"Мэтгэлцээн нь хувь хүнийг хөгжилд хөтлөгч хүчирхэг арга хэрэгсэл бөгөөд мэтгэлцээнд оролцогч нь ганцхан ялахын төлөө мэтгэлцдэггүй. Мэтгэлцэгч нь суралцахын тулд мэтгэлцэх, үнэнийг баримтлах, бусдыг хүндэтгэх гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан өндөр ёс зүйтэй байна."
Долоо хоногийн өмнөөс ТэнГэр ТВ-ийн эфирт цацагдсан даруйдаа үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад буй "Үндэсний мэтгэлцээний лиг" тэмцээн нь парламентын мэтгэлцээний дүрэмд суурилан, телевизийн форматад тохируулсан дүрмээр бид бүхэнд хүрч байгаа билээ. Гишүүний тоо, чалленж авч болох үе, шүүгчдийн оноо зэргээрээ ялгарах тэрхүү дүрмийг дор танилцуулъя.
Парламентын мэтгэлцээн
Парламентын мэтгэлцээн тодорхой сэдэв буюу шийдэлтэй холбоо бүхий санаа бодол, төсөөллийг олох, бий болгох, шинжлэн үзэх, хамгаалах, няцаах зэрэг тогтсон бүтэц, дүрэм, хязгаартай байдаг. Товчхондоо, Засгийн газар, Сөрөг хүчний байр сууринаас аливаа асуудлыг авч үздэг зохиомжит үйл ажиллагааг хэлдэг. Энэ төрлийн мэтгэлцээн Монголд оюутнуудын дунд ихэд тархсан бөгөөд их сургуулиуд энэ чиглэлийн клубтэй байх нь элбэг болжээ.
Засгийн газрын хоёр гишүүн, Сөрөг хүчний хоёр гишүүн, ерөнхий шүүгч болон цаг баригч шүүгч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ойролцоогоор 40-50 минутын хугацаанд мэтгэлцдэг. Харин телевизийн форматад оруулсан "Үндэсний мэтгэлцээний лиг" тэмцээнд үндсэн бүтэц хэвээр боловч явцыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох үүднээс суурь дүрэмд нийцүүлэн шинэчилсэн дүрмээр тоглож буй юм.
үг хэллэгийн тайлбар
- Засгийн газар: Хэлэлцэж буй шийдлийн үнэн зөв болохыг шүүгч, Сөрөг хүчинд өөрийн дэвшүүлсэн аргумент болон эсрэг талын үзэл баримтлалыг няцааж буй няцаалтаараа дамжуулан нотлон харуулах үүрэгтэй баг
- Сөрөг хүчин: Шийдэл болон шийдлийг хамгаалан үзэл баримтлалаа дэвшүүлсэн Засгийн газрын аргумент буруу, алдаатай болохыг шүүгч, Засгийн газарт өөрийн үзэл баримтлал болон няцаалтаараа батлан харуулж, няцаалт хийж, сөргөлдөөн үүсгэх үүрэгтэй баг
- Шийдэл: Засгийн газар болон Сөрөг хүчин тухайн тэмцээний өгөгдсөн цаг хугацаанд авч хэлэлцэн, мэтгэлцэх асуудал
- Тодорхойлолт: Тухайн шийдэлд дурдагдаж буй түлхүүр үгсийг хэрхэн ойлгож буйгаа тодорхойлсон байдал
- Аргумент: Өөрийн багийн байр суурь үнэн зөв гэдгийг шүүгчдэд нотолж буй өгүүлбэр эсхүл үргэлжилсэн үгээр илэрхийлэгдсэн нотолгоо, дэмжлэгийн нийлбэр
- Дэмжлэг: Дэвшүүлсэн нотолгоо буюу аргументаа бодит тоо баримт, жишээ, судалгаа, түүхээр баяжуулахаар хэрэглэж буй баримт
- Чалленж: Эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, шүүгч болон илтгэгчид хандан гаргаж буй эсэргүүцэл болон илтгэгчийн логикгүй ярьж буйг харуулах зорилготой асууж буй тодруулга.
чалленжийг тайлбарлах нь
Чалленжийг санал болгохын тулд тайзан дээр байгаа мэтгэлцэгч ширээн дээр байрлах хонхыг дарна. Гэхдээ Үндэсний мэтгэлцээний үеэр зөвхөн эсрэг багийн аль нэг гишүүн илтгэл хэлэлцүүлж дууссаны дараа чалленжийг авах дүрэмтэй. Илтгэл хэлэлцүүлж байхад нь чалленж авах боломжгүй нь илтгэлийн чухал үед эсрэг багаас ирэх дайралтыг зохицуулж, илтгэгчийн ярианы эрчийг бууруулалгүй, санаагаа бүрэн дүүрэн илэрхийлэх орон зайг гаргах зорилготой. Үнэхээр ч уламжлалт мэтгэлцээний үед Дүрмийн үе, Тодруулгын үеэр дамжуулан эсрэг багийнхаа үзэл баримтлал, няцаалтын илтгэлүүдийн эрчийг сааруулж, төлөвлөөгүй дайралтуудаар анхаарлыг өөр тийш хандуулах явдал нийтлэг байдаг нь нууц биш.
Тоглолтын турш нийт хоёр удаа чалленж авах боломжтой бөгөөд нэг удаа авахдаа 15 секундэд багтааж чалленж авсан үндэслэлээ тайлбарлах учиртай. Ингэхдээ:
- Дүгнэлтийн илтгэлүүдийн үед илтгэгч мэтгэлцээнийг илт өөрчилсөн шинэ аргумент эсхүл түүнтэй дүйцэхүйц санаа дэвшүүлсэн (Сөрөг хүчний гишүүний гаргасан шинэ аргумент санааг няцаах зорилгоор Засгийн газрын ерөнхий сайдын дүгнэлтийн илтгэлд гарсан шинэ санааг уг дүрмийн үед тооцохгүй.),
- Дүгнэлтийн илтгэлийн үед кейсийг (сэдвийг) илт өөрчлөх эсвэл байр сууринаасаа ухрах, байр сууриа илт өөрчилсөн мэдэгдэл, үндэслэл гаргах, нэгтгэх
- Эсрэг багийн илтгэлийн утгыг илт мушгин гуйвуулах, гүтгэх
- Илтгэл хэлэлцүүлж буй илтгэгчээс асуулт асууж тодруулах зарчмаар тухайн илтгэгчийн логик алдаатай илтгэл хэлэлцүүлснийг шүүгчдэд харуулах гэх мэт зорилгын хүрээнд чалленж авч болох юм.
Аль нэг багийн гишүүн илтгэл хэлэлцүүлж буй эсрэг багийн гишүүнд хандан чалленж авч асуулт асуусан тохиолдолд тухайн илтгэгч нэг минутад багтаан хариулах боломжтой ба энэ хугацаа нь үндсэн илтгэлийн минутад хамаарахгүйгээс гадна хариулахгүй байсан ч болно. Шүүгчийн хувьд чалленж авсан багийн үндэслэл, тайлбарыг харгалзан үзээд шууд хариу өгөхгүй ч шүүгчдийн шийдвэрт авсан чалленж нь шууд нөлөөлөх ажээ.
Хэрхэн тоглох вэ?
Үндэсний мэтгэлцээний лигт орж буй нэг баг дасгалжуулагч, ахлагч, гишүүн, судлаач гишүүн, нөөц гишүүн гэсэн таван гишүүнтэй байна. Гишүүдийн үүрэг мэтгэлцээний үед тухайн тоглолтоос хамаарч солигдож болох нь үзэгчдэд сонирхолтой санагдах нь гарцаагүй. Мэдээж сэдэв тодорхойлогдохоос урьтаж тоглолтод орох таван гишүүд батлагдсан байх ба багууд Засгийн газар, Сөрөг хүчин болох эсэхээ сугалаагаар шийдэх юм.
Сугалаа татсаны дараа нийтээрээ бэлтгэлийн нэг минутыг авах ба энэ үеэр багийн гишүүнээ сэлгэсэн тохиолдолд дасгалжуулагчийн мэдлийн нэг минутын бэлтгэлийн үеэр сэлгээ хийх боломжгүй ажээ. Өөрөөр хэлбэл, тоглолтын туршид сэлгээг нэг л удаа хийх бөгөөд дараах тохиолдлуудад сэлгээ хийж болно:
1. Багийн дасгалжуулагч нэг минутын завсарлага авах хугацаанд
2. Багийн гишүүний эрүүл мэндийн байдал гэх мэт зайлшгүй нөхцөл байдал тулгарсан үед
Судлаач гишүүний хувьд тоглолтын дундуур таван минутын хугацаатай интернэт ашиглах эрхтэй бөгөөд энэ хугацаагаа тоглолтын аль ч үед хуваан ашиглах боломжтой нь тоглолтыг илүү судалгаатай, баримттай өрнөх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн тайзан дээр тоглож буй гишүүдэд тоглолтын аль ч цагт тэмдэгтийн хязгааргүй, гурван мессеж илгээх эрхтэй.
МЭТГЭЛЦЭЭНИЙ ДАРААЛАЛ
Тоглолтын хувьд нийт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүрд тухайн багийн авсан оноог шууд танилцуулах юм.
Нэгдүгээр үед:
1. Засгийн газрын ерөнхий сайдын үзэл баримтлалын илтгэл: 4 минут
2. Сөрөг хүчний удирдагчийн үзэл баримтлал, няцаалтын илтгэл: 5 минут
3. Засгийн газрын гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл: 5 минут
4. Сөрөг хүчний гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл: 5 минут
Хоёрдугаар үед:
5. Сөрөг хүчний удирдагчийн дүгнэлтийн илтгэл: 3 минут
6. Засгийн газрын ерөнхий сайдын дүгнэлтийн илтгэл: 4 минут
Хэрхэн дүгнэх вэ?
Шүүгчийн шийдвэр тухайн мэтгэлцээний хувьд эцсийнх байх тул гомдол маргаан шийдвэрлэх үе шатгүй.
Онооны хувьд ойлгоход тун хялбар бөгөөд ялсан багт 2 оноо, ялагдсан багт 1 оноо өгөх зарчимтай. Ингэхдээ илт давуугаар ялалт байгуулсан багт 2 оноо, ялагдсан багт 0 оноог өгч болно. Дугаар бүрд урилгаар зочин шүүгч оролцох бөгөөд шүүгчдийн оноо тэнцсэн тохиолдолд үндсэн гурван шүүгчийн өгсөн оноог тооцно. Тус оноо ахин тэнцсэн тохиолдолд шүүгчид өөрийн хүсэлтээр хоёр багаас асуулт асууж, хариулт авч эцсийн шийдвэрийг гаргах аж. Шүүгчдийн хувьд гаргасан шийдвэрээ талуудад тайлбарлахдаа нэг удаад хоёр минутаас хэтрэхгүй байлгахаар дүрэмд заажээ.
Одоогоор "Үндэсний мэтгэлцээний лиг"-ийн таван дугаар Тэнгэр ТВ-ээр цацагдаад байгаа юм. 100 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд нийт 40 баг бүртгүүлсэн бөгөөд урьдчилсан шатанд тэнцсэн 16 багийн тоглолт долоо хоног бүрийн бямба, ням гарагийн 20:00 цагт цацагдаж буй.