Технологийн дэвшил болон хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлтөөс шалтгаалан маркетингийн салбар хурдацтай хөгжиж бас хувьсаж байна. Дэвшилтэт технологи, нарийвчилсан судалгаа, урт хугацаанд цугласан өгөгдлүүдэд суурилан илүү бүтээмжтэй, сонирхолтой маркетингийн кампанит ажлуудыг хийх болсон нь өдгөө бидний амьдралын цаг мөч тутамд шууд болон шууд бусаар нөлөөлсөөр буй. 
Ийнхүү та бүхэнд энэ онд маркетингийн салбарт давамгайлах таван чиг хандлагыг хүргэж байна.

1. Generative AI буюу бүтээлч хиймэл оюун ухаан

2023 онд ChatGPT хиймэл оюун ухаан зөвхөн технологийн эргэн тойронд шуугиан тариад зогсохгүй маркетингийн салбарт ч мөн хүчтэй нөлөөлсөн билээ. Энэ дундаа Generative AI буюу бүтээлч хиймэл оюуныг маркетингийн салбарт түгээмэл ашиглаж байна. "Кантар" судалгааны хүрээлэнгээс дэлхийн 23 орны 16 мянга орчим хэрэглэгч, 900 маркетерын дунд явуулсан судалгааны дүнд, оролцогчдын 63 хувь нь бүтээлч хиймэл оюунны тухай эерэг сэтгэгдэлтэй байгаа гэжээ.

Үүний хамгийн тод жишээ бол, "Кока Кола" компанийн ("Bain&Company" зөвлөх фирм болон хиймэл оюун ухаан судлалын хүрээлэн болох "OpenAI" компанитай хамтарсан) 2023 онд хэрэгжүүлсэн “Бодит ид шидийг бүтээ” кампанит ажил юм. Оролцогчид GPT-4 болон DALL-E хиймэл оюун ухааныг хослуулан өөрийн дижитал урлагийн бүтээлийг бүтээсэн ба нийт 120 мянга гаруй бүтээл ирсэн гэнэ. Онцлууштай нь, нэг бүтээлд орсон дундаж хугацаа нь ердөө долоон минут (хиймэл оюун ашигласан тул) байсныг онцлууштай. Энэ талаар тус компанийн олон улс дахь үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч Селман Кареага ярихдааБид хиймэл оюуныг хүмүүсийг орлох аюултай гэхээс илүүтэй аливаа ажлыг илүү өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд туслах хэрэгсэл гэж үздэг юм. Учир нь хиймэл оюунтай холбоотой ажлын хамгийн чухал хэсэг нь хүний төрмөл оюун ухаан шүү дээ.” хэмээсэн юм.

2024 онд хиймэл оюун ухааны маркетингийн зах зээлд эзлэх нөлөө улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд энэ нь цар хүрээ, бүтээлч байдлын хувьд илүү их боломжийг бий болгосноор тус салбар ахин нэг шат ахих нөхцөл бүрдэх юм. Цаашид хиймэл оюун ба төрмөл оюуны хослолоос урган гарах гайхамшигт бүтээлүүд, маркетингийн кампанит ажлууд биднийг хүлээж байгаа нь эргэлзээнгүй.



2. Өргөтгөсөн болон виртуал бодит байдлыг бүтээх VR, AR технологи

Дижитал маркетинг хурдацтай хөгжсөнөөр салбарын тоглогчид хэрэглэгчдээ татахын тулд маркетингийн үйл ажиллагаандаа AR/VR технологи ашиглахыг зорьж байна. Энэ төрлийн технологи нь хэрэглэгчдэд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах үед бодит амьдралд ямар харагдахыг дүрслэн харуулдгаараа онцлогтой ба 2022 онд зөвхөн AR/VR дэлгэц дангаараа гэхэд нийт 942 сая ам.долларын орлого олсон бөгөөд 2027 он гэхэд 50.7 хувиар (CAGR) өсөх төлөвтэй байна.

Судалгаагаар, хэрэглэгчдийн 61 хувь нь AR ашигладаг бизнесүүдийг илүүд үздэг ба худалдан авагчдын 71 хувь нь үйл ажиллагаандаа AR нэвтрүүлсэн дэлгүүрт илүү олон удаа зочилно гэжээ. Өөрөөр хэлбэл, худалдан авахаасаа өмнө хамгийн хялбар бөгөөд хурдан туршиж үзэх энэ арга нь зүгээр нэг энтертайнмент үзүүлбэр төдий бус харин цагийг хэмнэж, ухаалаг худалдан авалт хийхэд нөлөөлдөг ухаалаг туслагч болох юм. Мэдээж энэ бүхэн маркетингийн салбарт цоо шинэ зүйл биш ч гэлээ хиймэл оюуны тусламжтай тун удахгүй дараагийн түвшиндээ очих нь цаг хугацааны л асуудал. Магадгүй тэр хүртэл бидэнд AR/VR үйлчилгээг амжиж нэвтрүүлэхэд их цаг үлдээгүй ч байж болох юм.



3. Хэрэглэгчийн мэдээлэл ба ухаалаг тооцоолуур

АНУ-ын 2000 гаруй хэрэглэгчээс авсан судалгаанд оролцогчдын 64 хувь нь цахим худалдан авалт хийхдээ компаниуд өөрт нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохыг хүсдэг гэжээ. Жишээлбэл, Сараа цахим дэлгүүрээс хувцас үзэж байна гэж бодъё. Үүнтэй зэрэгцэн тухайн вэбсайтын алгоритм нь түүний өмнөх худалдан авалт, хайлтын түүх болон бусад бараа бүтээгдэхүүнийг үзэх явцад нь дүн шинжилгээ хийж зөвхөн түүнд тохирох бараа бүтээгдэхүүнийг санал болгох нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, оролцогч талуудад харилцан үнэ цэнийг өгч чаддаг том хүчин зүйл.

Facebook, Google, Netflix зэрэг томоохон компаниуд зөвхөн өөрсдийнх нь платформоос гадна интернэт дэх алхам тутамд хайлттай тань холбогдож, нэмэлт дагалдах хэрэгсэл болон бусад үйлчилгээг санал болгодгийг та сайн мэдэх байх. Энэ нь хэрэглэгчид өөрсдийн сонголт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах болон компани, брэндтэй харилцах харилцааг нэмэгдүүлэх ач тустай байдаг. Иймд хэрэглэгчийн мэдээллийг дутуу үнэлэлгүй, судалгаа өгөгдөл болон түүнийг үр дүнтэй боловсруулах чиглэлд ухаалгаар хөрөнгө оруулж, анхаарлаа хандуулаарай.



4. Видео маркетинг

Видео төрөл бол интернэт дэх мэдээллийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг цахим контентын хамгийн түгээмэл хэлбэр ба өнөө цагт нэг хүн долоо хоногт дунджаар 17 цаг видео контент үздэг ажээ. Тийм ч учраас, 2023 онд богино хэмжээний видео, шууд дамжуулалт зэрэг интерактив контент нь хувиараа бизнес эрхлэгчдээс томоохон компани хүртэлх бүх төрлийн маркетингийн бодлогын салшгүй нэг хэсэг болсон билээ.

Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар улиралд дэлхий даяарх видео контент үзэгчдийн тоо 92.3 хувьд хүрсэн бөгөөд хамгийн өндөр ангилалд хөгжмийн видео 49 хувь, хошин шогийн болон олныг хамарсан видео бичлэг, дараа нь "үүнийг хэрхэн хийх вэ?" агуулга бүхий контентууд багтсан байна. Сүүлийн үед хэрэглэгчийн анхаарлыг татах богино бичлэгүүд, дуугүй үзсэн ч ойлгомжтой хадмал тайлбартай хэлбэр, ухаалаг утсаар үзэхэд зориулсан босоо форматтай бичлэгүүд гэх мэт хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн төрлүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.



5. "Influencer" маркетинг

Сүүлийн жилүүдэд түгээмэл ашиглагдах болсон маркетингийн нэг хэлбэр нь инфлюнсер буюу нөлөөлөгчид. Брэнд компаниуд олны танил хүмүүстэй хамтран өөрийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах маркетингийн энэ арга нь бидний хувьд мөн ч танил. Тэгвэл нөлөөлөгчид цаашдын хэдэн жилд ч бидэнтэй хамт байх бололтой. Учир нь, энэ онд компаниудын 63 хувь нь төлбөртэй зар сурталчилгаанаас илүү нөлөөллийн маркетингийн ажилд илүү их төсөв хуваарилжээ.

Тухайлбал, Форбес сэтгүүлээс явуулсан судалгаанд, инфлюнсер маркетинг нь уламжлалт маркетингтай харьцуулахад шинэ хэрэглэгч олж авах зардлыг (CAC) бууруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) 11 дахин нэмэгдүүлэх боломжийг олгодог бөгөөд хэрэглэгчдийн 64 хувь нь инфлюнсерийн санал болгосон бүтээгдэхүүнийг дахин худалдан авдаг гэжээ. Мөн 2024 онд брэндүүд тэдэнтэй нэг удаагийн кампанит ажил хийхээс илүүтэй урт хугацааны өндөр ашигтай хамтын ажиллагааг илүүд үзэж байгаа бөгөөд энэ нь тогтвортой брэнд мессеж хүргэх, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Сүүлийн үед “Lo-fi” контент буюу “хэтрүүлэг багатай” контентууд олон нийтэд эрчимтэй дэлгэрч байгаа бөгөөд энэхүү засвар багатай, жинхэнэ контентын чиг хандлага энэ онд хэвээр үргэлжилж, зөвхөн олон тооны дагагчтай хүмүүс бус амьдралд ойр заавар зөвлөгөөг хүргэх хэн ч бусдын худалдан авалтад нөлөөлөх боломжтой болох юм.