"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Технологийн компаниуд цахиур хагалж, дэлхийн топ компаниудын жагсаалтад жин дарах болсон энэ цаг үед гарааны компаниуд цаг тутам амжилтад хүрэх жорыг хайсаар буй. Энэ чиг хандлагыг даган томоохон компани, корпорациас илүүтэй гарааны бизнесийн орчинд ажиллах хүсэлтэй залуус олширчээ. Гэхдээ гарааны бизнес байгуулан амжилт олно гэдэг өндөр эрсдэлтэй, тун амаргүй замыг туулдаг гэдгийг залуучууд тэр болгон сайн мэдэхгүй байх нь бий. Ийм нөхцөлд карьерын өөр зам бий шүү гэдгийг өөрийн түүхээр илтгэн харуулж буй нэгэн залууг бид энэ удаа танилцуулахыг зорилоо. Хүн бүр гарааны бизнестэй энтрепренер байх албагүй ч хийж буй зүйлдээ инновацлаг, бүтээлчээр ханддаг, корпораци доторх интрапренер (intra + entrepreneur) байж болдгийн яруу тод жишээ бол А. Азжаргал юм. Мобиком корпорацийн Инновац хариуцсан менежерээр ажилладаг түүнтэй ярилцан нээн тодруулахуйяа өөрийгөө зогсолтгүй хувиргаж, хөгжүүлж чадсан залуугийн намтар дурайн харагдах аж.

Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү болон мэндэлсэн түүний бага нас Долоон буудлын ойролцоох гэр хороололд өнгөрчээ. Аав, ээж нь хоёулаа авто баазад ажилладаг, ихэнхдээ замд жолоо мушгиж явдаг тул ах, эгч нартайгаа ойр өсөж, Тольт дунд сургуулийг төгссөн аж. Компьютерын ард сууж, элдэв програм сэлтийг өдөр шөнөгүй сонирхон судалдаг байсан тэрээр програм хангамжийн чиглэлээр суралцахаар шийдсэн ч КТМС-ийн хүссэн хуваарь нь олдоогүйгээс ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн электроникийн инженерийн ангид 16 насандаа элсэн орсон ажээ. Элекроникийн инженерийн онцлог нь харилцаа холбоо, компьютер зэрэг инженерчлэлийн бүх л төрлийг зах зухаас нь сурч судалдаг, олон талын чадварын суурийг тавьдаг онцлогтой. “Оюутан байхдаа жил бүр Робокон тэмцээнд идэвхтэй оролцдог байсан. Төмөр өрөмдөж суудаг халтайсан гартай нөхөр л байлаа. Манай мэргэжлийнхнийг гагнуур хийж, төмөртэй "ноцолддог" учраас засварчин гэж шоолдог байв” хэмээн оюутны жилүүдээ дурслаа.

Сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ ажиллахаар хэд хэдэн газар анкет өгсөн ч эвээ олохгүй, бас инженерээр ажиллана гэхээр нэг л санаанд нь багтаж өгөхгүй байсан гэнэ. Ажилд орлоо гэхэд цалин амьдралд хүрэлцэхээргүй бага тул ерөөс гадаадад суръя хэмээн шийдээд 2009 онд Англид магистрт суралцахаар бэлдэж эхэлсэн байна. Визээ мэдүүлэн хагас жил гаруй хүлээсний эцэст Английг зорих болжээ. Тэнд байхдаа сурахын хажуугаар ажил хийдэг байснаас гадна орчин тойрноо ихэд сонирхон судалж, эрэл хайгуул хийн аялдаг байсан нь өсвөр насныхаа бүрэг ичимхий байдлыг гээж, өөрийгөө нээх эхлэл болсон тухай А.Азжаргал хөхиүн гэгч нь өгүүлэв.

2013 онд Монголд буцаж ирээд Мобиком корпорацид Бизнес хөгжлийн инженерээр орж, байгууллагад зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж эхэлжээ. IOT, VOIP MDM, GPS, VR зэрэг технологийн төслийг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулан, багийнхантайгаа чухал үүрэгтэй ажиллаж, 2015 оны ICT Expo дээр Home Automation, Augmented Reality, Virtual Reality зэрэг зарим шийдлүүдийг танилцуулж байжээ. Удалгүй 2016 оноос Мобиком корпорацийн Стратеги төлөвлөлтийн албанд томилогдон, 10 сарын турш компанийн дунд, урт хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулахад технологийн талаас нь оролцсон байна. Магистртаа мэдээллийн технологи ба менежмент гэсэн мэргэжлээр сурсан нь технологийг менежменттэй хослуулах давуу талыг үүсгэж, инженерүүд ба удирдах ажилтнуудыг холбох гүүр болох нөхцөл боломжийг түүнд үүсгэж өгснийг дурдалтай.

Тэр үед Мобиком корпораци үндэсний хэмжээнд 4G сүлжээ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь компанийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт болж, зургаан сарын хугацаанд Монгол Улс даяар 600 гаруй сүлжээний бааз байгуулж чаджээ. Тэрээр уг төслийн менежментийн албанд томилогдсоноос хойш бүх л ажлуудын уялдаа холбоог хангаж, холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэжээ. Энэ нь зөвхөн сүлжээ, дэд бүтэц байгуулах техникийн төсөл бус томоохон бизнес төсөл болж компанид цаг, минутаар хэмжигдэх өсөлт, хурдыг нэмэх чухал ач холбогдолтой ажил байлаа. “Олон зуун хүнтэй баг болж, орон даяар нэвтрүүлэх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлж байхдаа 'One Hour Escalation Rule' хэмээх дүрмийг санаачлан, ягштал баримталсан. Энэ нь ямар нэг асуудал гарсан бол нэг цагийн дотор менежмент, удирдлагын багт мэдэгд гэсэн дүрэм юм. Бид өвлийн хүйтэнд, хунгар цастайд ч антенаа суурилуулахаар шаргуу ажиллаж, жилийн дараа гэхэд Монгол даяар бүрэн суурилуулж дуусгасан шүү” хэмээн энэ ажлынхаа тухай хуваалцсан юм.

2018 онд 700 гаруй хүн ажиллах шинэ оффисын төслийг хариуцан авч, тавхан сарын дотор барилгын зураг төсөл, интерьерийг судлан 8000 м2 талбайн засвар, тохижилтын бүрэн хийж дуусгахад томоохон үүрэг гүйцэтгэсэн нь түүний хувьд бас нэг том сорилт бөгөөд соньхон туршлага болжээ. Шинэ оффис дотор ажиллах олон зуун хүмүүст зориулж л бүхнийг эхнээс нь дуустал төлөвлөж ажилласан нь өмнөх төслүүдтэй харьцуулахад огт өөр, онцгой төсөл байв. А.Азжаргал ийн томоохон төслүүдийн хооронд ачаалалтай ажиллаж байсан бөгөөд шинэ оффис руу нүүснээс хоёр хоногийн дараа эхнэр нь төрж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан нь ачаа, хариуцлагыг улам нэмэв. Ажиллах арга барилынхаа тухайд тэрээр “Би компанидаа эсэргүү гэж хэлж болох, шулуун шударга байхыг хичээдэг нөхөр. Аливаа ажлыг яаж ийгээд зохицуулж, эцсийг нь үзэх гэж зорьдог болохоор заримдаа хэсэг хүмүүст адлуулах үе ч гарна. Гэхдээ тэгж махарсны хүчинд муу үр дүн гаргаж байсан удаагүй ээ” хэмээсэн юм.

Одоо гардан ажиллаж буй Moffice төслийг тэр аавын долоо хоногоо дуусгаад нэг их удалгүй хариуцан авчээ. Moffice нь Мобиком корпорацийн санаачилга, санхүүжилтээр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл юм бөгөөд стартап компаниудыг бойжуулан, өрсөлдөх чадамжтай, өндөр өсөлттэй бизнес болон төлөвшүүлэхэд зорилго нь чиглэжээ. Харилцааны холбооны салбарын анхдагч Мобиком Корпораци 20 жилийнхээ ой дээр өнгөрснөө үнэлж цэгнэн, дараагийн 20 жилийнхээ төлөвлөгөө, чиглэлийг тодорхойлон нэн эрчтэйгээр шинэ түүхээ бичиж байгаа билээ. Нэгэнт салбартаа манлайлж тэргүүлэх байр сууринд очсон компанийн хувьд нэг талаас бусад жижиг дунд бизнесүүдийг дэмжих, нөгөө талаар гарааны бизнесийн орчныг мэдэрч, жижиг стартапуудтай хамтран ажиллаж инновац хийхээр зорьж буйн илрэл нь энэхүү Moffice төсөл юм.

Moffice-ийн тухай А.Азжаргал “Үйл ажиллагаа нь нэгэнт тогтворжсон томоохон корпорацийн хувьд хурдтай шинэчлэгдэж буй сүүлийн үеийн трендүүдтэй ойр байх, өөрчлөлт хийх, инновацыг бий болгох жижиг тоглогчидтой хамтран ажиллах нь чухал гэж үзсэн. Үүний нэг хэлбэр нь хамтын оффис юм” хэмээн ярив. Уг төслийг цаашид томоохон бизнес инкубатор төв болгон хөгжүүлэхээр зорьж, олон жишиг ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Бусдыг дэмжих, бусдад өгөх замаар хамтын үнэ цэн бүтээх Мобикомын энэ санаачилга цаашид бизнесийн орчинд, дам утгаараа нийгэмд эергээр нөлөөлнө гэдэгт тэр эргэлзэхгүй байгаа аж. Төслийн хамтрагчидтай гэрээ байгуулах, оффисын зураг төсөл, интерьер гаргах, дундын оффисын үйл ажиллагаа, ажиллах баг, бүтэц зохион байгуулалт зэрэг бүх л ажлыг эхнээс нь дуустал хариуцаж хийсэн тэр одоо энэ төслийн ерөнхий менежерээр идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Ингээд харвал А.Азжаргал долоон жил Мобикомд ажиллахдаа ажлын чиг үүргээ зургаан удаа сольж, олон төсөлд хувь нэмэр оруулжээ. Энэ бол нэг талаас түүний тухлаг орчноосоо үе үе гарч өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, нөгөө талаас Мобиком корпорацийн ажилтнуудаа санал болгодог карьерийн бодлоготой салшгүй холбоотой. Зарим мэргэжилтний хувьд хийж буй ажилдаа улам гүнзгийрэн мэргэших шаардлага байдаг бол зарим ажилтныг дэвшүүлэн сорих шаардлагатай байдаг болохоор Мобиком корпорацийн карьерийн бодлогодоо босоо ба хэвтээ чиглэлд уян хатан ажиллах боломжийг олгодог ажээ. Том байгууллагад хэрэгжүүлбэл зохих хүний нөөцийн энэ менежментийн сонгодог жишээ нь яахын аргагүй нийтлэлийн маань зочин ажээ.

А.Азжаргал Мoffice-ийн менежментийн таван хүнтэй багаа удирдан ажиллахын зэрэгцээ оффисын гишүүд, компаниудтай ойр нягт харилцаатай байж, үр дүнтэй хамтын ажиллагааны боломжийг ямагт эрэлхийлж байдаг. Үдээс өмнө нь бичиг цаасны, төвлөрөх ажлууддаа цаг гаргаад өдрийн талд нь уулзалт хийх, дотоод үйл ажиллагааг хангах ажлуудаа амжуулдаг байна. Одоогоор Moffice-д 10 орчим компани, хувь хүмүүс нийлсэн 70 гаруй хүн байршиж буй. Тэд хамтын оффисынхоо 70 хувийг технологи суурьтай компаниуд, харин үлдсэн хувьд нь бусдадаа үнэ цэн нэмэхүйц бүтээлч залуусыг сонгон шалгаруулж авчээ. Бүтээлч, шинэлэг, орчин үеийн хэв маяг, уур амьсгалыг бүрдүүлсэн Moffice-ийн гишүүдэд одоо бүх л нөөц боломж нээлттэй юм, гагцхүү бүтээлч санаа уралдуулан, хамтын боломжуудыг үүсгэх л үлдэж дээ гэсэн сэтгэгдэл төрснийг онцолъё.

А.Азжаргал өнгөрсөн арван нэгдүгээр сард Япон улс руу томилолтоор явж, толгой компани болох KDDI корпорацид очин туршлага судлаад иржээ. Тэд Мобиком корпорацид хөрөнгө оруулаад зогсохгүй энд ажиллаж буй олон залууст мөнгөөр хэмжигдэхээргүй үнэ цэнтэй туршлагаа хуваалцдаг. Үүгээр дамжин дэлхийд тэргүүлэх энэ компанийн нөү-хау, туршлага манай гарааны бизнес эрхлэгч олон залууст хүрч буй нь энэ юм.

Энэ бүхнээс дүгнэхэд Мобикомд ажилласан жилүүддээ тэр бэлтгэгдсэн төслийн менежер болж чаджээ. Төслийн менежер хүн хамгийн доод тушаалын ажилтнаас эхлээд захиралтайгаа хүртэл шууд харилцах, бусдыг удирдах, шийдвэр гаргуулах, хүмүүсийн хийх ажлын уялдаа холбоог хангадаг болохоор удирдлага, менежментийн олон ур чадварыг эзэмшдэг юм байна хэмээн хэлснийг нь тэмдэглүүштэй.

Корпорацид ажиллахад аливаа асуудлын учир шалтгааныг ухахаас гадна бусдыг эвийг олж, үр дүнд суурилсан харилцааг үүсгэх нь чухлыг тэр дурдсан. А.Азжаргалын хувьд ямар ч шийдвэрийг гаргахдаа онол ном, дүрэм журамд баригдалгүй бодит туршлага, саруул ухаанд найддаг хэмээсэн нь туршлагатай догь менежер болсныг илтгэх болов уу.

Түүний амьдралд нөлөөлсөн нэг чухал зүйл бол хөгжим. Өсвөр наснаас нь хөгжим түүнийг хүмүүжүүлж, хөглөх болжээ. Ялангуяа рок хөгжим сонсох, түүнчлэн гэрэл зураг дарах сонирхолтой байсан тул Англи явах хүртлээ фм-д хөтлөгч, эвентийн зохион байгуулагч хүртэл хийж байжээ. Тухайн үед Монголын анхны амьд хөгжмийн хамтлагууд, гадаадын Radiohead зэрэг алдарт хамтлагуудыг амтархан сонсдогоо байснаа дурссан. “Яагаад ч юм 25 нас хүрээд гэр бүлтэй болж, амьдралынхаа дараагийн үе руу орно гэж боддог минь яг санаснаар болсон шүү. Тэр хүртэл хийхийг хүсдэг байсан жижиг мөрөөдлүүдээ бүгдийг нь гүйцэлдүүлж чадсан. Залуу байгаа дээрээ дуртай хамтлагийнхаа тоглолтыг зорьж, очих дуртай фестивальдаа оролцож, хөл тавихыг хүссэн газрууддаа очсон. 25 наснаасаа карьер, гэр бүлдээ илүү анхаарна гэж зорьсныхоо дагуу л явж байна” гэлээ.

Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн замнал амар хялбар байсан уу гэвэл үгүй. Юу хийхээ мэдэхгүй, зорилго тэмүүлэлгүй байсан үе ч түүнд бий. Олон залуусын адил өөрийгөө голж, хийж байгаадаа эргэлзэх өдрүүдийг туулж байснаа нуугаагүй. Гэхдээ эцсийн эцэст тууштай байж, өөрийгөө ямх ямхаар өөрчилж, бага багаар сорьсоор бидэнтэй ярилцаж буй, тал талын чадвартай, харилцааны өндөр мэдрэмжтэй Азжаргалыг бүтээж чаджээ.

Электроникийн инженерийн мэргэжилтэй, менежментээр мэргэшсэн энэ залуу ийн 23 жилийн түүхт Мобиком корпорацийн өөрчлөлт шинэчлэлийн нэгэн хөдөлгүүр болж, үр бүтээлтэй ажиллаж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарт хувьсал хийж, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр үзүүлсэн Мобиком корпораци дараагийн 20 жилээ өөдрөгөөр, амбицтайгаар төсөөлж буй. Чухам тэр бүхнийг гүйцэлдүүлэхэд А.Азжаргал шиг эрч хүчтэй, сортоотой залуучуудын хүчин зүтгэл ус агаар мэт хэрэгтэй билээ.


А.Азжаргалын сошиал хаягууд:

Инстаграм

Фэйсбүүк


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.