Шинэхэн нийтлэлээрээ бид амьтан тэжээдэггүй ч хайрлахыг зорьж, хичээдэг хүн бүрд зориулж, тэдэнд халамж, хайр, хамгааллыг мэдрүүлэх энгийн долоон алхмыг хүргэж байна.

1. Амьтдыг хооллох 

Амьд амьтан бүрд хамгийн чухал биологийн хэрэгцээ бол хооллох үйл мөн. Хүн өөрийн хоолны хэмжээг хэтрүүлэн хэрэглэх аль эсвэл дутуу шим тэжээлээ авахад бие тавгүйтэж, дархлаа муудах зэргээр сөрөг шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл тэжээвэр амьтад ч мөн адил хоол тэжээлийг нь тохируулж өгөхгүй бол хоол биш хор болох юм.

Гэрийн нохойд хоолны хаягдал үлдэгдлийг өгөх зүгээр гэж үзэх монголчуудын нэг муу зан бий. Угтаа нохой муур бүгд л тус бүрийн хоолны тусгай хэрэгцээтэй байдаг тул гэрийн тэжээвэр амьтадыг зохистой хоолоор тэжээх хэрэгтэй. Олон тооны үлдэгдэл хоол хүнс нь элсэн чихэр, давс, өөх тос, эсвэл тэжээвэр амьтдад хор болохуйц бусад орцыг агуулдаг. Амьтадын хоол тэжээлийн цорын ганц эх үүсвэр байх зорилготой юм. Эрүүл гэрийн тэжээмэл амьтдад хүний хэрэглэдэг хоолоор нэмэлт тэжээл өгөх шаардлагагүй бөгөөд эдгээр нь эрүүл мэндийн асуудал үүсгэх боломжтой юм.



2. Амьдрах орчныг нь таатай байлгах 

Хашааны буландаа нохойгоо уяад, хоолны үлдэгдлээр хооллож, вакцин, заслага хийлгэлгүй зөнгөөр нь орхиж буйгаа тэжээж, хайрлаж байна гэж андуурдаг хүн олон бий. Эсрэгээрээ энэ нь амьд амьтныг томоохон эрсдэлд унагаж буй хэрэг. Нохой, муур тэжээж буй иргэдийн ердөө 23 хувь нь амьтан тэжээх, арчлах мэдлэг, мэдээлэлтэй байдаг аж. Буруу арчилгаа, хооллолт, хайхрамжгүй байдлын улмаас гэмтэх, өвчин тусах, үхэх зэрэг аюултай тулгараад буй. Амьтдад амьдрах таатай орчныг бүрдүүлнэ гэдэг нь дан ганц хоолны идүүр, унтах ор, орогнох байр өгөхөөс гадна хариуцлагатайгаар анхаарч, арчилж, эерэг таатай орчныг бий болгох юм.

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн тэжээвэр амьтадын тухай ойлголт илүү өргөжиж, хэрхэн арчилж, хамгаалах талаар мэдлэгтэй болсон. Түүнийгээ дагаад амьтдад зориулсан үйлчилгээ, асрах газар, өдөр өнжүүлэхийн тоо нэмэгдсээр. Энэ нь амьтдад зориулсан таатай орчныг бий болгох эхлэл гэж хэлж болно.



3. Вакцинд хамруулах 

Хүмүүс бид вакцин хийлгэдэг шиг амьтдад ч бас вакцин зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийн нэг юм. Нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг байна.

“Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” ТББ-аас гаргасан судалгаанаас харахад, гэр хорооллын айл өрхийн тэжээвэр нохой, муурын 77 хувь нь вакцин туулга хийлгээгүй байна. Үүнээс үүдэн бусад амьтад болон тэжээж буй хүмүүсийн хувьд элдэв халдвар авах эрсдэлтэй. Өвчин нэрвэгдсэний дараа эмчлэхээс бус урьдчилан сэргийлэх нь хамгийн тохиромжтой.


4. Спэй, Заслага хийлгэх 

Амьтад хээлтэнэ гэдэг тэдний биологийн энгийн зан үйлийн нэг. Гэвч ороо нь орсон амьтад замбараагүйгээр хээлтэж үүнээс үүдэн гудамжны тэнэмэл амьтад илүү олширсоор байна. Олон улсын байгууллагуудын хийгдсэн судалгаагаар нэг эм нохой зургаан жилийн хугацаанд 67-72 мянган ширхэг болж үржих боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 320 мянга гаруй гудамжны тэнэмэл амьтад байгаа гэсэн судалгаа бий. Жил бүр эдгээр амьтадын тоог 100 мянгаар буруулах зорилгоор устгалд оруулна хэмээн харгис хэрцгий байдлаар буудах үйл ажиллагааг явуулдаг.

Нэг нохой, муур буудаж хөнөөхөд 12 мянган төгрөг зарцуулдаг бол үржлийг хязгаарлах мэс засал хийхэд дунджаар 100-300 мянган төгрөг шаардлагатай байдаг. Гэхдээ нэг нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр ойролцоогоор 10 мянга гаруй нохойг буудаж устгахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Иймд спэй, заслага хийлгэх нь амьтдыг зовоолгүй, хамгаалж буйн илрэл юм.


Азтай савар ТББ-ын үйл ажиллагаа 100 хувь сайн дурын үндсэн дээр явагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн 167 мянга гаруй дэмжигч, хандивлагч бүхий "Азтай савар амьтанд хайртай залуус ТББ" фейсбүүк группээрээ дамжуулан дараах ажлуудыг хийж байна:

•Хаягдсан, өвдөж зовсон амьтан аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа


• Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах, “Спэй заслага хөтөлбөр” хэрэгжүүлж жил бүр 500+ амьтныг хамруулах;

• Гэрийн тэжээвэр амьтан тэжээх, үржүүлэх, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж батлуулах;

• Амьтныг хайрлах, хамгаалах, хариуцлагатай тэжээхтэй холбоотой хэрэгцээт, үнэн зөв мэдээллийг түгээх;

• Олон нийтийн дэмжлэг, хандиваар тусламж шаардлагатай амьтдын эмчилгээний зардал бүрдүүлэх болон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.



5. Амьтдыг асрах байгууллагад өгөх 

Нийслэл хотын хүрээнд өвдсөн, хаягдсан, тэнэмэл амьтдад тусалдаг “Азтай савар ТББ”, “Хөөрхөн зулзага ТББ”, “UB Shelter” зэргээс авхуулаад олонд хүрсэн сайн дурын байгууллага цөөнгүй. Тэд нийгэмд эерэг өөрчлөлт үзүүлж, амьтан хайрлах, энэрэх, арчлах зэрэг олон мэдлэг мэдээллийг түгээдэг боловч тэжээж байсан амьтнаа хайхралгүй хаях, гудамжны амьтадыг өшиглөх, зодож зовоох үйлдэл цөөрсөнгүй хэвээр. Ялангуяа цар тахлын үеэр хэт их шүүлтүүргүй мэдээллүүдээс болж тэжээвэр амьтнаа гудамжинд хаях тохиолдол нэмэгдсэн. Энэ нь тэнэмэл амьтадын тоог дахин нэмэгдүүлж цаашлаад амьтад өнөөх устгалын ажилд өртөх юм. Хэрэв тэжээх боломж бололцоогүй, туслах чадалгүй тохиолдолд амьтны асрамжийн газарт өгөх нь хариуцлагатай эзэн, нийгмийн иргэн таны амьд аа хайрлаж буй үйлдэл юм.


6. Худалдаж авалгүй үрчлээрэй 

Гадаадын олон оронд гэрийн тэжээвэр амьтдыг эд зүйл биш, бие даасан субъект, гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг. Иймээс амьтан тэжээхээр бол илүү хариуцлагатай хандаж үрчилж авдаг. Юун түрүүнд үрчилж буй амьтнаа хайрлаж, халамжилж арчилж чадах уу гэдгээ бодолцож үзнэ. Амьд амьтныг хаяж, гээж зовоохгүйн үүднээс сайтар төлөвлөж, хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Хөвсгөр амьтан таны стрессээ тайлах, зугаагаа гаргах тоглоом биш.

Бага насны хүүхдүүд амьтан тэжээхийг хүсэхэд эцэг эхчүүд юу ч бодолгүй шууд л бэлэг барихаар аваад өгчихдөг. Гэвч бага насны хүүхэд учраа сайн мэдэхгүй учир, тэжээвэр амьтадыг өөрсдөө бие даан өсгөж чадахгүй юм. Иймд эцэг эхчүүд өөрсдөө хажууд нь зааж зөвлөж чадах үедээ тэжээвэр амьтан үрчлэн авах нь зүйтэй.


7. Хандив өгөх 

Амьтад хамгаалах байгууллага, хувь хүн гээд тэнэмэл муур нохойг авч асарч арчлахад чамгүй их зардал гарна. Ганц нохой, муур тэжээхэд элс, хоол, тэжээл эмчилгээ, вакцин, спэй заслага гээд олон төрлийн зардал бидний халсааснаас унаж байдаг. Гэвч муур, нохдыг хэдэн зуугаар нь асарч хамгаалдаг газруудыг хувьд сард сая саяын өртөг гаргана. Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан амьтдад хайртай хүмүүс өөрсдөөсөө аль эсвэл хандив тусламжаар дамжуулж амьтадыг асрах зардлаа босгодог байна.

Амьтдыг хамгаалах, аврах хандивын аянд нэгдэж туслалцаа үзүүлснээр тэднийг хайрлаж буй хэрэг гэдгийг санаарай.

Амьтдын эрхийг хамгаалах гуравдугаар сар 

Монпэй болон Азтай савар ТББ хамтарч гуравдугаар сарыг “Амьтдын эрхийг хамгаалах сар” болгон уриалж байна. Үүнтэй холбогдуулан хандив цуглуулах аян эхэлж байгааг уншигчдадаа дуулгая. "Азтай Савар" ТББ нь амьтдыг хамгаалах, нийгэмд эерэг, зөв ойлголт түгээх, амьтанд ээлтэй, аз жаргалтай нийгмийг бий болгох зорилгоор 2013 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа билээ. Энэхүү зорилгын хүрээнд MonPay аппликейшнд байрших “Хандив” цэсийг ашиглан хэрэглэгчдээсээ мөн амьтдад хайртай хэн бүхнээс хандив цуглуулахаар уриалж эхэллээ.Та MonPay аппликейшны “Хандив” цэс болон нүүр хэсэгт байрлах баннер зураг дээр дараад л маш хялбархнаар хайртай ТББ-даа хандив өгөх боломжтой юм шүү.


Амьтдыг аврах, хамгаалах, хайрлах аянд хандив өгч нэгдэцгээе!

Monpay апп татах: iOS | Android
Сошиал хуудас: вебсайт | фэйсбүүк