"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм."
Unread
Өмнөө гарч ирсэн сорилтуудыг даван туулж, өшөө урагшлах урам зоригийг олж аван өөрсдийн хийсэн сонголтын үр шимийг хүртэж яваа хүмүүн бид. Магад алс хэтийн зорилгоосоо буцалгүй, амьдралынхаа жанжин шугамаас хазайлгүй явахад нэг л мэдэхэд хүссэн зүйлдээ хүрч эхэлдэг мэт…
Ингэж бодсон шалтгаан нь манай энэ удаагийн өртөөлөгч Ганзоригтын Золзаяагийн түүх билээ. Уншигч та түүнийг Зола нэрээр нь таньж мэднэ. Дэлхийн хумс будалтын салбарт торгон мэдрэмжээ үнэлүүлэн, бидний зурагтаар л хардаг алдартнуудтай хамтран ажиллаж яваа тэрээр хэрхэн эдүгээ хүрсэн түүхээ бидэнд дэлгэсэн юм.
Тэрээр Эрдэнэт хотод аав, ээжийнхээ дунд охин болж, 1991 онд мэндэлжээ. Зах зээлийн шилжилтийн нийгэмд бусадтай л өнгө ижил амьдралаар өсөн хүмүүжсэн тэрээр 2008 онд СЭЗИС-д Санхүү удирдлага мэргэжлээр суралцаж, оюутан байхдаа дадлагажиж байсан Капитал банканд эрсдэлийн эдийн засагчаар ажиллах урилга хүлээн авснаар ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Тэгвэл санхүүгийн салбарын хүн яаж яваад хумсны салбарт хөл тавьж, түүндээ дурлан, карьераа энэ хүртэл өсгөж чадсан юм бол?
Сошиал хуудас: nailsbyzola (Инстаграм)
СЭТГҮҮЛЧ ҮҮ? САНХҮҮЧ ҮҮ?
Түүний анхны сонгосон мэргэжил сэтгүүлч байжээ. Бага байхын дуу хөгжим, бүжиг наадам, тэмцээн уралдаанд идэвхийлэн оролцдог байсан тэрээр өсвөр наснаасаа эхлэн дотоод хүн рүүгээ өнгийж, өөрийгөө танин мэдэх аяллаа эхлүүлсэн аж. Ийнхүү өөртөө төвлөрсөн цаг хугацаа, өдөр хоногууд нь түүнийг дуу цөөнтэй, дотогшоо зан чанартай болоход нөлөөлж, хожим нь бага ангид хамт суралцаж байсан найз нь таараад хэчнээн чимээгүй, даруу болсныг нь гайхаж байсан удаатай гэнэ.
Ахлах сургуулиа төгсөх жилдээ МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн ангид суралцах хүсэлтэй байсан ч эцэг эхийн ятгалгаар СЭЗИС-д Санхүүгийн удирдлага мэргэжлээр элсэв. Уг нь телевизээр гардаг хөөрхөн эгч нарыг хараад тэдэн шиг л болох оргилуун хүслээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа тасралтгүй бэлтгэж, аймагтаа монгол хэлээр нэгдүгээрт, англи хэл, математикийн хичээлээр гуравдугаарт жагссан ч шийдвэр тийнхүү гарчээ. СЭЗИС-ийг ямар сургууль болохыг ч мэдэхгүй хүн сурах гэж байгаа мэргэжлийнхээ талаар юу мэдэх билээ. Гэхдээ алив бүгдийн ард нь гарч байж санаа амардаг зантай тэрээр мэргэжилдээ эзэн болж, бизнесийн ёс зүй, мэдлэг туршлага хуримтлуулсны зэрэгцээ өөрийгөө илүү танин мэдэж, бодол санаагаа бусдад зөвөөр илэрхийлэх зэрэг олон чадварт суралцаад амжив. Ингээд 2012 онд их сургуулиа амжилттай төгсөн дадлага хийж байсан Капитал банканд үргэлжлүүлэн ажиллах урилга авлаа.
Хүний амьдралд анхны бүхэн утга учиртай, сургамж дүүрэн байдаг. Тэр ч утгаараа хоёр жил гаруйн хугацаанд ажилласан Капитал банк, хамтарч нэг баг болсон хамт олон нь түүний хувьд үнэлж баршгүй сайхан дурсамж төдийгүй цааш урагшлах олон боломжийн үүд хаалгыг нээж өгчээ. Гэхдээ түүний карьерын эргэлтийн цэгт дахин аав ээж нь гарч ирэв.
“Амьдралд хамгийн ойр санхүүч мэргэжилдээ би дуртай. Мөнгийг яаж олох, хадгалах, хуримтлуулахаас эхлээд аливаа зүйлийг олон талаас нь харах, эрсдэлийг тооцоолох зэргээр өдөр тутмын амьдралд маань үргэлж хэрэг болдог.”
БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ЮУ? АЛС ХОЛЫН АМЕРИК УУ?
Бакалаврын зэргийн дараа тодорхой хэмжээнд мэргэжлээрээ ажиллан туршлага хуримтлуулж байж дахин суралцах эсэхээ шийдэх нь зөв гэдэгтэй тэр бүрэн санал нийлдэг. Тиймдээ ч 12 насаар бага дүүдээ ижил зөвлөгөө өгч, их сургуулийг мэдлэгээр цэнэглэгдэх талбараас илүүтэй олон төрлийн хүнтэй харилцаж, нийгэмших чухал орон зай хэмээн ойлгуулдаг аж.
Карьерын дараагийн шатаа хаана байлгах тухай бодож эхлэхтэй зэрэгцэн эцэг эх нь хувийн бизнесээ эхлүүлж, санхүүгээ хэрхэн зөв зарцуулалт хийж, удирдах тал дээр түүний тусламжийг хүсжээ. Үйлчилгээний газар байнгын захиалга, тайлан тооцоотой ойр байх шаардлагатай учраас бизнесийг нь дэмжин ажиллаж, жил орчим хугацаанд туслав. Харин аав ээжийнх нь болзол тун сонирхолтой байлаа.
“Аав ээжийн зүгээс нэг жил бидэнд тусалбал байрны урьдчилгаа бэлдэж өгье, эсвэл гадагшаа сурахад маань тусалъя гэсэн. Тэр бол миний амьдралын хамгийн чухал хөрөнгө оруулалт байсан шүү. Хэрэв мэргэжлээрээ ажилласаар байсан бол надад одоогийн боломжууд гарч ирэхгүй байсан байх.”
Ингээд тэр 2016 онд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорилоо. Хилийн дээс давж үзээгүй залуу бүсгүй хүний нутагт хоёр чемодантай, Лос Анжелес дахь солонгос хороололд хөл тавьсан юм. Таних хүн ч үгүй, татаж чангаах ч нэгэнгүй тэр долоо хоногийн дараа шантрахаа шахаж, гэр лүүгээ утас цохив. Кинон дээр гардаг Америк бодит байдалд тэс өөр байсан тул нутаг буцах хүсэл энүүхэнд гэдэг нь мэдээж. Тэр тусмаа арван жилийн англи хэлний мэдлэгтэйгээ ирсэн түүнд бүх зүйл хүнд санагдах нь тодорхой. Гэсэн ч сэтгэлийн хаттай байж, бууж өгөөгүй гэдгийг өнөөдрийн түүнээс харж болно.
Эрдэм мэдлэгт шамдах эрхэм зорилготой ч алс хол нутагт аж төрөхөд мөнгө санхүү дутах нь ойлгомжтой. Үргэлж гэрээсээ мөнгө авах хэцүү тул түүнд цагийн ажил хийх сонголт гарч ирсэн юм. Аз болж тухайн үед үеэл эгч нь түүнд хумсны чиглэлээр ажиллах санал тавин өөрийн ажиллаж байсан солонгос салоноо санал болголоо. Энэ бол маргаангүй түүний карьерын хувьд эргэлтийн цэг байв.
СОНГОЛТУУДЫН ҮР ШИМ
Оршил хэсэгт хүмүүн бид өнгөрсөнд хийсэн сонголтынхоо үр шимээр одоодоо амьдарч байгаа талаар өгүүлсэн. Үнэхээр л гаргасан шийдвэр бүхэн маань хоорондоо холбогдож, өнөөдрийн биднийг бүтээсэн гэлтэй. Зола ч бас өдийг хүртэл өөрийн зөв гэж бодсоноо, боломж гэж харснаа атган авч, зоримог шийдвэрүүдийг амьдралынхаа мөчлөг бүрд гаргаж байжээ. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй хумс будах урлагт суралцах шийдвэр байсан нь лав.
Хол нутгийг зорино гээд анх удаа гелин будгаар хумсаа будуулж байлаа гэх тэрээр өсвөр насны охин байхаасаа л хумс хуруугаа гоёх дуртай байж. Хөгжилтэй ч гэмээр, өхөөрдөм ч гэмээр дурсамжаас нь хуваалцахад товчхондоо ийм.
“Намайг бага байхад энгийн хумсны будаг элбэг байлаа. Гэтэл ээж маань тэр будагны үнэрт их дургүй. Тэгээд л би чинь шөнө дөлөөр өрөөнийхөө хаалгыг түгжин цонхоо нээж байгаад л хумсаа будаж гарна. Энгийн будаг болохоор хатах гэж бөөн юм болно. Цаг ч хамаагүй хатахыг нь хүлээж сууна. Гоё хумстай л болж байвал хамаагүй ээ гэж боддог байлаа”
Эмэгтэйчүүд бид чинь хумс хуруугаа гоё байхыг хараад л сэтгэл санаа нь дээшилчихдэг улс шүү дээ. Түүний ярьж буйгаар Лос Анжелест очсоноос хойш хумсны тухай ойлголт нь эрс өөрчлөгдөж, олон жилийн түүхтэй, маш том соёл гэдгийг ойлгосны зэрэгцээ тэндэхийн эрчүүд нь найз охин, эхнэрийнхээ хумсанд ихээхэн анхаарал тавьдгийг ч онцолж байлаа. Хоёр сарын хугацаанд солонгос салондоо чамгүй зүйл сурсан тэрээр дараагийн салондоо ажилд орж, алдартнуудтай хамтрах их ажлын эхлэлээ тавьжээ. Түүний хамгийн анхны алдартан үйлчлүүлэгч нь дуучин, жүжигчин Sabrina Carpenter. 2017 оноос эхлэн тасралтгүй зургаан жилийн турш түүнтэй хамтран ажиллаж байгаа ба яг л төрсөн эгч дүүс шиг болсон аж.
Тэгвэл цаашид хамтран ажилласан алдартнуудтайгаа хэрхэн уулзсан бэ гэж үү? Sabrina-ийн нэгэн зураг авалтын үеэр одоогийн өөрийн харьяалагддаг The Wall Group-ийн нүүр будагчтай анх танилцаж, тэрхүү агентлагийн талаар сонсжээ. Энэ бол Холливууддаа томд тооцогддог, нэр хүндтэй агентлагуудын нэг бөгөөд үс засалт, нүүр будалт, маникюрийн үйлчилгээг маш олон брэнд, уран бүтээлчдэд үзүүлдэг. Товчхондоо харьяалагддаг ажилтнуудынхаа цаг төлөвлөлт, үйлчлүүлэгчид зэрэг менежментийн ажлуудыг бүрэн хариуцдаг гэсэн үг.
Алдартнуудын хумс будалтыг хийнэ гэдэг тэдний хувийн орон зайд орж байгаа хэрэг. Тэр ч утгаараа түүнд олон одын гэрээр зочлох завшаан тохиосон гэнэ. Өнгөрсөн хугацаанд Adele, Christina Aguilera, Beyoncé зэрэг дэлхийн томоохон дуучидтай ажиллаж байсан бөгөөд өдгөө Sydney, Kylie, Kendall, Hailey нар түүний гол үйлчлүүлэгчид нь болжээ.
“Агентлагтайгаа хамтарч ажиллаад удаагүй байхад дуучин Adele цаг авч байлаа. Ковид-19 цар тахлын оргил үе байсан тул гэрт нь очих хэрэгтэй болсон юм л даа. Тэр “Hi, my name is Adele” гэж өөрийгөө танилцуулсан. Хариуд нь би “Дэлхий таныг мэднэ шүү дээ” л гэж хэлмээр санагдсан шүү. Бид цар тахлын нөхцөл байдлын талаар энэ тэрийг ярьж, санал сэтгэгдлээ хуваалцан сууж байхад миний толгойд “Таван жилийн өмнө АНУ-д ирэхдээ хэзээ ч өөрийн хүндэлж, биширч явдаг дуучин Adele-тай зэрэгцэж суугаад зовлон жаргалаа ярилцана гэж төсөөлж байгаагүй” гэсэн бодол л төрж байлаа. Ихэд өөрөөрөө бахархан зөв замаараа явж байгаа гэдгээ ухаарсан мөч байсан сан.”
МАНИКЮР БОЛ “СОЁЛ”
Сүүлийн үед хумс будалт дэлхийн гоо сайхны салбарт онцлох байр суурь эзэлж, хурдтай танигдаж байгааг өнөөдрийн хэрэглээнээс харж болно. Хэдхэн жилийн өмнө уран бүтээлчид зөвхөн нүүр, үсэндээ онцгой ач холбогдол өгдөг байсан бол өдгөө хумс гэдэг тэдгээртэй эн зэрэгцэхүйц чухал салбар болжээ.
Золагийн хувьд аливаа нөхцөл байдлаас шалтгаалаад будалт бүр харилцан адилгүй. Жишээ нь, амралтын өдрөөр үйлчлүүлэгчийн гэрт очих тохиолдол цөөнгүй бөгөөд энэ үед төдийлөн цагт баригддаггүй бол зураг авалт, арга хэмжээнд оролцож байгаа үед нэгээс хоёр цагийн хугацаанд гүйцэтгэх ёстой болдог. Заримдаа 15-30 минутын хугацаанд ч амжуулах хэрэг гардаг аж.
Ер нь тухайн ажил мэргэжилдээ хэр эзэн болж чадсан бэ гэдэг нь ур чадвараас шууд хамааралтай гэдэгтэй уншигч та маргахгүй биз. Үүний сацуу ажлаа гэсэн сэтгэл зүрх, хүсэл эрмэлзэл ч чухал нөлөөтэй. Гагцхүү давчуу цаг хугацаанд чанартай үр дүн гаргах ёстой ийм үед өөрийгөө нотолж харуулах нь дэлхий даяар өрсөлдөөн өрнөсөн энэ салбарт тодорч үлдэх гол арга зам байх. Харин Зола энэ сорилтуудыг хэдийн даван гарч, өөрийгөө баталсан гэдгийг түүний амжилтаас харж болно.
“Christina Aguilera бол үргэлж ямар нэг байдлаар намайг сорьдог үйлчлүүлэгч маань. Нэг фестивальд оролцох гэтэл хумснаас бусад нь бүгд бэлэн байв. Тэгээд надад “За чамд яг 15 минутын л хугацаа байна” гэж хэлсэн. Тэр үед би дөнгөж гаднаас орж ирээд, хэрэгслүүдээ ч бэлдээгүй зогсож байсан ч амжсан. Бүр хэдэн минут илүү үлдээд зураг хөргөө авхуулчхаад гарч байснаа санаж байна. Дараа нь надад “Миний хамтарч ажилласан хамгийн хурдан, хамгийн гоё хумс хийдэг маникюрист бол чи” гэж хэлж байлаа.”
Энэ бол дөнгөж нэг жишээ. Christina Aguilera түүнийг дахиад ч сорьсон юм.
“Нэг удаа тэр сарын хугацаатай аялан тоглолт хийх болоод явахаасаа өмнө хумсаа хийлгэх болов. Тэр надаас “За, нэг сардаа би байхгүй байна шүү. Тэгэхээр миний хумсыг нэг сардаа унахааргүй сайн хийж өгөөрэй” гэж хүссэн. Түүний хувьд хумсандаа бага зэрэг хайнга ханддаг болохоор юу ч гэсэн хамгийн сайнаараа хичээгээд үзье гээд чадахаараа хийлээ. Тэгээд сар гаруйн дараа надад хумсаа үзүүлээд “Зола, миний хумс яг нэг сар тэссэн шүү. Миний хумс хэзээ ч ингэж удаан хугацаанд тэсэж байгаагүй” гэж хэлсэн. Тэр үнэхээр л хүнийг магтаж чаддаг эмэгтэй шүү.”
Түүнтэй ярилцах цаг гаруйн хугацаанд кино үзэж буй мэт мэдрэмж төрснөө нуух юун. Биднээс асар хол мэт санагдах дэлхийн ододтой хамтран ажиллаж, амьдралын сонин хачнаа ярилцана гэдэг хэчнээн гайхалтай бас итгэмээргүй санагдсан гээч. Ингээд бодохоор алдартангууд ч бас эгэл жирийн амьдралтай хүмүүс шүү дээ гэж бодогдсон. Гэхдээ та биднийг гайхашруулах түүх үүгээр дуусахгүй.
Түүний төрсөн өдөр нэгдүгээр сарын 7-нд. Цар тахлын үе таарсан учир тэр найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэхээ хойшлуулан гэртээ сууж байв. Утсанд нь дуудлага ирлээ. Beyoncé-ийн туслах холбогдон ирэх боломжтой эсэхийг нь асууж, тэдний том охин Blue Ivy-д будалт хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэр ч саналыг нь хүлээн авсан ба гэрт нь очтол Blue Ivy-ийн төрсөн өдөр болж байх нь тэр. Хоёулаа нэг өдөр төрснөө ярилцан суухыг нь сонссон Beyoncé, гаднаас орж ирж таарсан Jay-Z нар Золад төрсөн өдрийн мэнд хүргэсэн гэдэг. Төрсөн өдрөөрөө дэлхийн алдартай одуудын гэрт очиж, тэднээс төрсөн өдрийн ерөөл сонсоно гэдэг хэн хүнд тохиогоод баймгүй гайхалтай үйл явдал, тийм биз?
“Миний хувьд хумс будалт бол соёл. Нэг сэтгүүлч надаас “Хумс хийлгэх, будуулахыг өөрийгөө урамшуулж, эрхлүүлэх нэгэн хэлбэр гэж үздэг үү, эсвэл өдөр тутмын хэрэглээ гэж боддог уу?” гэж асууж байсан юм. Мэдээж байнгын хэрэглээ. Би сайн байсан учраас нэг удаа өөрийгөө урамшуулаад хумсаа будуулчихъя гэхээс илүү өдөр бүр нүүрээ будаж, үсээ янзалдагтай ижилхэн анхаарч байх хэрэгтэй. Нэг талаас нүүр, үснээс илүү чамд өөрт чинь ил харагдаж, баярлах, өөрийгөө гоё байгаагаар мэдрэх нэг зүйл чинь хумс шүү дээ.”
ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ БИД ӨӨРСДӨӨ Л ГАРГАДАГ
Өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа өрсөлдөөнтэй энэ салбарт байнгын үйлчлүүлэгчтэй байхын тулд тухайн хүнээс асар их авьяас хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах нь гарцаагүй. Булан эргээд л тааралдах хумсны салон болгонд маш мундаг артистууд бий. Нэг ажилд үгүй гэж хэлээд ажиллаагүй нөхцөлд тэр боломж өөр нэгнийх болно. Энэ бол бизнесийн талбар.
Түүний хувьд эхэлж байхдаа олдсон ажил бүрийг авдаг байжээ. Гэтэл нэг л мэдэхэд өөрийн гэсэн хувийн амьдрал, өөртөө зориулах цаггүй болж эхэлсэн гэнэ. Нэг ёсондоо ажиллахын тулд л амьдарч байснаа анзаарч, анх удаа шантрах мэдрэмж авсан гэдэг. Тэгээд “Хүнд ажил чухал уу, амьдрал чухал уу?” гэх асуултыг өөртөө тавьж, тэр үеэс аливаад сонголттой хандаж эхэллээ. Энэ бол дан ганц Золагийн асуудал бус олон залууст тулгарч байгаа өнгө ижил бэрхшээл. Дуртай ажлаа хийж байлаа ч ажил дангаараа таныг 100 хувь аз жаргалтай болгохгүй гэдгийг энэ ярианаас ухаарууштай.
“Аливаа бүхэнд тууштай байж, эцсийн үр дүнг үзэх нь амжилтын эхлэл. Ялангуяа миний ажиллаж байгаа энэ салбар хүнээс маш их тэвчээр шаарддаг. Чөлөөт цаг бараг л байхгүй. Ихэнх хүн дөнгөж эхлээд л амархан шантарчихдаг. Гэтэл анхнаасаа мундаг байгаад, бүх зүйлийг чаддаг байж, лаг хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг боломжгүй. Хүн бүр л хамгийн доороос нь эхэлдэг. Мөн хэзээ ч өөрийгөө өнөөдөр байгаа байрандаа үргэлж байна гэж бодож болохгүй. Хичээж чадвал сайжирна. Сайжрах тусам анзаарагдана. Амжилт хэзээ ч амар ирдэггүйг санаарай.”
Д Дагинаа 2023.04.20 73.77.191.212
Ододтой авхуулсан зураг оруулсан бол дээр байх байлаа бусад зургийг нь хэн ч интернетээс аваад тавьчихна. Бас хэзээ ч эгч дуу шиг болно гэж байхгуй эээ арай дотно болж болно гэхдээ ЭНЭ ЧИНЬ АЖИЛ байхгуй юу, монгол хуний цайлган сэтгэл .... монголоос ирээд удаагуй хумуус иймэрхуу байдаг талтай. Гэхдээ мундаг байна оорийн салонтой болоорой! Бас "хэн ч байхгуй анх буухдаа...." гэсэн чинь уеэл эгч байсан л байна ш дээ