Амьдралынхаа багагүй хугацааг бизнестээ зориулсан залуучууд олон ч тэдэнд санхүүжилт олгох хөтөлбөр, уралдаан ховор биз ээ. Тэгвэл тэдгээр уралдаануудын нэг “Startup 2025” тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ жил ногоон ажлын байр болон технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг онцлон дэмжиж буйгаараа онцлог.
Уралдаанд 16-34 насны, НДШ төлдөггүй, гарааны бизнесээ эхлүүлж буй 130 гаруй залуу оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шат шатны шалгаруулалтаар дамжин тэд бизнесээ хөгжүүлэх сургалт, менторын туслалцаа авч, хурдасгуур хөтөлбөрт хамрагдсаар өнөөдөр нийт 12 баг финалд үлдэж аваргын төлөөх бизнес питчээ танилцууллаа. Шилдэг 6 баг шалгарч, нийт 99 сая төгрөгийн санхүүжилт авах эрхээ гардан авснаас
I-р байр 1 баг: 20,000,000 төгрөгII-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/III-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/ тус тус санхүүжилтээ хүлээж авлаа.
Уралдааны ялагч болсон багуудад дан ганц мөнгөн шагнал олгохоос гадна JCI олон улсын байгууллагын Ази, Номхон далайн орнуудын залуучуудын дунд зохион байгуулагддаг CYE бүсийн уралдаанд оролцох эрх олгогдох юм. CYE-д оролцсоноор дэлхийн олон шилдэг залуустай танилцаж, хамтдаа суралцаж бүсийн ялагч болбол нэмэлт 5.000 ам долларын шагнал авч дэлхийн аваргад оролцох эрхтэй болох тал талын үр өгөөжтэй. Ингээд эхний зургаан байрт шалгарсан багуудын бизнес төсөлтэй товчхон танилцъя.
I-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
I-р байр
U wish - Аяллын контент бүтээгч нар зориулсан платформ
Хүн бүрд аялал шинэ орчин, шинэ мэдрэмж, шинэ туршлагыг өгдөг ч, ялангуяа анх удаа ганцаараа аялах гэж буй хүмүүсийн хувьд энэ нь айдас, эргэлзээ дагуулдаг. Өөр улс оронд очихоос өмнө тухайн орны ёс заншил, тээврийн систем, хоол хүнс, аюулгүй байдал зэрэг олон жижиг боловч чухал мэдээллийг богино хугацаанд судлах шаардлагатай болдог. Энэ бүхнийг зөвхөн “мөнгөтэй” хүмүүс л даван туулж чадна гэх өрөөсгөл ойлголт яагаад ч юм байдаг нь хачирхалтай. Тэгвэл уг ойлголтыг өөрчилж, аяллыг хүн бүрд хүртээмжтэй, хялбар болгох зорилготой аяллын шинэ платформ бол U wish. Тус платформ нь ганцаараа болон хувиараа аялах гэж буй хүмүүст аяллын төлөвлөгөөг бүхэлд нь нэг дор зохион байгуулах боломжийг олгодог.
Statista-ийн 2024 оны судалгаагаар ганцаараа аялагчдын 68 хувь нь аяллаа төлөвлөх үедээ хэт их мэдээлэлд дарагдаж, стресс мэдэрдэг ба 54 хувь нь аяллын мэдээлэл цуглуулах үйл явц аяллыг хийх хүсэлд нь сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан байна. Тэгвэл ганцхан платформ дээр бүх зүйлсээ төлөвлөснөөр хэрэглэгчид олон сайт, блог, аппликэйшнээс мэдээлэл хайж цаг алдах шаардлагагүй бөгөөд зочид буудал, тээвэр, үзвэр үйлчилгээ, хоолны газар зэрэг аялалд шаардлагатай бүх мэдээллийг нэг дор авах боломжтой. Түүнчлэн, маршрут гаргах, төсөв тооцох, аяллын хуваарь гаргах, санал болгох чиглэлээр аялагчид өөрсдөө мөн мэдээлэл оруулж нэмэлт орлого олох боломжтой нь онцлог.
II-р байр 2 баг
Цахим жор - эмийн жор бичих цахим апп
Шэйр Монголиа - хонины ноос машинаар хяргах төсөл
Цахим жор
Эмнэлэгт үзүүлнэ гэдэг оочир дарааллаас өгсүүлээд олон асуудалтай, өдрийн талыг нь авахуйц урт, удаан зам. Арай гэж үзүүлээд эмээ бичүүлж автал эмчийн бичгээ гээж алга болговол бас л асуудал ар араасаа хөвөрнө. Тэгвэл нэг талаасаа уг үйл явцыг системжүүлж эмч, эмнэлгийн ажлыг хөнгөвчилж нөгөө талаас өвчтөнд ойлгомжтой, амар хялбар хэрэглээг санал болгохоор уг төсөл төржээ. Цахим жор төсөл эмчийн бичиг, зөвлөгөөг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж эмч, өвчтөн, эм зүйч нарын хоорондын ойлголцол, цаасан хог хаягдал, гар ажиллагааг багасгасан автоматжуулалтын системийг санал болгож буй. Эмч, хэрэглэгч 40 хүртэлх минутыг эмчийн жор бичиж, зөвлөгөө өгөхөд зарцуулдаг бол уг системийг ашигласнаар 1-3 минутад жорыг гаргаж ирэхээс гадна 1.6 тонн цаасны хэрэглээг бүрэн халах юм. Үүсгэсэн жорыг эмийн сангийн систем, E-Mongolia руу шилжүүлж дор бүрнээ хяналттай ажиллах нөхцөл бүрдэнэ.
Дээрээс нь зөвхөн эмчийн зөвлөгөө яриаг шууд бичвэр хэлбэрт буулгах бус боловсруулаад өвчтөнд тохирсон зөвлөгөө өгөх байдлаар жорыг гаргаж ирэх байдлаар тус хиймэл оюуныг сургасан нь сонирхолтой. Ингэхдээ 4788 эмийн мэдээлэл, эмчийн үзлэгийн аудио өгөгдлөөр хиймэл оюунаа сургаж, хэд хэдэн эмнэлгүүд дээр туршиж буй нь одоогоор 82 хувийн гүйцэтгэл, оновчлолтой ажиллаж байгааг мөн дурдаж байлаа.
Шэйр Монголиа
Монгол улс хөдөө аж ахуйн ачааны хүндийг үүрдэг малчдын хөдөлмөрийн бүтээмжийг хөнгөвчилсөн шийдэл маш ховор. Монгол малчин нэг хонио ноосноос нь салгах гэж 15-20 минут зарцуулж байхад дэлхий дээрх стандарт ердөө 17 секунд. Харин Шэйр Монголиа ТББ-ын залуус малчдын ноос авах ажлыг хөнгөвчилж дэлхийд түгээмэл ашигладаг технологи, арга туршлагыг эзэмшин малчдад зориулсан үйлчилгээ гаргасан байна. Тэд баг бүрдүүлэн мянгат малчны бүтэн сар зууралдан байж хяргадаг ноосыг ганцхан өдрийн дотор хяргах үйлчилгээг дэвшүүлж бас энэ ур чадвараа бусдад зааж олон залуусыг ажлын байртай болгоход туслаад зогсохгүй хяргасан ноосоо ангилан үйлдвэрүүдэд өгөх, хаягдлыг нь бордооны үйлдвэрт нийлүүлээд тэрийгээ экспортлох бизнес эрхэлж байна.
III-р байр 3 баг
Artisy Hub - уран бүтээлч захиалгын апп
Air Q - тасалгааны агаарын үзүүлэлт хэмжигч
Technoarm - автомат машин угаах робот гар
Artisy Hub
Монголчууд бид баяр ёслол, хурим найр, наадам цэнгүүнээ өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай ард түмэн. Ямар ч үйл ажиллагааг зохион байгуулах үед хөтлөгч, дуучин, хөгжимчин, ерөөлч, DJ, бартендер зэрэг олон төрлийн уран бүтээлчид, хувь хүмүүстэй холбогдох шаардлага гардаг. Гэвч тэднийг олж уулзах, тохиролцох, ажлыг нь баталгаажуулах үйл явц маш их цаг, мэдээ мэдээлэл шаарддаг. Дээрээс нь сайтууд болон хувь хүмүүс “зуучлагч” нэрийн дор нэмэлт шимтгэл, төлбөр авч, зохион байгуулагч ба уран бүтээлч хоёрын хооронд ил тод бус, заримдаа шударга бус харилцаа үүсэх нь элбэг. Үнийн мэдээлэл нь тодорхойгүй, хэн нь ямар нөхцөлөөр ажиллах нь ойлгомжгүй байдал нь найр баярын уур амьсгалыг хямраах, зохион байгуулалтын чанарыг бууруулах гээд янз янзын асуудал үүсгэнэ.
Тэгвэл уг асуудлыг маш оновчтой харж шийдсэн нь Artisy Hub. Бүх төрлийн урлагийн үйлчилгээ, уран бүтээлчдийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчийг шууд, дундын зуучлалгүйгээр холбож, ил тод үнийн мэдээлэлтэйгээр захиалга өгөх боломжийг олгож буй платформ тус тус шагналт байруудад шалгарчээ.
Апп татах
Air Q
Улаанбаатар хот гэлтгүй бүх аймгийн төвүүд дээр утаа, орчны бохирдол бидний асуудал хэвээр байсаар байна. МУИС-ийн багш оюутнуудын AirQ баг нь орчны агаарын бохирдлын хэмжээг зөв оновчтой тодорхойлж илрүүлэх мэдрэгч төхөөрөмж хөгжүүлээд, гарсан үр дүнгээс хамааруулан агаар сэлгэх, цэвэршүүлэх шийдэл бүхий цогц системийг хөгжүүлж буй. Тэд шагналынхаа мөнгөөр судалгаагаа илүү нарийвчлах, прототайпаа хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа илтгэлийн үеэр дурдаж байлаа.
Technoarm
Хотын бас нэг асуудал бол хотдоо багтахгүй их автомашин, Улаанбаатар хотод л гэхэд 700 гаруй машин угаалгын хэрэгцээ байх жишээтэй. Одоо байгаа автомашин угаалгын газруудын ажиллах хүч хомс, цэвэр ус ашигладаг гээд олон асуудлуудтай. Тэгвэл МУИС-ийн багш оюутнууд нийлээд автомашин угаах робот гар хөгжүүлж байгаа юм. Робот гарын давуу тал нь автомат угаалгын хүрэхгүй, дутуу угаадаг хэсгийг илүү сайн цэвэрлэж ус болон угаагч бодис бага хэрэглэнэ гэх мэт давуу талтай. Нэмж хэлэхэд тэд төслөө турших, хамтран ажиллах авто угаалгын төв хайж байгаа гэнэ.
Ташрамд дурдахад Startup 2025 хөтөлбөр нь улс даяар хэрэгждэг бөгөөд тун удахгүй аймаг, дүүрэг, бүсийн хэмжээний шилдэг стартапууд шалгаруулах уралдаанууд зохион байгуулах юм байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл өөрийн оршин суугаа газрын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэл авч бүртгүүлээрэй.