"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Эелдэг инээмсэглэлтэй, энгийн даруу төрхтэй нэгэн залуу урд минь сууж байна. Тэр бол шатрын спортын оргил Их мастер цолыг хүртсэн Монголын тав дахь эрэгтэй тамирчин С.Билгүүн. Өдгөө “Алдар” спорт хороонд харьяалагдаж буй түүнийг бид Өртөөлөгч булангийнхаа ээлжит зочноор хүндэтгэн урьсан нь Эр цэргийн баяртай давхацжээ.  


Хүү хөлөг дээр байраа эзлэв

Үсэг нүдлэхээсээ өмнө шатар нүүж сурсан хүү. Түүнд энэ бүхнийг тусгайлан зааж өгсөн хүн үгүй. Ухаан орсон цагаас л шатар тоглон суудаг байсан өвөөгийнх нь хобби, гэр бүлийнх нь шатарт хорхойссон дадал чухамдаа түүний анхны багш болжээ. Цаасан дээр бичсэн үгс “эрээн цоохор” харагдах атлаа утга ёсоороо хар цагаанаар алагласан шатрын өрөг эсрэгээрээ тун ч ойлгомжтой санагдах нь сонин. Жигтэй нь гэвэл баргийн цэцэрлэгт байдаггүй нэгэн дугуйлан ангид нь өөрөө яваад ирсэн нь хүртэл мөн л шатрынх байж таарав. Цэцэрлэгийн насныханд зориулан ажиллах тэр дугуйлан нүүдэл, дүрс заахаас хэтрэхгүй нь тодорхой ч сургуулийн босго даваа ч үгүй байхад нь хааш л харна шатар түүнийг тойрсон явдал нь л хангалттай гайхам.

Зургаан настайдаа нэгдүгээр ангид орох төлөвлөгөө “бие жижиг” гэх шалтгаанаар цуцлагдсан тул завсардсан нэг жилийг ашиглан аав ээж нь түүнийг гэр сургалтаар уншиж, бодуулж сургажээ. Иймд Билгүүнийг ирэх жил нь нэгдүгээр ангид ороход сургууль тэр чигтээ чөлөөт цаг болж хувирав. Хичээлийнхээ цаг дээр л даалгавраа хийгээд дуусчихна, ойлгох гэж хичээх, шинээр сурах зүйл бараг л үгүй. Тиймдээ ч хонх дуугарч, хичээл тараагүй байхад шахам хэзээний л сургуулийн гадаа дээд ангийнхантайгаа хөлбөмбөг тоглож, компьютер тоглоомын газраар эргэлдэх нь ихэссэн гэдэг. Аав нь ч үүнийг эрхгүй анзаарч, балчир хүүгийнхээ багтаж ядсан их эрч хүчийг давхар нэг зүйлд сорих ёстойг төдөх юмгүй ойлгов.

Аавын сонирхол, хүүгийн авьяас огтлолцох цэг нь гарцаагүй шатар байлаа. Тэр үед түүнийг энэ спортын ертөнцөд өлгийдөн авсан багш нь “Манлай Говь” клубийн П.Мягмардорж. Шатар зөвхөн хобби биш юм байна гэдгийг Билгүүн тэнд л ойлгож, анхны хичээлээ авснаас хойш хэдхэн сарын дараанаас тэмцээн уралдаануудад орж эхлэв. Найм хүрдэг жилдээ орсон Өсвөрийн улсын аварга түүний анхны тэмцээн. Албан ёсны өрсөлдөөний амтыг анхлан мэдэрч байгаа гэхэд сандарч тэвдэлгүй тун ч давгүй амжилт үзүүлсэн нь өөртөө итгэх итгэл, шатарт хорхойсох дур сонирхлыг нэмэгдүүлсэн олзуурхууштай үйл явдал болох нь тэр. Цаашид энэ эрчээрээ яваад байж дээ.



Байзаарай, пионер мад!

Анхлан суралцагчийн аз гэх зүйл хаа ч л байдаг. Гэвч нэгдүгээр ангиа ч төгсөөгүй Билгүүний хувьд ийм зүйл байдгийг хэрхэн мэдэх билээ. Үргэлж, чаддаг нь болдог нь мэт өөрийгөө төсөөлж, гаргасан багахан амжилтдаа сэтгэл тэнийж, инээж хөөрч явах нь тодорхой. Гэвч энэ ханамж удаан үргэлжилсэнгүй. Өсвөрийн улсын аваргын дараах карьерынх нь хоёр дахь том тэмцээн "Цодгорхүү". Түүний учраа нь Үүрийнтуяа хэмээх үеийн охин. Эмэгтэй гэдгийг нь хармагцаа автоматаар шахуу “Ялалт минийх” хэмээн бодсон бодол ширээнд сууснаас ердөө хэдхэн хормын дотор хөөс болон замхрах нь тэр ээ. Ойлгож ч амжаагүй байтал хожигдсон тэр өргийг өнөө 20 жилийн дараа ч тэрээр “ёстой хиншүү ханхалтал хожигдох гэдэг нь тэр байсан даа” хэмээн дурсан суух нь хэвээр. “Хэдхэн минутанд, бас охин хүүхдэд!” гэх шок удтал түүний сэтгэлд хадагдав.

Арайхан нүд чийгэлж дөнгөөгүй ч хор шарыг буцалтал булгилуулсан тэр хожигдол түүнийг шатрын спортод гүн гүнзгий, эргэлт буцалтгүйгээр оруулсан пионер мад (Шатар анхлан суралцагчдын заалгадаг хамгийн энгийн буюу “хүүхдийн” мадлах техник) байсан гэлтэй. Сонсоод байх нь Цодгорхүүгийн шагналт байруудыг эзэлсэн хүүхдүүд шатрын хүрээлэл дотроо "насныхаа лидерүүд" хэмээх хочтой, Билгүүнийг бодвол аль 4-5 настайгаасаа шатраар хичээллэж эхэлсэн ёстой л тухайн насандаа элитүүд нь байж л дээ. Энэ тухай өөрөө ч бусад оролцогч хүүхдүүдээсээ бага сага сонсож, эцэг эхчүүдийн дунд аав нь ч мэдээлэл цуглуулж амжив.

Алив ямар ч спортод шар хоргүй хүн амжилт гаргахад бэрх. Энэ талаас нь бодоход ч Билгүүн яалт ч үгүй спортын хүн аж. Уг дүрэм ёсоор тэр өөрийгөө үнэлж байсан шигээ чадвартай биш болохоо дургүйхэн ойлгохоос аргагүйд хүрч, цаашид илүү хичээн суралцаж, илүү өндөрлөгт хүрэхийг хүсэх болов. Товчхондоо бол насныхаа лидер нь болохыг, хэнд ч ялагдахгүйг. Ийн зорилгоо нэгтгэсэн аав хүү хоёр ээлжит багшийнхаа эрэлд гарлаа. Газар газраас сураглах нь, Монгени цогцолбор сургуульд бэлдсэн хүүхдүүд нь өндөр амжилт үзүүлдэг шатрын спортын мастер Д.Дамдин хэмээх багш байна гэнэ. Бодож ядах, хайж цөхөх асуудал байсангүй. Шууд л давхиад очлоо.

Гэтэл яасан гээ, өст хүн өлийн давааны үлгэрээр өнөө Үүрийнтуяа бас тэнд сууж байх юм гэнэ. Угтаа тэр ч бас Дамдин багшийн шавь байж. Тэгэх тэгэхдээ дөнгөж дөрөвхөн настайгаасаа шатартай танилцсан, салбартаа бол Билгүүнээс дөрвөн жилийн илүү туршлагатай, хичээллээд гурван сар төдий л болсон хүүг хиншүү ханхалтал ялахаас аргагүй лут нөхөр байв. Ингээд бодохоор тайвширмаар мэт ч харах төдий “Удахгүй чамайг ялдаг болно” гэх шаралхуу зан цухалзах нь өөрчлөгдсөнгүй. 20 хүрэхгүй жилийн дараа тэд хоёул шатрын спортын оргил эрэгтэй их мастер, эмэгтэй их мастер цолыг хүртэцгээхээ хэрхэн мэдэх билээ.



Тоглолт эхлэв: Хүү давшилтад орсон нь

Зорилго нь тодорхой, хүсэл сонирхол нь бүрдсэн хүүгийн эрмэлзэлд хэрийн зүйл саадлан торохгүйг баталж, маш шаргуу бэлтгэл бүхий нэг жилийг тэр өвөл зунгүй зөвхөн шатарт зориулан өнгөрүүлжээ. Удаа ч үгүй хөдөлмөр бүхэн үр шимээ өгдгийг өөрийн биеэр баталсан нь 10 хүртэлх насны шатарчдын улсын аваргад насаар ахиу хийгээд хичээллэсэн жил нь ч илүү хүүхдүүдийн урд алхаж алтан медаль хүртсэн явдал байв. Энэ бүхэн ердөө нэг жилийн хөдөлмөр гэхэд итгэх хүн одоо ч цөөн.

Угтаа бол улсын аварга болохоосоо өмнө тэр насныхаа лидерүүдийн эгнээнд зүй ёсоор бичигдэж, улсын аваргын тэмцээнд голлох өрсөлдөгч байхаа хоёр ч удаа харуулсан байсан юм. Нэг нь бүр 2005 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан Азийн аварга байлаа. Хилийн дээс алхсан тэмцээндээ тухайн жилийн улсын аваргаас ч өндөр амжилт үзүүлэхийн сацуу одоо хэр уламжлал болгон зохион байгуулагдсаар буй “Мини шатар” тэмцээний гуравдугаар байрыг эзэлсэн нь түүний нэрийг насных нь ангилалд дархлах болсон юм. Ийн Дамдин багшийг зорин ирсний зорилго эхнээсээ биелэж эхэллээ.

Ерөнхий боловсролын сургууль дахь арван жилийн хугацаа түүний карьерын өрнөл хэсэг байв. Эрчимтэй хичээллэж, эрс орхиж, эргээд ирэх гэх мэтээр сэтгэлзүй хийгээд бие махбодийн олон уналт босолт энэ үед тохиосон гэдэг. Тодруулбал, тухайн арваны эхний хагаст тэр шатартаа ч ээлж дараалсан амжилтуудыг гаргахаас гадна хичээлдээ ч муугүй ачаалалтай, идэвхтэй, толгойтой сурагч байлаа. Хоёрдугаар ангидаа л хотын математикийн аварга болоод барахгүй шагналт байрын энэ амжилтаа арваннэгдүгээр анги хүртлээ хадгалсан гэдэг.

Дотоодын тэмцээнүүдээр дамжуулан удаа дараа өөрийгөө баталсан түүний хувьд дараагийн зорилго нь олон улсын цолонд хүрэх байсан юм. Тиймдээ ч гаднын тэмцээнүүдийг аль болох алгасахгүйг бодсоны эхлэл нь 2000-аас доош чансаатай шатарчдын оролцдог Сонирхогчдын дэлхийн аварга. Тэртээ 2011 онд дөнгөж 14 насандаа Монголоос уг тэмцээнд явсан анхны тамирчин болоод зогсохгүй насанд хүрэгчдийн урд гишгэж, алтан медаль аван Дэлхийн аварга гэгдэх болсон нь тухайн үедээ ганц шатрын салбарынхны бус нийт монголчуудын магнайг тэнийлгэсэн явдал болжээ.

Харин түүний хувьд уг амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цол авч, чансаагаа 2200-д хүргэсэн нь дэлхийн аваргаас илүү чухал ач холбогдолтой үйл явдал байлаа. Учир нь шатрын спортын оргил болох Их мастер цол авахын тулд тэр тив дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж, чансаагаа бууруулалгүй хадгалж, цаашлаад 2500-д хүргэж, гурван норм биелүүлэх ёстой (Ижил чансаатай тоглогчийг нэг удаа ялахад чансаан дээрээ таван оноо нэмүүлдэг ба чансаа нэмэлгүй удах, тэмцээн уралдаанд амжилт муутай оролцвол цуглуулсан оноо хадгалагддаггүй буюу хасагдах зарчимтай).


2011 он. Турк улс, Анталия хот. Дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн.


Бэрс болох замд: Хүүг хэн хамгаалав?

Аливаа ямар ч салбарт амжилт гаргах үйл хэрэгт гэр бүлийн дэмжлэг чухал нөлөөтэй. Тэр дундаа, насны багаас карьер нь эхэлдэг урлаг спортын салбарт хичээллэж буй суралцагчдын хувьд аав ээжийн дэмжлэг, чиглүүлэг гэдэг тодорхой үеийг хүртэл тухайн хүүхдийнхээ хичээл зүтгэлээс ч илүү чухал байдаг гэхэд зөрөх агуулга үгүй. Энэ тал дээр Билгүүн дэндүү гэмээр азтай байлаа. Учир нь түүнд аав нь байв. Шатрын спортод хөтлөн оруулж, тэмцээн бүрийг нь алгасалгүй үзэж, өдөр бүр дугуйланд нь хүргэж өгч, дараагийн шатны сургалтуудыг нь идэвхийлэн хайхаас гадна өндөр бэлтгэл болон олон улсын тэмцээний үеэр нойр, хоол, хуваарь гээд бүх л зүйлсийг нь хариуцсан дасгалжуулагч, сэтгэлзүйч, хувийн менежер, тогооч, жолоочийн үүргийг чин сэтгэлээр гүйцэтгэж, ард талыг нь бат хамгаалж, хөрөнгө оруулж байв. Аав Сумъяагийнх нь хувьд хувийн бизнес эрхэлдэг байсан нь эрүүл мэндийн салбарт ажилладаг ээжтэй нь харьцуулахад цаг зав, төлөвлөлтийн хувьд хүүхдүүддээ цаг гаргах, тэднийгээ дэмжих эрх чөлөө олгодог байжээ.

Намайг анх шатрын дугуйлангийн босго давуулсан цагаас аав шинэ мөрөөдөлтэй болсон нь гэртээ хоёр их мастертай болох байлаа. Энэ ч утгаараа аав миний төлөө яаж хичээсэн шиг яг тэр хэмжээнд өөрийгөө би дайчилж чадсан бол одоо байгаа түвшнээсээ хэд дахин илүү байх байж дээ гэж боддог юм.

Их мастер С.Билгүүн

Хүүгээ дагасаар энэ ертөнцийг шатарчнаас дутуугүй ойлгодог болсон аав нь явцдаа мэргэжлийн багш нарт клуб байгуулахад нь туслах, бүр цаашлаад “Шатрын холбоо”-ны сонгуульд баг бүрдүүлэн оролцож сонгогдон, дөрвөн жил нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо”-г байгуулах гэх мэтээр 12 жилийг энэ салбарт өнгөрүүлснийг сонсоход хүүгээ болон үе үеийн шатарчдыг дэмжихэд хэчнээн их анхаарсныг нь бэлхнээ харж болох ажээ.

Аавынх дараа орох чухал хүмүүс бол мэдээж багш нар. Шавь бэлэн болоход багш өөрөө ирдэг гэдэг. Тэр ёсоор түвшин ахих бүр дараагийн шатны сургалт хэрэгцээтэй болж эхлэх нь тодорхой. Улмаар тэр Олон улсын мастер Ц.Лхагвасүрэн, Шатрын Их мастер Д.Шаравдорж багш нартай нас насандаа ажиллаж, улсын шигшээ багт багтаж чадсан ба 17 наснаасаа эхлэн бие даан бэлтгэлээ хийхээр болжээ. Гэвч энэ үетэй зэрэгцэн оюутан насны он жилүүд ч эхэлж, шатраасаа түрхэндээ хөндийрч, амжилт нь буурч эхэлсэн ч 19 насандаа эргэн удирдлагыг гартаа авснаар Олон улсын мастер цолоо төдөлгүй хамгаалсан гэдэг.



Хүү бэрс гарлаа: Тив дамнасан тоглолтууд

2-3 жилийн завсарлагаас эрчтэйхэн ирсэн даруйдаа Олон улсын мастер болсон нь түүнд олон зүйлийг бодуулсан гэлтэй. Ингэж тэр өмнөө Их мастерын зорилгыг эргэлт буцалтгүй тавьж, тэр өөд эргэж харалгүй мацахаар шийдэв. Сургуулиасаа чөлөө авч, аавынхаа хамтаар Европыг зорив. Учир нь оноо бууруулалгүйгээр дараа дараагийн тэмцээнд оролцож чансаагаа өсгөхийн тулд тэр жилд олон улсын стандарт тэмцээнүүдэд 90-120 өрөг тоглож, аль болох олон ялалт цуглуулах ёстой.

Энэ бүхнийг санхүү мөнгө, оюуны болон биеийн ачаалал даах чадвар, цаг хугацаа талаас хараад үзвэл Билгүүн маш богино хугацаанд өндөр амжилт үзүүлэх ёстой нь ойлгож цөхөх зүйлгүй тод байв. Нэг явалтаараа аль болох олон тэмцээнд орвол санхүүгийн хувьд зардал багатай ч тамирчны хувьд гурваас илүү тэмцээнд орно гэдэг нэн хүндрэлтэй (дундаж нэг тэмцээн 10 өдөр үргэлжилдэг). Ингээд тэд удтал ярилцаж буудал, тээврийн зардлыг хамгийн бага байлгаж болох нэгэн арга сэдсэн нь Финландад амьдардаг ахыгаа түшиглэн машин худалдан авч, таван сарын турш Европыг тойрч, тэмцээнүүддээ оролцох шийдэл байв.

Нөр их хөдөлмөр, багагүй эрсдэл, урт хугацааны өндөр бэлтгэл, ойр дотнын хүмүүсийн анхаарал халамжийн ачаар тэрээр 21 насандаа “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний үеэр чансаагаа 2503 хүргэж, 22 насандаа бүх нормоо биелүүлж гүйцээснээр 2020 онд АНЭУ-ын Абу-Даби хотноо болсон Дэлхийн Шатрын холбооны 90 дүгээр Конгрессоос Их мастер цолоо албан ёсоор баталгаажуулж, тухайн үеийнхээ Монголын хамгийн залуу Их мастер болсон гэдэг. 16 жилийн дараа зорилгодоо хүрсэн нь энэ.



Дараагийн өрөг: Хүүгээ тоглолтод бэлтгэх нь

Том зорилгынхоо ард амжилттай гарсан түүний хувьд цар тахлын үеийг ч үр бүтээлтэй өнгөрүүлсэн нь их сургуулиа даатгалын чиглэлээр амжилттай төгсөж, богино хугацаанд боловч мэргэжлээрээ ажиллаж үзсэн явдал байв. Үүгээр зогсохгүй АНУ-ын их сургуулиас ч нэр дээр нь тоглох, бэлтгэлээ хийх урилга авч байжээ. Аль алиныг нь сонирхож ч, туршиж ч үзсэний үндсэн дээр "хэрвээ тэгэж үзсэн бол" хэмээх эргэлзээ үгүй шатраа сонгохоор эрс шийдсэн гэдэг.

Их мастераас дээш цол байхгүй ч их мастераа батлах, чансааг нь нэмэх, түүх бичих олон зам байсаар буй. Тэр одоо тийш л зүтгэнэ. Түүгээр зогсохгүй ирээдүй хойч үеэ бэлдэнэ. Дасгалжуулагчийн замналаа хэдийн эхлүүлсэн нь түүний хувьд шатрын ертөнц дэх ээлжит зорилго нь гэсэн үг. Нэгэн цагт хүү байсан тэрээр одоо өөрөө хүүгээ бэлдэх болжээ.

Шатар хүнийг ухаантай болгодоггүй. Шатар ухаан нэмдэггүй. Харин шатар бие дааж, шийдэл боловсруулж, аливаа дарамт, гэнэтийн цохилтыг тэнцвэртэй бөгөөд тайвнаар хүлээн авахад сургадаг ухаан юм. 40 нүүдэл зөв хийгээд ч 41 дэх дээрээ алдахад л өмнөх бүх амжилт чинь тоос шиг замхардаг тийм л хэрцгий энэ спорт юу ч болсон тоглогчоос чимээгүй оршихыг шаардаж, аливаа алдаа оноогоо ганц өөрөө л үүрэх ёстойг ойлгуулдагт гол хүч нь байдаг бололтой.

Их мастер С.Билгүүн