"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

"Хүүхэд бол ирээдүй биш. Хүүхэд бол одоо цаг. Яг одоо л бид тэдний сурч боловсрох, хөгжих, төлөвших, орчин нөхцөлд анхаарлаа тавихгүй бол хорин жилийн дараа хэтэрхий хожимдсон байх болно" гэж түүний хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй миний хүүхэд ямар нийгэмд амьдарч байгаа билээ, өсөн торниж байгаа энэ нийгэм нь аюулгүй байж чадаж байгаа билүү гэх асуултыг өөрөөсөө асуусан билээ, би.

“Нийгэмд болж буй сэтгэл эмзэглэм олон хэргийн бурууг төр лүү, бодлого руу чихэх амархан. Гэхдээ нийгэм гэдэг тэр чигтээ хүний бүрдэл шүү дээ. Хүн бүхний оролцоотойгоор хөгжих учиртай. Бүгд хүүхдийн асуудалд санаа чилээдэг, гарц шийдэлд нь бодит хувь нэмрээ оруулдаг байж хүчирхийлэл, хүний наймаа гэх хаягтай хэргүүд нийгмийн түвшинд шийдэгдэнэ” хэмээн өгүүлэх гэх энэ залууг У. Ганбаяр гэдэг. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа, шинэ залуу үеийн манлайлагчдын нэг болох түүнийг бид энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.

Итгэл найдварын оч нь хэдийн унтарсан нийгмийн хар бараан хэсгийг дэлгэцийн цаанаас хараан зүхэх, аль эсхүл өрөвдөн хайрлах нэг хэрэг. Гэвч өчүүхэн төдий ч хир буртаггүй хүүхдүүдийн маргаашийг тэрхүү хар бараанаас шүүрэн авч, тэдний төлөө ашиг хонжоо харалгүй зогсолтгүй хөдөлмөрлөх гэдэг тэс өөр явдал юм. Түүний түүхээр дамжуулан бид хүүхэд хамгааллын чиглэлээр нийгэмд хамгийн тодоор шүгэл үлээж буй “Лантуун дохио” ТББ-ын өнгөрсөн, одоо, ирээдүйг тольдохыг хичээлээ.



Бусадтай хуваалцсан мөрөөдөл хамгийн хүчтэй

Ахлах ангид орсон жилээс одоог хүртэлх түүний намтар иргэний нийгмийн байгууллагуудтай салшгүй холбогдсон бөгөөд мэргэжлээ сонгох үедээ ч эргэлзэх зүйлгүйгээр эрх зүйч мэргэжлээр сурахаар шийдсэн нь ирээдүйд хуулийн мэдлэг хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд дорвитой тус хүргэнэ гэж харсантай нь холбоотой. Сургуулийн номын сангаас салдаггүй, бүрэг ноомой өсвөр насны жаалыг “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-д элсэн орсон явдал тэр чигт нь өөрчилжээ. Их сургуульд элссэнээсээ хойш ч У. Ганбаяр нийгмийн төлөөх сайн дурын ажлуудад тасралтгүй оролцсоор 2017 онд “Лантуун дохио” ТББ-ын анхны албан ёсны ажилтан болсон түүхтэй. Иргэний нийгэмд ажиллана гэдэг хүссэн хэн бүхний зориглоод хийчих ажил биш. Тэр тусмаа олон боломжийн заагт зогсож буй залуу хүн энэ замын эцсийг нь үзэхийн тулд үнэт зүйлдээ бат зогсох хэрэгтэй. Ажлын үр дүн нь мөнгөн хэлбэрийн цалин хөлсөөр бус хүүхдүүдийн чин сэтгэлийн инээд, талархсан сэтгэлээр хэмжигддэг хамт олныхоо нэгэн хэсэг болсон тухайд тэрээр “Одоогийн У. Ганбаяр гэх хүний үнэт зүйл, итгэл үнэмшлийг бүрэлдүүлсэн хамгийн том орон зай бол "Лантуун дохио". Энэ байгууллагад ажиллах болсон шалтгаан минь өөрийнхөө сэтгэл дотроо бүтээсэн нийгмийг бодит болгох зорилго байсан. Урьд нь би мөрөөдлөө зөвхөн дотроо хадгалж, хэнд ч дэлгэхийг хүсдэггүй байсан бол одоо мөрөөдөл бүхнээ бусадтай хуваалцаж, хамтдаа мөрөөдөж сурсан” хэмээн өгүүлэв.

Товчхондоо, "Лантуун дохио" бол бүхэлдээ мөрөөдлөөрөө нэгдсэн хүмүүс. Мөрөөдөл гэх нандин зүйлээр хоорондоо холбогдсон учраас л тэд нийгэмд бүхэлд нь нөлөөлж чадсан “Нүдээ нээ”, “Хүн бай” аянуудыг өрнүүлж, “Ид шидийн орон – 1, 2” төслийн ард гарч чаджээ.

“Бидний бүтээсэн найман жилийн түүх “тууштай байдал” гэх үгтэй салшгүй холбоотой. Хүмүүсийг сэрт хийлгэж буй хэргүүд нэг өдөр жагсаал хийгээд, төрд шаардах бичиг хүргүүлэх төдийд л шийдэгдчих хэмжээний өнгөцхөн асуудал биш. Нийгэмд бугшсан идээ бээрийг шахаж гаргахын тулд бусдад хүлээн зөвшөөрөгдөх, тэдний хандлагыг өөрчлөх цаг хугацаа зайлшгүй шаардлагатай юм билээ. Эргээд харахад бидний бүтээсэн бүхэн ийм удаан хугацаанд үнэт зүйлсээсээ огт хазайгаагүйн үр дүн болов уу. Хэрвээ бид ганц хоёр жил хүүхдийн эрхийн талаар яриад өнгөрсөн бол “Ид шидийн орон” төсөл эхлэх ч үгүй байсан биз ээ” хэмээх түүний ярианаас гэр бүл шиг дотно болсон хамт олон, сайн дурын залуучуудаараа хэчнээн их бахархаж явдаг нь тодхон мэдрэгдсэн юм.


Чимээгүй баатрууд 

“Лантуун дохио” гэх нэрийн ард мянга мянга залуусын нэр, хүч хөдөлмөр зайлшгүй яригдана. “Лантуун дохио”-г зоригтойгоор урагшлахад түлхэц болж буй хамгийн том хүч бол сайн дурын ажилтан залуучууд. Тиймдээ ч У. Ганбаяр тэднийг “чимээгүй баатрууд” хэмээн нэрлэх дуртай. Жил бүр 200-300 залуучууд Лантуу гэр бүлийн нэгэн гишүүн болдог бөгөөд “Ид шидийн уут”, “Ид шидийн орон” гээд бүхий л том төсөл, олон нийтийг хамарсан аяны ачааны хүндийг үүрдэг, галын фронтын дайчид бол тэд. Дийлэнх сайн дурын залуус нь шинэ мянганы эхээр төрсөн Gen-Z үеийнхэн тул тэднийг удирдаж, манлайлахад торгон мэдрэмж шаардагддаг аж. Тэдний хувьд хурд хамгийн чухал. Богино хугацаанд маш чухал шийдвэрийг цаг үрэлгүй гаргаж, хийх нь тодорхой болсон ажлууд дээр багаа зөв зохион байгуулалтад оруулан, залуу ажилтан бүр өөрсдийнхөө хариуцаж авсан ажлыг чин сэтгэлээсээ чанартай хийдэг нь тэдний "нууц". "Ид шидийн орон – 2" төсөл дээр л гэхэд нийт хандивын 10 гаруй хувь болох 345 сая төгрөгийг сошиал медиа орчноос 24-хэн цагийн дотор босгосон бахдам түүх тэднийх.

Барилга байшин барих үед шуудай бариад хог түүхээс өгсүүлээд шинэ жилээр уулс дамжин цасан охин, өвлийн өвгөний үүрэг гүйцэтгэж, хөгжлийн төвүүд дээрээ хүүхдэд зориулсан сургалтууд хэрэгжүүлдэг гээд тэдний хөдөлмөрийн тухай онцлох зүйлс их. Залуусынхаа тухайд “Дийлэнх сайн дурынхан маань гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй, найзуудтайгаа харилцаж чадахгүй байгаа нь миний сэтгэлийг өвтгөдөг. Сэтгэлзүйн асуудал, гэр бүлийн зөрчил тэдний дунд хамгийн түгээмэл. Бага насандаа гэр бүлийн болоод бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан залуус ч бий. Олон асуудал байгаа хэдий ч сайн дурынхан бол яахын аргагүй дараагийн үеийг авч явах, нийгмийн нэг давхарга. “Лантуу дохио” гэх энэ багт орж ирснээрээ тэд ирээдүйд сайн эцэг эх байх, нийгмийн асуудлыг шийдэхэд бодитоор хувь нэмэр оруулж, хариуцлагатай иргэн болж төлөвшиж байгаад хамгийн ихээр баярладаг” гэсэн билээ.

Эдгээр залуучууд эхнээсээ их сургуулиа төгсөн, амьдралын гараагаа эхлүүлж, зарим нь "Ид шидийн орон" төслийн үндсэн ажилтан болох гэх мэтээр ажил амьдралаа хайртай хамт олонтойгоо нийцүүлж чаджээ. Одоогоор тус байгууллага 10 гаруй сайн дурын залуусаа байгууллагынхаа үндсэн ажилтнаар авч, дөрвөн оюутныг өөрсдийн нэрэмжит тэтгэлгээр Хорват улсад суралцуулж байгаа аж. Өөрийнх нь тухай асуухад намуухан дуугаар, цөөн үгээр хариу барих У. Ганбаяр хамт олон болоод хандивлагчдынхаа талаар ярихдаа нүд нь сэргэн, дуу нь чангарч байгааг харахтай зэрэгцэн энэ залуу ажлаараа амьдарч, амьсгалж буй нэгэн юм байна даа гэж бодогдов.

Хэрвээ “Лантуун дохио”-г сургууль гэж харах юм бол тэд элсэн орсон сурагч бүхэндээ зүрх сэтгэлийн боловсрол олгодог, хүн байхыг заан сургадаг эрдмийн өргөө гэж хэлж болохоор аж.

Ид шид байдагт бид итгэдэг 

Ид шид байдагт чи итгэдэг үү? Би лав итгэдэг гэх түүний хөвсөргөн хөөргөн үгээр бид хоёрын яриа нэг л мэдэхэд “Ид шидийн уут” аян руу шилжсэн юм. У. Ганбаяр цааш үргэлжлүүлэн:

“Гурван жилийн өмнөх “Ид шидийн уут” аянаар бид Нисэхийн эцэст байрлах худаг дээр бэлэг тарааж яваад нэгэн ээжтэй тааралдсан юм. Манай гэрээр заавал ороорой гээд хаягаа цаасны тасархай дээр бичиж өгөөд явсан болохоор бараг л хоёр цагийн турш тэднийхийг хайсан юм даг. Хариугүй шантардгийн даваан дээр яг л ид шид шиг өнөөх ээжтэй хашааны хаалган дээр нь халз тулгарчхав. Цасан охин, өвлийн өвөөтэй заавал уулзуулахыг хүссэн тэрхүү ээжийн охин төрөлхийн саажилттай хүүхэд байсан. Байнгын асаргаа, хэвтрийн дэглэмд байдаг тэр охинд өөрсдийн авчирсан тоглоом, куртка зэрэг бэлгээ өгөхөд хэзээ ч гараараа хүчтэй хөдөлгөөн хийж байгаагүй хүүхэд өөрөөсөө гарч болох бүхий л хүчээрээ бидэнд баярлаж байгаагаа харуулж, гараа сарвалзуулж байсан юм. Тэр айлаас гарсныхаа дараа би машин дотроо сэтгэлээ онгойтол уйлж суусан. Хайртай хүмүүсийнхээ хажууд байгаа хэрнээ тэднийгээ баярлуулж чадахгүй байх шиг муухай мэдрэмж үгүй. Шинэ жилийн баяраар бусад шиг хөгжилдөж чадахгүй охиноо баярлуулах гэж мэрийсэн тэр аав, ээж хоёрыг дурсах болгондоо энэ ажлыг хийх болсон шалтгаан минь нүдний урд тодроод ирдэг юм” хэмээн ярьсан юм.

Энэ жилийн аян түүний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлжээ. Хөл хорионы дэглэмээс шалтгаалан энэ жил сургууль, цэцэрлэг хаагдаж улмаар захын хорооллын хүүхдүүд бараг тэр чигтээ “боловсролын хоцрогдол”-д нэрвэгдсэн байна. Гэрт нь зурагт байх хэдий ч хэтэрхий олуулаа тул хувийн орон зай байхгүй, хичээлээ нөхөж үзэх боломжгүй байгаа нь нийтлэг үзэгдэл. Түүгээр ч зогсохгүй сургууль, цэцэрлэг гэдэг анхан шатны хамгаалах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх орон зай байсан бол хүүхдүүд бүтэн цагаар гэртээ байх үед бүх төрлийн хүчирхийлэл гэр дотор өрнөж байгаа нь тодорхой. Хажуу хөрш л сонор сэрэмжтэй байхгүй бол хаалганы цаана юу болж буйг олж тогтооход улам бэрх болж байгаа ажээ. “Ид шидийн орон-1” төвийн хамгаалах байранд одоо 22 хүүхэд буй. Төв ашиглалтад орсноос хойш нийтдээ 200 гаруй хүүхдэд үйлчилсэн бөгөөд тэд цаашдаа "Ид шидийн орон-1"-ийг улсын хэмжээний жишиг хүүхэд хамгаалал, хөгжлийн төв болгохоор ажиллаж байна. Сэтгэл засал, нийгэмшүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг энэ төвийн хамгийн бяцхан үйлчлүүлэгч дөнгөж хоёр настай.

“Эцэг эх нь хоёулаа байгаа мөртлөө хүүхдээ хайрлахгүй, асрахгүй, зүгээр л золионд гаргаад хаячихсан дүр зураг хамгийн өрөвдөлтэй. Томчуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас тэр хүүхэд хамгаалах байранд өсөж хүмүүжиж яваа. Угтаа бол гэртээ халуун ам бүлээрээ амьдрах нь хамаагүй дээр шүү дээ” гэж ярих түүний хамгийн том мөрөөдөл нь нэг ч “Ид шидийн орон” нэмж барих шаардлагагүй болсон нийгмийг бүтээх явдал юм.


Шинэ цагийн салхи 

“Ид шидийн орон – 1, 2” бол тэдний хийдэг ажлын нэг л хэсэг нь. Найман жилийн хугацаанд тэд багаараа хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон аяныг зохион байгуулсан юм. Цаашдаа ч шийдвэр гаргах түвшинд нөлөө үзүүлэхүйц, бодитой дуу хоолойгоо илэрхийлдэг байгууллага болно гэх төлөвлөгөөтэй. “Лантуун дохио”-г хэн ч мэдэхгүй ТББ байхаас нь Монголын хамгийн нээлттэй, шилэн данстай, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж чадсан хамт олон болтол суурийг нь цутгаж чадсан өмнөх удирдлага нь түүнд нэгэнт тогтсон энэ системийг сайжруулах томоохон үүрэг хариуцлага оноожээ. Энэ бат бөх суурин дээр гайхалтай цамхаг барьж чадна гэдэгт итгэсэн учраас л түүнийг энэхүү хариуцлагатай албан тушаалд томилсон биз.

У. Ганбаяр чөлөөт цагаараа гэрэл зураг дарах, уран зохиолын ном унших, аялах дуртай нэгэн бөгөөд "The Book Cafe Of Mongolia"-ийн хамт олонтойгоо хэзээ нэгэн цагт дэлхийн жишиг болсон хүүхдийн номын сан бүтээн байгуулах цагаан мөрөөдөлтэй нэгэн.

Гурван жилийн өмнө "Unread"-аас зохион байгуулдаг "Growth" хөтөлбөрийн анхны элсэлтэд хамрагдсан нь түүнд баг удирдах, багийн уур амьсгалыг бүрдүүлэн бүтээлчээр ажиллах тал дээр нэлээн сайн туршлага болсон гэнэ. Энэ тухайд “Growth-д хамрагдаж байгаа залуучууд болгон амбиц өндөртэй, дээрээс нь өөр өөрийн гэсэн онцгой ур чадвартай байдаг. Тэдгээр давтагдашгүй хүмүүс нэг баг болох үед олон зөрчилдөөн үүсдэг л дээ. Багаар ажиллах үед гарч ирэх амбицыг ашигтайгаар эргүүлэх, тэр энергийг зөв зүйлд залах, зөрчилтэй харилцааг мэдрэмжтэйгээр зохицуулах гээд тэр үеэс олж авсан туршлага одоо ч гэсэн надад баг удирдахад маш их хэрэг болж байгаа шүү” гэсэн юм.

“Ид шидийн орон – 1, 2” төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ бид дөрвөн тэрбум орчим төгрөгийг хандиваар босгосон. Хамгийн онцлууштай нь, нийт хандивын бараг 80 хувийг 50,000 төгрөгөөс доош дүнтэй хандивууд эзэлсэн байдаг шүү. Алс хол суугаа мөртлөө биднийг үргэлж дэмжиж, Монголд байгаа хүүхдүүдийн төлөө сэтгэлээ зориулж байдаг ид шидтэй ах эгч нарыг ч заавал дурдах хэрэгтэй. Зөвхөн мөнгөн хандиваас гадна сэтгэл зүрхээрээ биднийг дэмжсэн маш олон хүн бий.

Манай төвийн хүүхдүүдэд жил бүр арван тэрлэг оёж өгдөг эмээ, Монгол Улсын баруун хязгаар нутгаас бидэнд зориулан шуудай дүүрэн боорцог хайраад явуулсан эгч, хонины бэлчээр дээрээс бидний бичлэгийг үзээд өөрт байгаа нэг хонио бидэн рүү илгээсэн малчин гээд л. Олон хүмүүсийн бага багаар дэвсэж өгсөн энэ сэтгэл хоорондоо уусаж нэгдэн “Ид шидийн орон - 1, 2” төслийг биелэл болгож чадсан. “Ид шидийн орон” төсөл бол бүхэлдээ дэлхийн монголчуудын хамтдаа бүтээсэн төсөл” гэсэн ирмүүн үгээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.


Залуучууд хамтдаа мөрөөдөж чадвал, мөрөөдлийнхөө төлөө бодитоор хөдөлмөрлөж чадвал бүтээж чадахгүй зүйл байхгүйн хамгийн тод, томруун жишээ бол “Лантуун Дохио” ТББ билээ. Түүний хэлснээр, мөрөөдөлд ганцаараа биш олуулаа тэмүүлэх тусмаа илүү амттай, илүү цараатай болдог. Шинэ цагийн салхийг эргүүлэхийн төлөө бид хамтдаа мөрөөдөх хэрэгтэй мэт.

Сошиал хуудас:

У. Ганбаяр- Фейсбүүк

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.