"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread media
09 цаг 58 минут. Ярилцлагын цагаасаа хоцорчих вий хэмээн сандарч, хурдлан алхалсаар Шангри-Лагийн оффисын хаалгыг хүчтэйхэн татаж орлоо. Цахилгаан шат 17-р давхарт зогсохтой зэрэгцэн цагийн зүү арвыг зааж, тогтсон газартаа, товлосон цагтаа өнөөдрийн зочинтой уулзсан минь энэ билээ. Нар мэт мишээх дулаан инээмсэглэл, гал цог дүүрэн нүдний харцтай энэ бүсгүйг К.Манчук гэдэг. Хааяахан хөнгөн маазарч, хөөрхөн инээхээс нь ажвал тэрээр тун ч хөгжилтэй нэгэн гэдэг нь илт. Алба хэлтсээ сольсоор арван жилийн турш нэг компанидаа хүчин зүтгэснийг нь сонсвол урдаа тавьсан зорилгынхоо араас махруу хичээдэг нь тодорхой. Түүнтэй ярилцсан энэ хоёрхон цагт тун сонирхолтой кино үзэж байгаа мэт өнгөрснийг нуух юун. Дипломат гэр бүлийн ууган охин тэрээр бага ахуй наснаасаа сониуч агаад сорилт бэрхшээлийг уриалгахан хүлээж авдаг нэгэн байжээ.
К.Манчукийн тухай товчхон танилцуулахад тэрээр "Оюу толгой" компанид арав гаруй жил ажилласан ба өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Рио Тинто Монгол компанийн Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж буй.
ТАВАН ТИВИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ТАНИЛЦСАН НЬ
Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймагт Х.Көкений ууган охин болон мэндэлсэн тэрээр Улаанбаатар хотод өсөж торнижээ. Дипломатын гэр бүлд өссөндөө ч тэр үү хүүхэд насных нь түүх тун сонирхолтой. Аавын анхны томилолт 1996 онд түүнийг таван настай байхад нь тохиож, тэд гэр бүлээрээ Арабын Бүгд Найрамдах Египет улсын Каир хотыг зорьсон ба чухамхүү ингэж л таван тивийн хүүхдүүдтэй танилцах эхлэл тавигдсан юм. Балчир охинд амар байгаагүй нь мэдээж. Байсхийгээд л танихгүй улсад дасан зохицож амьдрах хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч тэр үүнтэй эвлэрч, аль болох хөнгөн хүлээж авахыг хичээх болсноор эсрэгээрээ олон орны хэл соёлд суралцах, монгол ёс уламжлалаа бусдад таниулах боломж бүрджээ. Түүний сургуулийн он жилүүд хэр сонирхолтой бөгөөд сорилттой өнгөрснийг нэгхэн өгүүлбэрт багтааваас, бага ангидаа Казакстаны Алмата хотод, дунд ангидаа “Русская Гимназия” орос сургуульд болон Нийслэлийн 18-р сургуульд, ахлах ангидаа Арабын Бүгд Найрамдах Египет улсын Каир хотод элчингийн хүүхдүүд сурдаг тусгай сургууль болон араб сургуульд, төгсөх ангидаа Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурч, арван жилийн аялал өндөрлөсөн гэдэг.
“Би сургуулиа гайхамшигтай олон сольж байсан. Хүн бүр л намайг хаанаас ирсэн хүүхэд вэ гэж гайхан асуудаг байсныг санаж байна. Гэхдээ яалт ч үгүй аавын ажлын онцлог болохоор олон янзын сургуульд суралцсан. Нэг талаараа их сонирхолтой. 20 гаруй орны хүүхэдтэй нэг ангид суралцана гэдэг жинхэнэ утгаараа олон улсын хэл соёлтой танилцах, орон орны өөр төлөвшилтэй хүүхдүүдтэй харилцах, эргүүлээд Монголынхоо нэрийг эерэгээр таниулах томоохон сорилт болж байсан. Үүний нэг жишээ нь, элчингийн хүүхдүүдийн сургуульд сурч байх хугацаандаа шатрын тэмцээнд эхний байруудыг эзэлж, Монголынхоо элчин сайдын яамыг төлөөлж байлаа.”
Магадгүй энэ бүхэн түүнийг асар сониуч нэгэн болгосон байж ч мэдэх. Түүний ажлын анхны гараа ч бас сонирхолтой. 15 настай байхдаа зуны амралтаараа АНУ-ын Вашингтон хотыг зорьсон тэрээр гэр бүлээсээ уйгагүй гуйсны дүнд хотын төвд нэгэн томоохон үйлчилгээний байгууллагад кассчинаар зургаан сар орчим ажиллажээ. Тухайн үед ажлын цаг эхлэхээс дуусах хүртэл их хотын төвөөр холхих түмэн янзын хүмүүсийг ажиглан харж, урам зориг авдаг байсан тухайгаа ч хэлж байсан юм. Одоо эргээд бодоход энэ бүх алхам нь түүний хувьд өөрийгөө танин мэдэх, юунд дуртайгаа олж илрүүлэх, улмаар мэргэжлээ сонгоход томоохон түлхэц болсон нь лавтай.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХӨЛ ТАВЬСАН НЬ
Олон зүйлд өөрийгөө сорьсны ачаар ямар чиглэлээр суралцах ёстойгоо тэрээр төвөггүйхэн ойлгожээ. Тухайн үед түүнд хоёр сонголт байсан нь банк санхүү ба уул уурхай. Эцэст нь тэр элсэлтийн ерөнхий шалгалтаа математик, англи хэлний хичээлээр өгч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орсон юм. Дөрвөн жилийн турш ангийн даргын алба хашиж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд ямагт тэргүүн эгнээнд идэвхийлэн оролцдог байсны сацуу сургуулиа улаан дипломтой төгсжээ. Мэдээж үүний зэрэгцээ ажил хийнэ. “Зар мэдээ” сонины хуудсыг эргүүлж тойруулан олон ч ажил оролдож үзэж. Орос хэлний багш, англи хэлний орчуулагч, аяллын хөтөч гээд хэлний чадвараа ашиглан өвөл, зуны амралтын алинд ч өөрийгөө завгүй байлгасаар ирсэн тэрээр Mongolia Mining Exhibition арга хэмжээний зохицуулалтын хэсэгт хүртэл ажиллаж байжээ.
“Ажил хийнэ гэхэд аав ээж маань тун нээлттэй ханддаг байсан. Би ч тэгээд өөрөө л эрж хайсаар ямар нэг ажил олоод хийчихдэг байсан болохоор тэр биз. Бага байхаас эцэг эх хоёр минь надад ямагт боловсролоо нэгт тавих хэрэгтэйг үргэлж сануулсаар ирсэн тул би ч захисан ёсоор ном их уншихын зэрэгцээ чөлөөт цаг гарах бүрд хэлний чадваруудаа гүнзгийрүүлэхийг хичээдэг байв.”
Ингээд их сургуулиа төгсөхтэй зэрэгцэн Asia Pacific Investment Partners гэх хувийн компанид ажиллах боломж гарч, төсөлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг гадаад болон дотоодын олон хүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрджээ. Түүнийг их сургуулиа төгсөж байх үед буюу 2012 онд Монголд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт нь гарцаагүй “Оюу толгой” компани байсан бөгөөд К.Манчукийн дотор энэ салбарт хувь нэмрээ оруулж, олон зүйл сурч авах гал эрмэлзэл буцалж байлаа. Тиймдээ ч дээрх компанид менежерээр ажиллаж байхдаа “Оюу толгой”-д ажиллах хүсэлт гаргаж, улмаар 2013 онд Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, эрсдэлийн удирдлагын хэлтэст Тайлан эрхзүйн хэрэгжилтийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү уул уурхайн салбарт хийж бүтээх хүсэл эрмэлзлийнхээ дүнд арав орчим жилийг их бүтээн байгуулалтын гэрч болон өнгөрүүлж, таван хэлтэст ажиллан арвин туршлага хуримтлуулжээ.
Анхлан орсон Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсээс тэрээр их хэмжээний өгөгдөл дээр ажиллах, төрөл бүрийн тайлан бэлтгэх, гэрээлэгч компаниудад зориулж форум зохион байгуулах зэрэг ажилд мэргэшин суралцсан ба гурав орчим жил ажилласны дараа 2016 онд гүний уурхайн салбар руу шилжиж байв. Мөн ажлынхаа хажуугаар СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн магистрт оройн ангиар хоёр жил гаруй хугацаанд суралцаж, амжилттай төгссөн аж.
ГҮНД НЬ ОРЖ АЖИЛЛАХААР ГҮНИЙ УУРХАЙГ ЗОРЬСОН НЬ
Алс хэтээ харсан зорилгоо тодорхойлно гэдэг нэг хэрэг. Харин түүнд хүрэхэд шаардлагатай жижиг алхам бүрийг нарийн тооцоолно гэдэг арай өөр хэрэг. Бидний ихэнх нь мөрөөдөл хүслээ мэддэг ч түүнийгээ биелүүлэхэд юу хийх хэрэгтэй, яаж хичээх ёстойгоо мартчихдаг гэлтэй. Магад бүх хүн үүнийг чаддагсан бол бүгдээрээ л хүссэн зүйлдээ хүрчихсэн байх биз. К.Манчукийн хувьд уул уурхайн салбарыг гүн гүнзгий танин мэдэх зорилгоор гүний уурхайг зорих шийдвэр гаргасан нь энэ билээ. Гүний Уурхайн Төлөвлөлтийн хэлтэст ажилласан гурван жилийн хугацаа түүнд хамгийн өгөөжтэй он жилүүд байсан нь гарцаагүй.
Тэрээр энд ажиллах хугацаандаа олон ажил амжуулж, цөөнгүй төсөлд оролцсон бөгөөд онцлох нэг төслийг нь дурдъя. Тухайн үед уурхайн зүгээс нэг өдөрт энгийн хуваарийн дагуу гүн рүү орж ажилладаг байсан нийт хүний тоог хоёр дахин нэмжээ. Өмнө нь нэг удаагийн тээвэрлэлтэд 20-30 хүнийг 15-20 минутад хүргэж, нийт 3-4 цагийн хугацаа зарцуулдаг байсан бол уг шийдвэрийн дараа тээвэрлэлтэд дор хаяж 7 цаг зарцуулдаг болох нь тэр. Гол асуудал нь гүний уурхайн лифт буцахдаа хоосон ирдэг байсан тул хүний тоо нэмэгдэхтэй зэрэгцэн үр ашигггүй, их цаг зарцуулсан тээвэрлэлт олшрох байсан юм. Харин тэдний багийн бодож олсон гарц гаргалгаа нь уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, ажилчдын цагийн хуваарийг дахин төлөвлөсний дүнд буцах тээвэрлэлтэд дүүрэн хүнтэй байхаар зохицуулалт хийсэн аж. Эл төслийг онцолсны учир гэвэл уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 2018 онд гүний уурхайн Барилгын хэлтсийн бизнес сайжруулалтын баг руу дэвшин ажиллах боломж түүнд олдсон явдал байлаа.
“20 насандаа их бүтээн байгуулалтын нэг эрэг шурга нь болоод ажиллаж эхэлсэн болохоор мэдэхгүй чадахгүй зүйл надад асар олон байсан. Миний хувьд анхнаасаа л надад өгсөн ажлыг байгаагаар нь хийх бус яавал илүү давуулан биелүүлэх вэ? гэдэгт анхаарч ажилладаг байлаа. Гүний уурхайд очиж ажиллаад хийж буй ажлынхаа утга учир, үнэ цэнийг илүүтэй ойлгосон гэж болно. Төлөвлөгөө гаргахын тулд тэнд буй алба, хэлтэс, нэгж, баг бүрийн хийж байгаа ажлыг ойлгох, хоорондын уялдаа холбоог нь ажиглах, ажлаа эрэмбэлэх зэргээр бүх зохицуулалтыг төлөвлөлтдөө оруулах ёстой. Тиймээс аль ч шатанд ямар нэг доголдол үүсгэхгүйн тулд том зургаар нь харж, нарийн төлөвлөх хэрэгтэй болдог юм билээ. Одоо эргээд бодоход том зургаар нь харах чадварт гүний уурхайд ажиллаж байхдаа л нягт суралцжээ.”
Түүний дараагийн зогсоол бол гүний уурхайн Барилгын хэлтсийн бизнес сайжруулалтын баг. Тэрээр энэ багт байхдаа ажлыг богино хугацаанд хэрхэн үр бүтээмжтэй хийх вэ гэдэгт анхаарч, Lean in Management, 5S зэрэг аргуудыг хэрэгжүүлж байжээ. Ийнхүү Lean in Management, 5S арга барилыг хэрэгжүүлснээр бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зардал бууруулах, бүтээмж дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн ажилтан нэг бүрийн хандлагыг сайжруулах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, идэвх санаачилгатай ажиллах, урам зориг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болж өгдгөөрөө онцлог. Энэ багт гурван жил ажилласны дараа 2021 онд гүний уурхайн Хангамжийн хэлтсийн Худалдан авалтын баг руу Тайлан аналитикийн зөвлөхөөр шилжсэн бөгөөд ийнхүү их бүтээн байгуулалтад шаардлагатай бүхий л худалдан авалтын тайлан дээр ажиллах боломж бүрдсэн аж.
“Оюу толгойд ажиллаж эхлээд олон улсын стандартыг Монгол Улсдаа нэвтрүүлж, хэрэгжүүлж болдог юм байна гэдгийн тодоос тод жишгийг олж харсан гэж хэлж болно. Уул уурхайн салбар хэрхэн олборлолт хийдэг, цаана нь ямар их ажил өрнөдгийг нүдээр үзэж байж л ойлгосон. Нэг талаараа компанийн засаглал анхнаасаа тодорхой зохион байгуулагдсан нь өнөөг хэр энэ төсөл тасралтгүй үргэлжилж байгаагийн суурь болов уу гэж дүгнэсэн.”
– К.Манчук
ГАЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БАЙХ НЬ
К.Манчукийг асар сониуч бөгөөд сорилт бэрхшээлд дуртай нэгэн болохыг уншигч та хэдийн гадарласан биз ээ. Түүнтэй ярилцсан хоёрхон цагийн хугацаанд би ч бас ажил карьераа ийм хол түвшинд харж, төлөвлөх хэрэгтэйн сацуу залуу байгаа дээрээ юм юм хийж үзэх хэрэгтэйг ойлгож авсан юм. Учир нь бидэнд карьераа өсгөх боломжтой хэдхэн жилийн хугацаа бий шүү дээ. Энэ хугацаанд амжиж, боломжтой бүхнийг туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй байна гэдэг өнөө үеийн мэргэжилтнүүдэд зайлшгүй байх ёстой чанар аж. Гагцхүү манай өнөөдрийн зочин яг л ийм залуу мэргэжилтэн. Тиймдээ ч “Оюу толгой” компанид ажиллаж байх хугацаандаа 2-3 жилийн зайтай таван хэлтэст өөрийгөө сорьж үзсэн байгаа юм. Энэ бол туйлбаргүй зан бус шинийг сурч мэдэх гэсэн оргилуун их хүсэл эрмэлзэл билээ.
“Зарим хүмүүс ямар олон хэлтэст ажилласан юм бэ гэж гайхаж магадгүй. Гэхдээ миний хувьд нэг албан тушаалдаа удаан хугацаанд ажиллахаас илүү тухайн ажлын үйл явцыг ойлгож, гартаа оруулчхаад дараагийн боломж хаана байгааг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч аль болох олон зүйл нэг дор сурч болохуйц, сорилт бэрхшээл дүүрэн ажлын байрыг нарийн бодож сонгодог байсан."
Өдгөө тэрээр “Оюу толгой” дахь аяллаа өндөрлүүлж, олон улсын компанид хүч үзэхээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн “Рио Тинто Монгол" компанид Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж буй. Монголдоо бэлтгэгдсэн боловсон хүчин олон улсын компанид амжилттай ажиллаж байгаагийн томоохон илэрхийлэл болж буй тэрээр бидний сайн мэдэх “Паркаа хамтдаа бүтээе” төслийн бүх худалдан авалтын ажлыг хариуцан ажиллаж байгаа юм. Түүний хувьд бүх захиалгыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохоор дэлхийн жишигт нийцсэн паркуудын нэг болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа аж.
“Манчукт ямар ч ажил даалгаж өгсөн огтхон ч торох зүйлгүйгээр хийж гүйцэтгэдэг нь хамтран ажиллахад их урамтай. Тэр тусмаа “Оюу толгой” компанид ажиллаж байхдаа олон хэлтэст туршлага хуримтлуулсан нь одоогийн ажилд нь эерэг нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг шүү. Гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр бусдадаа үлгэр дуурайл болохуйц төлөөлөл.”
– Мэдээлэл, харилцаа хариуцсан Ахлах зөвлөх Б.Бямбасүрэн
Түүний тухай нэгэн сонирхолтой баримт дурдахад тэрээр 2023 онд Голомт Капитал ҮЦК-аас Монголд анх удаа зохион байгуулсан 100 сая төгрөгийн шагналын сантай “Golomt Capital Championship” гадаад арилжааны тэмцээнд ялагч болсон юм. Уг уралдаан нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилготой байжээ. Үндсэн ажлынхаа хажуугаар үнэ цэнтэй хоббигоо олж, түүгээрээ амжилт үзүүлсэн түүнд ажил, амьдралын тэнцвэрт байдал ихээхэн чухал. Хэчнээн их ажилтай байсан ч оройн таван цагт ажлаа заавал дуусгах зарчимтай. Учир нь түүнд дөрвөн настай бяцхан охиндоо зориулах цаг хугацаа юу юунаас илүү үнэтэй бөгөөд чадварлаг залуу мэргэжилтэн байхын сацуу сайн гэрийн эзэгтэй байх үүргээ ч мартдаггүй нь туйлын бахархмаар.
“Ээж болох мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Нэг талаараа маш том хариуцлага. Ялангуяа хүүхдийнхээ өсөж том болох балчир насанд нь хангалттай хугацааг зарцуулж байж сайн хүн болж төлөвшихөд нөлөө үзүүлнэ шүү дээ. Удахгүй бага сургуульд орох болохоор түүнээс өмнө юунд бэлтгэж сургах, яаж зөв хүмүүжүүлэх билээ гээд олон л зүйл бодогддог юм байна.”
ТУУШТАЙ БАЙДЛЫГ ЯМАГТ САНАЖ ЯВАХ НЬ
Магадгүй биднийг хязгаарладаг ганц зүйл нь бид өөрсдөө байж мэдэх юм. Хийж чадахгүй бол яана, бүтэхгүй бол яах вэ гэж бодсоор юуг ч оролдож үзэхгүй байна гэдэг нэг талаараа гуниглууштай. Өнөөдрийн зочинтой ярилцсаны дараа надад дээрх дүгнэлт үлдсэн нь энэ билээ. Гагцхүү бидэнд зорилгоо биелүүлэхэд зориг зүрх хэрэгтэй аж.
“Бусдад ямагт мэддэг зүйлээрээ тусалж байгаарай гэж аав ээж маань сургаж ирсэн. Энэ сургаалийг би үргэлж санаж явдаг юм. Мэдээж хүн бүрд сайн компанид ажиллаж, үлэмж амжилт үзүүлэх боломж тохиохгүй байж мэдэх ч олон зүйлийг сурч авах чамбай удирдлагатай таарах нь мэдээж. Сайн удирдлага дор ажиллана гэдэг цаашдын карьерт тань бат бөх суурь болж байгаагаас ялгаагүй шүү дээ. Үүний зэрэгцээ өөрийгөө сорьж үзэхээ хэзээ ч бүү мартаарай. Үр дүнд нь хүн өөрийгөө илүү танин мэдэж, юунд илүү сайн гэдгээ олж хардаг.”
Нар мэт мишээх дулаан инээмсэглэл, гал цог дүүрэн нүдний харцаар намайг угтсан энэ бүсгүй олон хүний хувьд өөрийнх нь хэлсэн шиг “сайн удирдлага” болж яваа гэдэгт сэтгүүлч би үл эргэлзэнэ.
Сэтгэгдэл бичих