"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread

Өнгөрөгч онд технологийн салбарын гигант Microsoft видео тоглоомын зах зээлийн лидерүүдийн нэг Activision Blizzard-ийг 68.7 тэрбум ам.доллароор эгнээндээ нэгтгэсэн нь тэдний хувьд түүхэн дэх хамгийн том худалдан авалт болсон юм. Судалгаагаар, гурван тэрбум гаруй хүн өдөр тутамдаа ухаалаг утас эсвэл компьютер, VR хэрэгслээр дамжуулан цахим тоглоомын ертөнцтэй холбогдож байгаа энэ цаг үед дээрх мэдээнд шинэ үеийн залуучууд төдий л гайхшираагүй гэхэд болно. Яг л болох ёстой үйл явдал өрнөж байгаа мэт.

Финалын тоглолтын шууд дамжуулалтыг 2.7 сая хүн нэгэн зэрэг үзсэн Dota 2 тоглоомын шагналын сан өнгөрөгч жил хөлмбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн Аргентины байтай тэнцэхүйц мөнгөн дүн байгаа нь дэлхий нийт аль хэдийнээ цахим спортыг Олимпын төрөлд багтахуйц шинэ эриний спорт гэдгийг нь хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Ухаан орох цагаасаа баатруудынх нь нэрийг цээжээр мэддэг байсан цахим тоглоомууд албан ёсоор спорт хэмээн хүлээн зөвшөөрөгдөж буй нь ч Z үеийнхэнд төдийлөн чих сортойлгом мэдээ бус. Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ? гэх улигт асуултад “YouTuber" хэмээн эргэлзэх зүйлгүй хариулж чаддаг энэ үеийнхэнд стрийм, анимейшн, и-спорт хэмээх үгс эгээ л ээж аавынх нь нэр шиг сэтгэлд ойр.

Харин уг хөргийг сийрүүлж суугаа сэтгүүлч намайг багтаагаад кабелийн суваг, подвал доторх “писиний газар”-аас л энтертайнмент хэрэгцээгээ хангаж өссөн миллениал залуусын хувьд асар хурдтай өрнөж буй интернэт шилжилтүүдийн бодит гэрч нь болж, үүнийгээ даган амьдралын хэв маяг хүртэл тасралтгүй өөрчлөгдөж байгаа гэлтэй.

Өнөөдрийн дугаарын гол дүр бол өдрөөс өдөрт хувьсаж буй технологийн эринд эх орондоо энэ бүхний суурь дэд бүтэц буюу шинэ технологи, хурдтай интернэт, чансаатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тэмүүлж буй миллениал үеийн төлөөлөл болох Т.Сайнбуянт юм. Зочин маань 2D, 3D график, анимэйшн, и-спортыг монголын хөрсөнд хөгжүүлэхэд агаар ус мэт дутагдаж буй нарийн технологи, төрөлжсөн орчин, бодит туршлагын хэрэгцээг бий болгохоор зорьсон HyperWorld туршлагын төвийн Chief Gamer-ийн албыг хашдаг.



2000 оны эхээр гэртээ суурин компьютер, лан буюу сүлжээний утсаар холбогдсон интернэттэй болно гэдэг яг л Нарниагийн шидэт хаалгыг нээхтэй дүйцэхүйц тэмдэглэлт үйл явдал байлаа. Т.Сайнбуянтын хувьд ч ялгаагүй. Хамгийн дотнын найзынхаа гэрт хонон өнжин Mario тоглож, аав ээжийгээ өдөр шөнөгүй шалсаар арай хийн өөрийн гэсэн компьютертой болсон нь балчир насных нь хамгийн мартагдашгүй үйл явдал.

Хар багын аливаа зүйлд тун сониуч, бэлгэнд ирсэн тоглоомон машины доторхыг нь задалж үзэх гээд алхаар цохичихдог байсан түүний хувьд компьютер гэдэг эхэндээ зөвхөн тоглоом тоглож, уйдаагаа гаргах хэрэгсэл байсан бол төд удалгүй хэсэг хэсгээр нь задлаад ч нууц нь үл дундрах шидэт хайрцаг шиг санагдах болж. Эндээс л түүний технологид дурлах, учир зангилаасыг нь олох хүсэл бадарч эхэлжээ.

Үеийнхэнтэйгээ адил видео тоглоом, сагсан бөмбөг, хичээл номын хооронд гүйсээр нэг мэдэхэд дунд сургуулиа төгсөж, мэргэжил сонгох хариуцлагатай цаг тулж ирэх үед технологитой холбоотой мэргэжил эзэмшихийг дотроо нууцхан хүсэж байсан авч гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг даган ОХУ-ыг зорьсон гэдэг.

Энэ тухайд “Манай аав онгоцны хар хайрцаг уншдаг механик инженер мэргэжилтэй. Харин ээж МИАТ, эгч ИНЕГ гээд гэр бүлийнхэн маань бүгд нисэхийн салбарт хүчин зүтгэдэг хүмүүс. Тиймдээ ч намайг аэродромын инженер болгохоор шийдсэн хэрэг. Тухайн үед хүүхдээрээ шахуу байсан учраас өөрийн хүсэл сонирхлоо ч гэрийнхэндээ олигтой илэрхийлж чадалгүйгээр энэ мэргэжлээр хоёр жил суралцсан. Миний хувьд аливаа зүйлийн учрыг олохдоо хурдан хэр нь тэр чинээгээрээ уйдамтгай зантай. Анхнаасаа сонирхол татаагүй зүйлсийг эргэж харахыг ч хүсдэггүй. Харин өөрийн хүссэн зүйлээ олбол түүндээ донтоод эцсийг нь үздэг төрлийн хүн. Нисэхийн салбар хэзээ ч миний ажиллах талбар биш юм байна аа гэдгийг ойлгосныхоо дараа чиглэлээ өөрчлөн суралцахаар шийдсэн” хэмээв.



Том толгойлж гаргасан энэхүү шийдвэр нь хожмоо буруудаагүйг цаг хугацаа гэрчилнэ. Зуны амралтаараа Солонгос явах үедээ тэнд сурахаар эрс шийдэж, улмаар Кёнги их сургуулийг программ хангамжийн мэргэжлээр амжилттай дүүргэжээ. Ангийнхаа цор ганц гадаад оюутан байсан түүнд шинэ орчинд дасан зохицох, хамт олонтой болохын сацуу хэрэглээний мөнгөө олоход нь өнөөх л багадаа тоглож байсан видео тоглоом, бие даан судалсан компьютерын мэдлэг нь тус болно гэж хэн санах билээ.

Т.Сайнбуянтыг оюутан байх үед League of Legends Солонгос даяар алдаршиж, бүх залуус зөвхөн энэ тоглоомын төлөө видео тоглоомын газрыг зорьдог байсан аж. Хэл усандаа тийм ч сайн биш учир эхний жилдээ харь элгийн хүмүүстэй хэрхэн дотносохоо мэдэхгүй байсан түүнд энэ тоглоом найз нөхдийн хүрээлэлтэй болоход нь тус болжээ. Тиймдээ ч одоог хүртэл зав гарсан үедээ League of Legends тоглох дуртай. Тэрчлэн, программ хангамж, компьютерын эд анги гадарладгийнхаа ачаар очсон даруйдаа видео тоглоомын газарт ажилд орж, хэрэглээнийхээ мөнгийг зохицуулж эхэлжээ. Сургууль, цагийн ажил, сагсны дугуйлан гэсэн маршрутаар дөрвөн жил дорхноо өнгөрч, 2015 онд Монголдоо буцаж ирээд ажлын гараагаа Z24 билетийн кассаас эхлүүлэв.



Онгоцны тийз бичүүлэхийн төлөө зайлшгүй тасалбар захиалгын төв рүү явдаг байсан хэв маягийг халж, “Нислэгийн тийзээ гар утсаараа захиалаарай” уриатайгаар Монголд анх удаа онгоцны тийз, аялал, зочид буудал, үзвэр тасалбарын онлайн захиалгын системийг нэвтрүүлсэн газар бол Z24. Манай гол баатар тус билетийн кассанд хэрэглэгчийн туршлага буюу user experience-ийг хариуцан ажиллаж байх үедээ борлуулалтыг зөвхөн веб сайтаар бус чатбот, сошиал медиа платформоор дамжуулан хийх ажлын ард амжилттай гарсан туршлагатай.

Ер нь түүнтэй ярилцан суухад аливаа асуудлыг яг л ийм байх ёстой гэж муйхарлаж зүтгэдэг бус аль болох хэрэглэгч талаас хялбар, оновчтой байдлаар хэрхэн загварчилж болох вэ? хэмээн шинэ арга замыг зогсолтгүй эрэлхийлж байдаг нэгэн мэт санагдсан. Z24-ийн дараа Гоёо брэндийн Солонгос зах зээл хариуцсан гадаад худалдааны менежерээр хэсэг хугацаанд ажилласан хэдий ч нэгэнтээ мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлээр номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идсэнээс хойш оройтоогүй байгаа дээрээ технологийн салбартаа ажиллах хэрэгтэй юм байна хэмээн сэтгэж, 2018 онд Ай Ти Зон хэмээх том айлын нэгэн гишүүн болжээ.



Gaming тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдэд дэндүү хайртай, дээрээс нь технологийн бүтээгдэхүүн борлуулдаг компанид ажиллаж байсан тул Т.Сайнбуянт Canon брэндийн камеруудад донтож, доторх эд анги, бүтэц загварыг нь мэдэхийн тулд өдөр, шөнөгүй уншиж, судалдаг байсан гэдэг. Өөрийн хүссэн зүйлээ тодорхойлбол түүндээ донтож, эцсийг нь үздэг багийн зангаараа өнөөх камеруудаа нэгд нэгэнгүй судлахын төлөө гол харилцагч хариуцсан менежерээс дэлгүүрийн худалдааны төлөөлөгч рүү шилжин ажилласан түүх хүртэл түүнд бий.

Сонирхолтой нь, компанид тушаал бууруулах журам байгаагүй учраас хүсэлтээ өгч ажлаасаа гараад, шинээр өргөдлөө өгч компанидаа худалдааны төлөөлөгч болон буцан орж ирсэн гэнэ. Ажилд орсон эхний жилээсээ л амжилт дүүрэн ажиллаж, Canon брэндийн гаднын борлуулагч нарт олгодог шилдэг борлуулагчийн шагналыг хүртэх нь тэр.

“Өөрийн чинхүү хүсэж, сонирхож буй зүйлээ хийж байгаа үед ядарна, залхана гэх ойлголт байдаггүй юм билээ. Оройн зургаан цаг, долоо хоногийн баасан гарагийг хүлээдэг хэмнэл бус ажилдаа гүн төвлөрөх, түүнээсээ таашаал авах амьдралын хэв маягтай байна гэдэг хүссэн зүйлээ хийхийн хамгийн сайхан хэсэг” хэмээн тэр ажилд орсон үеийнхээ анхны сэтгэгдлээ хуваалцсан юм.

2019 онд Ай Ти Зон компани IT Store онлайн худалдааны төсөл эхлүүлэх үед онлайн худалдааны платформыг хөгжүүлэхэд гар бие оролцсон нь түүний хувьд хүндхэн сорилт төдийгүй сонирхолтой туршлага болон үлджээ. Харин өнгөрөгч оны 2022 оны тавдугаар сараас компьютер тоног төхөөрөмжийг борлуулахаас илүүтэй хэрэглэгчидтэй харилцах харилцаа, борлуулалтын дараах засвар үйлчилгээг хангах, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй нийлүүлэх зорилгоор байгуулагдсан, Монголын анхны технологи туршилтын төв болох "Hyperworld" төсөлд нэгдэж, Chief Gamer нь болоод буй.



Нийтлэлийн эхэнд дурдсанчлан, бидний үеийнхэн интернэт шилжилтийн үеийн амьд гэрчүүд гэхэд хилсдэхгүй. Бага насандаа бид 100 төгрөгөөр 15 минут тоглодог видео тоглоомын газарт л технологийн дэвшлийг мэдэрдэг байлаа. Өсвөр насанд интернэт кафе орж, Yahoo Messenger, Hi5-аар танилцах төдийнхнөөр бидний дижитал ертөнц хязгаарлагддаг байв. Бидний сэтгэлд цоо шинэ параллель ертөнц мэт ид шидийн гэмээр сэтгэгдэл үлдээсэн дижитал орчин харин шинэ үеийнхний хувьд амьдралын энгийн нэгэн хэсэг болж хувирсан нь гайхалтай.

“Ойрын хугацаанд хүн бүхэн өөрсдийн дижитал орон зайд дижитал хувилбараа бүтээх нь гарцаагүй асуудал болчхоод байна. Контент бүтээх, үзэх, хэрэглэх ямар ч нөхцөлд танд зориулагдсан дижитал орчин байх шаардлагатай. Харин тэр орчныг бий болгоход шаардагдах дэд бүтэц, дата өгөгдөл, сервер, тоног төхөөрөмжийг бүрэн цогцоор нь нийлүүлэх, хэрэглэгчдэд бодит туршлагыг мэдрүүлэх нь "HyperWorld" төвийн зорилгуудын нэг. Жишээлбэл, бодит амьдрал болон дижитал ертөнцийн нэгдэл болсон Mетаверс дотор та бодит ертөнцөд ажиллаж амьдардаг шигээ амьдрах, суралцах, хөгжилдөх боломжтой. Үүний тулд Virtual reality (VR), Augmented reality (AR), Mixed reality (MR) хэрэгслүүд, гар утасны апп гэх мэт төрөлжсөн ухаалаг төхөөрөмжүүд хэрэг болно. Mетаверс зөвхөн энтертайнмент байдлаас хальж, өдөр тутмын хэрэглээ болох цагт бид техник, дэд бүтцийнхээ хувьд бэлэн байх нь чухал” хэмээн тэр төслийнхөө талаар ихэд догдлонгуй танилцуулсан билээ.

Шинэ содон технологийг туршиж,мэдрэн сонголтоо хийх боломж бүрдүүлсэн Hyperworld-н хамт олон ирэх улирлаас сургалтын төвүүдтэй хамтран код бичих, тоглоом бүтээх анхан шатны сургалт зохион байгуулахаас гадна контент бүтээгчдийг дэмжин хамтран ажиллахаар зэхэж буй бөгөөд и-спортын тоглоомыг тоглохоос гадна ард нь ямар код байдаг, 3D хөдөлгөхөд юу хэрэгтэй вэ зэргээр бүрэн утгаараа дижитал ертөнцийн үүд хаалгыг нээхээр ханцуй шамлаад байна. Ийнхүү Gaming төхөөрөмж, бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авхаар Chief Gamer -г зорин Hyperworld төв дээр очдог залууст сайхан боломжууд үүсэж байгааг цохон дурдлаа.



Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн замнал тэр чигтээ амар хялбар байсан уу гэвэл үгүй. Цэцэрлэгээсээ эхэлж найзлан, амьдралынхаа бүхий л цаг үед жаргал зовлонгоо хуваалцаж явсан байсан дотнын найз реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу Lil Thug E 2021 онд цусны цочмог хорт хавдартай хэмээн оношлогдож, Т.Сайнбуянт #BigLIFEforLilTHUGE хандивын аяныг эхлүүлсэн аж.

“Тухайн үед чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай эмчилгээний зардлыг бүрдүүлчих л юм бол Төөгөө эдгэчихнэ, залуу хүн юм чинь хөл дээрээ босно гэсэн итгэл найдвар байсан. Харамсалтай нь, хоёр ч удаагийн чөмөг шилжүүлэх мэс заслын дараа найз маань өнгөрсөн оны есдүгээр сард бурхан болсон.” Тэрхүү үйл явдлаас үүдэн олдсон цаг хугацаагаа хий дэмий өнгөрүүлэхгүйгээр мөрөөдлийнхөө төлөө улам илүү хөдөлмөрлөх, амьдарсан шиг амьдрах хэрэгтэйг улам илүү ухаарсан хэмээсэн юм.

Мөрөөдөлдөө хүрнэ, шаргуу хөдөлмөр бол гүүр нь
Буруу замаар будаа биш шударгаар нь би тойрно
Өдөр шөнөгүй зүтгэнэ би, санана намайг нойр минь
Зүтгэх сайхан..
Мөрөөдлийнхөө төлөө унаж, бүдрэх сайхан
Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан ..


Ээлжит “Өртөөлөгчид” хөргийг “BIG LIFE” бүтээлийн хэсгээр өндөрлүүлж байна. Залуус бидэнд шантрах, шалтаг тоочих, хийж байгаадаа түмэнтээ эргэлзэх, өөрийгөө өрөөл бусадтай жишиж голох үе бишгүй. Гэхдээ мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, зорилгынхоо төлөө унаж бүдэрч буй хором мөч бүхэн амьдралын охь шим, амьдарч буйн утга учир мэт.



Т.Сайнбуянтын сошиал хаягууд: Инстаграм, Фэйсбүүк, Ютүб, Линкедин


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээ үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.