Энэ даваа гарагт 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, 2025 оны Awards-ийн улирал ийнхүү албан ёсоор эхэллээ. Дараагийн хэдэн сарын турш өмнөх жилийн шилдэг бүтээлүүдээр амьсгалах цаг үед энэ онд нээлтээ хийх хамгийн томоохон 40 дэлгэцийн бүтээлийг та бүхэнд танилцуулж байна.

Өргөн дэлгэцийн блокбастер кинонуудаас эхлээд телевизийн шинэхэн цувралууд хүртэл олон сонирхолтой бүтээлүүд үзэгчдийг хүлээж байна. Ингээд олон зүйл нуршихгүйгээр жагсаалтаа эхлүүлцгээе.

I САР

1. wolfman 

Нээлтээ хийх огноо: 01/17
Найруулагч: Леа Уаннелл
Гол дүрүүдэд: Кристофер Абботт, Жулия Гарнер
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


The Invisible Man (2020) киногоороо алдартай найруулагч Леа Уаннелл найруулж, зохиолыг нь хамтран бичилцсэн энэхүү аймшгийн кино нь 1941 оны сонгодог The Wolf Man киноны шинэчилсэн хувилбар юм. Киноны гол дүр Блэйк (Кристофер Абботт)-ийн эцэг хачирхалтай байдлаар алга болсны дараа тэрээр байшинг нь өвлөн авах бөгөөд байгалийн үзэсгэлэнт газарт амрах зорилгоор эхнэр, хүүхэдтэйгээ байшинд нь очдог. Гэвч тэдний ирсэн өдрөөс үл үзэгдэх амьтан тэднийг сүрдүүлж, гэртээ бүгэхэд хүргэнэ. Шөнө гүнзгийрэх тусам Блэйкийн зан байдал өөрчлөгдөж, аймшигтай хувиралт эхэлнэ.

Найруулагч тус бүтээлээрээ дамжуулан Дракула, Чонон хүн, Франкенштейн зэрэг сонгодог мангасын дүрүүдийг жинхэнэ утгаар нь аюултай болгон хувиргаж, жихүүдэс хүргэм аймшгийн мэдрэмж өгөхийг хүссэн хэмээжээ. Уг кино цар тахлын үеэрх хамгийн алдартай бөгөөд үзэгчдээс өндөр сайшаалыг хүртсэн Invisible Man бүтээлийн амжилтыг давтах эсэхийг хүлээх л үлдлээ.


2. SEVERANCE S2

Нээлтээ хийх огноо: 01/17
Найруулагч: Бен Стиллер
Гол дүрүүдэд: Адам Скотт, Зак Черри, Брит Лоуэр
Хаанаас үзэх вэ? Apple TV+


Apple TV+ дотор нуугдсан эрдэнэсүүдийн нэг бол яахын аргагүй Severance. Шинжлэх ухааны уран зөгнөлт, сэтгэлзүйн триллер тус цувралын найруулагчаар алдарт жүжигчинБен Стиллер болон Айф МакАрдел нар ажилласан.

Цувралын үйл явдал Марк Скаут гэх гол дүрийн эргэн тойронд өрнөнө. Адам Скоттын бүтээсэн энэ дүр Лумон Индастрис хэмээх компанид ажилладаг бөгөөд ажил, хувийн дурсамжаа тусгаарлах зорилгоор "severance" хэмээх мэс заслын үйл явцад хамрагддаг. Энэ үйл явц нь хувь хүн, байгууллагын ёс зүй, оршихуйн талаар гүн гүнзгий асуудлуудыг хөнддөг өвөрмөц агуулгатай.

Цувралын эхний улирал 2022 оны 2-р сарын 18-нд нээлтээ хийсэн бөгөөд үзэгчид, шүүмжлэгчдээс , өвөрмөц зохиол, найруулга, дүрслэл, жүжиглэлтээрээ өндөр үнэлгээ авч чадсан билээ. 74 дэх удаагийн Эмми шагналд 14 төрөлд нэр дэвшиж, шилдэг нэвтрүүлгийн эхлэл болон хөгжмийн зохиолын шагналыг хүртсэн. Энэ удаагийн улиралд Лумон Индастрис компанийн нууцлаг ертөнцийг үргэлжлүүлэн судалж, эхний улирлын хариултгүй асуултуудыг шийдвэрлэхийг зорих аж.


II САР

3. captain america: brave new world

Нээлтээ хийх огноо: 02/14
Найруулагч: Жулиус Она
Гол дүрүүдэд: Сэм Уилсон, Харрисон Форд, Сэмюэл Стернс
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Ant-Man and the Wasp: Quantumania-аар сүр дуулиантай эхэлсэн боловч фенүүдийн зүгээс шүүмжлэлд ихэээхэн өртөж буй Phase 5-ийн сүүлээсээ хоёр дахь бүтээл бол Captain America: Brave New World. Үйл явдал The Falcon and the Winter Soldier цувралаас шууд үргэлжлэх бөгөөд Сэм Уилсон албан ёсоор Captain America болсны дараа шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Таддеус Росстой (Харрисон Форд) уулзах үед дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд хор учруулах далд хорон төлөвлөгөө дэлгэгдснээр үйл явдал цааш өрнөнө.

Харрисон Форд Red Hulk-ийн дүрээр Марвелийн ертөнцөд дебютээ хийж байгаа бол Breaking Bad цувралаар үзэгчдийн сайн мэдэх Жианкарло Эспозито телепортац хийх чадвартай супер хорон санаатны дүрийг бүтээж буй.

4. the gorge

Нээлтээ хийх огноо: 01/17
Найруулагч: Леа Уаннелл
Гол дүрүүдэд: Кристофер Абботт, Жулия Гарнер
Хаанаас үзэх вэ? Apple TV+


The Gorge бол Doctor Strange болон Sinister, The Black Phone зэрэг бүтээлээрээ танигдсан Скотт Дерриксон-ийн найруулсан адал явдалт, триллер төрлийн кино. Киноны үйл явдал нь Леви (Майлс Теллер) болон Драса (Аня Тейлор-Жой) хэмээх хоёр өндөр ур чадвартай тусгай ажилтнуудын тухай өгүүлэх аж. Тэд нууцлаг хавцлын эсрэг талд байрлах харуулын цамхагуудад томилогдож, хүн төрөлхтнийг үл мэдэгдэх хорон муу хүчнээс хамгаалах үүрэгтэй.

Эхэндээ хоорондоо харилцахыг хориглосон ч цаг хугацааны явцад тэдний хооронд холбоо үүсэж, хамтдаа тулгарч буй аюулыг даван туулах шаардлагатай болно. Скотт Дерриксон аймшгийн төрлөөр алдартай учир кинонд түгшүүртэй, сэтгэл хөдөлгөм хэсгүүд багтсан байх өндөр магадлалтай хэмээн үзэгчид таамаглаж буй.


5. THE WHITE LOTUS S3

Нээлтээ хийх огноо: 02/16
Найруулагч: Майк Уайт

Гол дүрүүдэд: Наташа Ротвелл, Наташа Ротвелл, Белинда Линдс, Паркер Пози
Хаанаас үзэх вэ? HBO


HBO сувгаас энэ жил үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй цувралуудын нэг бол The White Lotus. White Lotus хэмээх зохиомол амралтын газрын зочид болон ажилтнуудын амьдралын ээдрээтэй харилцаа, нийгэм сэтгэлзүйн асуудлуудыг хөнддөг тус цувралын эхний улирал Эммигээс таван шагнал, харин хоёрдугаар улирал 12 төрөлд нэр дэвшиж, Женнифер Кулиж шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн билээ.

Энэхүү цуврал нь нийгэм, эрх мэдлийн ялгаа, хэт тансаг хэрэглээг шүүмжлэн харуулснаараа олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, орчин үеийн телевизийн соёлд өөрийн байр суурийг бататгаж чадсан. Цувралын шинэ улирал Тайландад өрнөх бөгөөд зураг авалтыг Бангкок, Пхукет, Ко Самуи зэрэг газруудад хийжээ.

Трейлэр дээрээс харсанчлан BLACKPINK хамтлагийн Lisa (түүний жүжигчний анхны дебют дүр) болон Паркер Пози, Жейсон Айзекс, Патрик Шварценеггер зэрэг шинэ жүжигчид энэ улиралд нэмэгдэж буй.


6. the legend of ochi 

Нээлтээ хийх огноо: 02/28
Найруулагч: Исаиа Саксон
Гол дүрүүдэд: Хелена Зенгель, Уиллем Дефо
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


A24- тэй хамтарч буй Уиллем Дефогийн ээлжит уран бүтээл. Энэ удаад тэрээр аймшгийн бус хайр татам бяцхан ер бусын амьтны тухай өгүүлэх уран зөгнөлт, адал явдалт бүтээлээр эргэн ирж байна.

The Legend of Ochi нь "Хожи" хэмээх тааварлаг амьтадтай ой шугуйд амьдардаг, хойд нутгийн тосгоны бяцхан охин Юригийн түүхийг өгүүлнэ. Юри багаасаа эдгээр амьтдаас айж эмээх ёстой хэмээх бодолтой өссөн ч нэгэн өдөр гэр бүлээсээ төөрсөн хожигийн бамбаруушийг олно. Түүнийг гэр бүлтэй нь уулзуулахын тулд Юри өөрийн айдастай нүүр тулан, урьд өмнө хэзээ ч зориглоогүй адал явдалт аялалд гарснаар үйл явдал цааш хөвөрнө.

Уг кино нь бодит эффектүүдийг онцлон ашиглаж, хүүхэлдэй, механик хөдөлгөөнт дүрс, гар зургаар Starwars-ийн бяцхан Ёдатай ижилхэн харагдах "хожи" амьтдыг амилуулжээ. Үүний зэрэгцээ ямар нэгэн хиймэл оюун ухаан ашиглаагүйгээрээ онцлогтой. Зураг авалтыг Румыны Трансильвани нутгийн Апусени уулс, Бэлэа нуур, Трансфагарасан зам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд үзэгчдийн зүгээс A24-ийн 2025 оны онцлох бүтээлүүдийн нэг болно хэмээн өндөр хүлээлттэй байгаа юм.


III САР

7. MICKEY 17

Нээлтээ хийх огноо: 03/07
Найруулагч: Бон Жун Хо
Гол дүрүүдэд: Роберт Паттинсон, Стивен Юн, Марк Руффало
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Эдвард Эштондын 2022 онд гарсан "Mickey7" романаас сэдэвлэсэн тус бүтээлийн зохиолч, найруулагч, продюсерээр Бон Жун Хо ажилласан билээ. Уг кино нь Оскарын шагналт Parasite-аас хойших түүний анхны бүтээл. Киноны гол дүр болох Микки Барнс-ыг Роберт Паттинсон бүтээсэн бөгөөд тэрээр Нифлхейм хэмээх хүйтэн гариг дээрх колоничлолын төслийн хүрээнд ажилладаг "нөөцлөгч" хүн юм. Нөөцлөгчид гэдэг нь үхсэн ч дурсамж нь хадгалагдаж, дахин сэргээгддэг хүмүүсийг хэлдэг гэнэ.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар тус бүтээл нь Бон Жун Хогийн dark comedy элементүүд болон нийгмийн талаарх шүүмжлэлийг хослуулан, өөрийгөө танин мэдэхүй хийгээд мөнх бус амьдрал, хүний хувилах технологийн ёс зүйн асуудлуудыг хөндөх ажээ.

2022 оны 12-р сард гарсан анхны тизер трэйлерт Роберт Паттинсоны дүрийг криогеник камерт байгаагаар харуулж, үзэгчдийн дунд ихээхэн шуугиан дэгдээж байсныг та санаж буй биз ээ. Юутай ч олон удаа тов нь хойшлогдсон тус бүтээлийг бид ийнхүү ирэх гуравдугаар сард өргөн дэлгэцээр үзэх боломж тохиох нь.


8. SNOW WHITE

Нээлтээ хийх огноо: 03/21
Найруулагч: Марк Уэбб
Гол дүрүүдэд: Рэйчел Зеглер, Галь Гадот
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Дахиад л Disney-ийн өөр нэгэн live-action уу? хэмээн та бодож буй нь лавтай байх. Гэхдээ Snow White-ийн хувьд үзэгчид The Amazing Spider-Man-ийн найруулагч Марк Уэбб, кино зохиолын багт багтсан Грета Гервиг нарт найдаж, өмнөх live-action бүтээлүүдээс ялгарах шинэ, сонирхолтой түүхийг өгүүлэх болов уу хэмээн горьдлого тээж буй.

Холливиудын ажил хаялтын улмаас олон удаа хойшлогдох явцдаа тус бүтээлийг тойрсон зохиол, дүрүүдийн өөрчлөлт, долоон одойгийн дүрслэлийг шинэчилсэнтэй холбоотой олон ч шүүмжлэл гарсан. Цасан цагааныг өөрийгөө удирдан чиглүүлэгч, бие даасан дүрээр харуулсан хэмээн кино бүтээгчдийн зүгээс мэдэгдсэн нь хэтэрхий “woke” байна хэмээн шүүмжлэх үзэгчид ч мундахгүй олон байв.

Цасан гоогийн дүрд Рэйчел Зеглер, харин хатан хааны дүрд Галь Гадот тоглосон бол толины дүрд Патрик Пэйж дуу оруулж, Жонатан гэх шинэ ханхүүгийн дүрийг Эндрю Бернап бүтээсэн байна.


9. DAREDEVIL: BORN AGAIN 

Нээлтээ хийх огноо: 03/04
Найруулагч: Жастин Бенсон
Гол дүрүүдэд: Чарли Кокс,Винсент Д'Онофрио, Жон Бернтал
Хаанаас үзэх вэ? Disney+


Гурван жилийн өмнөх Сан Диегогийн Comic-Con арга хэмжээний үеэр Daredevil: Born Again цувралын жүжигчдийн бүрэлдэхүүн анх зарлагдах үед Чарли Кокс эргэн ирэх тухай мэдээ шүтэн бишрэгчдийг үнэхээр их баярлуулсан билээ.

Энэ хооронд Чарли Коксийн бүтээсэн Матт Мёрдок дүр Marvel Cinematic Universe (MCU)-ийн хэд хэдэн алдартай бүтээлд (жишээ нь Spider-Man: No Way Home) cameo дүрээр гарсны дараа ийнхүү өөрийн бие даасан цувралтайгаар эргэн ирж байна.

Анх 18 ангитайгаар төлөвлөгдсөн хэдий ч зохиолчдын ажил хаялтаас шалтгаалан production саатсан тул эхний улирал есан ангитайгаар нээлтээ хийх аж. Daredevil: Born Again цувралын дараа Marvel Studios нь Жон Бернталын Фрэнк Касл/The Punisher-ийн шинэ цувралыг гаргах тухай мэдээлэл байгаа. Энэ нь MCU-ийн илүү бараан, гудамжны түвшний баатруудын түүхийг өргөжүүлэх зорилготой юм.

10. THE STUDIO 

Нээлтээ хийх огноо: 03/26
Найруулагч: Сет Роген, Эван Голдберг
Гол дүрүүдэд: Сет Роген, Кэтрин О'Хара, Кэтрин Хан
Хаанаас үзэх вэ? Apple Tv+


Цувралын үйл явдал Сет Рогенийн бүтээсэн Матт Ремик хэмээх дүрийн амьдралын тухай өгүүлнэ. Тэрээр хямралтай байгаа "Continental Studios" кино студийн шинэ захирлаар томилогддог. Кино урлагийн салбар ач холбогдлоо хадгалахын төлөө тэмцэж байх үед Ремик болон түүний багийнхан уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл, корпорацийн шаардлагуудыг тэнцвэржүүлэх хүнд хэцүү нөхцөлтэй тулгарна. Тэд чанартай кино бүтээхийн тулд уран бүтээлчдийн эго, удирдлагын дарамтыг даван туулах ёстой.

Сет Роген, Эван Голдберг нар уг цувралын зохиолыг бичиж, найруулагчаар ажиллажээ. Цувралыг Perfectly Pleasant Productions, Point Grey Pictures, Lionsgate Television компаниуд хамтран бүтээсэн.


IV САР

11. SINNERS

Нээлтээ хийх огноо: 04/18
Найруулагч: Райан Куглер
Гол дүрүүдэд: Майкл Б. Жордон, Хейли Стайнфелд, Жак О'Коннелл
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Холливиудын алтан хамтралуудын нэг болох зохиолч, найруулагч, продюсер Райан Куглер, Майкл Б. Жордон нарын ээлжит уран бүтээл. Энэхүү хоёр уран бүтээлч өмнө нь Fruitvale Station, Creed, Black Panther зэрэг төслүүд дээр хамтарч байсныг үзэгчид андахгүй.

Үйл явдлын хувьд 1930-аад оны Жим Кроугийн өмнөд нутагт ихэр ах дүү Илайжах болон Элиас (хоёуланг нь Майкл Б. Жордон дүрд тоглоно) шинэ амьдрал эхлүүлэхээр төрсөн нутагтаа буцаж ирнэ. Гэвч тэднийг урьд өмнө байгаагүй том аюул угтах болно. Тус бүтээл нь Жим Кроугийн өмнөд нутаг дахь хүнд хэцүү амьдрал, аймшгийн элементийг түүхэн агуулгатай хослуулан үзүүлэх аж.

Сонирхолтой нь, Райан Куглерын хувьд энэхүү аймшгийн кино нь өөрөө зохиолыг нь бичиж, найруулж буй анхны бүтээл нь юм.

12. THE LAST OF US S2

Нээлтээ хийх огноо: Дөрөвдүгээр сар
Найруулагч: Педро Паскаль, Белла Рамзи, Кэйтлин Девер
Гол дүрүүдэд: Кейт Херрон, Нина Лопез-Коррадо, Марк Майлод, Стивен Виллиамс
Хаанаас үзэх вэ? HBO


2023 оныг хамгийн дуулиантай цувралуудын нэг The Last of Us дөнгөж өнөөдөрхөн шинэ улирлынхаа сүүлийн трейлерийг цацаж, фенүүдийнхээ цусыг булиглуулаад байна. Хоёрдугаар улирал нь The Last of Us Part II тоглоомоос сэдэвлэсэн бөгөөд эхний улирлын үйл явдлаас таван жилийн дараах үйл явдлыг харуулна.

Жоэл, Элли хоёр шинэ сорилт, ёс суртахууны хүнд байдалтай тулгарахын сацуу мэдээж шинэ гол дүр Абби, Эллигийн дурласан охин Дина зэрэг олон дүрүүд үзэгчдийн анхаарлыг татаж буй. Энэ улирал нь тоглоомын бүх үйл явдлыг багтаахгүй бөгөөд илүү өргөн цар хүрээг хамрах тул дараа дараачийн улирлуудаар цуврал цааш үргэлжлэх өндөр магадлалтай байгаа юм.


V САР

13. THUNDERBOLTS

Нээлтээ хийх огноо: 05/02
Найруулагч: Жейк Шрайер
Гол дүрүүдэд: Флоренс Пью, Флоренс Пью, Дэвид Харбор
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Phase 5-ийн төгсгөл болж буй, шинэ антибаатаруудын кино нь АНУ-ын Засгийн газрын төлөө ажиллахын тулд хөлсөлсөн хорон санаатнуудын бүлгийн талаар өгүүлэх болно.

MCU-ийн фенүүдийн хувьд хүлээлт өндөр буй тус бүтээлийг Жейк Шрайер (Beef) найруулсан. Үзэгчдийн зүгээс хэтэрхий эмх замбараагүй өрнөсөн Phase 5-ийг ам сайтай дуусгахын зэрэгцээ Phase 6-ийн эхлэлийг (The Fantastic Four: First Steps, Avengers: Doomsday ) хүлээлт дүүрэн байлгахын тулд Thunderbolts зайлшгүй сайн уран бүтээл байх ёстой хэмээн найдлага тавьж буй.


14. MISSION: IMPOSSIBLE-THE FINAL RECKONING

Нээлтээ хийх огноо: 05/23
Найруулагч: Кристофер МакКуэрри
Гол дүрүүдэд: Том Круз, Хэйли Атвелл, Винг Рэймс
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


1996 оноос эхэлж, өдгөө 29 дэх жилдээ үргэлжилж буй, орчин цагийн хамгийн амжилттай франчайзуудын нэг болох Mission: Impossible, Этан Хантын түүх ийнхүү энэ ангиар албан ёсоор хөшгөө татаж байна. Mission: Impossible — The Final Reckoning анги нь өмнөх Mission: Impossible – Dead Reckoning Part One ангийн шууд үргэлжлэл бөгөөд энэ франчайзын түүхэнд анх удаа хоёр кино үргэлжилсэн хувилбар болж буй гэдгээрээ онцлог. Тэгэхээр долоодугаар ангийг заавал үзэж байж энэ ангийг үзнэ ээ гэсэн үг.

Киноны зураг авалт цар тахал болон 2023 оны SAG-AFTRA ажил хаялтын улмаас хэд хэдэн удаа хойшлогдсон бөгөөд зураг авалтууд Их Британи, Мальта, Өмнөд Африк, Норвег зэрэг орнуудад хийгджээ. Сүүлийн ангийн төсөв ойролцоогоор 400 сая доллар байсан нь франчайзын түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй кино болж буй. Сонирхуулахад, долоон анги нийлээд дэлхий даяар нийтдээ 4.14 тэрбум ам.долларын орлого олжээ.

15. LILO&STICH 

Нээлтээ хийх огноо: 05/23
Найруулагч: Дин Флейшер Кэмп
Гол дүрүүдэд: Маиа Кеалоха, Крис Сандерс
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Тус live-action бүтээлийг Marcel the Shell with Shoes On киногоороо алдаршсан найруулагч Дин Флейшер Кэмп найруулж байгаа бол Лилогийн дүрийг шинэ жүжигчин Маиа Кеалоха амилуулна. Түүнчлэн 2002 оны анхны анимэйшний зохиолч, найруулагчдын нэг Крис Сандерс Ститчийн дүрдээ дахин дуу оруулах юм.

Кино нь анхны анимэйшний гол утга санааг хадгалж, Хавайн ганцаардсан охин Лило болон харь гаригийн нохой төст амьтны хоорондын гүн холбоог харуулах болно. 2024 оны наймдугаар сард зохиогдсон Disney D23 арга хэмжээнийхээ үеэр Ститчийн CGI загварыг олон нийтэд танилцуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.

16. KARATE KID: LEGENDS

Нээлтээ хийх огноо: 05/30
Найруулагч: Дин Флейшер Кэмп
Гол дүрүүдэд: Ралф Маккио, Жеки Чан, Ли Фонг
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Франчайзынхаа зургаа дахь анги болох тус бүтээл Karate Kid цувралын анхны кинонууд болон 2010 оны шинэчлэгдсэн хувилбарын хооронд гүүр болж, домогт дүрүүдийг нэгтгэж, шинэ дүрүүдийг танилцуулж буйгаараа онцлог. Үйл явдал нь Cobra Kai цувралын төгсгөлийн улирлын дараах гурван жилийн дараа өрнөх юм.

1984 онд бүтээгдсэн, хамгийн анхны Karate Kid киноны гол дүр Ралф Маккио, 2010 оны шинэ хувилбарын гол дүр Жеки Чан нарын зааварчилгааны дагуу энэ удаагийн гол дүр болох Ли Фонг (Бен Ван) кунфу болон карате урлагийг хослуулахыг сурч, гайхалтай тулааны сорилтод оролцох болно.


17. THE HANDMAID'S TALE s6

Нээлтээ хийх огноо: Тавдугаар сар
Найруулагч: Брюс Миллер
Гол дүрүүдэд: Элизабет Мосс, Ивонн Страховски, Брэдли Уитфорд
Хаанаас үзэх вэ? Hulu


Disney+/Hulu-ийн хамгийн алдартай бөгөөд удаан хугацаанд үргэлжилж буй цуврал бол The Handmaid's Tale. Маргарет Этвүүдийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн тус цувралын сүүлийн буюу зургаадугаар улирал энэ хавар цацагдах болно.

Гол үйл явдал нь Гилеад хэмээх тоталитар нийгэмд өрнөх амьдралын түүхийг өгүүлдэг бөгөөд хүүхэд төрүүлэх боломжтой, нөхөн үржихүйн насны цөөн хэдэн эмэгтэйчүүдийг АНУ-ын эрх мэдэлтнүүдийн хүүхэд төрүүлэх зорилгоор ашигладаг харгис дэглэмийн түүх юм.

Сүүлийн улиралд Жун (Элизабет Мосс) нөхөр Люктэйгээ буцаж уулзаж чадах уу? Иргэд Гилеадын эрх мэдлийн тогтолцоог өөрчилж, тэмцэл өрнүүлэх үү? Хамгийн чухал нь Жун охин Ханнагаа Гилеадын дэглэмээс аварч чадах болов уу? зэрэг олон эргэлзээтэй асуултын зангилаа тайлагдах учиртай.


VI САР

18. BALLERINA

Нээлтээ хийх огноо: 06/06
Найруулагч: Лен Уайзман
Гол дүрүүдэд: Ана де Армас, Киану Ривз, Иан МакШейн
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Киноны гол дүр болох Ева Макарро (Ана де Армасын бүтээсэн дүр) нь Русска Рома байгууллагад бэлтгэгдсэн балетчин-алуурчин юм. Эцгийнхээ амийг хөнөөсөн хэрэгт өс санасан Ева өшөө авахаар гэмт хэргийн ертөнцөөр аялж, аюултай адал явдалд оролцдог.

Түүхийн үйл явдал нь "Жон Уик: 3-р бүлэг – Парабеллум" болон "Жон Уик: 4-р бүлэг" киноны үйл явдлын хооронд өрнөнө."Балерина" нь 2023 онд нас барсан Ланс Реддикийн хамгийн сүүлийн бүтээлүүдийн нэг гэдгээрээ онцлог юм.

No time to Die бүтээлд бүтээсэн дүрээрээ action кинонд шаггүй авьяастай болохоо харуулсан Ана орчин цагийн хамгийн алдартай триллер франчайз болох Жон Уикийн ертөнцийн амжилтыг ахиулж чадах эсэхийг хүлээх л үлдэж байна.

19. ELIO

Нээлтээ хийх огноо: 06/13
Найруулагч: Домии Ши
Гол дүрүүдэд: Йонас Кибреабь, Жамела Жамил
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Elio нь сансар огторгуйд дуртай, төсөөлөл өндөртэй 11 настай хүү Элио Солисийн тухай түүх. Нэгэн өдөр тэрээр харь гаргийнхан дээрх дэлхийн элч төлөөлөгчөөр андуурагдан, сансар огторгуйн "НҮБ”-тай адил Коммунверс хэмээх байгууллагад хүргэгдэнэ. Элио шинэ орчинд олон янзын харь гаргийн амьтантай харилцах, тэдний сорилтыг даван туулах явцдаа өөрийн жинхэнэ чадвараа нээх аж.

Pixar-ийн фенүүдийн зүгээс Elio Piixar-ийн уламжлалт хошин, адал явдалт, сэтгэл хөдөлгөм түүхийг үргэлжлүүлж, хүүхэд ба насанд хүрэгчдийн аль алинд нь таалагдахуйц бүтээл байгаасай хэмээх хүлээлттэй буй.

20. HOW TO TRAIN YOUR DRAGON 

Нээлтээ хийх огноо: 06/13
Найруулагч: Дин ДеБлуа
Гол дүрүүдэд:
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Найруулагчаар How to Train Your Dragon гурвалсан анимэйшний найруулагч Дин ДеБлуа ажиллаж байгаа бөгөөд энэхүү life-action хувилбар нь анхны анимэйшний үйл явдлыг дахин эхнээс нь өгүүлэх аж. Life-action хувилбарт CGI ашиглан Toothless болон Night Fury гээд үзэгчдийн сэтгэлд хоногшсон, хайртай луунуудыг хэрхэн бодитоор дүрслэх нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж буй.

21. 28 YEARS LATER

Нээлтээ хийх огноо: 06/20
Найруулагч: Дэнни Бойли
Гол дүрүүдэд: Аарон Тейлор-Жонсон, Жоди Комер
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Post-apocalyptic киноны жанрыг шинэ түвшинд хүргэж, зомби хэмээх дүрийг поп соёлд авчирсан домогт найруулагч Дэнни Бойлийн 28 Days Later киноны шууд үргэлжлэл болох 28 Years Later бүтээл энэ зургаадугаар сард нээлтээ хийх болно. Дэнни Бойлийн фенүүдэд сайхан мэдээ дуулгахад, энэхүү кино нь трилогийн эхний анги бөгөөд ирэх хоёр жил дараалан үлдсэн хоёр анги нь нээлтээ хийх юм.

Киноны үйл явдал Rage Virus нэртэй халдварт өвчний дэгдэлтээс хойш 28 жилийн дараа өрнөнө. Амьд үлдэгсдийн нэг хэсэг нь эх газартай хамгаалагдсан гармаар холбогдсон жижиг арал дээр амьдарч байна. Гол дүр болох Жейми (Аарон Тейлор-Жонсон) эх газарт зориглон гарч, халдварт өвчний аймшигт нууц болон халдварт хүмүүс, амьд үлдэгсдийн дунд гарсан өөрчлөлтүүдийг илчлэх болно.

Киллиан Мерфигийн хувьд ирэх жил нээлтээ хийх хоёрдугаар ангид эргэн ирэх аж.

22. F1

Нээлтээ хийх огноо: 06/27
Найруулагч: Жозеф Косински
Гол дүрүүдэд: Брэд Питт, Хавиер Бардем
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Top Gun: Maverick, Oblivion зэрэг киноны найруулагч Жозеф Косински болон алдарт Брэд Питт, Хавиер Бардем нарын хамтрал. Тус бүтээлийг Формула-1-ийн удирдах байгууллага FIA-тай хамтран бүтээсэн бөгөөд Формула-1 уралдааны ертөнцийг бодитоор харуулахын тулд зураг авалтыг томоохон гранпри тэмцээнүүд дээр тусгайлан авчээ.

Киноны үйл явдал нь Сонни Хэйс хэмээх хуучин Формула-1-ийн жолоочийн амьдралыг өгүүлнэ. Уг дүрийг Брэд Питт бүтээсэн бөгөөд Хэйс 1990-ээд онд томоохон ослын улмаас уралдааны замналаа орхисон байдаг. Хэдэн жилийн дараа түүний найз Рубен (Хавиер Бардемийн бүтээсэн дүр) түүнийг дахин уралдааны ертөнцөд хөл тавихыг ятгаж, шинэхэн жолооч Жошуа "Ноа" Пирсыг (Дамсон Идрисийн дүр) дасгалжуулж, удирдан чиглүүлэхийг хүсдэг. Сонни, Рубен нар APXGP нэртэй зохиомол багийг шинэ түвшинд хүргэхийн төлөө хамтдаа зүтгэх болно.

23. IRONHEART 

Нээлтээ хийх огноо: 06/24
Найруулагч: Сэм Бэйли
Гол дүрүүдэд: Доминик Торн, Антони Рамос
Хаанаас үзэх вэ? Disney+

Ironheart бол Marvel Cinematic Universe (MCU)-ийн Phase 5-ийг дуусгах зургаан ангитай мини цуврал.

Үйл явдлын хувьд Black Panther: Wakanda Forever (2022)-ийн үйл явдлын дараа MIT-ийн оюутан, гоц авьяаст зохион бүтээгч Рири Уильямс Чикаго дахь гэртээ эргэн ирэх үеэрээ Паркэр Роббинс буюу The Hood гэх нууцлаг дайсантай нүүр тулгардаг. Тэдний сөргөлдөөн технологи ба хар хүчний хоорондын тэмцэл болон өрнөх бөгөөд Ририг аюул, адал явдлаар дүүрэн замналд хөтөлнө.

24. SQUID GAME S3

Нээлтээ хийх огноо: Зургаадугаар сар
Найруулагч: Хван Дон Хёк
Гол дүрүүдэд: И Жун Жэ, И Бён Хён
Хаанаас үзэх вэ? Netflix


Бүтэн гурван жил тэвчээртэй хүлээсний эцэст бид оны өмнөхөн Squid Game-ийн хоёрдугаар улирлыг үзэж дуусгасан. Шинэ улирлын тухайд сайн, муу хосолсон олон сэтгэгдэл хөвөрч буй энэ цаг дор Netflix-ийн зүгээс сүүлийн буюу гуравдугаар улирал энэ оны зургаадугаар сард нээлтээ хийх тухай зарлаад буй.

Нэгдүгээр улирлын хувьд Эммигийн 14 төрөлд нэр дэвшиж, 2 төрөлд ялалт байгуулсан хийгээд бүтээсэн өртөгтэйгөө харьцуулахад 41 дахин нугалсан орлого олсон, өөрийн эх орон төдийгүй Азийн зах зээл, Азиар зогсолгүй дэлхий дахиныг байлдан дагуулсан гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Харин сүүлийн улирал уг амжилтыг хадгалж чадах болов уу?

Ташрамд дуулгахад, энэ төрөл дэх Netflix-ийн өөр нэгэн алдартай цуврал болох Alice in Borderland-ийн шинэ улирал мөн энэ онд нээлтээ хийх болно. Battle Royal төрлийн цувралд хорхойтой үзэгчдийн хувьд үнэхээр “үзээтэй” жил байх нь ээ.

25. A Knight of the Seven Kingdoms

Нээлтээ хийх огноо: 06/15
Найруулагч: Овен Харрис
Гол дүрүүдэд: Питер Клаффи, Декстер Сол Анселл
Хаанаас үзэх вэ? HBO


HBO-ийн A Knight of the Seven Kingdoms цуврал нь Жорж Р.Р.Мартины "Гал мөсний дуун" ертөнцөд өрнөх дахин нэг шинэ бүтээл юм. Жорж Р.Р.Мартины Tales of Dunk and Egg цуврал гурван туужаас сэдэвлэсэн тус бүтээл нь Сэр Дункан болон түүний Эгг (хожим нь V Эгон Таргариен болно) нарт тохиолдсон адал явдлын тухай бөгөөд Game of Thrones цувралын үйл явдлаас 90 жилийн өмнө Daeron II, Aerys I хаадын энх тайван цаг үед үйл явдал өрнөдөг.

Энэ ташрамд, House of the Dragon-ын шинэ улирлыг хүлээх хугацаанд Вестеросын гайхалтай ертөнцөөс биднийг холдуулахгүй байлгаж буй HBO-д талархах нь зүйтэй биз ээ. Найруулагчийн тухайд, Black Mirror цувралын үзэгчдийн хамгийн хайртай ангиудын нэг болох San Junipero-г найруулсан Овен Харрис энэхүү бүтээлийн эхний гурван ангийг найруулжээ.

Сонирхуулахад, Game of Thrones цувралын Шөнийн харуулын мэйстер Эймон бол тус цувралын гол дүр болох V Эгон Таргариенийн төрсөн ах билэээ. Эймон Таргариан нь хааны титмээс татгалзан дүүгийнхээ аюулгүй байдлын төлөө шөнийн харуулд нэгдсэн түүхтэй. Харин Сэр Дункан нь Бриенне Тартын удам бөгөөд түүний эрхэм дээд чанарууд Бриеннед уламжлагдсан байдаг.


VII САР

26. SUPERMAN 

Нээлтээ хийх огноо: 07/11
Найруулагч: Жэймс Ганн
Гол дүрүүдэд: Дэвид Коренсвет, Рэйчел Броснахан
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Энэ жил биднийг домогт Ж.Ганнын Superman хүлээж буй. DC-ийн ертөнцийн шинэ эхлэл болсон Superman-ээс тэдний ирээдүйн амжилт шууд тодорхойлогдох болно гэхэд буруудахгүй. Киноны үйл явдал оны өмнөхөн нээлтээ хийсэн Creature Commandos (2024) анимэйшн цувралын дараах үйл явдлыг харуулах бөгөөд DCU-ийн дараагийн кинонуудын үндэс суурийг тавих олон шинэ супер баатруудыг танилцуулна.

Жэймс Ганн Хенри Кавиллыг сольсон шийдвэрийнхээ тухайд шинэ "Супермэн"-ийг залуу, туршлага багатай үеийнх нь түүхийг өгүүлэхээр төлөвлөж байгаа тул насны хувьд тохиромжтой жүжигчин сонгох шаардлагатай болсон хэмээн тайлбарласан билээ.

27. THE FANTASTIC FOUR: first steps

Нээлтээ хийх огноо: 07/ 25
Найруулагч: Матт Шакман
Гол дүрүүдэд: Ванесса Кирби - Сью Сторм/Invisible Woman, Жозеф Куинн - Жонни Сторм/Human Torch, Педро Паскаль - Рийд Ричардс/Mr. Fantastic, Эбон Мосс-Бахрач - Бен Гримм/The Thing
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Харин нөгөө талд Marvel Cinematic Universe (MCU)-ийн Phase 6 албан ёсоор эхлэх болно. The Fantastic Four: First Steps киноны үйл явдал 1960-аад оны Нью-Йорк хотод өрнөх бөгөөд найруулагчаар нь “WandaVision”-ий Матт Шакман ажилласан билэээ.

Fantastic Four бол Marvel-ийн "Анхны гэр бүл" гэдгээрээ алдартай, тэр ч утгаараа комик номын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Харин First Steps төсөл эдгээр домогт дүрүүдийг орчин үеийн үзэгчдэд шинэлэг, утга учиртай байдлаар дахин танилцуулах боломжийг олгоод зогсохгүй Phase 6-ийн эхлэлийг амжилттай тавих учиртай.

Түүнчлэн бид post credit scene-ээс ирэх онд нээлтээ хийх Avengers: Doomsday бүтээлийн гол эсрэг дүр Victor von Doom-ийг харах өндөр магадлалтай.


27. WEDNESDAY S2

Нээлтээ хийх огноо: Зун
Найруулагч: магадгүй Тим Бёртон
Гол дүрүүдэд: Женна Ортега,Эмма Майерс, Жой Сандэй
Хаанаас үзэх вэ? Netflix


Wednesday цувралын хоёрдугаар улирлын талаар одоогоор тодорхой мэдээлэл ховор байгаа ч гүйцэтгэх продюсерүүд Ал Го, Майлс Миллар нар үзэгчдэд илүү “харанхуй, гүнзгий” мэдрүүлэхээ амлаж буй. Энэхүү улиралд гол дүрийн баатар Nevermore Academy-д суралцсаар байх бөгөөд үйл явдал 2025 онд өрнөх юм.

Өмнөх улиралд Аддамсын гэр бүлийн гишүүдийн тухай төдийлөн гүнзгий хөндөөгүй бол шинэ улиралд түүний ээж Мортисиа (Кэтрин Зета-Жонс), аав Гомез (Луис Гузман), дүү Пагсли (Исаак Ордонез) нар илүү чухал дүртэйгээр гарч ирэх аж.

Мөн энэ улирлын хамгийн том гэнэтийн мэдээ бол мэдээж Леди Гага. Түүний дүр одоогоор нууц хэвээр байгаа ч Wednesday-ийн ертөнцөд түүнд зориулсан дүр гаргах нь сонирхолтой сорилт байх нь дамжиггүй.


VIII САР

28. the battle of baktan cross

Нээлтээ хийх огноо: 08/08
Найруулагч: Пол Томас Андерсон
Гол дүрүүдэд: Леонардо ДиКаприо, Шон Пенн


Энэхүү бүтээлээрээ Пол Томас Андерсон анх удаа Леонардо ДиКаприотой хамтран ажиллаж буй бөгөөд киноны жүжигчдийн багт Шон Пенн, Режина Холл, Алана Хайм, Теяна Тейлор, Вүүд Харрис зэрэг алдартнууд багтжээ.

Тус бүтээлийг гэмт хэргийн драм, триллер байх болов уу хэмээн таамаглаж буй ч олон нийтэд үйл явдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч уг IMAX форматаар бүтээгдэж буй Пол Томас Андерсоны анхны кино тул энэ зуны блокбастерын нэг байх болов уу хэмээн үзэгчид таамаглаж буй.

29. FREAKER FRIDAY 

Нээлтээ хийх огноо: 08/08
Найруулагч: Найша Ганатра
Гол дүрүүдэд: Жэйми Ли Кёртис, Линдсэй Лохан
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Freakier Friday нь 2003 оны уран зөгнөлт, инээдмийн кино болох Freaky Friday-ийн үргэлжлэл бөгөөд шинэ анги дээр Жэйми Ли Кёртис, Линдсэй Лохан нар эргэн ирж, эх, охин хоёр болох Тесс болон Анна Коулман нарын дүрийг дахин бүтээжээ.

Үйл явдлын хувьд ээж, охин хоёрын бие солигдсон үйл явдлаас хойш олон жил өнгөрсөн байх ба Анна одоо үед өөрөө ээж болсон байх төдийгүй дагавар охинтой болжээ. Never Have I Ever цувралын Дэвигийн дүрээр өсвөр насныхны андахгүй таних Майтрей Рамакришнан Аннагийн дагавар охины дүрийг бүтээх юм.


IX САР

30. THE BRIDE

Нээлтээ хийх огноо: 09/26
Найруулагч: Мэгги Гилленхол
Гол дүрүүдэд: Кристиан Бэйл, Жесси Бакли
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Beetlejuice Beetlejuice-ийн амжилтын дараа Warner Bros. “амьд үхдэл”-ийн сэдвийг дахин амилуулахаар шийджээ. Энэ удаад алдарт жүжигчин Мэгги Гилленхолын найруулсан The Bride кино үзэгчдийн хүртээл болох юм. Гол дүрд Кристиан Бэйл Франкенштейний мангасын дүрийг бүтээх бол Жесси Бакли түүний сүйт бүсгүйн дүрд тоглоно.

Энэхүү кино нь Жеймс Уэйлийн 1935 оны Bride of Frankenstein киноноос сэдэвлэн, Мэри Шеллийн 1818 онд бичсэн Frankenstein; or, The Modern Prometheus зохиолоос санаа авсан байна. Үйл явдал 1930-аад оны Чикаго хотод өрнөх бөгөөд Франкенштейний алдартай түүхийг орчин үеийн үзэл санаа, шинэ өнцгөөр харуулах аж.

31. PERCY JACKSON AND THE OLYMPIANS

Нээлтээ хийх огноо: Намар
Найруулагч: Жеймс Бобин
Гол дүрүүдэд: Уокер Скобелл, Леа Сава Жеффрис
Хаанаас үзэх вэ? Disney+


Рик Риорданын Percy Jackson & the Olympians таван боть цуврал бол дэлхий даяар 180 сая гаруй хувь борлуулагдаж, 40 гаруй хэлээр орчуулагдсан алдартай бүтээл. Харамсалтай нь, эл зохиолоос сэдэвлэсэн Percy Jackson And The Lightning Thief, Percy Jackson: Sea of Monsters бүрэн хэмжээний кинонууд эх зохиолоосоо ихээхэн зөрсөн хэмээх шүүмжлэлийг фенүүдээс хүртэж байсан.

Харин Disney+ платформ энэхүү бүтээлийг цуврал болгох эрхийг авч, улмаар уран бүтээлчдийн багт зохиолч Рик Риордан гардан оролцож, үр дүнд нь эхний улирал фенүүдээс тун эерэг үнэлгээ авсан билээ.

Хоёрдугаар улирал Sea of Monsters зохиолоос сэдэвлэгдсэн үйл явдлуудыг өгүүлэх бөгөөд энэ удаад Перси тэнгисийн бурхан Пан-г хайхаар өөрийн аялалдаа гарсан Гровер (Арьян Симхадри)-г аврахаар тэнгисийн араатан амьтдаар дүүрсэн газраар аялал хийх болно. Гроверийг домогт Циклопс барьцаалсан бөгөөд тэр нь эрт үед Одиссейг хашсан аварга биет юм.


X САР

32. MICHEAL

Нээлтээ хийх огноо: 10/03
Найруулагч: Антуан Фукуа
Гол дүрүүдэд: Жаафар Жексон, Колман Доминго
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Michael бол домогт уран бүтээлч Майкл Жексоны амьдрал, карьерын тухай өгүүлсэн намтарчилсан драм бүтээл. Энэхүү киног Антуан Фукуа найруулж, Жон Логан зохиолыг нь бичсэн бөгөөд 2025 оны 10-р сарын 3-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Хамгийн сонирхолтой нь гол дүр буюу Майкл Жексоны дүрийг түүний зээ болох Жаафар Жексон бүтээж буй. Тус дүр нь түүний кино урлагт анхны дүр бүтээж буй явдал. Үйл явдлын тухайд Майкл Жексоны бага нас, Jackson 5 хамтлагаас эхлэн "Попын хаан" хэмээн нэрлэгдэх хүртэлх замнал, хөгжмийн болон бүжгийн салбарт оруулсан хувь нэмрийг харуулах аж. Товчхондоо, 2025 оны хамгийн хүлээлттэй бөгөөд нөгөө талаас үзэгчдийн тэр тусмаа Майкл Жексоны фенүүдийн хувьд тун эргэлзээтэй бүтээл хэмээгдэж буй.


XI САР

33. predator: badlands

Нээлтээ хийх огноо: 11/07
Найруулагч: Дан Трахтенберг
Гол дүрүүдэд: Элле Фаннинг
Хаанаас үзэх вэ? Кинотеатр

2022 оны Prey киноны амжилтын дараа найруулагч Дэн Трахтенберг “Predator”-ийн ертөнцөд эргэн ирж, Predator: Badlands-ийг бүтээж байна. Энэ удаад франчайзын түүхэнд анх удаа Predator-ыг гол дүр болгон харуулж байгаа бөгөөд найруулагч Дан Трахтенберг "Энэ амьтан гол дүрийн төвд байж, үйл явдлыг удирдана. Тэр өмнөх шигээ хүчирхэг ч бас сэтгэл хөдлөм талыг үзүүлнэ" хэмээжээ. Гол дүрд Элле Фаннинг тоглох тухай мэдээлэл байгаа боловч үйл явдлын талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа.


34. wicked: for good

Нээлтээ хийх огноо: 11/21
Найруулагч: Жон М. Чу
Гол дүрүүдэд: Синтия Эриво, Ариана Гранде
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Энэ даваа гарагт зохион байгуулагдсан 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадамд эхний анги нь дөрвөн төрөлд нэр дэвшиж, Cinematic and Box Office Achievement төрөлд ялалт байгуулсан билээ. Шидэт Озийн ертөнцөд үзэгчдийг эргэн авчрах Wicked:For Good хоёрдугаар ангид өмнөх ангийн жүжигчид болох Синтия Эриво, Ариана Гранде, Жонатан Бэйли, Жефф Голдблум нар эргэн ирэх бөгөөд найруулагчаар Жон М. Чу ажиллах юм.


35. zootopia 2

Нээлтээ хийх огноо: 11/26
Найруулагч: Жон М. Чу
Гол дүрүүдэд: Синтия Эриво, Ариана Гранде
Хаанаас үзэх вэ? Кинотеатр

Есөн жилийн дараа бидний хайртай туулай цагдаа Жүди Хопс Zootopia 2-оор дэлгэцэнд эргэн ирнэ. Жүди Ник Уайлдтай (Жэйсон Бэйтман) хамтран шинэ хэрэг мөрдөнө. Zootopia 1.024 тэрбум ам.долларын ашиг орлог олж түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой хүүхэлдэйн киноны жагсаалтын 12-т багтдаг байдаг.

36. the running man 

Нээлтээ хийх огноо: 11/07
Найруулагч: Эдгар Райт
Гол дүрүүдэд: Глен Пауэлл, Жош Бролин

Хаанаас үзэх вэ? Кинотеатр

Baby Driver, The Adventures of Tintin, Scott Pilgrim vs. the World зэрэг киног найруулсан, өнөө цагийн хамгийн амжилттай найруулагчдын нэг болох Эдгар Райт энэ жил шинэхэн бүтээлээрээ эргэн ирэх болно. The Running Man кино нь Стивен Кингийн 1982 онд туурвисан ижил нэрт романаас сэдэвлэжээ.

Сонирхолтой нь, 1987 онд Арнольд Шварценеггерийн гол дүрийг нь бүтэээсэн өөр нэгэн The Running Man гарч байсан бөгөөд шинэ хувилбар 1987 оны киноноос илүү эх зохиолд ойрхон байхыг зорьсон ажээ.

Үйл явдлын хувьд 2025 оны дарангуйлалд автсан нийгэмд Бен Ричардс хэмээх гол дүр (Глен Пауэлл) The Running Man буюу үхлийн тоглоомд оролцохоос өөр аргагүйд хүрнэ. Энэ тоглоомд оролцогчдыг "Ангуучид" хэмээн нэрлэгдэх мэргэжлийн алуурчид мөшгөн хөөхөд хүрдэг. Бен охиныхоо амийг аврахын тулд энэ тоглоомд орж, амьд үлдэхийн төлөө тэмцэхийн зэрэгцээ нийгмийн дарангуйлал, шоу нэвтрүүлгийн цаад үнэнийг илчлэх болно.

XII САР

37. avatar: fire and ash

Нээлтээ хийх огноо: 12/09
Найруулагч: Жэймс Камерон
Гол дүрүүдэд: Сам Уортингтон, Зое Салданья, Оона Чаплин
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


Энэхүү анги нь Пандорагийн соёлын олон өнгө төрх, онцлогийг илүү гүнзгий харуулж, "Галын Үндэстэн" хэмээн нэрлэгдэх шинэ На'ви омгийг үзэгчдэд танилцуулна. Энэ омгийнхон галт уулын бүс нутагт аж төрдөг бөгөөд На'вичуудын илүү түрэмгий, хатуу чанга зан чанарыг илэрхийлдэг.

Киноны нийт төсөв ойролцоогоор 250 сая долларт хүрэх урьдчилсан тооцоотой байгаа нь өмнөх ангитай ойролцоо дүн юм. Зураг авалт 2017 онд эхэлж, 2020 оны 12-р сард дууссан бөгөөд одоогоор дүрсний эффектүүдийг сайжруулах, киноны дараах боловсруулалтын ажил хийгдэж буй.

Гол дүрүүдэд Сам Уортингтон (Жейк Саллигийн дүр) болон Зое Салданья (Нейтиригийн дүр) эргэн тоглох бол шинэ жүжигчдээс Оона Чаплин нэгдэж, "Галын Үндэстэн"-ий удирдагч Варангийн дүрийг бүтээх аж. Оона Чаплиныг бид Game of Thrones цувралын Роб Старкын эхнэр Талиса Маэгирийн дүрээр нь сайн таних билээ.

38. MARTY SUPREME

Нээлтээ хийх огноо: 12/25
Найруулагч: Жош Сафди
Гол дүрүүдэд:Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу


A24 студийн энэ жилийн өөр нэгэн том төсөл бол Marty Supreme. Тимоти Шаламе мэргэжлийн ширээний теннисний тамирчин Марти Рейсмэний амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус бүтээлийн гол дүрийг бүтээж буй. Энэхүү кино нь Марти Рейсмэний онцгой авьяас, ширээний теннисний ертөнцөд гаргасан амжилтыг уран сайхны аргаар дүрслэн харуулсан бөгөөд жүжиглэлт, адал явдлын элементүүдийг агуулсан хөнгөн, хурдтай зохиомжтой гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар нийтдээ 70-90 сая долларын өртөгтэй бүтээгдэж буй тус бүтээл нь A24 студийн хувьд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.

39. alien: earth

Нээлтээ хийх огноо: Тодорхойгүй
Найруулагч: Ноа Хоули
Гол дүрүүдэд: Сидни Чандлер, Алекс Лоутер
Хаанаас үзэх вэ? Hulu


Өнгөрөгч жил нээлтээ хийсэн Alien: Romulus-ийн амжилтын араас энэ жил бид Alien: Earth цувралыг үзэх боломжтой болох нь. Үйл явдал нь 1979 оны Alien киноны үйл явдлаас хоёр жилийн өмнө өрнөх аж. Хоулигийн хэлснээр тус цуврал нь 1979 оны эхний Alien киноны хэв маяг, домог зүйтэй илүү уялдах бөгөөд харин 2012 оны Prometheus болон 2017 оны Alien: Covenant хэмээх өмнөх бүрэн хэмжээний кинонуудтай бага холбоотой байхыг баталжээ.


40. five nights at freddy's 

Нээлтээ хийх огноо: 12/05
Найруулагч: Эмма Тамми
Гол дүрүүдэд: Жош Хатчерсон, Элизабет Лэйл
Хаанаас үзэх вэ? Кинотеатр


2014 оны видео тоглоомоос сэдэвлэсэн Five Nights at Freddy’s-ийн үргэлжлэл энэ удаа илүү аймшигтай үйл явдлуудыг амлаад буй. Үйл явдлын нарийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч энэ кино Майк Шмидтийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлнэ. Тэрээр өмнөх анги дээр Freddy Fazbear’s Pizza-д шөнийн хамгаалагчаар ажиллахдаа аниматроник хүүхэлдэйнүүд өшөө хорслоо илэрхийлдэг сүнснүүдэд эзэмдүүлсэн болохыг олж мэдсэн билээ.