"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread.media
Зорилгоосоо үл хамаарч анхны уулзалт бүхэн догдлол, сандралтай байдаг нь ганц надад төрдөг мэдрэмж биш болов уу. Дахин нэг шинэ ертөнцийг танин мэдэж, үзэл бодлоо хуваалцах завшаан гарна гэдэг хүний амьдралын өнгөлөг хуудсуудын нэг гарцаагүй мөн.
Долгиолсон үс, дөлгөөхөн инээмсэглэлээр өөрийгөө чимсэн энэ бүсгүй бол бидний өнөөдрийн зочин агаад 3000 гаруй харилцагч байгууллагатай CallPro компанийн Гүйцэтгэх захирал Т.Аягүль. Компаниараа овоглоод ес дэх жилтэйгээ золгож буй түүнийг өнөөдрийн байр сууринд хүрэхэд юу нөлөөлснийг мэдэх сэн гэхээс товлосон уулзалтаа тэсэн ядан хүлээснээ нуух юун.
Тэрээр Говьсүмбэр аймагт зургаан ам бүлтэй айлын том охин болон мэндэлжээ. Цэцэрлэгт байхаасаа бүжгийн урлагт дурлаж, бүжигчин болох мөрөөдлөөр нэгэн үе жигүүрлэж явсан тэрээр өдгөө мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хүчин зүтгэж яваа билээ. Уншигч танд түүний түүх урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
БҮЖИГТ ДУРЛАСАН БАГА НАС
Цэцэрлэгийн бяцхан охин ангийн жаал хүүтэйгээ “Улаан сарнай” нэртэй хамтлаг байгуулж, “Хар сарнай” хамтлагийн дуун дээр бүжиглэж эхлэв. Энэ бол Т.Аягүлийн бүжигтэй холбогдож эхэлсэн үе билээ.
Гэр бүлийнхэн нь цэцэрлэг, сургуулийн тайлан тоглолтоос эхлээд бүжгийн тэмцээнд хүртэл оролцуулж хүчээр “урлагийн хүн” болгох үзэгдэл хэн бүхний дурсамжид байдагт эргэлзэхгүй байна. Гэхдээ түүний хувьд энэ бүхэн эсрэгээрээ эл насных нь нэгэн мөрөөдөл, дурлаж хийдэг хобби нь болох эхлэл байсан юм. Гэр бүлийнхэн дунд нь нэг ч урлагийн хүн байхгүй атал ингэтлээ бүжигт дурласан тэрээр бага, дунд, ахлах сургуулиас их сургуульд суралцах хүртэлх бүхий л цаг мөчид бүжигтэй ойр байжээ. Хүсэж буй зүйлдээ тууштай хандах, хийсэн сонголтдоо бат зогсох чанар түүнийг аль багаас нь дагасан гэлтэй.
Чөлөөт, цэнгээнт, ардын зэрэг бүжгийн олон төрлөөр хичээллэж, аймаг, улсын тэмцээн уралдаанд оролцон алхам тутамдаа өөрийгөө сорьж байсан тэр есдүгээр ангидаа Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуульд шилжин суралцав. Энэхүү шилжилтийн үе түүний хувьд бүжгээс хөндийрөх хэсэгхэн хугацаа болсон ба ээжийнх нь зэмлэл ч үүнд нөлөөлжээ. Учир юу гэвэл тэрээр бүжигчин болох мөрөөдөлдөө дэндүү хөтлөгдөөд хичээл номоо цалгардуулчихсан байлаа.
“Зөвхөн бүжгийн араас явж хэтэрхий нэг зүйлдээ туйлширлаа гэж ээжийг зэмлэхэд нь гал тогооны өрөөний нэг буланд мэлмэртэл уйлж байснаа ер мартдаггүй юм. Бүжигт тийм л их хайртай байсан хэрэг.”
Unread.media
Хийхийн их хүслэн гэдэг хэнийг ч хазаарлаж үл чаддагийг түүний түүхээс харж болно. Ээжээсээ том зэмлэл хүртэж, түр хугацаанд бүжгээсээ завсарласан ч “Шинэ Монгол” ахлах сургуулийн анхны чөлөөт бүжгийн хамтлагийг байгуулж, эргэн урлагийн идэвхтэн болсон юм. Их сургуулийн оюутан байхдаа ч бүжгээ орхилгүй цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиж явсан гэгээлэг дурсамжууд ч түүнд бий.
ДУРЛАЖ СОНГООГҮЙ МЭРГЭЖИЛ
“Урлагаар хоолоо олж идэхгүй” гэх үгсийг та амьдралынхаа аль нэг үед сонсож байсан уу? Хэтэрхий туйлширсан гэмээр энэ үг магадгүй заримынх нь чин хүслийг мохоож байсан бол бусдынх нь хувьд өөр ертөнц, өөр боломжийг нээж өгсөн ч байж мэдэх. Тэгвэл түүний хувьд ахлах ангид ороод амьдралыг арай наанатай, цаанатай ойлгож эхэлсэн үедээ хуульч болох шинэхэн мөрөөдөлтэй болсон юм.
Нэг талаас нийгмийн ухааны хичээлдээ дуртай, мэтгэлцээнд сонирхолтой, аливаа асуудлын гарц гаргалгааг эрэлхийлэх эрмэлзэл нь нөлөөлсөн бол нөгөө талаас ахлах ангид байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хийсэн судалгаа, Монголд цор ганц байдаг дауны синдромтой хүүхдийн яслид очсон зэрэг нь уг мэргэжлийг сонгоход хүргэжээ.
“Би тэр үед “Шинэ Монгол” ахлах сургуулийн ихэнх сурагчдын адилаар Япон улсад тэтгэлэгтэй суралцах зорилго тавьж, нэг жилийн турш уйгагүй Монбүшо шалгалтад бэлдсэн. Гэтэл сүүлийн шатандаа тэнцэж чадаагүй. Нэлээдгүй сэтгэлээр унаж байснаа санаж байна.”
Unread.media
Ингээд тэрээр ахлах сургуулиа төгсөж, Монгол Улсын Их сургуулийн оюутан боллоо. Гэхдээ хууль зүйн чиглэлээр биш.
Тэр 2010 оны үед ид тренд болж байсан мэдээлэл технологийн чиглэлээр суралцах шийдвэр гаргаж, МУИС-ийн Математик, компьютерын сургуульд (одоогоор Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль) элссэн юм. “Сурах гэж буй мэргэжлийнхээ мөн чанарыг ч ойлгоогүй би гэдэг хүн эхний хоёр жилээ тэгсхийгээд л өнгөрүүлж байлаа” гэх түүний яриа арав гаруй жилийн өмнөх өөрийгөө өхөөрдөх мэт сонсогдож байсны сацуу хийсэн сонголтдоо тун итгэлтэй байгаа нь илхэн байв.
Аажмаар өөрийнхөө сурч буй мэргэжлийг олон төрлийн төсөл дээр ажиллаж болохыг, хамгийн гол нь технологи, менежментийн аль ч тал руу хөрвөх боломжтойг анзаарч, мэргэжилдээ дурлаж эхэлсэн аж. Нэгэнт мэргэжлийнхээ үнэ цэн, утга учрыг ойлгосон хүн хичээн суралцах нь лавтай. Ийнхүү 2014 онд мэдээллийн систем, менежментийн ангийг төгсжээ.
"Дэлхийн даяар аливаа юмсыг өөрчилж байгаа нэгэн хүчин зүйл нь технологи болоод байна. Аль ч салбарын асуудлыг шийдэх, хөгжих явцыг нь хурдасган хялбаршуулахад түүчээлж байгаа салбар бол яах аргагүй технологи. Үүний зэрэгцээ төрөл бүрийн салбартай зайлшгүй хамааралтай, зөвхөн нэг зүйлээр хязгаарлагдахгүй байх боломж нь салбартаа улам дурлах чухал шалтгаан болсон.”
БАГШИЙН ДУУДЛАГА
Их сургуулиа төгссөн зуны наймдугаар сард Налайхт эмээгийндээ амарч байсан түүнд нэгэн дуудлага ирэв. Шавийнх нь байгуулж буй шинэхэн компанид ажиллах уу хэмээн их сургуулийн багш нь ийн холбогджээ. Шинэхэн төгсөгчийн хувьд үзээд алдах чухал боломж байсан тул ажлын ярилцлагад орохоор Хүүхдийн 100 "Brau House"-ийн 307 тоотыг зорьсон аж. Энэ бол одоогийн CallPro компанийн анхны оффис билээ.
Гурван эрэгтэй үүсгэн байгуулагчтай компанийн анхны ажилтан болж, оффис менежер хэмээх албан тушаалд томилогдсон түүнд аяга таваг угаах, бичиг цаас цэгцлэх зэрэг аар саар ажлаас эхлээд борлуулалт хүртэлх олон төрлийн ажил оногдоно. Алийг нь ч цааргалалгүй хийж ирсэн нь өдгөө бүх шатны ажлыг яг таг мэддэг, тэр чинээгээр ажилтнуудаа ойлгодог удирдагч болоход нь нөлөөлсөн мэт.
ӨӨРЧЛӨГДӨХ ЁСТОЙГОО УХААРСАН ӨДӨР
Аливаа шинэ зүйлийг оролдож, туршиж үзэх нь амьдралын нэгэн амттай хэсэг. Эс бөгөөс ямар ч өөрчлөлт, сайжралтгүй өдрүүд өнгөрсөөр нэг л мэдэхэд юу ч хийж амжаагүй байхад амьдрал тань өнгөрчихсөн байх вий. Гагцхүү өөрийнхөө хийж байгаа зүйлсийг байгааг хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцаж чаддаг байх нь хамгийн чухал.
Оффис менежерийн дараа тэр өөрийгөө борлуулалтын ажилд сорихоор болов. Ажил карьерынхаа нэлээдгүй хугацааг борлуулалт хийхэд зориулсан түүний эхний харилцагч “Мандал” даатгал байжээ. Дөрвөн эмэгтэй захирал түүнийг угтан авч, компанийнх нь үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар нэг бүрчлэн асууж байсан өдрийг тэр одоо ч мартдаггүй. Учир нь тэдгээр асуултууд түүнд өөрийгөө илүү дайчилж, суралцах хэрэгтэйг ухааруулсан асуултууд байжээ. Ажлын туршлага бага, салбарынх нь тухай мэдлэг хомс түүний хувьд асуултуудад нь оновчтой хариулт өгнө гэдэг давж боломгүй даваа мэт санагдсан нь мэдээж.
“Тэр үед намайг нэлээн их шалгааж асууж байсныг би ер мартдаггүй юм. “Үнэхээр мэдэхгүй юм байна. Тодорхой болгоод эргээд хариу хэлье” гэсэн хариулт хэлж суугаа надад “Компаниа төлөөлөөд явж байгаа хүн байж асуусан асуултуудад бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байж болохгүй шүү дээ” хэмээн хэлж байсан. Тэр үгс өөрийгөө илүү их дайчлах, суралцах хэрэгтэй юм байна гэсэн хор шарыг маань хөдөлгөсөн гэж хэлж болох юм.”
хийсэн СОНГОЛТДОО БАТ ЗОГСОЖ БУЙ ЕС ДЭХ ЖИЛ
Ажлын талбарт гараад удаагүй байгаа залуу мэргэжилтнүүдэд байнгын өөрчлөгдөн хувьсаж буй нийгмээ даган өсөж хөгжих эрмэлзэл дүүрэн байдаг нь нууц биш юм. Ийм хүсэлтэй бидний хувьд нэг байгууллагадаа удаан ажиллана гэдэг нэг байрандаа үргэлж зогссон, гацсан мэт мэдрэмж өгч ч болно.
АНУ-ын Z үеийнхний дунд явуулсан судалгаагаар тэд 18-34 насны хооронд арав хүртэлх удаа ажлаа солих боломжтой гэсэн үр дүн гарсан нь үүний нэгэн жишээ болов уу. Хэдийгээр олон салбарт өөрийгөө сорьж, ур чадвараа хөгжүүлэх давуу талтай ч сайн мэргэжилтэн болоход учир дутагдалтай гэдгийг Т.Аягүлийн туулсан туршлага илтгэнэ.
Түүний ажлын арга барилыг хурдтай бөгөөд оновчтой хэмээн тодорхойлж болмоор. Компани нь цөөн ажилтантай байсан цаг үед түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй. Оффисоо цэгцэлж янзална, суурилуулалтаа хийнэ, автомат хариулагчийнхаа хоолойг ч уншина. Үүний үр дүнд тэр аливаа ажлыг даруйхан хийж үзээд авахыг нь авч, хаяхыг нь хаяж, аливаа шийдвэрийг хурдан бөгөөд оновчтой хийхэд суралцсан аж. Мэдээж олон төрлийн ажил хийж, янз бүрийн салбарын хүмүүстэй харилцахад асуудал, бэрхшээл мундахгүй. Асуудал тулгарсан үед тэрээр жанжин шугамаасаа хэзээ ч хазайхгүй хэмээх зарчмаа чандлан баримталсаар байсан юм. Ажлын гараагаа эхэлсэн компанидаа ес дэх жилдээ хүчин зүтгэж буй нь түүнийг хийсэн сонголтдоо бат зогсогч гэдгийг бэлээхэн харуулж буй биз ээ.
“Гүйцэтгэх захирлын хувьд аливаад сэтгэлзүйгээ бэлдэх нь маш чухал юм билээ. Байгууллагын хувьд эцсийн шийдвэрийг гаргаж байгаа албан тушаалтан учраас заримдаа хүндхэн шийдвэр гаргах үе ч байна. Үүнийг дагаад сэтгэл санаагаар хямрах үе ч цөөнгүй байсан. Тэгэхээр цаашид сэтгэлзүйгээ хүчтэй байлгах хэрэгтэй юм байна гэдгийг 2022 онд маш сайн ойлгож авчээ.”
Unread.media
2022 оны хоёрдугаар сараас Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон тэрээр нэн тэргүүнд компанийнхаа дотоод үйл ажиллагаа руу чиглэн ажилласан бөгөөд дараагийн таван жилд ямар алсын хараатайгаар хэрхэн ажиллаж, олон улсын зах зээлд яаж гарах талаараа төлөвлөсөн аж. Энэхүү чухал шилжилтийн цаг үед түүний хамт олон CallPro компанийн үйл ажиллагааг Киргиз улс руу тэлэхэд төвлөрч, салбар компаниа байгуулан оператор компанийнхаа лицензийг авч амжжээ. Үүний сацуу CallPro, MessagePro зэрэг байгууллагын харилцаа холбооны үйлчилгээн дээрээ нэмж CallPro Teams буюу байгууллагын ажилтнуудын харилцаа холбооны платформыг оны сүүлчээр бэлэн болгосон юм.
“Өнгөрсөн найман жилийн хугацаанд CallPro компани байгууллагуудад нэг брэнд дугаараараа үйлчилгээ үзүүлэх, датагаа цуглуулах, анализ хийх нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Байгууллагын брэнд дугаар гэдэг нэг том суваг. Гэвч байгууллагын харилцааны 30 гаруй хувь нь байгууллагын ажилтан, хэрэглэгч хоёрын хооронд шууд явагдаж байдаг. Бид уг харилцааг илүү ухаалаг болгож, байгууллагуудад энэхүү дата мэдээллүүдийг цуглуулах, түүндээ үндэслэн бизнесийн шийдвэрийг илүү оновчтой гаргахад туслах зорилгоор CallPro Teams үйлчилгээг гаргаж буй.”
Түүнчлэн дараагийн таван жилд CallPro компани хамтран ажиллаж буй 3000 харилцагчдаа датанд суурилсан шийдвэр гаргадаг, орчин үеийн инновацлаг компани болоход нь туслах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүдэд ээлтэй ажиллах орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, Төв Азид үйлчилгээгээ экспортолдог олон улсын мэргэжлийн технологийн компани болохоор зорьж буйгаа хуваалцсан билээ.
АЯЛЛЫНХАА АРВАН ХУВЬД ЯВЖ БУЙ АЯГҮЛЬ
Хийж буй ажилдаа хайртай байхад тийм ч онцгой шалтгаан хэрэггүй гэдгийг түүнтэй ярилцсан цаг гаруйн хугацаа ойлгуулсан юм. Асуудлын гарц гаргалгаа өөрөөс нь хамаарч байгааг ухамсарлах, тэр хэмжээгээр хариуцлагатай байж, шийдэл, шийдвэрийг эрэлхийлэх нь хамгийн чухал мэт.
Заримдаа бидэнд нэг цэгтээ гацсан юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Яг ийм мэдрэмж түүнд дөрвөн жилийн өмнө мэдрэгджээ. Гагцхүү шийдэл нь шантарч болих бус урт хугацааны турш тасралтгүй ажилласан өөрийгөө амраах байв. Тийнхүү өөрийгөө шинэчлэх, илүү танин мэдэх хүслээр аялалд гарсан аж.
Аливаа орны соёл, ард иргэдийнх нь аж байдалтай танилцах нь өөрийгөө энэ дэлхийн өчүүхэн нэг хэсэг гэдгийг ойлгуулахын зэрэгцээ хүний харах өнцгийг өөрчлөн тэлж өгдгийг тэрээр өөртэйгөө хийсэн аяллын хугацаандаа гүн гүнзгий ухаарчээ. Аяллаас эргэн ирэхдээ бүх зүйлийг шинээр эхэлж байгаа мэт мэдрэмж авсан бөгөөд түүнээс хойш жил бүр аялалд гарах зорилго өмнөө тавих болсон тухайгаа хуваалцсан юм.
“Хүний амьдралд төрөх бөгөөд үхэх нь үнэн. Хэзээ нэгэн цагт халин одох энэ амьдралдаа хүнд хэрэгтэй зүйлийг бүтээх юм сан гэж хүсдэг. Одоо бол би зорьсон бүхнийхээ дөнгөж арван хувьд нь л хүрсэн байна.”
Unread.media
Б Батбаатар 2023.01.22 124.158.66.160
Сайхан охин Аягүльд хамгийн сайхан бүгдийг ерөөж байна. ......... ямар аймаар хумстай юм бэ? Үүнийг нь л ойлгосонгүй.
З Зочин 2023.01.16 66.181.164.203
Монголын стартапууд дундаас амжилттай өсч байгаа компанийг удирдаж байгаа мундаг бүсгүй юмаа. Улам өндөр амжилт хүсье. Дэлхийн компани болоорой.
С Салбарын төлөөлөл 2023.01.16 64.119.27.187
Харилцаа холбооны салбарын өнгийг цаашид ийм сайхан залуус тодорхойлно гэхээр улам итгэл төрж байна амжилт хүсье
Н Нутгын хүү 2023.01.13 202.72.242.141
НУТГЫН БҮСГҮЙД АМЖИЛТ ХҮСЬЕ. 10 ЖИЛИЙН Л ХҮНТЭЙ САЙХАН МЭНД УСТАЙ ҮРГЭЛЖ Л ИНЭЭЖ БАЙДАГ БАЙСАН ХӨӨРХӨН БҮСГҮЙ ШҮҮ.