2022 оны нэгдүгээр сарын 22-нд зохион байгуулагдах байсан "Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд" уриатай DevSummit 2022 арга хэмжээгээ бид цар тахлаас сэргийлэх зорилгоор түр хойшлуулах амаргүй шийдвэрт хүрлээ. DevSummit бол мэдээллийн технологийн салбарынхны хүсэн хүлээдэг, нэг дор цуглан хоорондоо танилцдаг, санаа бодлоо солилцдог, хамтрал үүсгэдэг, тус салбарынхны хамгийн том эвент учраас бид хэдий технологи ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж болох ч танхимд зохион байгуулахыг хэзээд илүүд үздэг юм. Илтгэгчид дунд маань халдвар авсан хүмүүс цөөнгүй гарч, партнерууд ба оролцогчдоос Covid-19-тэй холбоотой санаа зовнилууд цөөнгүй гарч буй болохоор бид эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг бодолцон энэхүү шийдвэрээ гаргасан болно. Гэхдээ арга хэмжээ цуцлагдаагүй, түр хугацаагаар хойшилсон гэдгийг онцлон дурдъя. Эвентэд оролцохоор төлөвлөж байсан хүмүүс, хамтарч буй түншүүдээсээ хүлцэл эрэхийн ялдамд энэхүү шийдвэрийг ойлгож хүлээж авна байх гэж найдаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй DevSummit арга хэмжээг санаачлагчдын нэг А.Амарбаяр блог пост хийснийг уламжлахын зэрэгцээ энэ шийдвэрээс хамааран гарах FAQ буюу түгээмэл асуултуудад ямар хариу өгснийг үзээрэй.


А.АМАРБАЯР:

QCon, RISE, WebSummit, SRECon, Disrupt, Reinvent, F8, WWDC, I/O...мэтчилэн дэлхий даяар маш олон том том технологийн конференсууд болж, технологийн салбарт түүчээлж яваа нэр хүндтэй компаниудад ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн туршлага, арга барил, мэдлэг мөн салбарын ирээдүйн чиглэл, таамаглалыг хоорондоо чөлөөтэй хувалцаж, нэгдсэн байдлаар тодорхойлж, хоорондоо танилцаж, шинэ харилцаа, түншлэл, хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудыг нээж, энэ бүхэн аль хэдийн хурдтай хөгжиж буй технологийн салбарын хөгжлийг бүр ч илүү хурдлуулдаг билээ. Монгол Улсад маань сүүлийн хэдэн жил технологийн салбар тодорхой хэмжээнд хурдацтай хөгжиж, хувийн хэвшлээс өгсүүлээд төрийн үйлчилгээнүүд нь хүртэл цахимжиж, хүртээмж нэмэгдэж, сайжирсаар байгааг бид бүхэн харж байгаа. Хүн ам цөөн учраас олон улстай харьцуулахад технологийн хөгжил дотроо хамрах хүрээ хэдий бага боловч, хүрч чадаж байгаа хэсгүүддээ бол сайн байж чадаж байгаа. Энэ бүхний ард монгол хөгжүүлэгчид, инженерүүд, тек бүтээгчид бий. Харин энэ чадалтай хүмүүс маань хоорондоо уулзаж, мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтарч хөгжих боломжийг бий болгосон эвент, арга хэмжээ байхгүй байсаар ирснийг бид эвдэж, анх 2019 онд DevSummit нэртэй "tech conference" амжилттай зохион байгуулж, 28+ илтгэгчид, панелистууд, давтагдсан тоогоор 800+ оролцогчдыг цуглуулан, хамгийн сүүлийн үеийн тренд болж буй сэдвүүдийн талаар ярилцаж нэг өдрийг өнгөрүүлсэн минь саяхан мэт санагдана

DevSummit бол Монголын мэдээллийн технологийн салбарт сурч буй, ажиллаж буй, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хүн бүхэн, мөн тек сонирхогч, бүтээгч хүн бүхнээр бахархах арга хэмжээ. Тиймээс ч бид анхнаасаа DevSummit-д "tech community"-ийн оролцоо нь зохион байгуулагчдын хэмжээнд эн тэнцүү байх ёстой хэмээн үзэж, олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк группүүдээр дамжуулан санал сэтгэгдлүүд авч, илтгэгчдийн бүртгэлийг нээлттэйгээр авч зохион байгуулж ирсэн. Ингээд бид "For Developers, By Developers" буюу "Хөгжүүлэгчдээс, Хөгжүүлэгчдэд" гэсэн уриан дор арга хэмжээгээ зохион байгуулж, реклам, зар сурталчилгаа, үзэсгэлэн гэхээс илүүтэйгээр цэвэр тек ярианууд дээр төвлөрсөн арга хэмжээ зохиосон нь оролцогчдын сэтгэлд маш өндрөөр хүрсэн байдаг. Мэдээж ямар ч арга хэмжээг спонсор, хамтрагч, дэмжигч байгууллагуудгүйгээр хийх боломжгүй байдаг учир бид маш цөөн тоон дотор багтааж хамтрагчуудаа сонгож авдаг.


2019 оны DevSummit амжилттай дууссаны дараа бид 2020 оны зохион байгуулалтандаа ханцуй шамдан орсон боловч дэлхий даяар улс орнуудыг, хүн төрөлхтнийг хамарсан COVID цар тахалтай нүүр тулж, эрсдэлээ тооцоолон, арга хэмжээгээ хойшлуулж байв. 2021 онд нөхцөл байдал сайжирсангүй, арга хэмжээгээ дахин хойшлуулахад хүрсэн. "Технологийн эвент байж, онлайнаар хийчихэж болдоггүй юм уу? Энэ чинь л харин онлайнаар хийхэд хамгийн тохиромжтой юм биш үү? Та нар тек эвентээ технологиор шийдэж хийж чадахгүй байх даа яадаг юм?" гэсэн асуултууд их ирдэг. Мэдээж технологи ашиглаад, онлайнаар эвентээ хийгээд, шууд дамжуулаад явахад асуудалгүй. Тэрийгээ "live stream" хийгээд хүртээмжтэй ч болгож болно. Дэлхийн олон том эвент ингэж хийгдэж байгаа. Гэтэл зарим том эвентүүд онлайнаар хийхээс татгалзаж, жил дараалан хойшлуулж байгаа тохиолдол ч байна. Үүний нэг жишээ бол Хонг Конг-д болдог RISE юм. DevSummit-ийн хувьд бид нар цөөхүүлээ, коммюнити маань ч цөөхүүлээ, тэгэхээр эдгээр хүмүүс өөр хоорондоо уулзаж, танилцах, бодит амьдрал дээр нэгнийхээ яриаг сонсон нэг өдрийн туршид бодит орчин, уур амьсгалд байх нь лаптоп, компьютерынхаа цаанаас өдөржин видео үзсэнээс илүү сайн туршлага болдог. Илтгэгч, панелистууд маань ч гэсэн бодитоор, олны өмнө тайзан дээр гарч яриагаа хийх нь илүү үнэ цэнтэй агшин хором байдаг гэж хэлдэг. Тиймээс бид 2021 онд онлайнаар эвентээ хийх гэж төлөвлөж байхад зайнаас хийхээр бол оролцохгүй гэсэн хариултуудыг багагүй авч байлаа. Энэ нь мэдээж цаашид, ирээдүйд онлайнаар хийхгүй гэсэн үг биш. Metaverse, virtual ертөнц хөгжиж, бодит амьдралын салшгүй нэг хэсэг болохын хэрээр бид энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж виртуалаар Metaverse-д DevSummit хийхийг үгүйсгэхгүй.

Урт оршил бичээд яг юу хэлэх гээд байна вэ гэж үү? DevSummit 2022 болоход 60 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байх энэ үед бид өнөөдрийг хүртэл өнгөрсөн бүтэн 2 сарын туршид зохион байгуулалтын ажлаа хийгээд, эвентээ эхлүүлэхэд бэлэн болоод байсан боловч COVID цар тахлын, тэр дундаа омикрон хувилбарын давлагаа сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, ЭМЯ-аас оргил үедээ 15,000 - 20,000 тохиолдол илэрнэ гэсэн мэдээллийг өгч, ХӨСҮТ-ээс оргил үедээ 50,000 хүрэх боломжтой, хөл хөдөлгөөнийг багасгаж байж энэ тоог бууруулна гэсэн мэдээллийг өгч, УОК/НОК-оос олныг хамарсан арга хэмжээнүүдийг онлайн руу шилжүүлэх чиглэл өгч, зарим газрууд болохоор төлөвлөж байсан арга хэмжээнүүдээ цуцлах буюу хойшлуулж эхэлсэн тохиолдлууд гарч байна. Мөн DevSummit-д бүртгүүлсэн байсан зарим илтгэгч, партнеруудад маань шинж тэмдэг илэрч, шинжилгээ нь эерэг гарч байгаа тохиолдлууд гарч байна. DevSummit-ийг зохион байгуулагчдын хувьд бүх оролцогчид, зохион байгуулагчид, сайн дурынхан, хамтрагч байгууллагууд, эрхэм илтгэгчид, панелистуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдал юунаас ч илүү гэдгийг тодотгох нь зүйтэй. Арга хэмжээгээ зохион байгуулаад нийт 600-800 хүмүүс цуглахад, 100 хувь халдваргүй байх магадлал бага, тийм баталгааг бидний зүгээс гаргах боломжгүй тул хүн бүрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйн үүднээс DevSummit 2022 эвентийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маш амаргүй байсан гэдгийг та бүхэнд онцолж хэлье. Бид өмнө нь та бүхэнд явуулсан мэдээллийн дагуу хөтөлбөрөө "live stream" хийн шууд дамжууахаар төлөвлөж байсан ч DevSummit-ийг зохион байгуулах суурь шалтгаан, мөн оролцогчид, илтгэгчид, хамтрагчдын хүлээлт, зохион байгуулж буй газрын зүгээс тавьж буй анхааруулга, сүүлийн өдрүүдэд гарч буй бодит дата дээр үндэслэн түр хойшлуулаад, нөхцөл байдал сайжрахаар эвентээ олон нийтэд хийх нь зүйтэй гэж үзсэн нь энэ юм.

Сайн мэдээ гэвэл энэхүү давлагаа буурч, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болмогц л бид DevSummit 2022-оо зохион байгуулах болно. Тэр хугацаа ч удахгүй ирнэ гэж бид итгэж байна. Мөн энэ хооронд COVID-оор өвчилсөн илтгэгчид, хамтрагчид маань бүрэн эдгэрч, арга хэмжээндээ өөрийн биеэр оролцох боломжтой болох нь ээ. (Та бүхэн маань биеэ сайн бодож, хурдан эдгээрэй!)

Эцэст нь хэлэхэд DevSummit цуцлагдаагүй. DevSummit-ийн нэг хэсэг байдаг хүн бүхний эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бид түр хугацаагаар хойшлуулах л шийдвэр гаргаж байгаа учир та бүхэн энэ шийдвэрийг хүндэтгэж, аль хэдийн чухал ажлаа цуцалсан буюу зохицуулсан байсан хүмүүс биднийг уучилна гэж найдаж байна.

Давлагаа намжаад, эвент хийх боломжтой болмогц DevSummit-аа маш гоё зохион байгуулах болно оо.

Хүндэтгэсэн,

А. Амарбаяр

DevSummit Co-Chair

 FAQ


Холбогдох:

Фэйсбүүк хуудас: DevSummit 2022
Вэбсайт: www.devsummit.mn