"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

“Дотоод ертөнцөө уудалж, сэтгэлзүйтэйгээ тулж ажилласан миний хамгийн том төсөл бол ном минь байлаа” хэмээн ярихдаа энэ бүсгүй удахгүй хэвлэгдэх “Адлагдсан нь” (Stigmatized) хэмээх номын эхээ барьж суулаа. Тэрээр 16 насандаа сүрьеэ өвчин тусаж, хүндээр өвдсөнөөс хойш 10 жилийн турш хэрхэн тэмцэж, даван туулсан тухайгаа дотнын хүмүүсээсээ өөр хэнд ч ярилгүй өдийг хүрчээ. Сүрьеэгээр өвдөж байснаа хүлээн зөвшөөрч, хүн бүрд тохиолдож болох зүйл гэдгийг ойлгох хүртлээ 10 өвлийг үдсэн хэрэг.

Бид эл түүхээс үүдэлтэйгээр Э.Рэнцэнханд хэмээх бүсгүйн хоёр арваны амьдралын түүхийг мөчир мөчрөөр нь дэлгэхээр шийдсэн юм. Баянхошууны Зүүнсалааны эцэст байрлах гэр хороололд өссөн бяцхан охин хэрхэн мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж алс холын АНУ-д очсоныг, улсын сургууль төгссөн эгэл хүүхэд хэрхэн дэлхийн топ их сургуулиудад суралцсаныг өгүүлэх юм. Цаашлаад түүний НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын өндөр босготой байгууллагуудад ажиллаж, тэнгэр баганадсан барилгатай Нью-Йорк хотоос тэртээх Африкийн Уганда улсын ядуу тосгонд очиж ажилласан тухай түүхээр аялуулах галт тэргэнд хамтдаа сууя.

Хандаа хүүхэд байхдаа телевизээр “Pursuit of Happiness” киног үзээд гүн сэтгэгдэлтэй үлджээ. Хүн ямар ч угсаа, гарал, хэл, арьсны өнгөтэй байсан өөрөө хичээж зүтгэж чадвал мөрөөдөл, зорьсондоо хүрч болохыг ойлгож, маш их урам зориг авсан аж. Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин болж мэндэлсэн тэрээр Баянхошууны Зүүнсалааны эцэст байрлах 104 дүгээр сургуульд сурдаг байв. Өөртэй нь адил хотын захад сурдаг хүүхдэд тэгш боломж олгож, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах тийм л түвшинд очихыг хүсэж, тэр үеэс англи хэлээ шамдан сурч эхэлжээ.

Түүний аав барилгын техникч, ээж нь агрономич мэргэжилтэй, хот тохижилуулалтын техникч байсан ч Монгол Улс чөлөөт зах зээл рүү шилжсэн 1990-ээд оны үеэр хоёул ажлаа сольж, хувиараа ажиллах болсон аж. Гэр бүлийнхнийх нь хувьд боловсрол хамгийн чухал үнэ цэнтэй зүйлсийн нэг байсан учраас хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхээр байдаг чадлаараа дэмжиж, хурцалж иржээ. Малчин өвөө, эмээ нь хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө аймгийн төвд авчирч байсан бол аав, ээж нь гэр хорооллын дүүрэгт амьдардаг байсан ч үр хүүхдээ сайн боловсрол эзэмшиж, олон улсын түвшинд суралцах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан нь түүнд томоор мөрөөдөх итгэл найдвар өгсөн хэрэг.

Түүний хувьд хэл сурахын тулд хотын захын сургуулиас төв рүү шилжиж, өглөө бүр зургаан цагаас хичээлдээ явж, өдөрт гурван цагийг автобусанд өнгөрүүлэх нь хэвийн үзэгдэл болов. Өдөр хичээлээ тараад номын санд SAT, TOEFL шалгалтад бэлдэж, орой нь англи хэлний клубт суугаад оройн 10-11 цагт гэртээ ирэх болжээ. Гэртээ ирээд үргэлжлүүлэн англи хэлээ давтаж шөнийн гурван цаг хүртэл уйгагүй суух үе ч байв. Яг ийм байдлаар нэг жил шахам явж, нойргүйдэл, буруу хооллолт, ядаргаанд орсны эцэст дархлаа муудсаны улмаас сүрьеэ туссан байх гэж өөрөө таамагладаг аж. "Англи хэлийг сурах гэж маш их цаг зарцуулж, өдөр шөнөгүй нүдсэн дээ” хэмээн Хандаа энэ үеэ дурсав.

Сүрьеэ өвчний онош тогтоолгосноос хойш хоёр сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж, зургаан сарын турш тогтмол эм ууж, гам барьсны дараа буюу эмчилгээгээ дуусгаад шууд л 14 хоногийн дараа Болгар дахь Америкийн их сургуульд бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр сурахаар явсан нь гайхмаар хэрэг биш. Сүрьеэгийн хүнд шатанд байсан учраас эмчилгээ дууссан ч дахих магадлалтай, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөлд байж. Гэвч мөрөөдөл, зорьсондоо хүрэхээр 17 насандаа хилийн чанадад ганцаар сурахаар шийдсэн нь дэндүү зоримог гэмээр алхам байлаа.

Болгарт суралцаж байхдаа АНУ-ын их сургуулиудад өргөдөл гаргаж, тус улсын Зүүн Теннеси их сургуульд маркетинг, эдийн засгийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэйгээр бакалаврын түвшинд суралцахаар болж хоёрдугаар курсээ төгсөөд явсан аж. Тухайн үед АНУ-д их сургуулийнхаа анхны монгол оюутан байсан төдийгүй сургуульдаа анх удаа оюутан, сурагчдыг нэгтгэсэн сайн дурын байгууллагыг үүсгэж, оюутны хотхонд нийгмийн сайн дурын кампанит ажлуудыг удирдан зохион байгуулсан байна. Сургуулиа төгсөөд Нью-Йорк хотын захирагчийн нэрэмжит хөтөлбөрт тэнцэж, Нью-Йорк хотын хэрэглэгчийн эрх хамгаалах Засгийн газрын агентлагт (New York City Department of Consumer Affairs) ажиллах боломж гарчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1500 гаруй залуугаас 25 нь шалгарч, дээрх агентлагт цагаачид, дүрвэгсэд зэрэг олон шалтгааны улмаас Нью-Йорк хотод шилжин ирсэн иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой төсөлд жил гаруйн хугацаанд ажилласан нь том туршлага болов.

Гэвч олон улсын байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдийн ихэнх нь дэлхийн топ сургуулиудад магистр, доктор хамгаалсан туршлагатай байсан учраас Нью-Йоркийн их сургуульд нийтийн удирдлага, олон улсын хөгжлийн чиглэлээр магистр хамгаалахаар шийджээ. Магистраар суралцах хугацаандаа НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад богино хугацааны гэрээтэй зөвлөхөөр ажилласан нь карьераа тодорхойлох чухал хүчин зүйлс болсон байна. Нью-Йоркийн их сургуулийг төгсөгчид олон улсын байгууллагуудад ажиллах нь түгээмэл учраас тэд нартай холбогдож, өөрийгөө танилцуулж, ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгөхийг хүссэн нь зөв болжээ.

'“Go, get it” гэдэгчлэн хүн өөрөө л аливаа боломжийн араас гүйж байж олдог. Боломж бол мэдлэг, туршлагатай хүнийг өөрөө олоод ирчихдэг зүйл огт биш. Харин өөрөө л эрж хайж, хичээл зүтгэл гаргаж байж олддог зүйл гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн учраас карьерынхаа туршид боломжийн хойноос тууштай хөөцөлдсөөр ирсэн” хэмээсэн тэрээр “networking” буюу танилын холбоо, харилцааг бий болгох нь хэчнээн чухал болохыг ойлгосон учраас уулзахыг хүссэн хүмүүстэйгээ нэрэлхэлгүй холбогдож, зөвлөгөө өгөхийг хүсдэг байжээ.

НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагад яг л тэрхүү философийн дагуу өөрт ирэх боломжийн хойноос гүйсээр Дэлхийн банкны харьяа “Africa Gender Innovation Lab” байгууллагын хөдөлмөрийн зах зээл дээрх жендерийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой төслийн багт шинжээчээр орж, судалгаа шинжилгээ хийх, дата боловсруулах ажлууд түлхүү хийжээ. Мөн НҮБ-ын Хотын хөгжлийн сангийн (UNCDF) төсөлд зөвлөхөөр ажиллах хугацаандаа Зүүн Африкт байрладаг, сүүлийн 10 гаруй жилийн турш дайны нөхцөлд байсан Бүгд Найрамдах Уганда улсад очсон нь карьерын хувьд хамгийн сонирхолтой туршлага болсон аж.

Тэд дайны улмаас гэр орноо алдсан хүмүүст туслах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр тухайн бүс нутагт очиж, судалгаа шинжилгээ хийж эхэлжээ. Ингэхдээ төслийн дизайн гаргах, санхүүжилт босгох арга хэлбэрийг боловсруулах, орон гэргүй болсон хүмүүсийг төсөлд оролцуулж, түр ажлын байраар хангах зэрэг үе шаттай ажлуудыг гүйцэтгэсэн байна. Хандаагийн хувьд Уганда улсын Гулу тосгоны иргэдтэй ярилцлага хийж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, тэдний амьдрал орон байрны шийдэл ямар байвал зохих тухай хамтдаа хэлэлцсэн нь тун содон туршлага байв.

“Ядуурал гэдэг тухайн орны нийгэм, эдийн засгийн хөгжил, соёлын ялгаанаас шалтгаалан улс орон бүрд өөр хэлбэр, нөхцөл байдалтай байдгийг ойлгосон. Би өөрийгөө хөгжиж буй орны захын гэр хороололд өссөн, ядуурал гэж юу болохыг мэддэг, өөрийн биеэр туулсан гэж боддог байсан боловч зөвхөн өөрийнхөө нөхцөл байдлаас ядуурлыг тодорхойлох учиргүйг Африкт ажилласан туршлагаасаа ухаарсан” хэмээсэн нь нэгийг хэлнэ.

Ихэнх олон улсын байгууллагад АНУ-д дээд боловсрол эзэмшсэн хүмүүс түлхүү ажилладаг учраас америк хүмүүсийг ажилд авах сонирхолтой байдаг талтай. Ийм нөхцөлд аливаа багт ганцаараа ази эсвэл монгол байх, унаган англи хэлтэй хүмүүсийн дунд ажиллах тохиолдол олон байв. Одоо ажиллаж буй газрынхаа Нью-Йорк дахь оффист ганцаараа монгол төдийгүй цөөхөн гадаад ажилчдын нэг нь байх жишээтэй.

Нөгөө талаас энэ бүх туршлага бүрэг, ичимхий байсан Хандааг тун нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, үзэл бодлоо олон өнцгөөр хуваалцдаг болгосон аж. Нэг төслөөс нөгөө төслийн хооронд маш хурдтай, богино хугацаанд бүтээмжтэй шилжин ажиллах шаардлага гардаг нь хувь хүний онцлогт нь тохирчээ. Тэрээр үргэлж шинэ зүйл эрэлхийлдэг, сониуч, хурдан хэмнэлтэй ажилладаг учраас Болгар, Польш, АНУ, Африк зэрэг олон оронд шилжиж ажиллана гэдэг амьдралынх нь нэг хэсэг мэт болтол дасаж хэвшсэн хэмээн ярьсан юм. Дэлхийн банканд ажиллахдаа дата боловсруулах, шинжлэх ур чадвараа сайжруулсан бол НҮБ-д судалгаа хийх, үнэлэх, бусадтай харилцаа холбоо үүсгэхээс гадна асуудлыг оновчтой тайлбарлах, илэрхийлэх чадварт суралцсан байна. Харин Нью-Йоркийн захиргаанд ажиллахдаа төслийн менежмент, удирдан зохион байгуулах чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан байна.

“Reinventing the wheel” буюу хийсэн зүйлээ дахиж хийх шиг цаг гарзадсан зүйл байдаггүй учраас аливааг хийхдээ өмнө хийж байсантай төстэй зүйл юу билээ гэж эргэн “авдраа уудалж”, цаг хэмнэхийг хичээдэг. Ингэхдээ толгойд байгаа зүйлсээ цаасан дээр буулгах, түүнийгээ чухлаар нь жагсааж, төлөвлөж хийнэ гэдэг хамгийн чухал нөү хау юм” хэмээн Хандаа ярьсан. Тэрээр өдгөө дэлхийн 40 оронд салбартай Олон улсын дүрвэгсдийн байгууллагын Нью-Йорк дахь төв салбарт төслийн чанарын багт бодлого, төсвийн мэргэжилтнээр ажилладаг.

Чанарын судалгаа боловсруулах, үнэлэх зэрэг ажлаас гадна Кени, Иран, Сири зэрэг дүрвэгсэд ихтэй улсаас ирж буй санхүүгийн хүсэлт, өргөдлийг хүлээн авч, төсөв, санхүүжилтийн судалгаа шинжилгээ хийдэг байна. Энэ хүрээнд аудит, эрсдэлийн судалгааг харьцуулахаас эхлээд тухайн оронд санхүүжилт олгох эсэхийг шийдэх үйл явцад бүхэлд нь оролцдог гэсэн үг аж.

Тэрээр Нью-Йоркийн их сургуульд элсэхдээ сүрьеэг даван туулсан түүхээ эсээ болгож анх удаа цөөн тооны хүмүүстэй хуваалцжээ. Удалгүй ярилцлагад урьж, цаашлаад тэтгэлэг хүртэхэд нөлөөлсөн нь түүнд өөрийн түүхээ илүү олон хүнтэй хуваалцаж, бусдад урам зориг өгөх сэдэл төрүүлсэн аж. Өмнө нь сүрьеэ гэдэг түүний хувьд хамгийн сул тал нь, бусдаас нууж явах хар бараан дурсамж байсан бол тэрхүү үйл явдал төсөөлж байгаагүй үр дүн авчирчээ.

“Сүрьеэгээр өвдсөн түүхээ хүлээн зөвшөөрч, хүн бүрд тохиолдож болох зүйл гэдгийг ойлгох хүртэл би 10 жил зарцуулжээ. 16 насандаа эдгэрээд гадаад явснаас хойш 10 жилийн хугацаанд хэнд ч энэ тухай цухуйлгах нь бүү хэл, нууж явсан. Бичсэн номоороо дамжуулан анх удаа өөрийнхөө түүхийг олон нийтэд дэлгэж байна”

Хандаа

Дэлхийд нас баралтын тэргүүлэх арван шалтгааны нэгд багтдаг сүрьеэ өвчний улмаас жил бүр 10.4 сая хүн өвчилж, өнгөрсөн онд гэхэд 1.4 сая хүн уг өвчний улмаас нас барсан нь харамсалтай. Монголд сүрьеэ өвчнөөр жилд 4000 гаруй хүн оношлогддог ч хэн нэгнийг өдөөг хүртэл олон нийтэд хэрхэн даван туулсан тухайгаа нээлттэй хуваалцсан тохиолдлыг бид мэдэхгүй юм. Угтаа өвчний зовуурь, хүндрэл гэхээс илүүтэй эл өвчний талаарх нийгмийн хандлага, буруу ойлголт олон мянган хүний хувьд бэрхшээл болж, амьдралыг нь хүндрүүлсээр иржээ.

Хэн нэгэн ажил хийж байхдаа сүрьеэгээр оношлогдож, эмнэлэгт хэвтээд хагас жилийн дараа ирлээ гэхэд таны ажлын байрыг хадгалж үлдэх хууль эрх зүйн орчин тодорхойгүй. Таныг дарга, ажилтнууд тань мэдвэл ажлаасаа халагдах хүртэл нөхцөл байдал бий болж мэдэх учраас өнөөг хүртэл хүмүүс ихэвчлэн нуун дарагдуулсаар иржээ. Гэвч нуусаар ч байвал энэ буруу ойлголт, ялгаварлан гадуурхлыг бид хэзээ ч өөрчилж чадахгүй юм.

Өөрсдийнхөө түүхийг бусдаас нууж, чимээгүй явах тусам сүрьеэгийн тухай ойлголтыг нийгэмд буруугаар ойлгуулж, ялгаварлан гадуурхах орчныг өөгшүүлсээр. Тиймээс Хандаа өөрийн түүхээр дамжуулан тэрхүү буруу ойлголтыг өөрчилж, сүрьеэ туссан хүнийг вирус, халдвар мэт хардаг явдлыг өөрчилж, тэдний түүхийг хүншүүлэхийг зорьсон нь энэ.


Зөвхөн сүрьеэгээр тогтохгүй ямар ч өвчнөөр өвдсөн хүнийг бид өрөвдөх эсвэл ялгаварлах гэдэг хоёр л өнцгөөр хардаг болжээ. Тиймээс энэ хандлагыг өөрчлөхийн тулд "Survivor culture" буюу даван туулагсдын соёлыг бий болгох ёстойг учирлаж байлаа. Энэ асуудлыг биеэр туулсан хүмүүс л сүрьеэгийн тухай буруу ойлголтыг өөрчлөхөд томоохон оролцогч байх учиртай. Тэд бодлогын түвшинд оролцож, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүст хүрч чадах чухал нөлөөлөгчид гэдгийг дурдсан юм. Нөгөө талаас, нийгэм тэднийг ойлгох, нээлттэй хүлээж авах соёлыг бий болгох ёстой ажээ.

“Арван жилийн өмнө өвчин эдгэрч, эмчилгээгээ дууссанаас шууд 14 хоногийн дараа гадаад руу сурахаар явсан учраас тухайн үед юуг даван туулаад өнгөрснийг эргэцүүлэх боломж гараагүй юм шиг. Ном бичих үйл явц надад өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах, өнгөрснөө эргэцүүлэх боломжийг олгож байгаа. Ингэснээрээ өвчтэй, халдвартай байсан гэдэг айдсаасаа ангижирч, өөрийгөө чөлөөлж байна” хэмээсэн Хандаа өдгөө “Адлагдсан нь” хэмээх номоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр буюу ирэх оны гуравдугаар сарын 24-нд олон улсын хэмжээнд нийтлэхээр ажиллаж буй юм.

Монгол хэл дээрх хувилбараас гадна англи хэл дээрх хувилбарыг "Amazon" дээр гаргахаар ажиллаж буй тэрээр номын төсөлдөө зориулсан урьдчилсан захиалгын кампанит аян өрнүүлж буй билээ. Тухайн аяны зорилтот мөнгөн дүн, англи хэл дээрх урьдчилсан захиалга хэдийн 100 хувь давсан. Сүрьеэ өвчний талаарх чимээгүй ялгаварлан гадуурхалт, нийгмийн буруу хандлагыг өөрчилж, уг өвчнөөр өвдсөн олон мянган хүнд урам зориг өгөх зорилготой түүний төсөл зөвхөн энэ номоор зогсохгүй юм. Номын нээлт дээр сүрьеэ өвчнийг даван туулсан 10 эрхмийн түүхийг хуваалцах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаагаас гадна цаашид энэ бүхнийг өөрчлөхөөр олон ажил төлөвлөжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй топ хотуудаас эхлээд дайны хөлд сүйдсэн буурай оронд хүртэл явж ажилласан нь түүний карьерын дөнгөж эхний зогсоол юм. Ирээдүйд түүнд хөгжлийн асуудлаар, хүмүүнлэгийн чиглэлээр хийх ажил, тэмүүлэх газар, гүйцээх мөрөөдөл олон бий.

“Болгар луу явах гээд онгоцны буудал дээр зогсож байхад аав маань “Гааль дээр татвар авдаггүй нэг л бараа байдаг. Тэр бол боловсрол юм. Тийм бараатай л эргэж ирээрэй охин минь” гэж захиж байсныг мартдаггүй. Хэцүү үед аавын хэлсэн үгийг санаж юуны төлөө энд ирснээ марталгүй тууштай явахад минь их нөлөөлсөн” хэмээн ярих түүнээс эрч хүч, эрдэм мэдлэг, итгэл найдвар, эр зоригийн гэрэл цацарч байлаа.

Э.Рэнцэнханд бол хүсэл мөрөөдлөө бодит болгож, асуудлыг тойрох биш дайрч гарснаараа бусдын урам зоригийг өрдөж буй энэ цагийн жинхэнэ өртөөлөгч, өөрийн түүхийг бүтээж буй хүчирхэг эмэгтэй билээ.

Э.Рэнцэнхандын сошиал хуудсууд

Twitter

Facebook

LinkedIn

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.