Япон руу аялж буй хүмүүсийн хэдэн хувь нь япон айлд хонож, тэдний аж амьдралыг дэргэдээс нь харах боломжтой байдаг бол? Магадгүй маш цөөн хүнд л ийм боломж олддог байх. Харин азтай нь гэвэл би тэр цөөхөн хүний нэг нь болж чадсан юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй, тус улсын ЭСЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “JENESYS 2024” хөтөлбөрт өргөдлөө илгээж, тэнцсэнээр их наран улсыг гүнзгий танин мэдэх гайхалтай боломж нээгдсэн билээ. Тийнхүү энэ оны хоёрдугаар сарын 18-наас 25-ны хооронд Японд саатаж, Ази тивийн өөр нэгэн өнгийг өөрийн нүдээр тольдсон юм.

Бидний аялсан энэ удаагийн хөтөлбөр “Монозүкүри” буюу япончуудын аливаа зүйлийг урлан бүтээх ур ухаантай танилцах сэдэвтэй байсан бөгөөд тэнд өнгөрүүлсэн долоо хоног миний амьдралын хамгийн урт долоо хоног байсан гэдгийг онцолмоор байна. Учир нь их олон ажил амжуулж, тун чиг арвин дурсамжийг бүтээж чадсан. Аяллаа товчхон тодорхойлоход, өнгөрсөн үеийн уламжлал орчин үеийн технологитой одоо цагт хэрхэн хоршиж, харилцан уялдаж байгааг харсан гэж хэлж болно.

Аяллын хамгийн мартагдашгүй хэсэг нь Фүкүй мужийн Эчизэн хотод өнгөрүүлсэн хоёр хоног байлаа. Бид найман бүлэгт хуваагдаж, тус бүр нэг япон гэр бүлд зочлон, тэдний амьдралын хэв маягийг ойроос мэдэрсэн юм. Ингээд тэрхүү 48 цагийн онцлох мөчүүдийг хуваалцъя.

ЦАС МАЛГАЙЛСААР БИДНИЙГ УГТАВ

Бид Токио хотоос Шинкансен буюу суман галт тэргээр аялж, олон зуун уулыг нүхэлсээр Фүкүйд ирлээ. Хөдөлж буй нь үл мэдэгдэх энэ сонирхолтой тээврийн хэрэгсэл цагт 320 км-ийн хурдтай явах ба 1964 онд анх хэрэглээнд нэвтэрч, Токиогоос Осака чиглэлд зорчигч тээвэрлэж эхэлсэн гэдэг. Тухайн үеийн Шинкансен нь 210 км-ийн хурдтай байжээ.

Зорьсон газартаа ирэхээс өмнө багагүй цас орсон тухай бидэнд дуулгасан ч шагай давах хэмжээний их цас биднийг хүлээж байгааг гадарласангүй. Энд нэмэх градустай боловч том том гэгч нь цас малгайлан хаялж байв. Одоо цаг гаран яваад япон аав ээжийнхээ хүлээж буй Эчизэн хотод очно.


Шинкансенд идсэн бэнто /савласан өдрийн хоол/

Биднийг угтаж авах япон гэр бүлд хандан үг хэлэх үүрэг хүлээсэн болохоор автобусанд явах зуураа хэлэх зүйлээ дахин нэг бодож, сайтар бэлдэж амжлаа. Цонхоор харан бодолдоо автаж суутал манайхны нэг аялагч гэнэт орчуулагч багшаас сонирхон асуув. “Багш аа, энэ замаас ус шүршээд байх юм. Ямар зориулалттай юм бол?” гэхэд багш хариуд нь “Ямар сайн анзаараа вэ? Энд өвөлдөө цас их ордог болохоор ийм системтэй. Цас ормогц замын голоос давстай ус гоожуулж, хуримтлагдсан цасыг хайлуулдаг юм. Ингэснээр замын хальтиргааг багасгадаг.” хэмээн хариуллаа.

Үүнийг сонсоод сайн ажиглахад үнэхээр л замын гол зурааснаас жаахан зайтай хэсэг бүрээс жижигхэн усан оргилуур мэт зүйл үе үе ус цацаж байв. Малгайлан будрах цас зам дээр хайлж байхад замын хоёр талд цасан хунгар тогтсон нь илт ялгарах аж.

ЭЭЖТЭЙГЭЭ УУЛЗАВ

Би гэдэг хүн гэрээсээ өөр газарт хонох нь ховор, тэгээд бүр хилийн чанадад айлын гэрт хонож үзэх тухай бодож ч үзээгүй нэгэн. Иймийн учир тэнд өнгөрүүлэх мөч бүрээ тултал мэдэрч, өөрт төрсөн сэтгэгдэл бүхнийг сийрүүлэн бичиж уншигчидтайгаа хуваалцана гэх зорилго тавьсан минь энэ.

Манай аяллын I групп буюу Япон орныг сурталчлан таниулах багт нийт 33 хүн бий. Япон хэл дээрх илтгэлийн тэмцээний ялагч, манга зураач, гэрэл зураг сонирхогч, ахлах болон их сургуулийн багш, TikTok болон YouTube-д контент бүтээгч, косплэер гээд медиад ажилладаг надтай нийлээд дөрвөн хүнээс гадна олон сонирхолтой оролцогч тал бий. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаа оролцогчдын нас, ажил мэргэжил, сонирхол, хоббиг аль болох олон талтай байлгахыг зорьсон нь илт. Түүнчлэн энэ хөтөлбөрийн гол шалгууруудын нэг нь өмнө нь Япон руу аялж үзээгүй байх явдал тул уншигч танд ч ирээдүйд ийм боломж гарч мэдэхийг ташрамд дуулгая.

Япон аав, ээжтэйгээ танилцсаны дараа бид тус тусын гэр рүүгээ хөдөллөө. Надтай хамт зургаан охин хоёр хоногийн турш нэгэн гэр бүл болж, Япон ээжийнхээ гэрийн ажилд туслахаас гадна аль болох олон зүйл туршихаар төлөвлөөд байв. Манай япон ээжийг Юка гэдэг бөгөөд тэрээр Эчизэн хотод зохион байгуулагддаг олон төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг нэгэн аж. Тэр ч бүү хэл энэ удаагийн Homestay хөтөлбөрийг зохион байгуулахад оролцсон гэнэ. Одоо бид машинаар 15 минут яваад шинэ гэртээ очно.


Бидний хоёр хоног байрлах гэр

АНХНЫ СЭТГЭГДЭЛ "МАШ ХҮЙТЭН"

Бидний амьдрах гэр ууланд болж таарлаа. Өглөө сэрэхдээ Япон тэнгисийн давлагаа харах нь дээ гэсэн найдлага талаар болов. Гэхдээ л хэн мэдэх вэ? Японд ирсэн цагаас эхлээд юм бүхэн нь гайхшируулж байгаа хойно маргааш өглөө биднийг содон зүйл хүлээж байгаа нь лавтай.

Гэртээ хөл тавьсан анхны сэтгэгдэл юу вэ гэж үү? МАШ ХҮЙТЭН. Манай гэр үүдний хэсгээ оффисын өрөө болгон тохижуулсан ба цаашилбал зочдын унтлагын өрөө, дахиад цаашилбаас гал тогоо болон зочны өрөө, бүр цаана нь гэрийн эздийн унтлагын өрөө, ариун цэврийн өрөөтэй. Хоёрдугаар давхарт мөн зочид хүлээн авах өрөө бий. Хачирхалтай нь энэ гэрт халдаг эд гэвэл гал тогоонд байх зуухнаас өөр зүйл үгүй ажээ. Ямар сайндаа л өнөө шөнө гал тогоонд унтчихаж болохгүй юу гэж асуух шахсаныг яана.


Манай гэрийн хамгийн сайн халдаг эд

Аз болж бидний өрөө халдаг гудастай байлаа. Даарч магадгүй гээд манай япон аав шингэн түлшээр ажилладаг халаагуур ч бэлдсэн байв. Гэхдээ л хүйтэн хэвээр… Хамгийн хүйтэн өвөлтэй улсаас ирсэн гэхэд монголчууд бид япончуудыг гүйцэх чийрэг биш бололтой. Тэр шөнө хоёр давхар хөнжлөөр хучаад бид зургаа бие биетэйгээ тэврэлдсээр унтсан даа.


Япон аавын бидэнд зориулж авч өгсөн халаагуур

Энд тогны үнэ өндөр болохоор айл бүр эрчим хүчний хэмнэлттэй амьдардаг гэнэ. Тэгээд ч эрт цагаас энэ мэт хүйтэнд дасах зорилгоор балчир хүүхдүүдийг аль болох хөл нүцгэн байлгадаг аж. Үүний баталгаа болж манай айлын арван настай хүү цэв хүйтэн шалан дээр нимгэн оймстой нааш цааш гүйсээр л.


Байшингийн дулаалга гэж бараг л үгүй

НЭГ СУРГУУЛЬД НЭГ СУРАГЧ

Манай гэрийнхэн энд тэндээс ирсэн жуулчдыг гэртээ хүлээн авахдаа дадсан улсууд юм шиг ээ. Оройн хоолны дараа бидэнд урьдчилан бичиж авсан телевизийн нэвтрүүлгийг сурцтай нь аргагүй үзүүлэв. Ер нь л бэлдэж тавьсан хөнжил гудсаас эхлээд бэлгэнд авсан дурсгалын зүйлс нь Солонгос, Тайванийх гээд эгнүүлэн өржээ.


Бидний өгсөн бэлэг нэмэгдлээ

Өнөөх нэвтрүүлэгт манай япон гэр бүлийн тухай өгүүлэх ба хамгийн сонирхолтой нь арван настай Мото дүү маань бага сургуульдаа ганцаархнаа сурдаг болж таарлаа. Түүний ганцаараа сурдгийн шалтгаан тодорхой. Япон Улсад төрөлтийн түвшин буурсаар байгаа ба 2023 оны байдлаар 727,277 төрөлт бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой нь харьцуулахад 43,482-оор буурсан үзүүлэлт төдийгүй ийнхүү найм дахь жилдээ түүхэн доод хэмжээнд хүрсэн аж.

Нэвтрүүлгийн баг Мотогоос яагаад өөр сургууль руу шилжихгүй байгааг нь асуутал “Манай өвөө, аав бүгд энэ сургуулийг дүүргэсэн. Тийм болохоор би заавал энэ сургуулийг төгсмөөр байна” хэмээн хариулсан юм. Арван настай хүүхэд ийм хариулт өгөх нь хөөрхөн биш байна гэж үү?


Оройн хоолонд түүхий загас

ШИНЭ НАЙЗ

Нохой, муураас эхлээд надад айдаг амьтан олон бий. Гэтэл миний хуваарилагдсан айл нохойтой байж таарав. Shiba Inu үүлдрийн долоон сартай гөлөг. Шинэ хүмүүс харсан даруйдаа онгирч цовхчин, бидэн рүү ээлжлэн цоройх түүнийг хараад би дотроо “Айж, зугтвал үүнээс л дор юм болно” гэж бодон тайван байхыг хичээлээ. Тэгээд ч ам бүлийнхээ нэг гишүүн мэт хүлээж авдаг нохойноос нь зугтвал гэрийн эздэд таатай санагдахгүй нь мэдээж.


Риан бид хоёр

Хачирхалтай нь гэвэл би Риантай хурдан учраа ололцсон. Өмнө нь хүрч илэх нь байтугай нэг метрийн зайд ч ойртож чаддаггүй байсан би анх удаа нохойтой тийм ойр байж, айдсаа давж чадсан билээ. Магад Риан тайван араншинтай, бараг хуцдаггүй учраас тэр болов уу.

БОДОН ГАХАЙН МАХТАЙ РАМЕН

Зургаан сар исгэж, идэхэд бэлэн болсон мисо

Япон ээжийн заавраар мисо амтлагч хийх даалгавар авлаа. Орц нь тун энгийн – цагаан будааны соёолж (rice malt), давс, шар буурцаг. Хамгийн сонирхолтой нь өвлийн сэрүүн улиралд хийвэл муудалгүй сайн исдэг гэж тайлбарлав.

Хийх явц нь тун нарийн. Эхлээд чанаж болгосон шар буурцгаа нухаж, дээр нь цагаан будааны соёолж, давс нэмж сайтар холино. Дараа нь зуурмагийг гартаа авч бөөрөнхийлөөд, даршлах савандаа хийж, нэг бүрчлэн бяцлан дагтаршуулах ёстой. Агаар орохгүй байх нь маш чухал. Ингээд зургаан сарын дараа мисо амтлагч бэлэн болно. Япончууд бүгд өглөө бүр мисотой шөл уудаг эсэхийг мэдэхгүй ч манай гэр бүлд энэ заншил тогтсон гэдгийг Юка эгч хуваалцсан юм.


Япон аавын рестораныг орон нутгийн хэвлэл нь онцолжээ

Энэ өдрийн хамгийн онцлох мөч бол бодон гахайн махтай рамен идэж үзсэн минь. Япон аав Sunny маань зургаан жилийн өмнө төрсөн нутагтаа буцан ирж, аж амьдралаа төвхнүүлсэн бөгөөд үе дамжсан мод бэлтгэх бизнесээ үргэлжлүүлж буй нэгэн. Тэрхүү ажлын хажуугаар ресторанаа нээж, өвлийн цагт амин дэмтэй халуун раменаар нутгийн иргэдээ дайлсаар байгаа юм. Гол нь бодон гахайг өөрөө агнадаг гэхээр бүр ч онцгой сэтгэгдэл төрүүлэм.


Адууны махтай төстэй амтагдсан

ТЭНГИСИЙН ЭРЭГ ДЭЭРХ ТАВАН ХОРОМ

Эчизэн бол Япон тэнгисийн эрэг дагуух хот. Тэгэхээр уудам тэнгисийг ойроос харахгүй бол алдас болно шүү дээ. Энэ хүсэлтийн дагуу япон ээж биднийг Mate кафед дагуулж очихоор болж, эргийн зам дагуу давхилаа. Яг л Ghibli-ийн Ponyo анимэйшн дотор орсон мэт санагдаж, зам руу халих давлагаанаас машинтайгаа зугтаж буй ээж хүү хоёрын хэсэг эрхгүй бодогдов.

Ингэж төсөөлсөн шигээ явж байхад эрэг дагуу хог хөвж байхыг анзаарлаа. Японд ирснээс хойш хог байтугай хогийн савтай цөөхөн тааралдсан бидэнд гарцаагүй сонин үзэгдэл байсан тул яагаад ийм байгааг нь япон ээжээс асуусан юм. Япон тэнгистэй нийлдэг бусад орны хог хаягдал хөвж явсаар энэ хүрдэг ажээ.


Даарч байгаа ч даараагүй мэт царайлав

Тэнгисийн эрэг дээрх таван хором гэсний учир нь тэндэхийн салхи их хүчтэй байсных. Охидоороо ээлжлэн бие биенийхээ бичлэг зургийг авах гэж багагүй тэвчээр заасан шүү. Гэхдээ гоё зураг даруулж л байвал гар хуруу бээрэх, салхинд туугдах энэ тэр бол эмэгтэйчүүд бидэнд асуудал биш билээ.


Япон ээжийн авч өгсөн халуун шоколад, кофе, сүү

БАЯРЛАЛАА

Үргэлжлүүлэн бид тэнгисийн эргээс халуун рашаан руу хөдөллөө. Өдөржин гадуур аялж, шинэ зүйлсээр дүүрэн өнгөрүүлсэн бидний хувьд үүнээс илүү амралт гэж юу байх билээ. Эндэхийн халуун рашаан нь манайхаар бол Encanto-ийн саун юм уу даа. Гол ялгаа нь +40, +42 градусын ус нь уулын халуун рашаан юм билээ. Эхэндээ буцлам халуун ус руу орж байгаа мэт мэдрэмж төрсөн ч дасаад ирэхээр хэдий хугацаагаар ч хамаагүй сууж болмоор санагдсан. Гэхдээ энд хэт удаан суувал толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг гэж япон ээж анхааруулсан учраас уугууль япончуудын адил халуун хүйтэн усанд ээлжлэн, богино хугацаагаар алжаалаа тайлсан юм. Ийнхүү шахуу хөтөлбөртэй долоо хоногийн дундуур богино ч гэлээ амсхийх боломж олгосон хоёр өдөр дуусаж байна.

Хайрах хүйтэн үгүй хэр нь шилбээр татах их цастай өвлийг Эчизэн хотоос үзлээ. Очиж үзээгүй газар, дасал болоогүй хоол, мэдэрч амжаагүй соёлоор бялхсан энэ хоёр хоногийг би хувьдаа хэзээ ч мартахгүй. Баярлалаа, JENESYS!


Япон ээж Юкагийн хамт