"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

“Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй атал жаргалгүй айл бүр өөр өөрийнхөөрөө зовох юм даа.”

Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойг сая сая уншигчдад таниулсан, 19 дүгээр зууны нэгэн суут бүтээл ийн эхэлдэг. Жаргалтай, зол баяраар дүүрэн айлд хүүрнэх түүх ховорхон байдаг бол аз жаргалыг эрэн бэдэрч яваа, асуудлаар дүүрэн айлын түүх цөм онхи ондоо аж. Аргагүй шүү дээ, асуудал байгаа газраас л аливаа түүх урган гардаг нь жам юм хойно. Гэвч байзнаарай, мөнгө шиг цагаан, мөс шиг гөлгөр харагдах амьдрал гэж ер нь хорвоо дээр байдаг юм гэж үү.

Аннаг уншсан эмэгтэй хүн бүхэнд хэрэвзээ би түүний оронд байсан бол хэрхэх билээ? гэх гүн гүнзгий санаашрал хадагдан үлддэг нь лавтай. Гэхдээ миний бодлоор Аннагийн түүх, түүний сонголт бол зөвхөн хайр дурлал төдийгүй ер хэнээс ч хамааралгүйгээр өөрийн зөв гэж бодсон зүг рүүгээ алхах тухай, үр дүн нь хааш эргэсэн ч хамаагүй сонголтынхоо өмнө хариуцлага хүлээсэн эр зоригийн тухай юм. Тиймдээ ч зөвхөн Вронскийд өгсөн гал халуун сэтгэлээс нь гадна “хайр дурлал” хэмээн нэрийдсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө нийгмийг бүхэлд нь сөрж, нэг алхам урагшилж чадсан болохоор нь бид Аннаг хайрлаж, энэрч, нигүүлсэж байдаг мэт.

Тэртээ 150 гаруй жилийн өмнө бичигдсэн тус бүтээл УДЭТ-ийн тайзнаа цар тахлын эхний жилд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 72 удаа тоглогдож, 253 цагийг тайзнаа зарцуулж, 35 мянга гаруй гаруй үзэгчдэд хүрээд байна.

Бусдын нүднээс далдуур эрээ цээргүй шалиглан самуурах атлаа өрөөлийн сонголтыг гэгээнтэн мэт шүүж, цээрлүүлэх Петербургийн дээдсийнхний өмнө эцсээ хүртэл эрхэмсэг байдлаа алдаагүй Аннагийн дүрийг урласан Нэргүйн Баярмаа бидний өнөөдрийн гол дүр. Түүнтэй ярилцахад арваад жилийн өмнө Л.Н.Толстойн романыг уншин суухад надад мэдрэгдсэн Аннагийн эр зориг, оногдсон зовлонгоо үүрээд гарах сэтгэлийн тэнхээ хийгээд сайхан эмэгтэй, сайн ээж хүний намба, ааль бүхэн цогцолсон мэт санагдаж байлаа.



Театрт авсан түүний анхны гол дүр бол Данийн зохиолч Генрих Ибсений “Нора” жүжиг. 1985 онд Г.Доржсамбуугийн найруулгаар Монголын тайзнаа анх удаа тоглогдсон Нораг Ч.Ганхуяг найруулагч шинэчлэн найруулах үед дагалдан жүжигчин байсан Н.Баярмаад Норагийн дүрийг бүтээх завшаан тохиожээ. Драмын амьд домог АЖ Н.Сувд гуай Нораг чинээнд нь тултал бүтээсэн тул жинхэлж амжаагүй, студи ангийн жүжигчин түүнд гол дүр авна гэдэг нүдийг нь боогоод тавьчихсан мэт л сүрдэж бишрэм даваа мэт санагдаж байж. Гэхдээ тэр анхны ажлынхаа ард амжилттай гараад зогсохгүй шинэ цагийн үзэгчдэд Нораг дахин нээж чадсан.

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй ээжийнхээ ачаар манай гол дүр сурагч ахуй цагтаа шүлэг, найраглалыг торох юмгүй цээжилдэг, утга зохиол, урлагт хайртай нэгэн болж өсжээ. Бяцхан охин байхдаа толины өмнө эргэлдэж, дэлгэцээр гарах бүсгүйчүүлийг өөртэйгөө харьцуулах зуураа “Жүжигчин болбол олон гоё хувцас өмсөх боломжтой юм байна даа” гэх хүүхдийн гэнэн бодлоор ирээдүйн мэргэжлээ төсөөлж явснаа тэрээр инээмсэглэн хуваалцсан. Дунд сургууль төгсөх хүртлээ ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ ул суурьтай бодоогүй өсвөр насны хүүхэд санаандгүй байдлаар СУИС-д шалгалт өгтөл, тэнцэх нь тэр. Өөрийгөө төрөл бүрийн төрхөөр харахыг хүсэж байсан бага насных нь мөрөөдөл ийнхүү амьдралын аялал боллоо.



Театр урлагийн сургуулийн оюутан гэхэд хэтэрхий даруухнаар их сургуулийн өдрүүдийг өнгөрүүлж, дөрвөн жилийн хугацаанд тоотой хэдхэн удаа алдар суут ягаан байшингийн босго алхсан түүнд амьдралын эргэлтийн цэг болсон нэгэн үгийг багш нь хэлжээ.

“Манай анги даасан багш О.Сугар айхтар олон таван үггүй, тэр болгон хүн магтаад байдаггүй нэгэн гэдгээрээ алдартай. Нэг өдөр надад чи ер нь театрт орвол тун зүгээр шүү гэдэг юм байна. Тийм сүрдэм хүн жирийн оюутанд тусгайлан хандаад үг хэлэхээр чинь их хүчтэй буудаг юм билээ. Яагаад ч юм багш надаас театрын жүжигчний хэлтэрхий олж харсан болохоор тэр үгийг хэлсэн гэдэгт итгэсэн учраас ирээдүйгээ энэ газартай л холбох учиртай юм байна хэмээн бат нот итгэсэн явдал. Тэр зөн маань ч үнэн байсан юм шүү”

Сургуулиа төгссөнийхөө дараа SBN телевизэд гурван жил дуу оруулагчаар ажилласан түүнд цаашид телевизийн салбарт карьер хөөх боломж дүүрэн байсан хэдий ч багшийнх нь хэлсэн өнөөх үг сэтгэлд нь хадаатай байсанд хэтэрхий оройтоогүй байгаа дээрээ телевизийн ажлаа орхиж, театрт шалгалт өгсөн түүхтэй.



Тоглолтоос тоглолтын хооронд дүрээ сайжруулах боломжтой байдгаараа театрын жүжиг онцлогтой. Нора жүжиг тайзан дээр гурван жил гаруйн хугацаанд тоглогдох үед Н.Баярмаа Норагийн дүрээс тайзан дээр хэрхэн дуугарах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хамтрагчтайгаа харьцах гээд мэргэжлийн жүжигчинд байх ёстой олон чадваруудыг суралцжээ. Тэрхүү суурь нь дараа дараачийн жүжгүүдэд тоглох үүд хаалгыг нь нээж өгсөн гэх утгаараа Норагийн дүрдээ хайртай.

Норагийн дараа “Дон Кихот” жүжгийн буурчийн газрын биеэ үнэлэгч бүсгүй, “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам, “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаа гээд олон дүрээр нь үзэгчид түүнийг андахгүй мэддэг болсон.

“Өөр мэргэжлийн хувьд олон жил ажиллах тусмаа хүн туршлагатай болдог бол жүжигчний тухайд хэзээ ч уран бүтээл дээр ам гарах боломжгүй. Нэг талдаа тайзан дээрээс үзэгчдэд их амархан жүжиглэж буй мэт харагдаад ирэхээрээ мэргэжилдээ мэргэшиж буйн илрэл юм болов уу. Арай хийн жүжиглээд байгаа нэгнийг үзэгч андахгүй.”

Н.Баярмаа


БНСУ-ын Пусаны олон улсын 18 дугаар кино наадмын нэр хүндтэй “Шинэ давлагаа” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” бүтээлээр нь түүнтэй зарим үзэгч Нора жүжгээс ч өмнө эчнээ танилцсан. Орчин цагийн монголын нийгэмд тийчилж яваа хувь хүмүүсийн үнэт зүйлийн эрэмбэ, сонголтыг харуулсан тус бүтээлийн Ану бол миний л хувьд монголын кино урлаг дахь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, оршихуй, зөрчилдөөнийг илэрхийлсэн мартахын аргагүй дүрүүдийн нэг. Цог хүүгийн хүрэхийг, ойртохыг хүсэж буй тэр үнэт зүйл, үзэсгэлэн гоог тэрээр дотортой бүтээж, тиймдээ ч “Алсын удирдлага”-ыг таашаасан олон үзэгч түүний дараа дараагийн бүтээлийг чих тавин хүлээж байсан биз ээ.

Тус дүрийн тухайд Н.Баярмаа “Алсын удирдлага кино багийнхнаас кинонд тоглохын сайхныг мэдэрч үлдсэн нь хамгийн завшаантай үйл явдал. Тухайн үед олон орны уран бүтээлчдээс бүрдсэн багийнхан миний хувьд багахан хэмжээний кино сургууль мэт л санагдаж, их зүйлсийг суралцсан. Сургуулиа төгсөөд бүтээсэн анхны гол дүр байсан тул мэдэхгүй, чадахгүй зүйлс өчнөөн байсан ч найруулагч намайг хүчлэхгүйгээр эвтэйхэн тоглуулчихсан. Тэр ч утгаараа Анугийн дүрд их хайртай.” хэмээн анхны дүрийнхээ тухай дурсамжаа уудлав.

Нэгэн нууцыг задлахад тэрээр ирэх есдүгээр дэлгэцнээ цацагдах, NBC Universal-ын бүтээл "SUITS" олон ангит киноны монгол хувилбарт гол дүр бүтээж буй. Ээдрээт хэргүүдийн учир зангилааг олохоор шаргуу ажиллах хуулийн фирмийнхний өдөр тутмын амьдралыг харуулах тус цувралын зураг авалт эхлэхээс өмнө тэрээр дүрдээ орохын тулд шүүх хуралд хүртэл сууж, хуулийн хэллэг, мэргэжлийн онцлогийг шаргуу судалж байгаа аж.



Лев Николаевич Толстой нэгэнтээ “Уншаад өөрсдийнхөө “Анна Каренина”-г нээсүгэй” хэмээсний дагуу 150 гаруй жилийн хугацаанд зөвхөн дэлгэцнээ гэхэд 30 гаруй Анна амилсан. Гарбо, Вивиен, Самойлава, Кира Найтли гээд үе үеийн кино одууд түүний дүрийг дэлгэцнээ мөнхөлжээ.

“Нэр төр, эд хөрөнгөө төдийгүй ганц хүүгээрээ дэнчин тавин байж, аз жаргалын араас хүсэн тэмүүлсэн Аннад түүнийгээ Вронскийгоос олж амсах хувь дутаж, нэгэн цагт өөрт нь хөл алдан дурлаж, амиа хорлохоос ч буцахгүй хайрласан эрийнх нь сэтгэл хөрснийг ойлгохдоо тэрээр амиа егүүтгэхээс өөр аргагүй болжээ.”

 Unread Media

800 хуудастай нүсэр романыг товчилбол ерөөс ийм. Гэвч үйл явдал бүрийнхээ ард хэзээд үл хуучрах асуулт, эргэлзээг үлдээсэн байсан болоод л сонгодог зохиолууд мөнх оршдог биз ээ. Аннагийн дүрийг анх авчхаад зохиолоо уншаад суухад Н.Баярмаад ёстой л чаддаг юм бол энэ дүрийг бүтээгээрэй гээд толгой дундуур нь буулгаад авах шиг санагдсанаа дурсав.

“Дүр гэдэг чинь бидэнтэй адил хүн л гэсэн үг. Анна гэдэг эмэгтэйн өмнө өөрийг нь хэдэн талаас урж тасчих мэт хов жив, эрээ цээргүй доромж үгсүүд хөглөрөх үед ёстой ингэхээс ч яахав дээ гэмээр түүнийг хүлээн зөвшөөрмөөр мөчүүд байдаг. Тэр бол байдаг л нэг эмэгтэй биш. Тийм биш гэдгийг нь ч харуулахын тулд зориуд зохиолч Китти, Доллиг Аннагийн өмнө эсрэгцүүлэн тавьсан байх.”



Хөшиг нээгдэх үед Анна будрах цас мэт хөнгөхөн дээрээс буудаг ч асуудал бүр дээр сэтгэлзүйн цохилтод орсоор нэг мэдэх нь ээ цөхрөл гутралаасаа болж жинхэнээсээ өвдөж, жүжгийн турш тайзан дээр бударсан цас лугаа адил хайр сэтгэлийнхээ өмнө хайлж, юу ч үгүй болон дуусдаг билээ. Тэрхүү зөрчлийг үзэгчдэд итгүүлэхэд, ерөөс Аннаг буй биеэрээ мэдрэхэд хэр хэцүү байсан тухай түүнээс асуухад “Театрын хөдөлмөр их хэцүү. Гэхдээ хэцүүг нь үзэгчдэд харуулах ёсгүй. Гоё сайхныг нь л бид харуулах учиртай юм. Сургуулилтаас сургуулилтын явцад сэтгэл зүйн хувьд хүчирхэгжээд нэг ёсондоо 100 хувь өөрийгөө энэ дүрд зориулж чадсан. Би төгсгөлийн монологтоо их хайртай. Яагаад ч юм тэр хэсгийг олоход хамгийн төвөгтэй санагдаж, жүжгийн нээлтээс өмнө ам мөлтөс өөрийн болгосон. Бүтэн гурван цагийн турш олон бодлын шуургандаа төөрч явсны эцэст бүх зүйлээс ангижирч буй мэт тун гүнзгий мэдрэмж тээсэн хэсэг.” гэв.



Тэр хувь хүнийхээ хувьд Аннагаас олон чанараараа ондоо. Хэдхэн цаг ярилцан суусан надад ч тэр хоёрын ялгаа тодхон анзаарагдсан билээ. Аливаад ноён нуруутай гэх үг эр хүнд л хамаатай мэт авч ажил хэрэг, хувийн амьдрал гээд аль ч талбарт амархан холбироод байдаггүй тулхтай, жүжигчин хүн гэхэд сэтгэлзүйн хувьд тун ч хүчирхэг нэгэн мэт.

Аннагийн дүртэй Н.Баярмаа аль талаараа төстэй вэ гэхэд “Би аль болох төлөвлөгөөтэй амьдарч, эрсдэл бага гаргахыг хичээдэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт Анна шиг эрсдэл гаргах шаардлага гарвал түүнийхээ үйлийг үүрээд гарах зориг надаас хангалттай гарах байх. Анна өнгөцхөн талдаа дээдсийн хүрээллийн эрх танхи хатагтай мэт харагддаг хэрнээ өөрийн сонголтдоо эзэн нь болж чаддаг, өөр рүү нь нулимсан хүмүүсийн урдаас гав ганцаараа зогсож чаддаг нь гайхамшигтай.” гэдэг итгэлтэй хариулт өгсөн.



Театрын босгыг анх давахдаа бие давхар байсан түүний хувьд сүүлийн арван жилийн хугацаанд жүжгийн бэлтгэл, ар гэр хоёроо тэнцүүхэн авч явжээ. Уран бүтээлдээ тасралтгүй шамдахын сацуу гурван охин, нэг хүүгийн ээж болж, алдарт эхийн одон гардан авсан түүнээр эмэгтэй хүний хувиар бахархмаар санагдсанаа нуух юун. Би бусдаас арай дөмөгхөн хөдөлмөрлөсөн байлаа гэхэд тэр бүхэн ажлаа хийх нөхцөл, боломжоор хангасан гэр бүлийн хүний маань л ач гавьяа хэмээн нөхрийнхөө талаар нүүр дүүрэн инээмсэглэлтэй ярьж, 100 хувь миний ард бат зогсож чаддаг гайхалтай нэгэн хэмээн магтсан юм.

Түүнтэй ярилцахад зарим үед гоо үзэсгэлэнг нь алмайрч биширсээр үндсэн ярилцлагын асуултаа хүртэл мартах үе бишгүй тохиосноо дурдахгүй байхын аргагүй. Будаггүй царай, засаж янзлаагүй хөмсөг, угаагаад гарсан нь илхэн хөвсгөр үс гээд тайзан дээрх дэгжин, дур булаам Анна бус энгийн амьдрал дээрх Н.Баярмаа тэр чигтээ урлагийн бүтээл гэлтэй.



"Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроо байдаг гэдэг үгийг өмнө нь би ойлгодоггүй байлаа. Тэгээд бодоод байсан үнэн үг юм билээ. Хүн зүрх сэтгэл, оюун санаандаа зөв сайхан байх чинь өөрөө мөнхийн гоо үзэсгэлэн болж, нүүрэн дээр нь илэрч явдаг зүйл юм байна. Харахад гоё сайхан, үзэсгэлэнтэй төрсөн хүмүүс байлгүй яахав. Гэхдээ харах нүдний үзэсгэлэн гэдэг яг л цэцэг шиг богинохон настай. Өөрийн гэсэн өршөөлгүй цаг хугацаатай. Бид 60 настай хоёр эмэгтэйг царай муутай, царайлаг гээд ялгаад байхгүй шүү дээ."

Хүний дотроо хураасан сайн сайхан зүйл бол үхэн үхтэл нь энэ нийгэмд, үр хүүхэд аав ээжид нь үнэ цэн өгдөг жинхэнэ гоо үзэсгэлэн гэж би хувьдаа боддог. Тэр сайхан дотор өөрийгөө хүндлэх хүндлэл, хайр хүртэл багтана. Юу олдсоноо идээд байхгүй, юм болгонд уурлаад байхгүй, сэтгэлзүйгээ гамнаж, өөрийгөө хайрлах орон зайгаа орхихгүй байж гэмээнэ тэр сайн сайхныг дотроо удаан тээж чадна.

Н.Баярмаа


Гэр бүл, уран бүтээлийн хажуугаар олон зүйл амжуулах боломжгүй тул сошиал сүлжээнд идэвхтэй байж чаддаггүй хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ олон зүйл рүү савчихгүйгээр жилдээ нэг л гол ажилд уран бүтээлээсээ гадна анхаарлаа төвлөрүүлнэ гэж зорьж, түүнийхээ ард гарах гэж мачийдаг шазруун нэгэн. Өнгөрөгч хоёр жилийг англи хэлээ сайжруулахад зориулсан тэрээр хүүхдүүдээ гараас гарах үед нэмж хятад хэл сурах, нийгэмдээ хандсан төслүүдэд гар бие оролцох, дуучны карьераа эхлүүлэх гээд олон зүйлийг мөрөөдөж, төлөвлөж яваа.

Түүнээс анзаарагдсан өөр нэгэн гайхалтай чанар бол амьдралын хөвөрсөн олон асуудлыг ачаалал гэж харахгүйгээр ард нь гараад сурчихсан мэт өөдрөг үзэл.

Хүн ер нь амьдралд ачаалал авах ёстой. Тэгж гэмээнэ сууж өгдөг, тогтож өгдөг, бүтээмж нь өсөж байдаг. Тэгэхгүй ч байж болно. Арван жил тасралтгүй жүжигт тоглосон болохоор найруулагч надад Аннаг өгсөн. Энэ бол зөвхөн ил харагдаж байгаа хэсэг. Дүрээс дүрийн хооронд тасралтгүй ажилласан хөдөлмөрийн үр шим бол Анна.”

Тэртээ арав гаруй жилийн өмнө студийн жүжигчин охин байх үед нь нэрт найруулагч Б.Баатар аминчлан түүнд хандаж “Чи жүжигчин болох авьяастай, юм юмны захтай хүүхэд байна. Тайзны араар цай зөөж гүйх биш, тайзны урд гялалзаж яваарай.” хэмээн хэлсэн эл захиас тухайн үедээ ахадсан том магтаал байсан боловч ирээдүйн олон дүрийг өөртөө итгэлтэйгээр урлах ташуур болсон аж. Одоо бол тэр эргэлт буцалтгүй цаашдын хувь заяагаа театрын тайзтай холбохоор шийдсэн. Үзэгч бидний хувьд олон арван жилийн турш театрын тайз, дэлгэцийн урлагаас Н.Баярмаагийн олон гайхалтай хувирлыг олж харах нь дамжиггүй.



Н.Баярмаагийн сошиал хуудсууд:

Facebook

Instagram

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.