"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread media

Тансаг улаан хөшиг, тойрсон дугуй ширээ, донжтой гэрлэн бүрхүүлүүд яг л 1970-80 оны Америк кинонд гардаг буурчийн газрыг санагдуулам нь бүдүүн муурын өвөрмөц имиж. Их хотын залуусыг урлаг, утга зохиолын баланд дурлуулж буй энэ газрыг “Jazz Train” хамтлагийн гишүүн, нарийн бүрээч Г.Хонгор, “Magnolian” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Дөлгөөн нар Монголдоо жазз хөгжмийн клубтэй болохоор зорьж, сэтгэл нийлсэн олны дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Утга зохиол, яруу найраг, хөгжим тэр дундаа жазз хөгжмийн тэр гэх аргагүй элдэвтэй аялгуу, танихгүй атлаа биестэйгээ дотночлон хөөрөлдөх зочид энэ газрыг зорин ирэх шалтгаан ажээ. Гэхдээ өнөөдөр ирсэн эдгээр залуус зөвхөн нэг л хүнийг харах гэж хүлээж байна.

Чив чимээгүйг үргээн сонсоно

Чиний дулаан үгсийг чагнана

Энд цаг хугацаа зогссон байна… хэмээн дуулахад нь нээрэн л цаг хугацаа зогссон юм шиг сонсогч бүгд амьсгаа даран тайвширч, махан биеэ үлдээн сүнсэн бие нь хаа нэг тийш явсан мэт нам гүм, асар амгалан ноёлох нь тэр. Тайзны эгц гэрэл доор гялалзах Эрхэмбаярын Энхжаргал буюу Энжи бол бидний хүлээлтийн эзэн. Жазз дуулаач, хөгжмийн багш, Мюнхенээс дэлхийн тавцан руу тэмүүлж буй монгол залуу. Манай өнөөдрийн нийтлэлийн гол дүр. Богино хугацаанд түр амрахаар эх орондоо ирсэн боловч дотно эрхэм найзууд, догдлон хүлээсэн үзэгчдэдээ зориулж Fat Cat-ийн тайзнаа дөрвөн өдөр дүүрэн хүнтэй тоглолт хийж буй нь энэ. Нүдний доогуур татсан хөх сүүдэр нь эрхгүй ядарсан гэдгийг илтгэх ч хийж буйдаа дурлан шимтэх, бүр илүү сайхныг бүтээхийн хүслэн, урам зориг түүнээс ундарсаар байлаа. Ийн бид ярилцлагаа эхлэв.


Хэрэв хөгжмийг газраар зүйрлэвэл жазз бол соёлт метрополис. Түм буман санаа, сэдэл сүлэлдэж, өөр хоорондоо нэвчиж, эрчлэн сэрчигнэж, тэгснээ хувьсхийн аядаж, улмаа тодорч баяжих нь жаззын цөм гэлтэй.

Сэвхэт борыгоо унаарай даа ээ хө

Сэтгэл нь байвал ирээрэй дээ ээ хө.

Жаззын донжтой хэмнэлт аялгуунд Хан хөхий нутгийн бэсрэг уртын дуу "Сэвхэт бор", П.Адарсүрэнгийнх гэх “Тэмээн дээрээс наран ойрхон” ардын дуунууд дуулдана. Тал нутгийн энгээр хөвөлзөх уул, үүл гэж үл ялгагдах говийн зэрэглээг морин хуурийн чавхдаснаас онхи өөрөөр саксофон, контрабас, бөмбөрийн хэмнэлээр мэдрэх нь дотно атлаа жигтэй сонин. Магад үүнийг “Уяхан замбуутивийн наран” дуугаараа хүн зоноо уярааж, уртын дууны шуранхайг тал нутгийн тэнгэр дор эгшиглүүлсэн Н.Норовбанзад гуай сонссон бол юу хэлэх байсан бол?

Энжигийн шинэхэн гаргасан “Улаан” цомгийн сэтгэгдэл хэсэгт дууны үгийг ойлгоогүй ч сэтгэлд нь хүрч таалагдсан тухай сонсогчдын сэтгэгдлүүд үл тасарна.



Бяцхан охины дуучин болох алс ирээдүйн гэгээн мөрөөдөл Дарь эхийн өвөр дэх жаахан монгол гэрт даанч багтаж ядна. Тэр дуулах, бүжиглэх бас мөрөөдөх дуртай. Гэхдээ түүний гэнэн мөрөөдөлд Мюнхенээс эгшиглэх жаззын хөг болж дэлхий дахинаа цуурайтах тухай багтаагүй байсан биз. Социализмын үеийн эгэл гэр бүлүүдийн жишгээр аав, ээж нь цахилгаан станцад ажиллаж, ах, эгч нь хичээл номдоо шамдсаар оёдолчин, гагнуурчин мэргэжил эзэмшжээ. Харин Энжи адтай, сэргэлэн, сургуулийн ажил бүхэнд оролцож гүйх “хэнхэг”-тэй байв. Дуучин болох мөрөөдлөөс өөр энэ гэх зүйлгүй нь алдах, онохын шалаанд оруулна. Ахлах сургуулиа төгсөх үедээ СУИС-ийг зорив. Хоёр давхрын дууны тэнхимийг шохоорхож явахад нь нэгэн эмэгтэй санаандгүй дайралдаад зорьж ирсэн учир явдлыг сонсон дуулуулж шалгав. Тэр бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Ц.Чулуунцэцэг. Сонсгол сайтай, сайн дуулдаг нууцхан авьяасыг нь олзуурхаж уртын дуу дуулаачийн ангийн шалгаруулалтад бэлдэх багш нь болжээ.

"Хэрэв дуулаачаар сурвал техник, хоолойны хувьд чансаа шаардсан дуурь эсвэл уртын дуулаачаар сурахыг хүссэн. Уртын дууны учир битүүлэг тэр байдал өөрийн эрхгүй сэтгэл татдаг. Ц.Чулуунцэцэг багшид уртын дуучин болох хүсэлтэйгээ хэлж хоёр сар гаруй давтлага авч хоолойны тавилт сурсан."



Харамсалтай нь дуулаачийн ангийн хоёр дахь шатны шалгаруулалтдаа тэнцсэнгүй. Гэсэн ч хүсэл мөрөөдөл хэзээд дийлдэг хойно "Соёлын сургууль"-ийн хөгжмийн багшийн анги байдаг тухай сонсож бүртгэл дуусахаас ганц хоногийн өмнө амжиж шалгалтад оров. Монгол орны 21 аймгаас цугласан 21 хүүхдийн дотроос ганцаараа хотын оюутан атал нот уншиж мэдэхгүй, хөгжим ч тоглож чадахгүй. Гэхдээ шантарч, хойш суулгүй Дарь-Эхийн гэрээсээ өглөө 6 цагт сургууль дээрээ очиж төгөлдөр хуураа давтсаар байлаа.

"Их сургуульд заадаг хөгжмийн онол, гармоны хичээлүүд сонирхолтой санагдаж хажуугаар нь уртын дуугаа давтсаар л байсан. Нэгдүгээр курстээ Налайхад зохиогдсон уртын дууны улсын уралдаанд түрүүлсэн. Тэр үед Ц.Чулуунцэцэг багш шилжиж ирэх үү гэж асуухад нь нэгэнтээ багш болохоор шийдсэн учир сургуульдаа үлдсэн."

Их сургуулиа төгслөө. Хөгжмийн багшийн карьер Улаанбаатар дунд сургуулиас эхлэв. 20 настай, шинэ, залуухан багш бага, дунд ангийн балчир жаалуудад дуу хөгжим зааж, хөгжимд хайртай хүн бүрд үүдээ дэлгэж, сэтгэлээ нээсэн дурсамжтай, дуу хууртай хагас жилийг өнгөрүүлснээ дурсав. Энэ дурсамж тийм ч удаан үргэлжлээгүй нь түүний амьдралд жазз хөгжмийн шинэ нот эгшиглэсэнтэй холбоотой.



Монголд жазз хөгжим 1940-өөд оны үед циркийн урлагаар дамжин нэвтэрч, 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжсөн түүхтэй. Тийнхүү 1969 онд “Баянмонгол чуулга”, 2009 онд “Их талын жазз” ТББ байгуулагдаж, жил бүр жазз хөгжмийн наадам зохиож байсан нь мэргэжлийн жазз хөгжимчдийг бэлтгэх суурь болсон гэдэг. Улмаар 2014 онд Монгол дахь Гёте Институт, Герман улсын контрабасс хөгжимчин Мартин Зенкерийн санаачилгаар, Монгол Улсын Консерваторитой хамтран жазз болон орчин үеийн хөгжмийн боловсролыг академик түвшинд олгох зорилготой GMUB төслийг эхлүүлсэн нь хөгжимд дурлагч олон залуусын сэтгэлийг хөглөсөн аж.

"Монголд мэргэжлийн төсөл орж ирэхээс ч өмнө жазз хөгжим тоглож, оролдож явсан хүмүүсийн нэг нь төгөлдөр хуурч, концерт мистер Н.Ариунаа багш. Оюутан байхдаа Н.Ариунаа багшийн нотыг программд шивэхэд тусалж, хөгжмийн тухай элдэв сайхныг ярилцаж, найзалдаг байлаа. Нэг удаа “Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим” (GMUB)-ийн нэг жилийн төслийн тухай дуулгахад нь шинэ, залуу багшид мэдлэг, ур чадвараа ахиулан, сайжруулах боломж шиг санагдаж зорин очсон. Дотроо төгөлдөр хуурын онол, мэдлэгээ л сайжруулъя гэж бодсон ч Мартин Зенкер багш дуучнаар сонгодог юм байна. Шалгарсан 30 гаруй хүмүүсийн дийлэнх нь улсын филармонийн мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлээ туурвиж эхэлсэн мэргэжлийн уран бүтээлчид байв. Харин би гэж тоон доторх үсэг шиг л тууж явсан."



Хичээлийн шахуу хуваарь багшийн ажилтай давхцах тул ажлаасаа жилийн чөлөө авсан ч хувь тавилан өөр нэгэн чиглэлд хөтөлж, тэрээр багшийн ажилдаа буцаж очсонгүй. Бараг 10 жилийн тэртээх 2014 он бол амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр зориглосон, насан туршдаа жаргалтай байх өөрийгөө олсон хувь тавилангийн эргэлтийн цэг болов. Хөгжим бүжгийнхний андахгүй мэдэх 207 дугаар ангид жаззаар амьсгалсан үе тэнгийн шижигнэсэн залуус өглөөнөөс үдэш бүрий хүртэл зөвхөн хөгжмийн тухай, сор болсон уран бүтээлүүдийн тухай хоорондоо ярилцаж, суралцаж нэг жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Хийж буйдаа хайртай, хөгжимд дуртай тэдний хүсэл мөрөөдөл дундаас “Enji’s sister” хамтлаг төрсөн нь GMUB-ийн онцлох түүх.

ENJI'S SISTERS: ЖАЗЗ ХӨГЖИМ ДУУСАШГҮЙ АЯЛАЛ ШИГ

Posted.mn

"2017 онд С.Гончигсумлаа төслийн хүрээнд “Mongolian Song” цомогт дуулах хувь тохиож Мюнхен хотноо очиж дуугаа бичүүлсэн юм. Эрээн ч орж үзээгүй охин анх удаа Монголоос өөр газар хөл тавьсан нь тэр. Хожим нь энэ хотод амьдарна чинээ төсөөлөөгүй боловч эгээ л гэр мэт дотно дулаахан санагдаж билээ. Тэндэх хөгжимчдийн түвшин, авьяас чадвар, зах зээлийг харан биширч зүүд гэлтэй өдрүүдийг өнгөрүүлэхдээ чин сэтгэлээсээ үзээд алдмаар санагдаж, зүрхний галаа бадрааж байлаа. Буцаж ирээд Германд сурахаар бат шийдэж, хэлээ эхнээс нь сурч эхэлсэн дээ."

Дуучин болохоор шийдэж ажлаасаа ч гарлаа. Fat Cat байгуулагдаагүй байсан тул хамтлагаараа аль таарсан газраа тоглолтоо хийнэ. 207 гэх коридорын жижигхэн ангидаа хөгжмийн арга хэмжээ зохион байгуулна. Цалин мөнгө гэж сүйдтэй юмгүй. Хажуугаар нь Герман хэлний сургалтын төлбөрөө төлөх ёстой. Түвшин ахих бүр төлбөрийн асуудал улам бүр тулна. Гэсэн ч хүсэж байгаадаа хүрэхээр туулсан тэр тахир, бачим замууд хамгийн нандин байжээ.

Тэр жил Мюнхений хөгжмийн сургуулийн жазз дуулаачийн магистрын ангид 80 гаруй хүн ур чадварын шалгалт өгснөөс Өмнөд Солонгосын жазз дуучин Е-вон, GMUB төслийн төгсөгч Э.Энхжаргал нар шалгарчээ.




Өнө эртний сүрдэм орд, харш, үлгэрийн номд гардаг шиг шовх оройтой цайз, шилтгээн, ногоон цэцэрлэгт хүрээлэн, Иза гол...

Мюнхенийн Хөгжим, театрын их сургуулийн анхны Монгол оюутанд ганцаараа өнгөрүүлсэн эхний жил хүйтэн усанд хөл алдсан мэт байж. Бүх юм цоо шинэ, зааж, зөвлөх хүн байхгүй. Очоод дөрвөн сар өнгөрсний дараа л шинэ иргэн хотын захиргаандаа бүртгүүлдэг журамтай гэдгийг мэдэх жишээтэй.

"Тэндэх клубүүд тайзаа долоо хоногийн аль нэг өдөр үзэгчдэд нээлттэй болгодог. Жэйм Сэйшн (биенээ огт танихгүй хүмүүс цугларч хамтдаа тоглох тоглолт) үеэр заримдаа санаанд оромгүй хослолууд, тоглолтууд бүтдэг. Тэнд л хөгжим сонирхогч, үе тэнгийн оюутнуудтай уулзаж танилцсан. Монголоос ирсэн атлаа стандарт бүтээлүүдийг төвөггүй таньж дуулдгийг минь Мюнхений оюутнууд жигтэй гайхна. Тэр бол хөгжмийн арвин урын сантай Мартин багшаас суралцсаны ач."

Уран бүтээлчид гэдэг хэзээд шинэ содон, сайхны эрэлд тэмүүлж явдаг улс. Түүний нэг нь “Squama Recordings” лабелийн үүсгэн байгуулагч, бейс гитарчин Мартин Бругга байж. Сайн дуучин, сайхан хөгжмийг шимтэж явахдаа Энжигийн дуулахыг хэдэнтээ сонсож хамтрах хүсэл тээн ажиглан явжээ.

"Францын Гёте институтийн Жэйм Сэйшнийг М.Бругга зохион байгуулж би Мартин багшийн хамт 10 гаруй минутын сэйшн хийж, магистрын ажилдаа зориулан бэлдсэн “Untitled Hill” дуугаа дуулсан юм. Хоёр өдрийн дараа М.Бруггагаас хамтран ажиллах, цомог хийх тухай и-мэйл ирсэн. Анхны уулзалтаар л “Бид яг ийм л зүйлийг хүсэж байна, чамайг л хармаар байна, чиний үг, чиний мэдрэмж, чиний аялгууг л байлгамаар байна. Оролдоод үз.” гэсэн. Дуу зохиож, түүнийгээ дуулж амилуулна гэдэг өрөөл бусдад өөрийгөө нээж байна гэсэн үг. Түүнд дасах хугацаа удаан үргэлжилсэн. Урсгал цомогтоо хаалганы үүдээ сэмээрхэн нээж, Улаан цомогт цонхоо онгойлгож, үүдээ дэлгэсэн мэт өөрчлөлт мэдэрсэн. Хэрэв дуулалт, өгүүлэх хэв маяг маань намайг илэрхийлэхгүй бол би зориглохгүй байсан.




- Хамгийн дурсамжтай бүтсэн дуу?

Урсгал цомгийг хийж байхад гитарчин Паулын зохиосон аяны мэдрэмж нь гоё боловч үг нь нэг л болж өгдөггүй. Цомгоо маргааш бичүүлэх гэтэл үг байхгүй, санаа нь байхгүй. Тэгэхээр нь бэлтгэл эхлэхээс 10 минутын өмнө гадаа сууж амьдралын эгэл хором мөчүүдийг эвлүүлж бичсэн. Монгол хэл тун аялгуулаг хэл. Хөгжмийн хэмнэлд ямар үгнүүд тохирох вэ, эгшиг авиа ямар байх вэ гэж янз янзаар оролдож “Хором” дуу бүтсэн түүхтэй.

- Ямар уран бүтээлчээс үлгэр дуурайл авдаг вэ?

Элис Регина бол Бразил үндэстний бахархал. Waters of March-ийг Португал хэлээр дуулж, цаашлаад Бразил хүний аж байдал, үндэстний онцлогтой дуунуудыг гаргаж ирсэн. Бразилд гуравдугаар сард их бороо ордог юм билээ. Waters of March-ийг анх сонсоход үгнүүд нь хоорондоо авцалдаагүй мэт боловч нэг ч үг давтагдаагүй бүтсэн өвөрмөц онцлогтой. Ая нь хэвээрээ мөртлөө өнгө нь өөрчлөгддөг. Бразилчууд амьдралын энгийн зүйлсээс ч аз жаргалыг мэдэрдэг ард түмэн. Тэнд очоод Элис Регинагийн дуу үнэн байж гэдгийг мэдэрсэн. Хэн нэгэн миний дуунаас Монголыг таньж дараа нь бодитой гэдгийг мэдэрвэл тэр миний хувьд хамгийн утга учиртай зүйл.

- Дуучин болно гэдэг төрөлхийн өгөгдөл уу, хичээл зүтгэл чадвар уу?

Авьяастай байхад л болно гэдгийг би өөр талаас нь хардаг. Хоёулаа байх ёстой. Зөвхөн дуу ч биш үнэхээр хүссэн зүйлээ бүтээмээр байгаа, сэтгэл догдлуулдаг тэр зүйлийг хийхэд тууштай хичээл зүтгэл хамгаас чухал.



- Хичээгээд ч болохгүй мухардалд орох үедээ яадаг вэ?

Уйлна. Ер нь хүнд гутрал гуниг, шантрал мухардал хэрэгтэй санагддаг. Тэндээсээ хүч авдаг юм шиг. Олон удаа бүтэлгүйтэж, ёроолдоо хүрлээ дээ гэмээр үеүд тохиолдож байсан. Хүн л болсон хойно бүгдийг нь давсан гэж хэлэхгүй. Гэхдээ надаас шалтгаалахгүй, яагаад ч өөрчилж болохгүй хувь тавилан биш л бол гэрэл үргэлж байдаг гэдэгт итгэдэг. Юу ч харагдахгүй үедээ би хэн билээ, юу хүсэж байлаа гэдэг эхэлсэн цэг рүүгээ буцдаг.

- Хайр дурлал бол уран бүтээлийн мөнхийн сэдэв. Гэхдээ таны дуунууд дунд тийм ч их дурдагдаагүй юм шиг?

Хүнийг хайрлана гэдэг гоё. Би хайртай хүнтэйгээ учирсан. Гэхдээ надад хайр хувийн зүйл шиг санагддаг. Хэрэв хэзээ нэгэн цагт үүнийгээ илэрхийлмээр санагдвал тэр үед дуу болж гарах байх.

- Юу таны уран бүтээлийг “Энжигийнх” болгодог вэ?

Өөрөө дүгнэх хэцүү юм байна. Хүмүүс юу гэж боддог бол? Өнгөрсөн дөрвөн хоног Fat Cat-д тоглоход юугаар ч орлуулшгүй мэдрэмж, төсөөлөөгүй урам авлаа. Дууг минь сонсоод ингэж санагдсан, тэгж мэдрэгдсэн гэсэн хүмүүсийн сэтгэгдэл шинэ мэдрэмж төрүүлсэн. Бүр дууны үгийг минь сонсоод монгол хэлний баялаг сайхныг эргэж саналаа гэх зэргээр асар их анхаарал тавин сонссон хүмүүс ч байсан. Хөгжмийн сайхныг хүмүүст мэдрүүлмээр байдаг учир би гол дүр биш харин зүгээр л нэгэн хэсэг нь. Надаар дамжуулан хөгжмийн сайхныг мэдэрч, тэр нэгэн гайхалтай орчинд очиж байгаа нь сайхан санагддаг.