Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 13 дахь дугаарын 12-р нүүрэнд анхлан нийтлэгдсэн.
Бид усны хэрэглээний 90 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг хэдий ч нийт нутаг дэвсгэрийнхээ ердөө 17 хувьд нь л газрын доорх усны хайгуулыг хийж, гүйцэтгэсэн байдаг аж. Тиймээс ойрын хугацаанд уг хайгуулын ажлыг хийх, зөв зохицуулах салбарын мэргэжилтнүүд ус агаар мэт нэн шаардлагатай байгаа юм. Гэтэл 2022 онд ШУТИС-ийн гидрогеологийн ангид наймхан хүүхэд элссэн нь энэ салбар ямар их хүний нөөцөөр дутагдаж буйг гэрчилнэ.
Хэдийгээр өнөө маргаашдаа анзаарахгүй байж болох ч хэзээ мөдгүй шогшрон гайхах энэхүү асуудлыг бодлогын хэмжээнд шийдэхээр "Оюу толгой" компани ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тэд 2010 оноос жил бүр хэрэгжүүлж ирсэн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд байгаль орчны нэн хэрэгцээт чиглэлээр буюу гидрогеологи, ойн инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад 2022 оноос хойш тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгаа бөгөөд 2024 онд энэ чиглэлээр суралцаж буй дөрвөн оюутанд тэтгэлэг гардуулжээ. Бид эдгээр дөрвөн оюутан болон Оюу толгой компанийн тогтвортой хөгжлийн ерөнхий зөвлөхтэй тэдний мэргэжлээ хэрхэн сонгосон, тэтгэлэг хүртсэн түүхийн талаар ярилцсанаа ийнхүү хүргэж байна.
1. Б.Ууганбаяр – “Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх
Мэргэжлээ сонгосон түүх
Би биотехнологич мэргэжилтэй. Хоёр жил МУИС-д суралцаж байгаад БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавраа хамгаалсан. Төгсөж ирээд Монголдоо 3 жил ажиллаж, АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт тэнцэж, Биологийн Шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Өдгөө “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэст орж ажиллаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Хамгийн анх мод үржүүлгийн координатороор ажиллаж байгаад дараа нь мониторингийн ажил руу шилжиж, харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас тогтвортой хөгжлийн багт ажиллаж байна. Ийнхүү олон чиглэл рүү хөрвөн ажиллахад мэргэжлийн хувьд өөрийгөө үргэлж хөгжүүлдэг дадал маань тусалсан болов уу. Тухайлбал, би өнгөрсөн жил гэхэд Харвардын Их сургуулийн Тогтвортой хөгжлийн сертификаттай хичээлүүдийг судалж дуусгасан.
Тэтгэлэгийн талаар
Фулбрайтын тэтгэлэгтэй суралцаж байхад өөрийн эсээ болон түүнд хүрэхийн тулд туулсан зам, амжилтуудаа эргэн бодох бүрдээ илүү их чармайлт гаргах ёстой мэт санагддаг байлаа. Энэ нь надад карьерын замналаа илүү өргөн хүрээнд, том зургаар харж, хариуцлагатай, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг төлөвшүүлэхэд тусалсан гэж боддог.
Хөтөлбөрийн тухайд
Манай компани 2010 оноос хойш гадаад, дотоодын нийт 1130 оюутанд тэтгэлэг олгожээ. Харин 2022 оноос гидрогеологич болон ойн инженер мэргэжлийг тусгайлан оруулсан шалтгаан нь энэ салбарт тулгамдаж буй ажиллах хүчнийг нэмэгдүүлэх зорилготой. Учир нь гидрогеологич ирээдүйд эрэлттэй 15 мэргэжилд багтдаг атал 2022 онд л гэхэд ШУТИС-ийн Гидрогеологийн ангид ердөө найман оюутан элссэн гэх судалгаа бий. Харин тэтгэлэг зарлагдсанаас хойш буюу 2024-2025 оны хичээлийн жилд гидрогеологич мэргэжлээр элсэгчдийн тоо 22 хүртлээ нэмэгдсэнээс харахад бидний ажил үр дүнгээ өгч байгааг харж болно.
С.Дэлгэрмаа - Гидрогеологи, 1-р курс
Мэргэжлээ сонгосон түүх
Би Дорнод аймгийн Долоодой дунд сургуулийг төгссөн. 10-р ангид байхад газарзүйн багш маань яриан дундаа гидрогеологийн мэргэжлийн талаар дурссан нь миний сонирхлыг ихэд татсан юм. Тэр өдөр гэртээ харьмагцаа энэ мэргэжлийн тухай интернэтээс судалж үзсэн. Ер нь сурагчид мэргэжлээ сонгохдоо олон нийтэд танигдсан мэргэжлийг сонгох нь элбэг. Би ч өмнө нь математикийн багш болохоор төлөвлөж байлаа. Тиймээс мэргэжлээ сонгохдоо өргөн хүрээний судалгаа хийж, өөрт сонирхолтой нарийн мэргэжлүүдийг эрэлхийлэхийг зөвлөе.
Тэтгэлгийн талаар
Манай хамаатны ах Геотехникийн III дамжааны оюутан. Ах маань I дамжаандаа “Оюу толгой” компанийн тэтгэлэг авч байсан учраас надад энэхүү тэтгэлгийн тухай дуулгасан. Тэгээд л би төгсөх ангидаа гидрогеологич мэргэжлээр суралцаж, ахынхаа авсан тэтгэлэгт заавал шалгарах болно гэж шийдсэн юм.
Миний суралцах төлөвлөгөө, мэргэжил сонголт эртнээс шийдэгдчихсэн байсан учраас ангийнхан намайг “Манай усны инженер, манай Оюу толгойд ажиллах гэж байгаа охин” гэж хоорондоо тоглоом хийж ярьдаг байсан шүү.
Оюу толгой төсөлтэй холбоотой, сургууль дэрээсээ олж мэдэх боломжгүй нарийн мэдээллүүдийг уг тэтгэлгийн тусламжтай олж авч байгаа нь нь мэргэжлийн хувьд томоохон давуу тал болж буй.
Ж.Элбэгсайхан - ойн инженерчлэл, 2-р курс
Мэргэжлээ сонгосон түүх
Би ахлах ангиа Хүрээ Тулга дунд сургуулийг төгссөн. Анх агрономич болно хэмээн төлөвлөж байлаа. Харин санаандгүй ойн инженер хэмээх мэргэжлийг сонирхож судалтал агрономичоосоо илүү ирээдүйтэй, хөрвөх боломжтой, ажлын орчин нь нам гүм, тайван гээд илүү надад тохирох мэт санагдсан тул энэ салбарыг сонгосон. Ээж маань“Байгальд ээлтэй ийм ажил мэргэжил хэзээ ч буруудна гэж байхгүй” хэмээн миний мэргэжил сонголтыг маш их дэмждэг.
Тэтгэлэгийн талаар
I дамжаандаа би олон цагийн ажил хийж, хичээлээ зохицуулах гэж хичээдэг байлаа. Гэвч энэ бүгдийг зэрэг амжуулах нь надад тийм ч амар байгаагүй. Үүнээс болж ганц хоёр хичээл дээрээ унаж үзсэн удаатай. Харин II дамжаанд “Оюу толгой” компанийн тэтгэлэгт шалгарснаас хойш хичээлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэн суралцах боломжтой болсон.
Б.Базарсад - Гидрогеологи, 1-р курс
Мэргэжлээ сонгосон түүх
Миний үеийнхэн мэргэжлээ аль хэдийн сонгочихсон байсан бол би төгсөх ангидаа хүртэл ямар мэргэжлээр сурахаа шийдэж чадаагүйдээ жаахан санаа зовдог байлаа. Би Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийг төгссөн. Манай газарзүйн багш олон орноор аялсан хүн байсан бөгөөд хичээл дээрээ аяллынхаа сонирхолтой дурсамжуудыг бидэнтэй хуваалцдаг байв. Энэ нь намайг байгалийн ухааны салбарт дуртай болоход нөлөөлсөн хэмээн боддог.
Тэр дундаа геологийн мэргэжил маш сонирхолтой санагдсан ч санхүүгийн боломж хязгаарлагдмал байсан учраас шууд суралцах шийдвэр гаргах амар байгаагүй. Харин нэг өдөр Facebook-ээс “Оюу Толгой” компанийн 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар олж мэдсэн. Энэ тэтгэлгийг судлах явцдаа гидрогеологи хэмээх мэргэжилтэй танилцаж, эрэлт хэрэгцээ тун өндөр салбар гэдгийг нь ойлгосон. Түүнчлэн уг тэтгэлэгт хамрагдсанаар I дамжаанаас эхлэн бүтэн тэтгэлэгтэй суралцах боломжтой байсанд урамшиж, материалаа бүрдүүлж, өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн юм.
Тэтгэлгийн талаар
Миний хувьд хэдий анхнаасаа гидрогеологийн мэргэжлийг сонгож, тэтгэлэгт бүртгүүлээгүй боловч сурч байх явцдаа мэргэжилдээ улам дурласан. Ирээдүйд эрэлт, хэрэгцээтэй, сонирхолтой, байгаль, экосистемд нэн шаардлагатай чухал мэргэжил эзэмшиж байгаадаа олзуурхдаг шүү.
У.Мөнхжаргал - хөрс судлал, агрохимич, 3-р курс
Мэргэжлээ сонгосон түүх
Би Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн, малчин айлын хүүхэд. Багаасаа хөдөө өссөн болохоор жимс, ногоо тарих сонирхолтой. Тиймдээ ч ирээдүйд агрономич болно гэж боддог байсан. Мэдээж ХААИС хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэдгийг мэдэж байсан болохоор сайтаас нь өөр нарийн мэргэжлүүдийг судалж байхдаа хөрс судлал, агрохими гэдэг мэргэжил шууд нүдэнд туссан. Төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийхийн сацуу лаборант, нөхөн сэргээлтийн ажилтан, их сургуулийн багш гэх мэтээр хөрвөх боломжтой гээд эзэмшиж буй мэргэжил маань давуу тал ихтэй.
Тэтгэлгийн талаар
Дадлагаар ХБНГУ руу явахаасаа өмнө энэхүү тэтгэлгийн зарыг олж харсан. Хэдийгээр тэтгэлэг олгох мэргэжлийн жагсаалтад миний мэргэжил багтаагүй байсан ч байгаль орчны чиглэлээр хөрвөж болох учраас юутай ч материалаа явуулж үзье гэж шийдсэн нь оножээ гэж одоо боддог.
Тэтгэлгийн хамгийн гоё зүйл нь залуус нь залуустаа сургадаг залуусын хөгжлийн хөтөлбөр учраас зөвхөн амьжиргааны зардал, бүтэн тэтгэлэг гэдгээс гадна бусдаас суралцах боломж олддог. Мөн эргэх холбоо сайтай тул ирээдүйн карьертаа маш үнэ цэнтэй түүх бүтэээж буй гэж боддог.
Сэтгэгдэл бичих