"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Монголчуудын эрмэлзэн тэмүүлдэг хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход иргэний нийгэм нэг чухал тулгуур нь болдог билээ. Иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний боловсролыг дэлгэрүүлэх замаар төрийн бодлого шийдвэрт хяналт тавьж, хүрэхгүй байгаа газруудад нь хүрч ажилладаг. Тиймдээ ч энэ талбарт ажиллагсад нийгмийн асуудлуудтай улаан нүүрээрээ тулагсад, өөрийгөө гэхээсээ ажлаа л сурталчлагсад байдаг. Ийм л далд байдаг атлаа ажил үйлсээрээ манлайлан бусдад мэдээлэлтэй, ухаалаг иргэн байх боломжийг бүрдүүлж, нийгмээ сайн сайхан болгохын төлөө шамдаж яваа хоёр залуу мэргэжилтнийг бид энэ удаа онцлон танилцуулахыг хүслээ. Тэд бол энэ жилийн шалгаруулалтаа зарлаад буй, нийгэмдээ өөрчлөлт авчрах тэмүүлэлтэй 25-40 насныхныг хамруулдаг LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид юм.

АСУУДЛЫГ ШИНЭ ХЭЛБЭРЭЭР ТАНИУЛНА

Г.Батдорж 1985 онд Улаанбаатар хотод төрж, Дарханд өссөн юм. Багаасаа техник сонирхдог байсан хүү 10 жилээ төгсөөд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд элсэн оржээ. Оюутан байхдаа эмээтэйгээ Ганданд амьдардаг байсан бөгөөд гуравдугаар курсэд байхад нь болсон нэг явдал түүний ажил карьерийг нэгмөсөн өөрчилсөн аж. Ангийнх нь хүүхдүүд хаана хаана амьдардгаа ярилцаж байгаад түүний Ганданд гэр хороололд амьдардгийг дуулаад машид гайхсан хандлага гаргасан гэнэ. Ингэж хотжилтоос үүдэлтэй ялгаа хүмүүсийн дунд их буйг мэдрэхийн сацуу агаардлын бохирдолтой холбоотойгоор дулаан хэмнэлтийг судалдаг байсан тул ер нь л гэр хорооллын чиглэлээр ажиллавал зүгээр юм байна гэсэн бодол төржээ. Дараахнаас нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагад сайн дурын ажил ч хийх болсон байна.

Г.Батдорж архитектороор магистрт сураад хот байгуулалтын салбар луу эргэлт буцалтгүй оров. Аливаа судалгаа, тайланг уншихад төвөгтэй байдгийг бодолцон хотын асуудлыг зургаар илэрхийлбэл зүйтэй юм гэж бодох болсон тэр газрын зураг хийж сурахаар Youtube дээрх видеонуудыг үзэж судлах болжээ. Удалгүй 2012 онд Улаанбаатарын нийт гэр хорооллын талбай, тэнд байх төрөл бүрийн үйлчилгээнүүдийг газрын зураг дээр харуулах зорилготой байгууллагаа байгуулсан нь “Амьдрах орчны зураглалын төв” юм.


Газрын зургийг хийдэг арга нь дата мэдээлэлд үндэслэдэг учраас тэр дата боловсруулах, анализ хийх тал дээр мөн бие даан суралцаж эхлэв. Тэр үеэс сонгуулийн мэдээллүүдийг зураглая гэсэн санаа төрж, төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллүүдийг нэгтгэж эхэлсэн нь түүний одоо төвлөрөн ажиллаж буй, нийтлэлийн сүүл хэсэгт дэлгэрэнгүй өгүүлэх Open Data Lab-ийн эхлэл цэг болсон юм. 2017 оноос Г.Батдоржийн байгууллага жил бүр орон сууцны хороолол, гэр хороолол гэсэн хотын хоёр хэсэг ямар байдалтай, ямар ялгаатай байгааг бүтээлчээр харуулахаар өөрсдийн хийсэн газрын зураг, гэрэл зураг, инфографикуудаар “Хоёр хотын цадиг” нэртэй үзэсгэлэнг гаргаж, олон хүний нүдийг нээх шиг болсон билээ. Тэдний үзүүлэх нэг л газрын зургийн агуулгыг дурдъя гэвэл, өнөөдөр Улаанбаатарт 419 эмийн сан байгаагаас 72 нь л гэр хороололд, бусад нь орон сууцны төвлөрсөн дэд бүтэцтэй хэсгүүдэд байршиж буй ажээ.

ТББ-ын хувьд санхүүжилт бол амин чухал асуудал байдаг. Г.Батдорж байгууллагадаа судалгааны төсөл авахын сацуу 2016 оноос “Ger Area Tour” хэмээх Улаанбаатарын гэр хороололтой танилцуулах аяллыг сэдэн эхлүүлж, сардаа хоёр удаа хийн зарим зардлаа шийдэх болжээ. Энэ аяллаа тэд ЕБС-ийн сурагчдад үнэгүй хийдэг бөгөөд харин гадаадын судлаачдад өөрсдийн судалгааг танилцуулах байдлаар төлбөртэй хийдэг.

Тэднийхэн долуулаа бөгөөд бүрэн зайнаас ажиллаад хагас жил болж буй гэнэ. Тэд тогтсон өдрүүдэд оффис дээрээ уулзалт хийж, бусад үед нь гэрээсээ ажилладаг бөгөөд Г.Батдорж оффистоо сууж, үйл ажиллагаагаа удирдан явуулдаг. "Амьдрах орчны зураглалын төв" нь бусад ТББ-ууд шиг зарлагдсан төслүүдэд материал явуулж ажил авахаас илүү өөрсдөө хийх ажлынхаа санааг боловсруулан суурийг нь тавиад, түүнийгээ дэмжиж магадгүй газруудад танилцуулан санхүүжилт татахыг зорьдог гэсэн нь онцлууштай, үр дүнтэй санагдсан юм.

ЗАЛУУС ОРОЛЦВОЛ Л САНАА АМАРНА

Т.Амарзаяа Төв аймагт төрсөн ч багад нь гэр нь хот руу шилжиж, Эрдэнэтолгой орчимд өсөж торнижээ. Охин 92-р сургуульд онц сурдаг, сурагчдын зөвлөлөө ахалдаг идэвхтэй сурагч байв. 2000-аад оны дундуур Английн Хүүхдийг Ивээх Сангийн гэр хороололд байгуулсан Community Center гэж хэлж болохуйц зургаан төвийн нэг нь Т.Амарзаяагийн сургуулийн ойролцоо нээлтээ хийж, түүний ажил амьдралын замыг хөтлөх учиртай байж. Сургуулийн танхим, номын сан зэрэг нь ашиглах бололцоо муутай байсан тухайн үед мөнөөх төв нь дотроо тухтай номын сантай, сургалтын өрөө бүхий дугуйлангууд хичээллүүлдэг байсан тул ангийнхаа найзуудтай очиж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай байжээ. Хэсэг хугацааны дараа төслийн шугамаар мөнөөх зургаан төвөөс тус бүр хоёр хүүхэд багтаасан Хүүхдийн санал санаачилгыг дэмжих зөвлөл байгуулахад Т.Амарзаяа зөвлөлийг ахлан ажиллаж, эргээд төвүүдийн хүүхдүүдэд төсөл хэрэгжүүлэх жижиг санхүүжилтийг өгч, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахад оролцох болсон байна. Ингэж л тэр 16, 17 настайгаасаа хүүхдийн оролцоо, хамгааллын чиглэлээр ажиллаж эхэлсэн юм.

Уг төслийн хүрээнд бусад төвүүдээс (зарим төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гэх мэт өөр өөрийн онцлогтой) ирсэн хүүхдүүдтэй танилцаж, нийгэмд олон янзын бүлэг байдаг юм байна, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна, хүүхэд хүүхдийнхээ төлөө ажил хийж болох юм байна гэсэн ойлголтыг оюун санаандаа бат суулгаж авчээ. 2008 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо руу хөндлөнгийн илтгэл бичсэн хүүхдүүд цаашид хүүхдийн төлөө ажиллахын чухлыг ойлгон байгууллага байгуулахаар шийдэх үед Т.Амарзаяа 18 нас хүрсэн зургаагийн нэг болж, "Хүүхэд хүүхдийн төлөө" нэртэй ТББ-ыг байгуулав. Тэгээд энэ ТББ-ынхаа гүйцэтгэх захирлаар 2009-2013 он хүртэл ажилласан юм. Энэ зуур РТДС-д радио телевизийн сэтгүүлч мэргэжлээр сурч 2012 онд төгсжээ.

Иргэний нийгмийн байгууллагад ажиллах явцдаа Ц.Мандхайхатан найзтайгаа танилцаж, үзэл санаа нийлсэн бөгөөд бодлогын түвшинд залуучуудын оролцоо дутмаг байгаа, бодлогын асуудалд дүн шинжилгээ хийн шийдэл санал болгодог байгууллага байхгүй байгааг нөхье хэмээн тэд бусад найзуудыгаа уриалан 2014 онд “Бодлогод залуусын хяналт” ТББ-ыг хамтран байгуулжээ. Тэр хоёртой Б.Болорсайхан, Ц.Отгонбаатар, Т.Энхжаргал, Н.Должин, Г.Уянга нарын хууль, сэтгэл зүй, сэтгүүл зүйн чиглэлээр боловсорсон дэвшилтэт үзэлтэй залуус нэгдэв. Тус байгууллага өдгөө төрийн бодлого шийдвэрт хяналт тавих, ардчилсан үнэт зүйлсийг хамгаалахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж, энэ хүрээнд залуучуудад зориулсан гурван ч хөтөлбөрийг эрхлэн явуулдаг. Захирал, гурван хөтөлбөрийн менежер, санхүү гэсэн таван хүний ажлын албатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд нь мөн зарим ажлыг хариуцан ажилладаг байна.

Т.Амарзаяа мөн өнгөрсөн хугацаанд “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Иргэдийн оролцоо” төслүүдэд ажиллаж, залуучуудын төдийгүй багш нар, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр арвин туршлага хуримтлуулжээ. Өнгөрсөн жил түүний хувьд иргэний нийгмийн залуустай хамтран Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт дээр идэвхтэй ажиллаж тодорхой үр хүрч гаргаж чадсан, өөрөө LEAD хөтөлбөрт хамрагдсан гээд тун ачаалалтай жил болж өнгөрчээ.

МӨРӨӨДӨЛ ТИЙШ ЗОГСОЛТГҮЙ

Г.Батдорж, Т.Амарзаяа хоёр 2016 онд Азийн Сангийн төслийн хүрээнд хотын засаглалын сэдвээрх сургалт дээр танилцаж байж. Үүний дараа Г.Батдорж "Бодлогод залуусын хяналт"-ын сэтгүүлчдийн хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд өдгөө нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байна.

Энэ хооронд Г.Батдорж байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэн Оpen Data Lab хэмээх вэбсайтаа нээгээд байгаа билээ. Энэ бол төрийн зургаан байгууллагын нээлттэй цахим мэдээллийг нэг хайлтын системд оруулсан мэдээллийн сан. Одоогоор Open Data Lab-д 208,923 байгууллага, 546,547 хувь хүн, 51,299 тендер, 73,189 хөрөнгө орлогын мэдүүлэг, 3,356 уул уурхайн лиценз, 16 визуал дата болоод 1992 оноос хойших бүх сонгуулийн мэдээлэл байгаа юм.

Залуучуудыг бодлогын асуудлуудад баримттай, мэдээлэлтэй, ул суурьтай ханддаг болоход тусалж, шийдэл санал болгох зорилготой ажилладаг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хувьд Open Data Lab бол ажилд нь томоохон тус хүргэх мэдээллийн бааз юм. Тийм ч учраас хоёр байгууллага 2019 оны 11-р сард болсон Open Data Lab-ийн нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсны зэрэгцээ удахгүй “Хоёр хотын цадиг” үзэсгэлэнг мөн хамт нээхээр төлөвлөж буй.

2020 бол Монгол Улсад парламентын сонгууль болох онцгой жил. Нас залуу хүн амтай манай улсын хувьд сонгуульд залуу үеийнхэн яаж хандах нь, хэр ирцтэй байх нь сонгуулийн үр дүнд жинтэй нөлөө үзүүлдэг. "Бодлого залуусын хяналт" ТББ нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэй “Сонгуулийн санхүүжилтийн мониторинг” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ жил хөрөнгө орлогын мэдэгдэл бөглөх бүх нэр дэвшигчдийн мэдээлэлд анализ хийж, хяналт тавих юм. Тэрхүү хөрөнгө орлогын мэдэгдлүүдийг Open Data Lab-д оруулах тул үүгээр дамжин сонгогч та бидэнд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг түргэн шуурхай авч, ярьж амлаж буй зүйлстэй нь харьцуулан харах боломж бүрдэнэ. Тухайн нэр дэвшигчийн нэрийг оруулахад л ямар компанитай холбоотой, цаашлаад ямар тендер, уул уурхайн лицензтэй холбоотой болох нь гарч ирэх боломжтой гэхээр иргэд бид хэн нь хэн бэ гэдгийг мэдэж, ухаалаг сонголт хийх боломжтой болох нь.

Ийнхүү нийтлэлийн гол дүрүүд маань тус тусын байгууллагаар дамжуулан ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийг хүчтэй болгох үйлсэд хүчин зүтгэж байна. Өмнө дурдсанчлан тэд мөн LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдаж алсын хараа, зорилго нэгтэй илүү олон залуустай нэгдэн, нийгмээ илүү таатай, хүндээ илүү ээлтэй болгохын төлөө залуу халуун насаа зориулан ажиллаж байна. Хөтөлбөрийн журам ёсоор төсөл санаачлан хэрэгжүүлэх болоход Т.Амарзаяагийн багийнхан “Ухаалаг төсөв 5х” төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд "Орон нутгийн төсөв"-ийн хакатоныг Ховд аймагт зохион байгуулахаар зэхэж буй ажээ. Энэ хакатонд оролцогчдод Г.Батдорж орон нутгийнх нь түүхий датаг бэлдэж өгөх, хэрхэн боловсруулах талаар сургалт орж, зөвлөж ажиллажээ. Тэднийг шинэ шинэ боломжуудад хөтөлж буй LEAD хөтөлбөрийн тухай асуухад Г.Батдорж нийгмийн асуудлыг маш олон талаас харж чаддаг болсноо онцолсон бол Т.Амарзаяа өөрөө ижил төрлийн ажил эрхэлдгийн хувьд хөтөлбөрөө явуулж буй арга хэлбэр нь ихэд таалагдсан гэсэн билээ.

Иргэний нийгэмд ажиллана гэдэг амиа аргацаасан хүний ажил биш байдаг. Нэг нь дата, зураг, график мэдээллээр, нөгөө нь төрөл бүрийн нөлөөллийн ажлаар буюу өөр өөрсдийн хэлээр хэрэгцээтэй, чухал мэдээллийг түгээж, олон нийтийн тусын тулд ажиллаж буй тэднээр бахархахгүй байхын аргагүй.

Аливаа юмны эвийг олчихдог, шулуун шударга зантай Т.Амарзаяа ирээдүйд бодлогын чиглэлээр дахин сураад сэтгүүлчийн ажлаа барьж авахыг мөрөөдөж байгаа бол шинэ санаа бодож олохдоо очлуур мэт Г.Батдорж хийсэн вэбсайт нь хандалт сайн авч буйд урамшин датаг илүү сонирхолтой хэлбэрээр, шинэлэг байдлаар хүргэх, хийж байгаагаа улам бүр хөгжүүлэх тэмүүлэлтэй.

Жилээс жилд туршлагажин, ажилдаа гаршсаар буй тэд цаашид ч тус тусын ажил үйлд манлайлсаар байх нь тодорхой бөгөөд үүнийг уншигч та бүхний оролцоо, дэмжлэг нэмэгдвэл шинэ үеийнхний өөрчлөлтийг авчрах түрлэг уулыг хөдөлгөх хүчтэй болох билээ.

Сошиал хуудсууд:

Т. Амарзаяа - Фэйсбүүк

Г.Батдорж - Фэйсбүүк


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.