“Ганцаараа” гэдэг үг эерэг, сөрөг олон “сүүдэртэй”. Зарим тохиолдолд ганцаараа гэдэг нь баатарлаг, эр зоригтой мэт сонсогдох боловч заримдаа хөөрхийлөлтэй, орхигдсон нэгэн юм шиг мэдрүүлдэг нь нууц биш. Тэгвэл аяллын тухайд?
Би хувьдаа хүнийг таних хамгийн сайн арга бол хамт аялалд явах гэдэгт итгэдэг. Тэгвэл ганцаараа аялалд явбал өөрийгөө таньж мэдэх аялал болох бус уу? Эсвэл элдэв таамаглашгүй аюул бэрхшээлтэй учирч, өөртөө гай дуудах нь их болов уу? Үнэндээ аль аль нь л их бага хэмжээгээр тохиох биз. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид соло аялал гэх сэдвийн эерэг, сөрөг талыг жинлэж үзлээ.
ганцаараа аялахын гайхалтай тал

Ингээд хөдөлье, одоо хэсэг амаръя
Аяллыг толгойлох хүн нь гагцхүү та өөрөө учраас хүссэн үедээ зогсож, хүссэн газраа хоноглож, зөвхөн өөрийнхөө хэмнэлээр аялж болно. Энэ онд “Morning Consult” судалгааны компани АНУ-д аялалтай холбоотой нэгэн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь ганцаараа аялахын хамгийн том давуу тал нь аяллын төлөвлөгөөг өөрийнхөөрөө гаргах, өөрчлөх боломж гэж үзсэн бол 41 хувь нь төсвөө хянах, 40 хувь нь бие даасан байдлыг мэдрэх гэж хариулсан байна.
Уйлах уу? Инээх үү?
Аялал бол үнэхээр л адал явдал. Иймд аяллын турш сайн, муу янз бүрийн үйл явдал тохиох нь гарцаагүй. Тэр болгоныг хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь “Би чухамдаа ямар хүн бэ” гэдгийн тодорхойлолт болно. Нөгөөтээгүүр, бидний өдөр тутмын амьдралд тохиогоод байдаггүй асуудал бэрхшээлийг аяллын турш амсах тул тэдгээрийг даван туулахыг хичээх явцдаа бид хүссэн хүсээгүй хөгжиж байдаг.
Gitnux.org судалгааны компанийн вебсайтад соло аяллын тухай нэгэн судалгааны үр дүн нийтлэгджээ. Судалгаанд оролцогчдын 81 хувь нь соло аялал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж хариулсан бол 52 хувь нь аяллын дараа хувийн амьдрал нь илүү эмх цэгцтэй болсон, 58 хувь нь асуудлыг шийдвэрлэх чадвар дээшилсэн гэж дүгнэжээ.
Сайн байна уу? Би хотоос яваа аялагч байна
Олуулаа аялж яваа хүмүүс хоорондоо л ярьж суух хандлагатай байдаг бол соло аялагч нутгийн иргэдтэй болон бусад аялагчтай илүү амархан харилцаж, танилцдаг. Жишээ нь, малчин айлд хоноглохдоо тухайн нутгийн ёс заншил, амьдралын хэв маягийг зах зухаас нь мэдрэх боломжтой. ZipDo.co боловсрол, аялал, зах зээлийн чиг хандлагын талаарх судалгааны газрын вебсайтад энэ онд нийтэлснээр, соло аялагчдын 67 хувь нь шинэ нутаг орны соёлоос суралцах, наадам, уламжлалт арга хэмжээнд нь оролцохыг гол зорилгоо болгон аялалд гарсан байдаг. Мөн 58 хувь нь шинэ соёлтой танилцаж, 44 хувь нь замын машинд дайгдах, хоноглох айл хунар олох зэрэг харилцааны ур чадварт шинээр суралцсан байдаг гэнэ шүү.
ганцаараа аялахын гачлантай тал

Надад туслаач
Монгол шиг уудам тал нутгаар ганцаараа явах нь дотоод сэтгэл рүүгээ өнгийх үнэт боломж. Авч эзгүй хээр тал, хад асга, говь нутагт гар утасны сүлжээгүй газар олон. Тухайн газарт бэртэх, төөрөх, автомашин эвдрэх зэрэг тохиолдолд тусламж ирэх магадлал бага. Global Rescue‑гийн энэ оны судалгаанд хамрагдагсдын 33 хувь нь аяллын явцад гэмт хэрэг, хулгай дээрэм гэх мэт нөхцөл байдалтай тулгарч байсан гэжээ. Мөн 45 хувь нь аяллын маршрут сонгохдоо тухайн орон нутгийн гэмт хэргийн түвшинг харгалзан үздэг гэсэн байна.
Мөнгө ч бас аялна, гэхдээ эргэж ирэхгүйгээр
Олуулаа аялахад урсгал зардлыг хувааж төлдөг бол соло аяллын нэг хүндрэлтэй тал нь бүх зардал ганц хүнд ногдох явдал. Ялангуяа алслагдсан нутгаар аялахад шатахуун, хоол хүнснээс өгсүүлээд засвар үйлчилгээ, гэнэтийн зардал өндөр гарч болзошгүй.
Ганцаараа бол ганцаардаж л таараа
Магадгүй соло аяллын хамгийн сөрөг тал нь энэ байх. Morning Consult судалгаагаар эмэгтэй аялагчдын 60 хувь, эрэгтэй аялагчдын 39 хувь нь аяллын явцад аюулгүй байдлын асуудалтай нүүр тулдаг бол ганцаардал нь хүйс үл хамааран хамгийн өндөр хувийг эзэлдэг байна. Нэг талдаа хүн төрөлхтөн нийтийн бүлэгт харьяалагдаж, хамтран амьдрах замаар оршин тогтнож ирсэн тул шинэ газар, танихгүй орчинд ганцаараа ирэх үед тархины аюулын дохио хариуцсан хэсэг (амигдала) идэвхжиж, бие махбодийг аюулд өртсөн мэт хариу үйлдэлд оруулдаг байна. Нөгөөтээгүүр, угаас хөл хөдөлгөөн багатай орчинд аяллын сайхан мөчүүдийг хуваалцах хүнгүй байснаар ганцаардлыг бий болгож болно.

та ганцаараа аялмаар байна уу?
Чухамдаа ганцаараа аялах нь эр зориг, төлөвлөгөө, сэтгэлзүйн бэлтгэл шаардсан үйлдэл. Гэхдээ зөв зохион байгуулалттай байж чадвал таны амьдралд мартагдашгүй туршлага, дурсамж болон үлдэнэ. Монгол орны уудам байгаль, өвөрмөц соёл бүхий бүс нутгууд ганцаар аялахад төгс тохирно. Гагцхүү аюулгүй байдлаа бодож, урьдчилан мэдээлэл цуглуулж, төлөвлөгөөтэй хандаарай.
Ганцаараа аялах хэцүү, гэвч өөрийгөө таних хамгийн тод зам

Сэтгэгдэл бичих

