйл нэгэн хэвийн байдлаар тодорхой хугацааг өнгөрүүлвэл уйдаж, муудаж, улмаар шинийг эрэлхийлэх нь байх л үзэгдэл. Таны хоёр жил өмссөн гутал, дөрвөн жил барьсан гар утас одоо тантай хамт байхгүй байгаа нь ийм л шалтгаантай. Учир нь хуучин зүйлийг шинэчлэх, өмнө нь байсныг өөрчлөх нь бүхнийг шинээр эхэлж буй мэдрэмж өгч, сэтгэл санааг сэргээдэг. Тэгвэл оффисынхоо аль нэг зүйлийг дассан сурснаасаа огт өөр болгоод үзвэл удаан хугацааны амралтын дараа үргэлжлүүлэн амрахыг хүссэн бие болоод сэтгэхүйд шинэ салхи сэвэлзэх шиг л болно. Тухайлбал, ширээнийхээ хэв маягийг өөрчлөх, байршлыг нь шинэчлэх, эсвэл компьютерийнхээ дэлгэцийн зургийг солих ч байж болох юм. Цэвэрхэн, ухаалаг зохион байгуулалттай ажлын байр нь бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна эерэг, урам зоригтой орчинг бүрдүүлдэг.



Жилийн яг өдийд гацуураа хураав уу үгүй юу буузаа чимхэх ажил ундарч, хүмүүс битгий хэл гудамж талбай, байшин барилга баярын уур амьсгалд хучигддаг. Зөрсөн хүмүүс ууц, хэвийн боовоо хаанаас авах, өнгөрсөн жил өмссөн дээлээ энэ жил дахиад өмсвөл хүмүүс муу хэлэх эсэх талаар яриа өрнүүлж, баярын хямдрал, бэлэгтэй худалдаа гэсэн сурталчилгааны самбарууд хотыг бүрхдэг билээ. Энэ бүхний нэг хэсэг байх нь хэдий сайхан ч дур сонирхолдоо дэндүү хөтлөгдөж, баярын уур амьсгалд хэт автах нь бүтээмжид саад учруулж болзошгүй. Үнэндээ хүн өрөөлд бус өөртөө хамгийн их анхаардаг. Тиймдээ ч баярын ширээний идээ ундааг хэрхэн бэлтгэсэн тухай, найзын өмссөн даашинз ямар загвартай байсан тухай хэн ч бүтэн жил санаад явдаггүй юм шүү. Тийм учраас та дараах асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Баярын өдөр, ажлын өдрийн аль нь илүү их тохиох вэ? Тэгвэл би алинд нь илүү их ач холбогдол өгөх учиртай вэ?



Шинэ он, шинэ би. Энэ үгийг бид найз нөхөд, ажлын хамт олондоо хөнгөн наргиа байдлаар хэлдэг ч яг үнэндээ он солигдох мөчид, эсвэл нэгдүгээр сарын нэгний өглөө тун ч нухацтай өөртэйгөө ярьдаг сэдэв. Тэгвэл карьерийн хувьд ирж буй ондоо хэрхэх талаараа төсөөлөөд үзээрэй. Ингэхдээ, ажиллаж буй компанийнхаа энэ жилийн зорилго, төлөвлөгөөг бодолцож үзээд түүнд хүрэхийн тулд өөрийн зүгээс ямар хүчин чармайлт гаргаж чадах вэ? Түүгээрээ дамжуулан хувь хүний хувьд ямар өсөлтийг бий болгох боломжтой вэ? Гэдэг талаар жилийн эхэнд тунгааж үзэх нь хамгийн оновчтой. Ингэснээр урт хугацааны амралтын дараа эргэн ирж буй ажлыг илүү сонирхолтой, утга учиртай болгож, цаашдын чиглэл, зорилгыг бий болгож чадна.



Баярын амралт бол хагассайн, бүтэнсайнаас тэс өөр. Тавдахь өдөр хийж дуусгаагүй ажил байгаа эсэхийг шалгаж гүйцээх нь хагассайн өдрийн ажил бол нэгдэх өдрийн ажлаа урьдчилан төлөвлөх, зураглах нь бүтэнсайн өдрийн ажил. Үндсэндээ гэрээс ажиллах горим руу шилжсэнээс хол зөрөхгүй. Харин баярын өдрүүдэд л бид ажлын талаар огт бодохгүй, жинхэнэ утгаараа амардаг юм шиг. Үзэж дуусгаагүй кино, идэж бараагүй баярын амттанаас нэг л өдөр хагацах болоход “Үүр битгий цайгаасай" дуу өөрийн эрхгүй аманд аялагдах шиг болдог. Тэгвэл энэ үед туслах шалгарсан аргуудын нэг нь өмнө туршиж байгаагүй цагийн менежментийн аргыг хэрэгжүүлэх явдал юм. Помодоро (богино завсарлагатай төвлөрсөн интервалд ажиллах) зэрэг техник нь төвлөрлийг хадгалахад тусалдаг бөгөөд энэхүү техник дээр суурилсан төрөл бүрийн апп, хөгжмүүд Youtube-д бий. И-мэйл шалгах, уулзалтад оролцох зэрэг гүн анхаарал төдийлөн шаардахгүй ажлуудад хуваарь гаргаж, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай ажлуудад чанартай цаг зарцуулахыг хичээгээрэй.



Хүний сэтгэл гэдэг яг л жаахан хүүхэд шиг. Маш жижиг мөчүүдэд баярлаж, хөөрдөг. Тиймээс л бид хуучирсан, хэрэглээнээс гарсан зэрэг шалтгаанаас гадна шинэ эд зүйл задлах үеийн таатай мэдрэмжийг авахын тулд дараа дараагийн худалдан авалтыг хийдэг. Дээрх бүх аргыг хэрэглээд ч нэг л болж өгөхгүй, амралтын сайхан өдрүүдээ л санагалзаад байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй. Заавал шинэ компьютер, ширээ сандал худалдаж авах нь чухал биш. Ширээний гэрэл, сандлын зөөлөвч авсан ч хүүхэд шиг хөөрүү сэтгэл тэтгэгдээд л ирнэ. Ингэснээр таны хийж буй ажил илүү сонирхолтой, аз жаргалтай мэт санагдаж, урт хугацааны амралтад сайн дураараа баяртай гэж хэлэх боломжтой болох юм.