Өнгөрсөн жилийн өдийд багагүй шуугиан дагуулсаар нээлтээ хийж, гурван сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болж чадсан Threads-ийг бид X (Twitter)-ийн өрсөлдөгч хэмээн цоллох нь ч бий. Үүнээс хойш тус аппын хэрэглэгчдийн тоо тогтвортой өссөөр нэг насны төрсөн өдрөө 175 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй угтаж буйгаа Meta компанийн Гүйцэтгэх захирал энэ лхагва гарагт мэдэгдлээ. 

технологийн ертөнцөд шинэ тоглогч мэндэлсэн нь

Инстаграмын толгой компани болох Мета-аас X-тэй харьцуулж болохуйц цоо шинэ апп болох Threads тун удахгүй нээлтээ хийх гэж буйг өнгөрсөн оны зургаадугаар сард зарлаж, технологи сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд амжсан. Ойлгомжтой бүтэц, хялбар функцийн тусламжтайгаар хэрэглэгчдийг татаж чадсан Threads нь инстаграмтай ямар ч саадгүй хоршин ажиллахаар бүтээгдсэн ба инстаграмын бидэнд олгож чаддаггүй боломжууд (нийтлэл, нөлөөлөгчдийн хамтын ажиллагаа, хэвлэлийн мэдээ гэх мэт)-ыг хэрхэн нөхөж буйг нээлтийн өмнө онцлон сурталчилж байв.

Сайжруулалт: Хэрэглэгчдийн санал хүсэлтийг цуглуулж, түүнд суурилсан сайжруулалтыг хөгжүүлэгчид хийх зорилгоор тодорхой бүс нутгуудад анхлан нэвтрүүлж туршсан. Ийнхүү олон нийтэд нээлттэй танилцуулсны дараа ч хэрэглэгчийн санал хүсэлт дээр үндэслэн програмыг шинэчилж, шинэ боломжуудыг нэмж, сайжруулсаар байсан билээ.

Threads тэсрэлттэйгээр нээлтээ хийж, Элон Маскийг цочирдоход хүргэж байсан ч төд удалгүй хөөсрөлт нь буурч идэвхтэй хэрэглэгчдийн тоон өсөлт удаашрах болсныг бүхий л хэрэглэгчид нь анзаарсан болов уу. Similar Web аналитик фирмийн нийтлэлд дурдсанаар Threads аппын хэрэглээ 79 хувиар буурч, энэ зуур өрсөлдөгч болох X харин боломжийг сайн ашиглаж чадсан гэв.

Эх сурвалж: Forbes


нэг жилийн үр дүнг тоогоор илэрхийлбэл

- Нээлтээ хийсэн эхний 24 цагийн дотор 30 сая гаруй хэрэглэгчтэй болсон.
- Хэрэглэгчдийн 37 хувь нь 18-24 насныхан.
- Нээлтийн сезон үргэлжилж байх үеэр өдөр бүр 41.79 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан бол долоо хоногийн дараа энэ тоо 23.6 сая болтол буурч, дараагийн саруудад өдөрт 10.3 сая идэвхтэй хэрэглэгчтэй болжээ.
- Нийт татан авагчдын 33 хувь нь Энэтхэг, 22 хувь нь Бразил, 16 хувь нь АНУ-ын хэрэглэгчид.
- Эхний гурван сарын хугацаанд татан авагчдын тоогоор технологийн ертөнцөд тэсрэлт хийж байсан бол аажимдаа зах зээлийн зарчмын дагуу хэрэглэгчдийн тоон өсөлт тогтворжиж, өнөөдрийн байдлаар 175 сая хэрэглэгчтэй болоод байна.

Эх сурвалж: Similar Web

Эх сурвалж: Meetanshi


цаашдын хувь заяаг таамаглах нь

Одоогоор Threads нь санхүүгийн алдагдлаар Мета компанийг тэргүүлж байгаа ч цаашид тодорхойгүй хугацаагаар санхүүжүүлэх боломжтой хэмээн удирдлагууд үзэж байна. Метагийн стратегийн мэргэжилтнүүд ирэх жил Threads дээр зар, сурталчилгаа байршуулах талаар бодолцож буйгаа мэдэгдсэн хэдий ч төлөвлөгөөндөө баттай тусгаагүй хэвээр. Мөн Мета компани улс төрийн холбогдолгүй, хөнгөн агуулгатай контентыг дэмжих шийдвэр гаргасан ба энэ нь элдэв эрсдэлгүйгээр брэнд сурталчилгаа хийх талбар болж байгаа гэдгээрээ X-ээс ялгарч буй юм.

Бид хэрэглэгчдийн сонирхлыг илүү сайн таньж мэдэх, хэрэв хэрэглэгчдийн сонирхол өөрчлөгдсөн тохиолдолд түүнд хурдан дасан зохицох тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна бусад төлөвлөсөн ажлуудаа гүйцэлдүүлэхийн тулд багаа тэлэх нь гарцаагүй. Багийн бүрэлдэхүүнээ бэхжүүлэх замаар эрч хүчээ нэмэгдүүлэх нь маш чухал. Багаа нэмэгдүүлэх бус багаа шинэчлэх нэрийдлээр дэлбэлчихвэл өөрсдийн онцлог шинж чанар, хурдаа алдах эрсдэлтэй.

Мета компанийн Гүйцэтгэх захиралМарк Зукерберг

Эх сурвалж: Softonic


2023 оны байдлаар АНУ-д 23.7 сая Threads хэрэглэгч байсан бол энэ онд сар бүр дунджаар 30 сая идэвхтэй хэрэглэгч ашиглаж байна. eMarketer зах зээлийн судалгааны компанийн тооцоолсноор уг тоо 2025 онд 33.9 сая болж өсөх төлөвтэй байна.