Интернэт, дижитал технологи өнөөгийн нийгэмд онцгой үүрэгтэй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш үүрэг, хэрэглээ нь бүр нэмэгдэн, амин хэрэгцээ болж, түүнгүйгээр хүүхдүүд хичээлээ хийж чадахгүй, насанд хүрэгсэд ажлаа хийж чадахгүйд хүрэв. Зарим газар интернэтийн хэрэглээ цар тахлын өмнөх үеийнхээс даруй 60 хувиар нэмэгдсэн гэх тооцоо бий. Японы үүрэн холбооны операторуудын интернэтийн ачаалал өнгөрсөн нэг жилийн хугацаанд энгийн үеийнхээс 30-40 хувь, Их Британийнх 35-60 хувиар нэмэгдсэн аж. Ийм үед харилцаа холбоог тасалдуулалгүй тогтвортой авч явна гэдэг амаргүй. Манай улсын хувьд шилэн кабель, үүрэн холбооны сүлжээний бэлэн байдал, ачаалал даах чадамж харьцангуй өндөр гэдэг нь цар тахлын үеэр батлагдсан бөгөөд энэ ачааллыг урьдаас тооцоолж сүлжээний өргөтгөл хийсэн гэж "Юнител" группээс мэдээлсэн. Энэ нь иргэд хөл хориотой, гэртээ байх үед цаг үеийн мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх, кино тэргүүтэй контентууд үзэх, бусадтай холбогдох, хол байгаа нэгэндээ санаа тавих, дүрсээ харж ярих, онлайн хичээл үзэх, хурал хийх зэрэг бүхий л хэрэгцээг найдвартай тасалдалгүй хүргэхэд чиглэж байгаа юм.

Цар тахлын нөхцөлд аюулт өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн шаардлагатай мэдээллийг дан хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхээс гадна харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар хүмүүс өөрт шаардлагатай мэдээллийг төрөл бүрийн суваг, хэрэгслээр шуурхай хүлээн авч, ажлаа саатуулалгүй урагшлуулж байна. Энэ нь тэр дундаа, шинэ коронавирусийн дэгдэлтээс ард иргэдээ хамгаалахаар хөдөлмөрлөж буй цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд нэн чухал. Учир нь коронавирустэй холбогдох мэдээллийг мессэжээр хүргэх, шинжилгээний хариугаа онлайнаар авах, очсон газрууддаа QR уншуулан мэдээллээ бүртгүүлэх, гэрээсээ гарахгүй дижиталаар ажлаа амжуулах, хэрэгцээт зүйлсээ авах зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад үүрэн холбооны операторуудын үүрэг их.


Энэхүү үзүүлэлтүүд өндөр мэт санагдаж болох ч суурин интернэтэд холбогдоогүйн улмаас мэдээллээс хоцорч буй хүмүүс асар олон бий. Энэ хоцрогдлыг нөхөх хамгийн боломжтой үйлчилгээ нь магад үүрэн холбоо билээ. Учир нь улсын хэмжээнд интернэт ашигладаг 2.2 сая хүний 2.1 сая нь гар утсаараа холбогддог хэрэглэгчид юм. Дэлхийн хэмжээнд ч мөн адил. “Global Web Index” судалгаанд оролцсон залуусын 72 хувь нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралд гар утсаа түлхүү ашигласан гэжээ.

Шинэ коронавирусийн дэгдэлт намдсан хойно ч интернэт хэрэглээний үзүүлэлт цар тахлын өмнөх үеийнхээс өндөр хэмжээнд хадгалагдаж үлдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Олон компани зайнаас ажиллах нь үр дүнтэй байж болохыг туршлагаараа таньж мэдсэн нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл аж. Хөл хорионы дэглэмээ цуцалж, бизнес энгийн үеийнхээс онц ялгаагүй явагдаж байгаа газруудад ч онлайн хэрэглээ хөл хорионы үеийнхээс буухгүй байгааг үүлэн технологийн “Akamai” компанийн ерөнхийлөгч Рик МакКоннэл онцолжээ. Шинэ коронавирусийн дэгдэлт дэлхий даяар саарч, амьдрал энгийн хэв хэмжээндээ очих үед видео уулзалтууд багасах ч бизнес эрхлэгчид биечлэн уулзах гэхгүй болно гэнэ.

Холбоотой байхад хол зай саад болохгүй

Unitel