"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Хотын төв цэгт байрладаг “заазууран барилга” буюу Блю Скай Тауэрт өнгөрсөн зургаадугаар сард нээгдсэн “Wallstreet” рестораны залуу удирдагч, ерөнхий тогооч Ц.Бодьхүүг “Өртөөлөгчид” буландаа урилаа. Тогоочид хүний амьдралын сайхан мөчүүдийг бүтээлцдэг, аз жаргал бэлэглэгчид билээ.


Ярьж байгааг нь сонсвол Монголын шилдэг тогоочдын нэг гэж хэлэхээргүй, жир бусын даруу төлөв энэ залууг Цэндсүрэнгийн Бодьхүү гэдэг. Нээгдээд удаагүй ч Улаанбаатарын шилмэл ресторануудын нэгт тооцогдох болсон “Wallstreet” рестораны ерөнхий тогоочоор ажилладаг Бодьхүү мэргэжилдээ үнэнч байж, авууштай олон чанараараа тоогдож ирсэн, үнэхээр л хэн ч үлгэр дуурайл авмаар залуу байна даа гэж намтрыг нь сонсож суухдаа бодсон юм.

Цагдаа аавыгаа даган Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 10 жилийн сургуулиас Шивээговь сум руу шилжин суралцсан Бодьхүү дунд сургуулиа төгсөөд аавынхаа нутаг Завханыг зорьж. Ардчилалд шилжсэний дараах амаргүй жилүүдийг хамаатнуудынхаа дэргэд өнгөрүүлж, бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан хэдий ч элсэлтийн шалгалт өгсөнгүй. Тогооч болохоор шийдчихсэн байсан учраас тэр. Хүүг 9 дүгээр ангид байхад нагац ах нь тогоочоор ажиллах болжээ. Ахыгаа хараад, бас тэр үед багагүй үзэгдэх болсон гаднын кинонууд, бас бус нэвтрүүлгүүдийг үзээд тогоочийн ажил гоё юм байна гэж тун ч гэгээлгээр төсөөлөх болсон аж. Ингээд арван жилээ төгсмөгц Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг жилийн ангид элсэв.



Тэр жилийн төгсөлтөөс таван хүүхэд нэгдүгээр буюу дээд зэрэгтэй төгссөний нэг нь Бодьхүү байв. Их сургуульд дэвшин хөнгөлттэй суралцах урилга авсан хэдий ч бушуухан л ажилламаар санагдаад тогтож сууж чадсангүй. Суралцаж байх хугацаандаа тухайн үед трэнд болж байсан “Sunjin Grand” зочид буудалд дадлага хийх болсноор мөнөөх телевизээр олж харсан шигээ гайхалтай гал тогоонд яваад орчхов. “Анх очиход яг л кино шиг санагдаж билээ. Оронгуут гал тогооны үнэр нь цаанаа л нэг өөр, тогоо шанага тачигнаад л, гал асаад л, нэг нь биллээ уншаад, захиалгаа дугаарлаж хашхираад л. Хоол таваглаж байгаа ах эгч нарыг хараад хэзээ би ингээд ажиллаж байх бол” гэж бодож байлаа хэмээн дурсав.

"Нарантуул" зах дээр гуанзны түгээлт хийж олсон мөнгөөрөө түрээсийн байранд орлоо. Ажил нь оройтсон үед бол буудлынхаа саунд хоночихно. Бараг л 24 цаг суралцаж байв. Дадлага нь дуусаад тэндээ ажилд орсноор "жинхэнэ" тогооч болж, урам зориг дүүрэн ажиллах боллоо. Ерөнхий тогооч болтлоо тэнд ажилласныхаа дараа “Holiday Inn” буудалд филиппин тогоочийн удирдлага дор ажиллах болжээ. Ажилдаа сэтгэл гаргана, тууштай ажиллана гэж юу болохыг тэндээс харсан гэнэ. Ерөнхий нь сэтгэлд нь хүрсэн хоолыг л заал руу оруулна. Анхандаа ерөнхий тогоочийнхоо яриаг ч ойлгохгүй амаргүй байв. “Хүн юм сурахгүй байна гэж байх биш, оролдвол заавал сурдаг” хэмээн энэ үеэ дурслаа.



Тогоочоор ажиллаж эхлээд анх гардаж хийсэн хоол нь хуушуур. Аль ч ресторанд тэр, монголчууд монгол хоолоо түлхүү захиалдаг тул гарамгай сурахаас аргагүй. Одоо бол хамгийн сайн мэргэшсэн чиглэл нь европ хоол аж. Тиймдээ ч Итали, Газрын дундад тэнгисийн аль нэг улсад мэргэжлээрээ ажиллаж үзэх сэн гэж бодож явдаг.

“Wallstreet”-д орохоос өмнө тэрээр “Novotel” зочид буудалд ажиллажээ. Уг зочид буудалд ажилд ороход дөрвөн гал тогоог нь хожмоо Бодьхүүгийн амьдралд тун ч чухал байр суурь эзлэх тогооч Лхамсүрэн ахалж байв. Чухам тэр л хүн Бодьхүүг харайхгүй гэсэн газарт нь харайлгаж, урам зориг өгч, хурцалжээ.

Буфет ресторан ажиллуулна гэдэг түүний хувьд шинэлэг туршлага байсан учир ихэд олзуурхав. Хэсгийн ахлахаар ороод хэсэг ажиллаж байтал ерөнхий тогоочийн орлогч болгоно гэж. Хүмүүс удирдана гэхээс эмээсэн Бодьхүү эргэлзэнгүй байсан ч Лхамсүрэн тогоочийн шахалт шаардлагаар шинэ албаа хүлээж авав. Харин өнгөрсөн оны долоодугаар сард Лхамсүрэн тогооч “Wallstreet” рүү шилжиж, Бодьхүү албыг нь залгамжлахаар болж. Ийнхүү 50 орчим тогоочийг удирдаж ажилласан том туршлага болжээ.



“Хүн хүний зан өөр. Зарим нь огцом ууртай, зарим нь зэмлүүлж байж эвтэйхэн ажиллана. Удирдаач шиг л байх юм байна шүү дээ. Элдэв зөрчил, асуудлаас сэргийлэхийн тулд анхнаасаа багаа зөв бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Жижиг тоглолтууд хийгээд л явж байна даа” хэмээн тэрээр ярьсан. Хүмүүсийн ая эвийг тааруулж, үр бүтээлтэй ажиллуулна гэдэг өдөр бүр жижиг ялалт. Гэхдээ хоол урлахуй ч тэр, бусдыг удирдан зохион байгуулах тал дээр ч “өөрийгөө гайгүй болж дээ гэж ер бодож байсангүй” гэв. Харин 10 жилийн дараа өөрийгөө сайшааж нэг бодож магадгүй гэсэн юм.

“Багаа хөгжүүлэх маш чухал. Ганцаараа би ийм гээд яваад байвал бүтэхгүй. Хүнээс хүртсэн дэмжлэг туслалцааг, хүнээс сурч авсан бүхнээ бусдад өгч, нэг ч гэсэн хүнийг өөд нь татахыг хичээж, түүгээрээ ачийг нь хариулахыг хүсдэг” хэмээн Бодьхүү ярилаа. Тогооч гэхээр бүгд л хоол хийхийг төсөөлөхөөс бус ажлынх нь энэ тал санаанд тэр бүр орохгүй болов уу. Гэтэл сайн удирдагч байж, гар, сэтгэл нийлж ажиллана гэдэг мэргэжлийн гал тогоонд гойд чухал ажээ.



Монголд сүүлийн жилүүд үйлчилгээний соёл мэдэгдэхүйц хөгжсөн гэдгийг тэрээр онцолсон. Үйлчлүүлэгчид ч ихээхэн мэдлэгтэй болж. Урьд нь ризотто авсан хүмүүс “Энэ чинь түүхий байна” гээд ахлах тогоочийг дуудуулах гэх мэтээр бүх л хоолыг нэг хэмжүүрээр харж хэмжих нь түгээмэл байв. Харин өдгөө бол “Дутуу болсон байх ёстой шүү дээ, хэт болгочхож” гэж мэдүүлэх жишээтэй. “Сайхан хоол” гэдэг үгийн ард маш олон зүйл багтаж болно шүү дээ. Энэ бол хоол хэмээх тансаг урлаг Монголд хөгжих суурь тогтож байна гэсэн үг. Харин түүнийг хөгжүүлэхэд Бодьхүү ихээхэн оролцоотой байх нь дамжиггүй.

Тогооч хүн хоолны амтыг эхлээд бодол, сэтгэлдээ бүтээнэ. Учир нь хоол бол ганц идээд өнгөрөх зүйл биш, тэрхүү тогоочийн илэрхийлэл, уран тансаг бүтээл нь юм.



Зав чөлөөтэй үедээ Бодьхүү зураг зурдаг. Гарын ур дүйг ааваасаа өвлөжээ. Арван жилдээ хар зураг зурдаг байсан бол одоо өнгөлөг зурна. Гэхдээ тийм зав чөлөө гарах нь ховор санж. Загасчны морь усгүй гэж аанай л үнэн ажээ. Өдөржин халуун гал тогоонд ажиллаж байгаад харихад хоол хиймээр санагдах нь ховор. Харин баяр ёслол, хоёр хүүхдийнхээ төрсөн өдрөөр бол хийнэ. Гэхдээ шаардлага нь тун ч өндөр бололтой. “Миний сэтгэлд хүрээгүй байхад хүмүүсийн сэтгэлд хүрчихсэн л байдаг юм” хэмээн ярилаа.

Тогоочийн ажил амаргүй. Өглөө 7 гэж гэрээс гарах авч орой 10-11 цагийн үед л сая харина. Үйлчилгээний байгууллага учир зарим долоо хоног хагас, бүтэн сайнгүй ажиллана. “Sunjin Grand”-д ажиллаж ахуйдаа танилцаж дэр нийлүүлсэн гэргий нь ийм үед хамгаас дэм болж, ар гэрээ зохицуулна.

Бодьхүү амжилтынхаа тухай ярихдаа үргэлж хэний ачаар тэнд хүрснээ ярих аж. Тэглээ гээд эндүүрэх хэрэггүй, амжилт бүтээгч нь мэдээж тэр өөрөө. Тэр бол хэзээ ч өөрийнхөө замыг гэрэлтүүлэхийн тулд хүний галыг унтраахгүй хүн юм байна гэдэг дүгнэлттэйгээр ярилцлагаа төгсгөлөө. Ийм л хүмүүс манлайлаасай гэж би хүсдэг. Үйлчилгээний салбарын тийм нэгэн манлайлагчийг өнөөдөр та бүхэнд танилцууллаа. Цаашид түүний уран сэтгэмж улам төгөлдөржиж, бидэнд олон шинэ өнгө амтыг мэдрүүлэх биз ээ.

Ц.Бодьхүүгийн сошиал хуудас:

Фэйсбүүк


"Голомт" банкны "SocialPay" аппликэйшний #SoEasy аян зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” төслийг эхлүүлээд буй. Эдгээр залуус бол алдар цуутай олны танил биш, магадгүй хэний ч танихгүй хэр нь өөрийн хөдөлмөр, зүтгэлээрээ овоглон яваа, бид бүхний нэгэн адил жирийн нэгэн залуу үеийн төлөөлөл гэдгээрээ онцлогтой. Ц.Бодьхүү “Монгол залуус”-ын нэг юм.


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.