"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Түүнийг олон нийтийн сүлжээнд нийтэлдэг төрөл бүрийн бичвэрүүдээр нь мэдэх хүмүүс цөөнгүй. Заримдаа тэр таксины жолоочтой өрнүүлсэн сонирхолтой яриагаа бичнэ, заримдаа Лэйкэрсийн тухай сэтгэгдлээ буулгана, заримдаа улстөрч, эрх мэдэлтнүүдийн илэрхий буруутай үйл ажиллагааг хурц шүүмжилнэ. Сүүлийн жилүүдэд мөн анхаарал татсан хэд хэдэн хэрэг дээр ажилласныг нь олон хүн анзаараа болов уу. Өөрийн дуу хоолой, зарчимч байдлаар танигдах болсон ийм нэгэн залуу хуульчийг бид ээлжит өртөөлөгчөөр сонгосон юм. Тэр бол “Веритас Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэн.

Б.Мэргэн хорооллын эцэст айлын гурван хүүгийн отгон нь болж мэндэлжээ. 1994-2004 онд 93-р сургуульд суралцаж төгссөн тэрээр математик, биеийн тамир хоёроос бусад хичээлдээ сайн, химийн олимпиадад оролцдог сурагч байж. 10 жилээ төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж суралцжээ. Хэдийгээр орохын хүслэн болж энэ сургуульд элсээгүй ч яг л тэгсэн мэт хичээлдээ дур сонирхолтой болж, тун идэвхтэй оюутан болсон аж. Оюутан болохоос нь хоёр жилийн өмнө байгуулагдсан, МУИС-ийн түүхэн дэх хамгийн идэвхтэй, хамгийн амжилттай яваа клубүүдийн нэг, оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клубт элсэж, хичээл ба клубийн ажлаа хослуулан сургууль дээрээ өнждөг болов. Эрдэм шинжилгээний хурлуудад (цаашид “ЭШХ” гэх) байнга ордог, баараггүй эхний гурван байранд шалгардаг оюутан байсан бөгөөд тиймдээ ч ийм уралдааны зарын доороос буюу шагналын мөнгөний талаарх мэдээллээс нь эхэлж уншаад, дээшээ ямар учиртай хурал болохыг нь хардаг байснаа хөгжилтэйеэ хүүрнэсэн юм.

“Энтимема” клубийнхэн Монголын нийгэм, улс төрийн гол төлөөлөгчдийг тогтмол урьж уулзалт хийдэг байв. Нэг сонирхолтой жишээ: 2005 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын албаа дуулиантайхан өгсний дараа утсаа салгаад хэдэн сараар таг чиг болжээ. Хэвлэлийнхэн бөөн эрэл сурал болж байсан тэр үед “Энтимема” клубийнхэн түүнтэй холбогдож уулзалт хийхээр зөвшөөрүүлж чадсан аж. Улмаар МУИС-ийн бүх сургуулиас 300 орчим оюутан мөнөөх уулзалтад ирж, хэвлэлийнхэн ч боломжийг алдахгүй шавсныг тэр дурслаа. Б.Мэргэн гуравдугаар курстээ клубийнхээ тэргүүнээр сонгогдож хоёр жил ажилласан байна.

Тэр тун сүйхээтэй, сортоотой оюутан байсан бололтой. “Надгүй уралдаан тэмцээн, шоу цэнгээн гэж ер нь байдаггүй шахуу байлаа” хэмээсэн нь нэгийг хэлнэ. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулах хүн нь гол төлөв Мэргэн л байж таарна. 2009 онд сургуулийнхаа хонхны баярыг гардан хариуцаж, дунджаас хавьгүй бага зардлаар оюутнуудын сэтгэлд хүрсэн төгсөлтийн баярыг зохион байгуулж чадсан аж. Ийн арга хэмжээ, уулзалт цуглааны зохион байгуулагчаар ажиллан, мөн ЭШХ зэрэгт байр эзлэн гэрээсээ огт мөнгө авахгүйгээр хувийн санхүүгээ болгоод байдаг байжээ.

Оюутны завгүй өдрүүд шувтарч, их сургуулиа амжилттай төгсөв. Төгсөхийнхөө урьд зун Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжингийн сонгуулийн ажилд бусад оюутныг оройлон идэвхтэй оролцжээ. Үүнээс үүдэн эргэн тойрныхон нь Б.Мэргэнг төгсөөд төрийн албанд хаалтгүй орох нь гэцгээж байтал мань хүн төгссөнийхөө дараа гурван жил тэс өөр ажил хийгээд явчихсан нь сонирхолтой. Гадаадад суралцаж байсан найзынхаа хамтаар нэгэн бизнес эхлүүлэхээр шийдсэн нь “UB Kebab” байлаа. Мэргэжлээрээ ажилд орвол нэг хэсэгтээ цалин бага байна, тэр нь үр дүнтэй, сэтгэл ханамжтай ажиллахад сөрөг нөлөөтэй тул ажлаасаа гадуур орлоготой байх хэрэгтэй хэмээн сэтгэсэн хэрэг. Тухайн үед дундаж цалин болох 400-500 мянган төгрөгөөр амьдарна гэдэг түүнд нэг л төсөөлөгдсөнгүй.

Тэр үед “Кола энд кебаб” хэмээх түргэний хоолны газар хотод үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Туркт оюутан байсан найз нь орж үзээд, илүү сайн кебаб хийж чадах газар хамт байгуулъя гэсэн аж. Ингээд Б.Мэргэн мөнөөх найзынхаа ээжтэй хамт “UB Kebab”-ийг босгохоор ханцуй шамлан зүтгэв. Өглөө 08 цагт гараад 13 цаг хүртэл “Барс”, “Хүчит шонхор” зэрэг захуудаар яван хүнсээ цуглуулж, үдээс хойш нь гэртээ очиж хэсэг унтаад 17 цагт ажил дээрээ ирж шөнө дөл болтол ажилладаг байсан гэнэ. Хоёр жил хагасын хугацаанд ингэж цаг наргүй ажилласны хүчинд “UB Kebab”-ийг 24 цагаар ажилладаг, Улаанбаатарын түргэн хоолны салбарын хамгийн том бизнес болгож чадав. Байраа барьцаалан зээл авч, ёстой л хуруу хумсаа хугалах шахам зүтгэж байтал, тэгээд болоогүй дунджаас өндөр цалин өгдөг байсан ч хулхидах сэтгэлгээтэй ажилчин олон таарсныг тэр дурдлаа.

Гар хөдөлбөл ам тосдоно гэгчээр 2012 оны эхэн гэхэд бизнес нь дажгүй тогтворжиж, түүнд сардаа 1-2 сая төгрөг өгдөг болсон байв. Мэргэжлээрээ ажиллах цаг боллоо гэж бодож байтал их сургуулийнх нь багш асан, АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн түүнд АТГ-ын бүтцийг өөрчилж нөөцийг нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулах ажилд гэрээгээр нэг сар ажиллаач гэсэн санал тавьжээ. Энэ ажил дууссан яг тэр өдөр мөнөөх багшид нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хуульч шалгаруулж авна гэсэн зарыг түгээх хүсэлт ирсэн аж. Очоод уулзаад үз гэснийх нь дагуу Б.Мэргэн ҮАБЗ-ийн хаалгыг татаж, цаадуул нь ч ажилд авъя гэснээр хуульчийн ажлын гараагаа тус байгууллагын ахлах референт гэх зэрэглэл шаггүй өндөр албан тушаалаар эхлүүлжээ. Ахлах гэвч доороо ахлах хүнгүй энэ алба нь албан ёсоор “ҮАБЗ-ийн Ажлын албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт, хүний эрх, эрх чөлөө хариуцсан ахлах референт, хуулийн зөвлөх” гэх урт нэртэй байв.

Оюутан байхдаа төрд хэзээ ч ажиллахгүй гэж боддог байсан түүний шинэ үүрэг нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах болов. “Төр гэдэг бол хүмүүс л байдаг. Төрийн байгууллагууд хоорондоо ойлголцож чадахгүй тохиолдол зөндөө бий. Амбицаас, мэдлэг чадвараас гээд төрөл бүрийн шалтгаанаар ердөө таван минут яриад шийдчих асуудлыг хэдэн сараар гацаагаад ажлаа тушчихдаг жишээ олон байдаг” хэмээн ярилаа. 1992 оны Үндсэн хуулинд заагдан байгуулагдсан энэ байгууллагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван гишүүн бүрдүүлдэг. Тэдний нарийн бичгийн дарга нар, мөн салбар бүрд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах референтүүд тус байгууллагад ажилладаг. Хуулийн дагуу бүх л төрийн байгууллага ҮАБЗ-д тогтмол мэдээлэл өгдөг бөгөөд ҮАБЗ тэрхүү мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн ажилладаг байна.

Б.Мэргэн энд таван жил ажилласан юм. Түүнийхээр бол ҮАБЗ өнөөг хүртэл буруу системээр явж ирсэн гэнэ. Тодруулбал, ҮАБЗ гэдэг парламентын засаглалтай улсад бол парламентынхаа дор, ерөнхийлөгчийн засагтай улсад бол ерөнхийлөгчийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Тэгтэл манайд ҮАБЗ нь хаана ч байдаггүй хэлбэрээр оршдог, үйл ажиллагаа нь институцээсээ бус ҮАБЗ-ийн дарга нь хэрхэн ажиллахаас хамаардгаас гадна параллель засгийн газар шиг эрх мэдэлтэй болох гэж тэмүүлж байна хэмээн ярив. Үнэхээр ч, түүний хэлсэнчлэн, үндэсний аюулгүй байдал гэх сүрдмээр үгийг улстөрчид хэрэгтэй үедээ хүссэнээрээ бамбай болгон хэрэглэж, хэрэггүй үедээ “зөвлөмж өгдөг л байгууллага шүү дээ” хэмээн үл тоомсорлодог нь нууц биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн талаар судалгааны номд өгүүлэл хүртэл бичиж байсан тэрээр ийм нөхцөл байдлыг үндсээр нь засаж залруулах ёстой гэж үздэг.

2017 онд Б.Мэргэн карьерын дараагийн шилжилтээ хийсэн юм. Сонгууль бүрээр л төрийн албанд халаа сэлгээ болдог болохоор, түүнчлэн дадсан орчноо солихыг хүсэж байсан тул ажлаасаа гарчээ. Гэхдээ шуудхан өмгөөлөгч болчихъё гэж бодсонгүй. Тэр хүртэл гадаад хэлний мэдлэгтээ санаандаа хүртэл анхаарч байгаагүй тул энэ чадвараа ахиулахыг хүсэж байлаа. Фижи хэмээх арлын улс руу англи хэлний сургалтад явсан ч таалагдаагүй тул хоёр, гурван сар гадаадаар аялж байгаад иржээ.

Ирээд М.Ариунболд найзынхаа үүсгэн байгуулсан “Веритас Партнерс” хуулийн фирмд нэгдэж, долоон партнерын нэг болжээ. Төрийн байгууллагын юм уу, хувийн компанийн хуульчид өмгөөлөгч болж хөрвөхөд хэцүү байдаг бол өмгөөлөгчөөс төр, хувийн хэвшлийн хуульч болж хөрвөхөд төвөггүй байдаг онцлогтой. Урьд төрийн хариуцлатай алба хашиж байсны хувьд өмгөөлөгчийн хувиар гологдох вий гэж эмээн ихэд хичээх болжээ. Энэ тухайд “Олон жил ажилласан нөгөөдүүлээсээ суралцаад явдаг. Саяхнаас л би дангаараа зарим хэргүүд дээр ажилладаг болоод байна” хэмээн даруухан өгүүлнэ. Олны анхаарлын төвд орсон зарим хэрэг дээр ажилласнаас болоод дандаа тийм дуулиантай хэргүүд дээр ажилладаг мэт сэтгэгдлийг төрүүлдэг ч үнэндээ тэр нь Б.Мэргэний нийт ажлын багахан хувь л байдаг. Хууль зүйн сургуулийнхаа дээшээ дөрөв, доошоо дөрвөн курсийнхэнтэй найзалдаг маш нийтэч, олон найзтай түүнийг зорьж ирэх үйлчлүүлэгчид тасардаггүй шинжтэй.

Б.Мэргэн спортын улаан хорхойтон. Сурагч байхаасаа л Коби Брайнтыг биширч “Лос Анжелес Лэйкэрс”-ийг өдий олон жил дэмжиж иржээ. Харин хөлбөмбөгөөс “Манчестер Юнайтед”-ын тоглолтуудыг алгасалгүй үздэг. Уйдахаараа, хүн хүлээхээрээ NBA-ийн тоглогчдыг нэрсийн дарааллаар нь санаж бичих дадалтай гэнэ. Тэрээр 2010 онд “Лос Анжелес Лэйкэрс” багийн фэнүүдийн фэйсбүүк группийг нээсэн нь өдгөө 30 гаруй мянган гишүүнтэй, Монгол дахь хамгийн идэвхтэй фэн клубүүдийн нэг болжээ. Бүлгэмийн гишүүддээ зориулж тэрээр домогт дасгалжуулагч Фил Жэксоны “Арваннэгэн бөгж” номыг орчуулан хэвлүүлсэн удаатай.

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг, заримдаа нэлээн “чанга” тэмдэглэл оруулдаг талаар нь асуухад “Намайг хүмүүс дандаа их бухимдаад бичлээ гэж боддог юм шиг байгаа юм. Мэдээж би хэлэх юмаа хэлнэ, гэхдээ тийм их зовсондоо, багтарч уурласандаа бичдэггүй. Заримыг нь инээж байгаад л бичдэг” гэлээ. Сүүлийн үед ялангуяа шүүхээс илт буруу хуудуутай шийдвэрүүдийг гаргах болсон нь түүний санааг зовоож буй. Шүүхэд иргэдийн итгэл алдрах нь банканд итгэл алдрахтай адил тун аюултай үзэгдэл хэмээн ярив. Нөхцөл байдлыг хэвээр байлгах сонирхолтой эрх мэдэлтэй хүмүүс энэ мэтээр илтэд бурууг шүүмжлэгсдийг мохоох гэж янз бүрээр оролддог нь Б.Мэргэнийг ч бас тойрдоггүй. Тухайлбал, ямар нэг шалтаг олж шүүхэд дуудах замаар амыг нь хаах гэж оролддогийг дурдлаа. Гэхдээ тэрээр хүн өөрөө чадалтай чадвартай л бол халагдахаас огтхон ч айх хэрэггүй гэсэн зарчмыг баримталдаг. Анх ажилд орсон цагаасаа л үүнийг мөрдлөг болгож иржээ.

Тэр нэг талаар маш нээлттэй, нөгөө талаар хаалттай хүн аж. Хаалттай гэхийн учир нь хэдий нийтэч, олон найзтай боловч хүмүүстэй аажим аажмаар л танилцаж нүүр хагардаг. Үүнээсээ болоод ч юм уу залуучуудын элдэв клуб, нэгдэлд шамдаад байдаггүй бололтой. “Миний амьдралын зарчим бол бусдад тус болохгүй байлаа гэхэд лай болохгүй байх. Гэхдээ аль болох бусдад туслахыг хичээдэг. Харин өөрийн зовлонг өөртөө л хадгалдаг” хэмээн ярих. Бусад үед бол тэр өөрт тохиолдсон, санасан бодсон бүх л зүйлээ олон нийтийн сүлжээгээр хуваалцдаг.

Ийн бид түүний ажил, амьдралын талаар хөөрөлдлөө. Ярилцлагын төгсгөлд түүний талаарх миний урьдын төсөөлөл улам батажсан. Шийдэмгий байрын царай нь хэлье гэснээ зоригтой хэлчихдэг шударга занг нь илтгэх мэт. Ерөөс энэ хорвоод хийхээр ирснээ бүтээж яваа хүн юм уу даа гэж бодогдлоо. Хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэж буй, эрхээ өмгөөлүүлэх шалтгаан мундахгүй энэ нийгэмд чухам түүн шиг хуульчид л бидэнд хэрэгтэй.

Түүний цаашдын зам мөр, сонголт шийдвэр онч мэргэн байг ээ.


Б.Мэргэний сошл хуудсууд:

Твиттер

Фэйсбүүк


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.