UX дизайн, маркетинг, технологи гэдэг зөвхөн тухайн салбартаа хамаатай ойлголт байхаа хэдийнээ больжээ. Учир нь технологи үсрэнгүй хөгжиж буй энэ үед өөрийн бизнесээ өргөжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх мөн хувь хүнийхээ хувьд хөгжихөд дээрх чадваруудыг суралцах ёстой болоод байна.  

Энэ шаардлагад тулгуурлан хэрэгжүүлсэн хөтөлбөр бол Grow with Google юм. Уг хөтөлбөрт Суданд энхийг сахиулагчаар ажиллах залуугаас, Дорнод аймгийн малчин, бизнес эрхлэгч ээж гээд өөр өөрийн онцлог бүхий 350 оролцогч хамрагджээ.  

Энэхүү цогц хөтөлбөрийн нэг хүнд ногдох үнэ цэн гурван сая төгрөгтэй тэнцэхүйц. Оролцогчид онолын сургалтуудаас гадна карьерын хувьд шат ахиж, тухайн салбартаа үнэ цэнтэй мэргэжилтэн болсныг тэдний хэрэгжүүлсэн төслүүд гэрчилнэ. Тэдний 21 хоногийн дотор хэрэгжүүлсэн төслүүдийн багахан хэсгээс энэ удаагийн нийтлэлээрээ сонирхуулъя.  

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД

Оролцогчид гурван сарын хугацаанд кибер аюулгүй байдал, дата шинжилгээ, төслийн менежмент, UX дизайн, дижитал маркетинг, мэдээллийн технологи гэсэн зургаан төрлийн мэргэжлээс сонгон суралцсанаас гадна ажлын байранд бэлтгэх зөөлөн ур чадварын 20 цагийн хичээлд хамрагдаж, мэргэжилтнүүд, зөвлөгөө авч, шилдэг аж ахуйн нэгжүүдийн ажлын байруудтай танилцаж, туршлага судалсан юм. Дэлхий даяар 2 сая 400 мянган Google Career Certificate-ийг хүлээн зөвшөөрсөн ажлын байр байдаг. Тус сертификатыг гардан авсан 600 мянган төгсөгч байдгаас 75 хувь нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг төдийгүй албан тушаал дэвшсэн байдаг гэнэ.

1. One day in Mongolia- Цахим маркетинг/ цахим худалдаа

Дотооддоо үйлдвэрлэл явуулж, бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь гадаадын зах зээлд нэвтрэх хүсэл бий. Гэтэл хаана, хэнтэй уулзаж, ямар гэрээ хийх гэдгээс эхлээд шантрам олон асуудлууд гарч ирдэг. Тэр бүх анхан шатны асуудлаас эхлээд бүтээгдэхүүнээ таниулж, борлуулах, бүр хүргэх, хаана хадгалах хүртэл асуудлыг цогцоор нь шийдсэн төсөл бол One Day in Mongolia юм. One Day in Mongolia баг нь маркетинг, менежментийн асуудалд төвлөрөн SEO (Search engine optimization) болон и-мэйл маркетингийг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр тэдний вэб сайт руу зочлогсдын тоог 173 хувиар нэмэгдсэн бодит үр дүн гарчээ.

2. Хувийн санхүү хөтлөлтийн апп- Төслийн менежмент ангийн төсөл

Хувийн санхүүгээ тууштай хөтөлж авч явна гэдэг нэлээдгүй тэвчээр бөгөөд хүч хөдөлмөр шаарддаг ажил. Хувь хүнээс гадна тухайн орныхоо хөрсөнд буусан, хэрэглэхэд хялбар апп олно гэдэг мөн хэцүү. Grow with Google хөтөлбөрийн оролцогч баг “төслийн менежмент” хичээлийн хүрээнд сурсан бүхнээ бататгасан юм. Тэд Монголын зах зээлд тохирсон, бусад банкны аппуудыг нэгдсэн системд холбосон нь асуудлыг маш бодитой харж шийдвэрлэснээрээ онцлог.

3. IT support ангийн төсөл

Гарааны бизнесийн хувьд веб сайтын сервер түрээс, домэйн гээд маш өндөр зардал гардаг. Энэ асуудлыг шийдэх cloud серверийн үйлчилгээг Grow with Google-ийн мэдээллийн технологийн ангийн оролцогчид санал болгож буй. Google cloud сервер нь биет сервертэй харьцуулахад 22 дахин хямд. Мөн тус баг сурсан хичээлийнхээ хүрээнд компанийн аюулгүй байдлыг хангах сүлжээний дизайн боловсруулж, Windows Server 2016 дээр Domain Controller хийсэн нь оролцогчдод томоохон туршлага болсныг тэд онцолж байв.

4. Tusly апп - UX дизайн ангийн төсөл  

Тусгай хэрэгцээт хүмүүс, ахмад настан, бага насны хүүхэдтэй ээжүүдэд өдөр тутмын амьдралд нь тусламж маш их хэрэгтэй болдог. Ялангуяа тусгай хэрэгцээт хүмүүс нийгэмд бие дааж хараат бус байдлаар оролцоход маш хүндрэлтэй. Тиймдээ ч тэдгээр хүмүүс гэртээ байж, хүмүүстэй харилцахаас зайлсхийх хандлагатай байдаг. UX дизайн ангийн оролцогч өөрийн амьдрал дээр үндэслэн Tusly апп-ийн төслийг хэрэгжүүлжээ. Тэдний гаргасан аппаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ээжүүд өөрт туслах цагийн ажилтныг өөрийн байршилд тулгуурлан олох боломжтой.

5. Цахим аюулгүй байдал ангийн төсөл  

Чухал мэдээлэл алдагдах, бизнесийн үйл ажиллагаа доголдох, хэрэглэгчдээ алдах, санхүүгийн хохирол учрах, кибер аюулгүй байдлын тухай хууль, дүрэмд нийцээгүйгээс болж торгууль төлөх зэрэг эрсдэлүүд үүсдэг. Энэ эрсдэлээс сэргийлэх халдлага илрүүлэх системийн зураглалыг цахим аюулгүй байдлын ангийнхан гүйцэтгэжээ. Ингэхдээ ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд аюулгүй байдлын ажилтанд “Discord”-оор мэдэгдэх шийдлийг бий болгосон байна. Тэд өөрсдийн шийдлийн ажиллагааг шалгахын тулд веб сервер, өгөгдлийн сан, халдлага хийх машин бэлтгэж, орчноо үүсгэж бодит туршлагаа хэрэгжүүлжээ.

6. Дата шинжилгээ ангийн төсөл 

Дата шинжилгээ ангийн сурагчид УИХ-ын нэг гишүүн хэдэн хүн төлөөлдөг вэ? хэмээх судалгааны ажлыг хичээл дээр сурсан мэдлэгтээ үндэслэн хийжээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан албан ёсны тоо мэдээнээс харахад 2004 оны УИХ-ын ээлжит сонгуульд УИХ-ын нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо Улаанбаатарт болон орон нутагт 7,010 хүний зөрүүтэй. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн хувьд уг зөрүү нь 27,902-д хүржээ. Иймд Grow with Google-ийн сурагчид цаашид нутаг дэвсгэрийг тойрогт хуваахдаа орон нутаг болон Улаанбаатар хотоос хамааран эрс ялгаа үүссэнийг онцгой анхаарах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.

Grow with Google Mongolia хөтөлбөрөөс төрсөн эдгээр төслүүд нь хүний өдөр тутмын амьдралд тулгамддаг маш энгийн эсвэл бүр бидний тэр бүр анзаардаггүй асуудлуудыг цэгцтэй мөн цогц, чамбай шийдэх гэж оролджээ.

Нээлтээ хийсэн эхний жилээсээ авхуулаад өргөн цар хүрээтэй зохиогдсон тус хөтөлбөр нь энэ оны намар дахин элсэлтээ авахаар бэлдээд буй. Тиймээс уг хөтөлбөрт оролцохыг хүсэж буй хүмүүс Grow with Google Mongolia хуудастай ойрхон байгаарай.