"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread media
Үйлдвэр гэдэг нүсэр газар. Бие биеэсээ үл ялгагдам саарал барилгууд эгнэж, ачаа зөөврийн том тэрэгнүүд нааш цааш сүлжилдэж, хүн бүр хийх ажлаа, бараа бүтээгдэхүүн бүр жагсах газраа мэдсэн мэт эмх цэгцтэй, дэс дараалалтай. Эндээс та бидний хэзээний танил Өглөө сүү, Өлзий тараг, хүүхэд багачуудын дуртай Пороро жүүс, зайрмаг, Гоё сүү гээд л олон төрлийн бүтээгдэхүүн эх орны дөрвөн зүг, найман зовхис, 21 аймаг руу хүргэгдэж буй.
Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ
Монголын ундаа, жүүсний зах зээлд 25 жилийн туршлагатай Витафит брэндийн тухай бид мэдэх авч өдөр бүр дэлгүүрт дайралддаг тараг, сүү, амтат зайрмаг, жүүс үйлдвэрлэдэг Витафит Милк ХХК-ийн тухай төдийлөн сайн мэддэггүй юм шиг. Цөөхөн боловч өрсөлдөөнтэй дотоодын зах зээлд 14 брэндийн, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Витафит Милк ХХК-ийн Маркетингийн газрын захирал \CMO\ бидний өнөөдрийн зочин.
Нүүр дүүрэн инээмсэглэсээр угтах үзэсгэлэнтэй, залуу бүсгүй ярилцлага өгнө гэхээс тэвдэж буй нь илхэн. Гадна дотнын хурал уулзалт, бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлт, багийн төлөвлөгөө гээд л залуу удирдагчид оролцох, шийдэх ажил их ч дуудлага бүрд эелдгээр хариулж, хүсэлт бүрд нийцүүлж ажиллахыг нь харвал бага залуу гэж өнгөц дүгнэх аргагүй юм.
Н.Долгор Дархан хотод төржээ. Хүүхэд байхаасаа л сургууль, нийгмийн ажилд идэвхтэй гэж жигтэйхэн. Дарханы залуусын сайн мэдэх “Болор” бүжгийн хамтлагийн гишүүн, аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын дарга, үе тэнгийнхэндээ үлгэр жишээч авьяастай охин байв. Арван жилээ Дархан Дээд сургуулийн дэргэдэх лицей 24-р сургуулийг Монгол Улсын “Шилдэг Хүүхэд”-ээр шалгарч төгсөж байж.
“Аав, ээж минь надад амьдралдаа хийхийг хүссэнээ хийх, зориглох, алдах боломжийг олгосон. Оролдоод үз, оновол чи баярлана, алдвал чи л өвдөнө гэж захьдаг. Тиймээс алдах эсэх нь хамаагүй, оролдож үзээд урагшилъя гэдэг зарчимтай.”
Ямар мэргэжилтэй хүн болох вэ гэх асуултад охид нь эмч эсвэл багш, хөвгүүд нь цагдаа болно гэдэг үед Н.Долгор “Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно” хэмээн хариулна. Тиймдээ ч Оросын ОРТ сувгаар парламентын мэдээнүүд үзэх дуртай, дипломатч, улс төрчдийг зурагтаар харж өссөн тэрээр 2016 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд “Төрийн удирдлага”-ын анги сонгосон ч яг тэр жил Удирдлагын Академи найман жилд ганцхан удаа тохиодог бакалаврын түвшний элсэлтээ зарласан тул тийш шилжжээ. Нэгдүгээр курсын оюутан байхаасаа яам, тамгын газруудад судлаачаар ажиллаж, ардчилал иргэний оролцоо, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, улс төр дэх залуучуудын оролцооны тухай судалгаануудад ажиллаж, чамгүй туршлагажихдаа улс төр гэдэг төсөөлсөн шиг нь цэвэр тунгалаг, шударга газар биш болохыг ойлгосон гэдэг.
Удирдахуйн буюу менежментийн онол, арга зүйд маркетингийн шинжлэх ухаан чухал нөлөөтэй. Маркетинг бол хэрэглэгчдэд зориулан үнэ цэн бүтээж, шинэ хэрэглээ бий болгож, тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, зөв сонголт хийх, хүрээлэл бий болгох урлаг бөгөөд шинжлэх ухаан юм. Иймд их сургуулиа төгсөөд ойрхон атлаа хол санагдах маркетингийн салбарт ажлын гараагаа эхэлж, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч Монос Хүнс ХХК-ийн брэнд менежер болж өөрийгөө сорив.
“Үндэсний үйлдвэрлэгч компанид ажиллах нь нэр төрийн хэрэг. Миний дэвшүүлсэн өчүүхэн жижиг санаа тэр бүтээгдэхүүнд шингэсэн байхыг хараад цаасыг нь хүртэл хаяахад хайран санагдана шүү дээ.”
Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, хэрэглэгчдэд таниулах бүтээлч салбарын ажилд борлуулалт хэрхэн өссөнөөр үр дүнг хэмждэг. 2019, 2020 онуудад Экос ус, Энхжин цай, Цэнэг, Эко уусдаг цайны борлуулалт үнэмлэхүй өсөж, өнөөдөр та бид өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг болсныг харвал тэр даасан ажлаа сайн гүйцэтгэжээ. Компанийн хувьд шинэ бүтээгдэхүүн гаргах чухал мөчид, хариуцлагатай ажил дааж авсан тул өвдөх, ядрах, шалтаглах эрхгүй учир тэвчээр зааж, хүүгээ төрүүлэхээс ганцхан хоногийн өмнө ажлаасаа чөлөө авсан гэнэ. Хүүгээ гурван сартай өлгийтэйд нь тэврээд ажилдаа орсныг сонсоход зориг тэвчээрээр нь бахархмаар басхүү хатуу хүн ээ гэж халагламаар.
Моност өнгөрүүлсэн зургаан жил зун шиг л сайхан өнгөрч. Үе тэнгийн залуустай хамтдаа, үндэсний брэндээ хөгжүүлж, хичээсэн, суралцсан, олж авсан он жилүүд байлаа. Ерөөс түүний амьдралд тухтай газраа удаан суух эсвэл хаа нэгтээгээс хэн нэгэн туслахыг хүлээх ойлголт огт байхгүй мэт. Тиймээс дараагийн шатандаа гарах цаг болжээ. Сурагч байхдаа л үеийн найзуудаа уриалан гэр оронгүй хүүхдүүдэд тусалж, өөрөө хүүхэд атлаа өөр бусад хүүхдүүд баярлуулах ажилдаа дуртай байв. Амьдралаас сайхныг хүртсэн бол бусдад ч бас хуваалцах хэрэгтэй биз дээ гэхэд нь үнэхээр ийм чанар бидэнд үлдсэн болов уу гэж бодогдох шиг. Долгор 2018 оноос “Гэрэл асаая” хөтөлбөрийг санаачлан хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг амьдралтай хүүхдүүдэд чиглэсэн сайн санаачлага, олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ.
Үүнээс илүү юуг чадах вэ гэх хүсэл, чадахгүй бол яах вэ гэх айдас амьдралын өөр нэгэн хаалганд хүргэнэ. Энэ удаа тэр маркетингийн менежер, ахлах биш 21 аймагт салбартай, 500 гаруй ажилчинтай, Витамит Милк ХХК-ийн Маркетингийн Газрын захирал Н.Долгор.
Монголчуудын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн уламжлалт хэрэглээ мэт санагддаг ч дэлхийн бусад орнуудтай харьцуулахад асар бага. Нийтлэгээрээ сүүгээр цай чанах эсвэл дээж өргөх гэж л хэрэглэдэг. Угтаа үйлдвэрийн ариутгасан сүүг олон төрлөөр хэрэглэж болно. Чанартай түүхий эдээс, чанартай бүтээгдэхүүн гэх философитой манай компани 1000 гаруй малчнаас түүхий эдээ авч, 21 аймгийн 3000 цэгт бүтээгдэхүүнээ борлуулдаг.
- Залуу мэргэжилтний хувьд ажил, амьдралын талбарт өсөж дэвших, өөрийгөө хөгжүүлэх нь чухал биз?
Сурахаас юуг ч харамладаггүй. Үнэтэй брэндийн хувцас, эдлэлээс илүү боловсролдоо хөрөнгө оруулахыг хичээдэг. Жилийн эхэнд өөртөө хөгжлийн төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу өглөө бүр 04:30 цагт босож, ажилдаа явах хүртлээ хичээл хийнэ. Манлайлал, хүний нөөц, контент маркетинг, байгууллагын бүтэц зохион байгуулалт зэрэг олон чиглэлээр мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудаар өөрийгөө, баг хамт олноо хөгжүүлэхийг хичээдэг. 2020 онд Дэйл Карнегийн хувь хүний хөгжлийн сургалтад сууж, 2022 онд албан ёсны эрхтэй сургагч багш болсон. Энэ онд гэхэд 400 орчим хүнд сургалт оржээ.
- Удирдах албан тушаалд нас, туршлагын аль нь чухал гэж боддог вэ?
Харин л дээ, залуу учраас ийм байна даа гэдэг үг сонсож байгаагүй юм байна. Нас залуу ч гэсэн даасан ажлаа хариуцлагатай хийх туршлага суусан гэж боддог. Шинэ ажилтан сонгохдоо нас биш хүмүүжил, төлөвшлийг нь анхаарч хардаг. Мэдлэг чадварыг сурч болно, хандлага цаг хугацааны явцад тогтдог, харин төлөвшил хүмүүжил хэзээ ч өөрчлөгддөггүй юм билээ.
- Ямар удирдлага байхыг хичээдэг вэ?
Хүн бүрийн давуу талыг өөрсдөд нь таниулж, баг хамт олондоо, компанидаа үнэ цэн бүтээж байгаа гэдгийг нь ямагт сануулж, мэдрүүлэхийг хичээдэг. Нөгөө талдаа удирдагч гэдэг хүссэн хүсээгүй мөс хагалагч нэгэн. Хэн нэгний ард нуугдах бол миний хэрэг тэнд байхгүй гэсэн үг. Компанийнхаа 500 гаруй ажилтны өмнө үүрэг хариуцлага хүлээсэн учир харилцаа хандлага, биеэ авч явах тал дээр үлгэр жишээ байх ёстой. Хүндлэхгүй байхын аргагүй хүн гэж байдаг даа, яг л тийм нэгэн болох сон гэж хичээдэг. Манай компанийн хувьд удирдлагын эрүүл харилцаатай. Хэн ч, хэзээ ч, юунаас ч санаа зоволгүй өөрийгөө илэрхийлдэг нь манай онцлох соёл болов уу.
- Өдөр тутамдаа олон түвшний, янз бүрийн хүмүүстэй харилцдаг нь анзаарагдлаа. Ер нь удирдлагын хувьд ажилтнуудтайгаа хэрхэн харилцдаг вэ?
Хортой хандлагатай даргын харилцаа их аюултай. Ажлын ярилцлагад орохоор ирсэн залуусаас харахад даргаасаа айх айдастай болчихсон байдаг. Дарга, захирал гэдэг нэр л сүртэй болохоос угтаа чиглүүлэх үүрэгтэй хүн. Миний хувьд сардаа нэг удаа багийнхантайгаа чөлөөтэй уулзаж, аж амьдралынх нь тухай ярилцана. Ажил дээрээ хэр тав тухтай байна вэ, ачаалал, стресс байна уу, надтай ажиллахад ямар байгаа вэ тухай илэн далангүй ярилцдаг.
Манайхан жил бүр сургалт хөгжлийн төлөвлөгөө гэж зохиодог. Түүнээс нь харж жилийн хугацаанд ажилчдад зориулсан дотоод, гадаадын олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Сүүлд ажлын байрны ажлаас халшрах хам шинжийн тухай мэргэжлийн сэтгэл зүйч ирж сургалт орсон. Мөн ажлын бус цагаа хөгжилтэй өнгөрүүлж “Wine and Art” арга хэмжээ зохионо. Тэр үеэр энэ гоё зургуудыг манайхан зурсан.
- Эмэгтэй хүн ар гэр, ажил карьерын аль алийг нь сайн авч явах ёстой гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд хэрхэн зохицуулдаг вэ?
Бэрхшээлийн цаана бэлэг гэдэг дээ. Ажил, амьдралд тохиох сорилт бүрд би чадахгүй гээд эмээж хойш суусаар байсан бол өнөөдрийн Долгор байхгүй байсан болов уу. Нялх биетэй ажилдаа орж, хүүхдээ өсгөх, ажлаа хийх, сурч боловсорч өөрийгөө хөгжүүлнэ гээд л бүгдийг амжуулах нь амар биш гэдгийг өөрөө ээж болоод мэдэрсэн. Хүүгээ хоёр ой хүртэл нь тасралтгүй дөрвөн цаг ч унтаж үзээгүй. Гэхдээ хүн төсөөлснөөсөө ч илүү ачаалал дааж, ажил амьдралаа зохицуулж чаддаг бөгөөд тийм үедээ их зүйл сурч хөгждөг юм билээ.
- Ажил, амьдралдаа баримталдаг зарчим гэвэл?
Бэрхшээлгүй ажил, асуудалгүй гэр бүл, ер нь хэцүүгүй зүйл гэж хаа ч байхгүй. Болж бүтэхгүйг онцолж хараад байвал бид хэзээ ч аз жаргалтай болохгүй байх. Би хувьдаа асуудлыг биш боломжийг харж сайжруулж, шинэчилж болох арга замыг хайдаг зарчимтай. Саяхан улаан автомашины дүрмийн тухай сонирхолтой зүйл уншсан юм. Хэсэг хүмүүсээс өглөө гэрээсээ гарахдаа улаан автомашин харсан уу гэж асуухад зарим нь харсан гэж, зарим нь хараагүй гэжээ. Тэгэхэд нь хэрэв таны харсан улаан автомашин бүрд 50 ам.доллар өгье гэвэл та анзаарч харах уу гэхэд бүх хүмүүс дуу нэгтэйгээр харна гэж хариулсан гэнэ. Энгийндээ улаан автомашин бол амьдралын боломж юм. Бид болж, бүтэж буй зүйл рүү төвлөрч чадвал хожно гэдгийг түүнээс ухаарсан.
Н.Долгорын сошиал хаягууд: Инстаграм, Твиттер
Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.
Сэтгэгдэл бичих