"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Бидний ээлжит ярилцлагын зочин түм түжигнэж, бум бужигнасан хотын төвийн шилэн оффист бус агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв буюу нисэхийнхний нэрлэж заншсанаар “Ангар” дээр бидэнтэй цаг товлосон билээ. Ангар хэмээх энэхүү буйдхан бүс нь МИАТ, "Изинис Эйрвэйс", "Аэро Монголиа" гээд Монголын агаарын тээвэрлэгч бүх компанийн онгоцонд засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий аварга байгууламжуудаас бүрдэх бөгөөд зочлон очсон хэн бүхнийг бишрүүлэхүйц сүрдэм хэрнээ сонирхууштай газар ажээ. 


Цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааж, олон улсын нислэгүүд зогссон байгаа ч орон нутаг хооронд авиа компаниуд хэвийн нислэг үйлдэж буй тул Ангарын хажууханд байрлах нисэх буудал санасныг бодоход хөл хөдөлгөөн ихтэй байв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн нөлөө нисэхийн салбарт урьд хожид байгаагүйгээр хүндхэн цохилт үзүүлсэн ч холыг ойртуулан, хоёрыг учруулах эрхэм үүрэгтээ тэд чин үнэнч сэтгэлээр хандан, хариуцлагатайгаар ажиллаж буйг хараад бахархах сэтгэл төрснийг нуух юун. Ганц хормын анхаарал сарнилт, өчүүхэн төдий аюулгүй байдлын алдаа хэдэн зуун эрдэнэт хүний амь настай холбогддог өндөр хариуцлага бүхий тус салбарт карьераа босгож яваа залуухан инженер бүсгүй энэ удаагийн нийтлэлийн маань гол дүр билээ. Ингээд 20 жилийн түүхт “Аэро Монголиа” компанийн коммер хариуцсан захирлаар томилогдоод удаагүй байгаа Х.Саруулын урам зориг, хийж бүтээхийн онгод дүүрэн дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая.



Олон жилийн өмнө загварын сэтгүүлээс харж байсан түүний өвөрмөц төрх одоог хүртэл санаанд минь тодхон буух тул хувцас загвараас тэс хөндлөн нисэхийн инженерийн чиглэлээр суралцаж, чамгүй олон жил энэ салбарт ажилласан гэдгийг нь сонсоод эхэндээ гайхсан. XXI зуунд ажлын бүх талбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүс эн тэнцүү хөдөлмөрлөж байгаа ч нисэхийн салбарт бүсгүйчүүд нарийн мэргэжил эзэмших нь нэн ховор хэвээр.


Амьдралынхаа дөрвөн жилийг өөр юунд ч сатааралгүйгээр зөвхөн нэг зүйлийг сурч мэдэхийн төлөө зарцуулах ёстой юм бол миний оюуны чадлыг сорих мэргэжил эзэмшихийг хүссэн. Тэгээд л ээжтэйгээ зөвлөлдсөний эцэст нисэхийн инженер мэргэжлээр суралцахаар шийдсэн дээ” хэмээн инээд алдан ярих Саруулын амьдрал Англи улстай салшгүй холбоотой. Эцэг, эх нь хоёул социализмын үед дээд мэргэжил эзэмшсэн сэхээтнүүд бөгөөд шилжилтийн үеийн ширүүн шуурганаар бусадтай л адил ганзагын наймаа эрхэлж, амьдрал ахуйгаа өөд нь татсан аж.

Төд удалгүй наймаанаас цуглуулсан багахан хөрөнгөө өөрийн болоод өсөж яваа бяцхан охиныхоо боловсролд зарцуулахаар шийдсэн ээж нь магистрын зэрэг хамгаалахаар алс холын Англи улсыг зорьжээ. Улмаар христийн шашинтнуудын бага сургуульд суралцахын зэрэгцээ усан спортоор мэргэжлийн түвшинд хичээллэн, зав гарах бүрийд Лондонгийн паркаар зугаалж өнгөрүүлсэн түүний бага насны хамгийн нандин дурсамжууд будант Албионы нийслэлд үлдсэн юм.

Англи хэлээр “а” ч байхгүй бага сургуульд элсэн орсон ч бусдаас дутахгүй гэсэн бардам зангийнхаа ачаар багахан хугацаанд харь орны хүүхдүүдтэй ижил түвшинд суралцаж эхэлсэн нь хожмоо түүнд ямар ч гэнэтийн сорилтыг даваад гарах сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг мэдрүүлсэн гэлтэй. Гурван жил Англид суралцсаны эцэст эргээд нутаг буцан нэгдүгээр сургуулийг дүүргэжээ. Арван жилд байх цагаас нь л хорвоо ертөнцийн зохилдлогоо, энерги, орон зай ба цаг хугацаа гэх ойлголтуудыг өөртөө багтаасан физикийн хичээл түүнд тун сонирхолтой санагддаг байсан тул мэргэжил сонголт хаяанд ирэх мөчид олон зүйл бодохгүйгээр МУИС-ийн физикийн ангид давхиад орчихсон гэнэ. МУИС-д суралцах хугацаандаа өнөөх сэтгэлийг нь эзэмдээд байсан нисэхийн инженер хэмээх мэргэжлээр суралцаж болох бүх л их сургуулиудыг судалж, гадаадад суралцах бэлтгэлээ базаасаар. Эцэст нь дассан газрын даавуу зөөлөн гэгчээр ерөөс Англид суралцъя хэмээн шийдээд хүссэн сургуулиасаа урилга авсан хэдий ч харамсалтай нь элчин сайдын яамны хариуцлагагүй байдлын улмаас виз нь гацаж нэг жил Монголдоо өнжих шаардлагатай болж.

Тухайн үед “gap year” буюу их сургуульд орохын өмнө нэг жил засварлах жишиг залуусын дунд түгээмэл бус, оюутан хүн сургуульгүй л бол гудамжинд лааз өшиглөхөөс өөр хийх ажил байхгүй гэх нийтлэг ойлголт түгээмэл байсан тул ямар ч сургуульгүй хоцорсон Саруул сэтгэлээр маш их унасан гэдэг. Харин азаар таньдаг эгч нь Австралийн хөрөнгө оруулалттай хайгуулын компанид ресепшний ажил санал болгосноор Саруул арван жилийн ширээнээс шуудхан ажлын талбар гарав. 18 нас ч хүрээгүй байхдаа тухайн үеийн хамгийн дуулиан дагуулсан компаниудын нэг болох “Хүннү Коал”-д өдөр шөнөгүй махран зүтгэж ажилласан нь хожмоо их сургуулийн лекцийн танхимаас хэзээ ч олж авахааргүй олон чадварт сургасан хэмээн тэр дурслаа.


Хүсэн хүлээсэн нисэхийн инженер мэргэжлээрээ "Brunel University London"-д элсэн орж чадсан, инженер болох мөрөөдөлтэй охинд амьдрал харин хайр найргүй өөрийн бодит төрхийг харуулах нь тэр. Бүтэн жилийн турш томчуудтай мөр зэрэгцэн ажилласан түүний сэтгэлд их сургууль тун хялбар даваа мэт төсөөлөгдсөн ч нисэхийн салбар гэдэг хэн хүний даваад гарчих зөөлөн боорцог яавч биш гэдгийг эхний өдрөөсөө л яс махандаа тултал ойлгосон гэдэг. “Эрэг, шургаа ч ялгаж мэдэхгүй надад онгоцны эд анги бүхэнтэй нэг бүрчлэн танилцаж, тэр болгоныг тогтооно гэдэг үнэхээр амаргүй даваа байсан шүү. Лекцийн самбар дүүрэн бичсэн тоо, зурсан зургийг огт ойлгохгүй байсан ч хамаагүй тэр чигт нь хуулж аваад л нэгд нэгэнгүй цээжилдэг байсан үе. Инженер болох гэж шамдсан тэр жилүүдэд би сурах гэдэг үгийн жинхэнэ үнэ цэн, утга учрыг ойлгосон” хэмээн зочин маань оюутан насаа дурссан.

Мэргэжлийн сурах бичгээ номын сангаас олж авахын тулд ангийнхаа хүүхдүүдтэй өрсөлдөж, оюутны дөрвөн жилийг бүхэлд нь номын санд өнгөрүүлсэн тэрээр төгсөж ирмэгцээ нисэхтэй холбоотой байгууллага бүрийн хаалгыг татаж, ажил сураглаж эхэлжээ.


Ажлын гараагаа МИАТ-ээс эхлүүлсэн даруйдаа "Английн Скайтракс" (Skytrax) судалгаа үнэлгээний байгууллагаас агаарын тээвэрлэгчдэд олгодог гурван одтой зэрэглэлийн гэрчилгээг авах төсөлд гар бие оролцсон туршлага түүнийг хэр чадварлаг мэргэжилтэн болж бэлтгэгдсэнийг илтгэх мэт. МИАТ-ийн шинээр худалдаж авсан онгоцны “inflight entertainment" систем буюу зорчигч бүрийн урд байрлах дэлгэцийн багцыг бүрэн шинэчлэх ажлуудыг ч тун богино хугацаанд хамт олныхоо тусламжтай гүйцэтгэжээ. Гэвч хэт том бүтэцтэй компанид жирийн ажилтан өөрийн дураар шинэчлэл хийх боломж тун хязгаарлагдмал байсан тул төд удалгүй дараагийн аялалдаа гарсан байна.

Дараагийн зогсоол нь ИНЕГ буюу Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын төслийн Монголын талыг хариуцсан мэргэжилтний алба байв. Дөрвөн жилийн турш ажилласан төслийнхөө тухайд тэрээр “Монгол Улсад хэрэгжиж буй цөөхөн мега төслүүдийн нэг гэдэг утгаар шинэ нисэхийн төслөөс маш ихийг сурсан. Энэ төслөөс олж авсан үнэт зүйл гэвэл улсын өмчид өөриймсөг сэтгэлээр хандах, төрийн ажилд чигч шударга, зарчимч байх ухааныг олж авсан минь юм болов уу“ хэмээв.


Үндсэн төсөл дээрээ ажиллахын сацуу Зам, тээврийн хөгжлийн яаманд шинэ нисэхтэй холбоотой асуудал хариуцсан мэргэжилтнээр давхар томилогдсон нь ачаалал даах чадварыг нь нэмжээ. Ажил, амралтын өдрийг харгалзахгүйгээр шөнө дөл болтол ажиллах нь хоёр албан тушаалд зэрэг ажиллаж буй түүний хувьд хэвийн л үзэгдэл мэт санагддаг байж. Хариуцсан ажилдаа мэргэшиж, хоёр улсын хэмжээнд яригдах том хэлэлцээрүүдэд оролцон бодлогын асуудлууд дээр ажиллах нь хэдий бахдам ч хэсэг хугацааны дараа түүнд үндсэн гол асуудлаа шийдэлгүйгээр гал унтраах төдий нэгэн хэвийн жижиг ажилбаруудыг гүйцэтгээд л байгаа мэт санагдах болжээ. Ингээд зогсолтгүй урагшилж буй карьертаа түрхэн зуур зогсолт авсныхаа дараа цоо шинэ зүйлсэд суралцах шаардлагатай болсноо ухаарсан гэнэ.

Яг тэр цаг мөчид хувь тохиолоор Ли Куан Югийн “Сингапурын хөгжлийн нууц” номыг уншиж таарсан бөгөөд улмаар хэдхэн сарын дараа "Азийн Харвард" гэгдэх, Дэлхийд топ аравт эрэмбэлэгддэг Сингапурын үндэсний их сургуулийн харьяа Нийтийн удирдлагын сургуульд өргөдлөө өгч, бүрэн тэтгэлэгтэй суралцах боломжийг атгажээ. Ийнхүү нисэхийн инженер бүсгүй нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалан өнгөрсөн оны эхээр эх орондоо эргэн ирсэн нь энэ. Харин өөрийгөө сорих дараагийн цэг нь "Аэро Монголиа" компани байв.



Агаарын тээвэрлэгч компаниуд нислэг үйлдвэрлэл болон коммер буюу бизнес хөгжил, маркетинг борлуулалт гэсэн үндсэн хоёр том функцийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Коммер нь чухам хэзээ олон улс болон орон нутгийн аль чиглэл рүү нислэг хийх, ямар үнэтэй тарифаар суудлаа борлуулах, хэрхэн ашигтай ажиллах гээд компанийн бизнес стратегид анхаарч ажиллах нэгж гэсэн үг. Цөөнгүй жилийн ажлын туршлага, дээр нь нэмээд топ их сургуулийн дипломтой болсон түүнд олон ажлын сонголт байсан ч харьцангуй залуу баг хамт олон, сэтгэл догдлуулам шинэ төслүүд, урт хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой дижитал шилжилт нь "Аэро Монголиа"-г сонгох шалтгаан болсон гэлээ.

“Сар болгон цалингаа аваад л, ажлын цаг дуусахыг хүлээж амьдрах утгагүй хэрэг. Ажлаасаа аз жаргал, эрч хүч мэдрэхийн тулд өөрийгөө сорьж, компанидаа ч мөн адил үнэ цэн бүтээх хэрэгтэй” хэмээн Саруулын ярьсан нь шинээр ажлын байран дээр гарч буй залууст нэгийг бодогдуулах биз ээ.

Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн Сингапурт хамт суралцсан найзуудынхаа хамтаар Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд амьдарч буй ахлах ангийн сурагчдад зориулан хувь хүний хөгжлийн сургалтуудыг орж эхэлжээ. Мэргэжлээ хэрхэн сонгох вэ, харилцааны ур чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ, гаднын их сургуульд тэтгэлэгтэй суралцахын тулд ямар материалууд бүрдүүлэх шаардлагатай вэ гэхчлэн хүүхэд, сурагчдад нэн шаардлагатай хичээлүүдийг ээлж дараалан орж, ганцаарчилсан зөвлөгөө хүртэл өгөх болж. Чингэлтэй дүүргийн 72-р сургуулиас эхлүүлсэн энэхүү төсөлдөө Сингапурын Үндэсний Их Сургуулиас санхүүжилт авч чадсан ба тун удахгүй улам олон сургуулийн сурагчдыг хамарсан сургалт зохиох хүсэлтэй аж.

Боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм дэх эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт хэвшсэн ойлголтыг өөрчлөхөд өөрийн зүгээс бодитой хувь нэмэр оруулах нь түүний хэтийн мөрөөдөл. Хэрвээ чи зоригтойгоор хүсэж мөрөөдөн түүнийхээ төлөө хангалттай хөдөлмөрлөж чадвал боловсрол хүссэн газар луу чинь хүргэж өгөх шидэт дохиур болно гэдгийг олон залуу охидод хэлэхийг хүсдэг тухайгаа ч ярилцлагын төгсгөлд хуучлаад амжсан билээ.



Хээнцэр дэгжин загварын тайзыг орхиж, өөрийн боловсрол, өмнөө тавьсан зорилгын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн түүний түүхээс олон охид үлгэр дуурайл авах нь дамжиггүй.
Уудам хөх огторгуйг эзэгнэсэн мөнгөн хөлгийн салбарт өөрийн гэсэн орон зайг бүтээж буй идэр залуухан Саруулын түүх цаашдаа олон хуудас дамнан үргэлжилж улам баяжна гэдэгт итгэлтэй байна.

Х.Саруулын сошиал хуудсууд:

Инстаграм

Твиттер